| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2017/0090/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
М.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.С нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ...гэх газар нутаглах иргэн М.Эгийн хашаанаас 42 кг ноолуурыг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,730,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.Эны 42 кг нооолуурыг хулгай хийсэн нь үнэн. Манай хүүхдэд мөнгө төгрөг хэрэгтэй байсан болохоор надад хулгай хийхээс өөр арга байгаагүй. 1 кг ноолуурыг 65000 төгрөгөөр зарсан. Ноолуурыг ганцаараа 2017.04.24-25-нд шилжих шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 машиндаа ачаад Хатанбулаг суманд ирээд 2 ченжид хувааж өгсөн. 2 730 000 төгрөгийн хохирол учруулсан ба учруулсан хохирлоо бэлэн мөнгөөр нь буцаан төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв,
Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Эг самнасан ноолуураа малын хашаан дотор байх пүнзэнд цоожгүй хийдгийг мэдээд 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 сарын 25-нд шилжих шөнө 02:00 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай очиж машинаа хонины хорооноос 1 км орчим газарт тавьж явган алхаад Эгийн хонины хорооны пүнзнээс 3 шуудай буюу 42 кг ноолуур хулгай хийж аван суманд дээр очиж ченж М, Онарт ноолуурыг хувааж 1 кг бүрийг нь 65000 төгрөгөөр өгсөн. Тухайн үед манай том хүүхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан болохоор ноолуурыг зарж мөнгийг нь хүүхэддээ өгөх зорилготой хулгай хийсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогч М.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Эхнэрийн хамт самнасан ноолуураа хиллэж үзэхэд 42 кг ноолуур болсон байсан. Би ноолуураа шуудайнд хийгээд 2017 оны 04 сарын 24-ний өдөр хорооны цоожгүй пүнзэнд хийж тавиад маргааш нь буюу 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан. Манай хорооны орчимд гутлын мөр гарсан байсан ба уг мөрийг дагаж явахад 1 км орчимд хорооноос баруун хойш яваад машины мөрөн дээр очиж уг машин нь Ханги хилийн боомт явдаг замд нийлэн явсан байсан. ... Би ноолуураа 1 кг бүрийг нь 65.000 төгрөгөөр үнэлж байна. ... С надтай уулзаад уучлалт гуйж надад учирсан хохирлын мөнгө болох 2.730.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нөхөр бид хоёр үлдсэн ямаагаа өөрсдөө самнаад 42 кг ноолуур хиллэж шуудайнд хийгээд хорооны пүнзэнд 2017 оны 04 сарын 24-ний орой хийгээд 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан... Ц, нөхөр С нар урьд нь ноолуур самнаж байсан болохоор ноолуур пүнзэнд хийдэг гэдгийг мэдэж байсан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө С эхнэр Цгийн хамтаар ирж манайд 27 кг 500 гр ноолуур зарж борлуулсан. Тухайн үед манайх ноолуурыг 1 кг тус бүрийн 65.000 төгрөгөөр авч байсан ба С, Ц нар нь 1.787.000 төгрөгийн ноолуур өгч мөнгийг нь бэлнээр авсан... Манайх хүнээс авсан ноолуураа 2-3 хоноод Улаанбаатар хот руу ачуулдаг болохоор тухайн үед өгсөн ноолуур одоо манайд байхгүй. ... Би Сын өгсөн ноолуурыг өөрийн гар бүртгэлд эхнэр Цгийн нэрээр бичиж авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...М.С нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүний машин эвдэрсэн байна би хүргэж өгөөд ирье гэж хэлээд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай яваад шөнө ирсэн ба шөнө хэдэн цагт ирсэн талаар нь мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 25-ны өглөө С надад би өчигдөр хүнээс 42 кг ноолуур зээлээд ирлээ хойтон хавар ноолуур гарахаар өгөхөөр зээлсэн гэж хэлж байсан. Би Саас ямар хүнээс ноолуур зээлсэн талаар асуухад таньдаг хүнээс авсан юм гэж хэлж байсан... С бид хоёр Огэж ченжид очиж эхнэр От 1 шуудай ноолуурыг 63500 төгрөгөөр авч байна гэхээр нь үлдсэн ноолуураа Мын эхнэр Мд өгсөн. Хэд хэдэн кг ноолуур өгснөө санахгүй байна. Нийт тушаасан ноолуур 42 кг ноолуур болж байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оын 04 дүгээр сарын 25-ны өдөр санаж байна С нь эхнэр Цгийн хамтаар ирээд надад 14 кг 500 гр ноолуур өгсөн тухайн үед манайх 1 кг ноолуурыг 63500 төгрөгөөр авч байсан.... Манайх авсан ноолуураа 2-3 хоногт аймаг руу авч явж борлуулдаг болохоор тухайн ноолуур одоо манайд байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний ..., ... дугаартай үнэлгээ /хх-ийн 10, 19 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-14-15, 23-24/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-42 / зэрэг болно.
Шүүгдэгч М.С нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ...гэх газар нутаглах хохирогч М.Эгийн хашаанаас 42 кг ноолуурыг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,730,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч М.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би М.Эны 42 кг нооолуурыг хулгай хийсэн нь үнэн. ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Эг самнасан ноолуураа малын хашаан дотор байх пүнзэнд цоожгүй хийдгийг мэдээд 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 сарын 25-нд шилжих шөнө 02:00 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай очиж машинаа хонины хорооноос 1 км орчим газарт тавьж явган алхаад Эгийн хонины хорооны пүнзнээс 3 шуудай буюу 42 кг ноолуур хулгай хийж авсан .... гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Эхнэрийн хамт самнасан ноолуураа хиллэж үзэхэд 42 кг ноолуур болсон байсан. Би ноолуураа шуудайнд хийгээд 2017 оны 04 сарын 24-ний өдөр хорооны цоожгүй пүнзэнд хийж тавиад маргааш нь буюу 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нөхөр бид хоёр үлдсэн ямаагаа өөрсдөө самнаад 42 кг ноолуур хиллэж шуудайнд хийгээд хорооны пүнзэнд 2017 оны 04 сарын 24-ний орой хийгээд 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө С эхнэр Цгийн хамтаар ирж манайд 27 кг 500 гр ноолуур зарж борлуулсан. Тухайн үед манайх ноолуурыг 1 кг тус бүрийн 65.000 төгрөгөөр авч байсан ба С, Ц нар нь 1.787.000 төгрөгийн ноолуур өгч мөнгийг нь бэлнээр авсан...... гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 04 сарын 25-ны өглөө С надад би өчигдөр хүнээс 42 кг ноолуур зээлээд ирлээ хойтон хавар ноолуур гарахаар өгөхөөр зээлсэн гэж хэлж байсан. С бид хоёр Огэж ченжид очиж эхнэр От 1 шуудай ноолуурыг 63500 төгрөгөөр авч байна гэхээр нь үлдсэн ноолуураа Мын эхнэр Мд өгсөн. Нийт тушаасан ноолуур 42 кг ноолуур болж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оын 04 дүгээр сарын 25-ны өдөр санаж байна С нь эхнэр Цгийн хамтаар ирээд надад 14 кг 500 гр ноолуур өгсөн тухайн үед манайх 1 кг ноолуурыг 63500 төгрөгөөр авч байсан.... гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний ..., ... дугаартай үнэлгээ, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Сыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч М.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...С надтай уулзаад уучлалт гуйж надад учирсан хохирлын мөнгө болох 2.730.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт болон шүүгдэгч М.С нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Сын эзэмшлийн 1000 000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Ст урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Шүүгдэгч М.Сыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Ст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр / жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Сын эзэмшлийн 1000 000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25, 2017 оны 06 дугаар сарын 02-ны тогтоолыг тус тус хүчингүй болгож, 85-51 ДГО тоёота королла маркийн автомашиныг шүүгдэгч М.Ст буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Ст хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА