| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034002470167 |
| Дугаар | 2020/ДШМ/48 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ДШМ/48
Б.Мөнхтуяад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Хохирогч Г.Наранцацралт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
Шүүгдэгч Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2020/ШТ/37 дугаар шүүхийн тогтоолтой Б.Мөнхтуяад холбогдох 2034002470167 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.Мөнхтуяа нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 12.26 тоотод архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Г.Наранцацралтын хэвлий тус хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Мөнхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2020/ШТ/37 дугаар шүүхийн тогтоолоор:
Төв аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өндөр дархан овгийн Болдын Мөнхтуяад холбогдох эрүүгийн 2034002470167 дугаартай хэргийгТөв аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Өндөр дархан овгийн Болдын Мөнхтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 2034002470167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдан ирсэн бөгөөд хэргийн хамт прокурорын газар хүргүүлэхийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Мөнхтуяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Тус Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2034002470167 дугаартай Б.Мөнхтуяад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлага хангаагүй үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Наранцацралтаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд "...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр гээд дэлгүүрээс архи согтууруулах ундаа аваад манайд эхнэрийн найз гээд Ичинхорлоо ирсэн байсан бид гурав юм ярьж сууж байгаад авсан архи согтууруулах ундаагаа хувааж уугаад тэгээд би маргааш ажилтай гээд унтлаа гэсэн чинь манай эхнэр Мөнхтуяа унтуулахгүй намайг боож бариад байсан тэгэхээр нь би эхнэр Мөнхтуяаг чи яагаад байгаа юм гэсэн чинь хутга бариад би өөрийгөө ална гээд над руу дайраад гэдэс рүү цохих шиг болсон тэгсэн миний гэдэс рүү барьж байсан хутгаараа хутгалж гэмтэл учруулсан юм тэгээд эхнэр Мөнхтуяа би хутгаар нөхрийгөө хутгалчихлаа гээд эгч Мөнхзулыгаа дуудаад эгч нь удахгүй " ирээд намайг аваад аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн" гэж мэдүүлэг өгдөг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мөнхтуяа эхлээд өөрийгөө хутгалсан, хутгатай гарыг нь тавиулахдаа давхралдаж унасан, мөн яллагдагч Б.Мөнхтуяа .. намайг дарамтлаад байхаар нь би өөрийн амиа хорлоно гээд хутга аваад өөрийгөө хутгалах гэхэд миний гараас хутга булааж аваад давхралдаж унасан талаар мэдүүлэг өгдөг.
Уг хэрэг нь ахуйн хүрээнд гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн бөгөөд харилцан бие биендээ нөлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хэрэг гардаг тухайн цаг хугацаанд Г.Наранцацралт, Б.Мөнхтуяа нараас гадна Н.Ичинхорлоо байсан ба түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан, хууль сануулан мэдүүлэг авахад тэр мэдүүлэгтээ "Төв аймгийн Зуунмод сумын 5-р хороонд би найз Нараа гэх айлд 2020 оны 03 сарын 08-ны өдөр очиход Нараа болон эхнэр Мөнхтуяа нар архи соггууруулах ундаа уусан согтуу байсан тэгээд тэр хоёр бие бие рүүгээ архи уусан гээд маргалдаад байсан тэгтэл эхнэр Мөнхтуяа тогооны шүүгээнээс хутга аваад нөхөр Нараагийн гэдэс рүү хутгаар хутгалж гэмтэл учруулсан юм тэгээд Мөнхтуяа эгчийгээ утсаар дуудаад эгч нь ирээд Нарааг аваад эмнэлэг явсан, ... тэр үед Нараа болон Мөнхтуяа бид гурав байсан өөр хүн байгаагүй талаар мэдүүлсэн байхад хохирогч яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилган шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан дахин мэдүүлэг авах гэсэн ойлгомжгүй байна.
Яллагдагч Б.Мөнхтуяад 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дугаартай яллах дүгнэлт гардуулан өгчээ.
Яллах дүгнэлтэнд Б.Мөнхтуяаг ямар хэрэгт буруутгаж байгаа, хэрэгт ямар ямар нотлох баримтууд цугларсан болохыг дэлгэрэнгүй дурдсан бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтийг гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Учир нь яллах дүгнэлтийн хавсралтанд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлах нотлох баримт, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн талаар дурддаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх нотлох баримтуудыг яллах талаас яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хөнгөрүүлэх нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлажээ.
Мөн хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд яллагдагч Б.Мөнхтуяа урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тухайн цаг хугацаанд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа нөхөр болох хохирогч Г.Наранцацралтын хэвлий тус хэсэгт хутгалсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02 -ны өдрийн 37 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэж чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч мэдүүлгээ өөрчилдөг. Гэрч Ичинхорлоо мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан талаар тодорхой мэдүүлдэг. Эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоо гэж буцаасан шүүхийн тогтоол үндэслэлгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Шүүхийн тогтоолыг биелүүлэхэд эргэлзээтэй ойлгомжгүй байгаа. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан саналдаа: Шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Хэрэг үйлдэгдсэн талаар эргэлзээгүй нотлогдсон зүйл байдаггүй. Яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулаагүй байгаа яллах дүгнэлтийг гардуулаагүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхтуяад холбогдох эрүүгийн 2034002470167 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.
Яллагдагч Б.Мөнхтуяад эрүүгийн 2034002470167 дугаартай хэргийн яллах дүгнэлтийг 2020 оны 05 сарын 04-ний өдөр гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх 95 хуудас/ Прокурор яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Б.Мөнхтуяад гардуулж өгсөн боловч яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулж өгөөгүй байна. Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэгтэй, мөн хавсралтаас бүрдэх бөгөөд хавсралтанд тусгагдах зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан. Яллагдагчид хавсралтыг гардуулаагүй нь яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй ба хэргийн материалтай хэргийн оролцогчид танилцсан байх тул тэдгээрийн хуульд заасан эрхийг хөндсөн гэж үзэхээргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д зааснаар талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүх өөрийн санаачилгаар яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх байтал анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүх Б.Мөнхтуяад холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэргийн материалд тусгагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тэдгээрийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилган, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэх шаардлагатай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн шүүгдэгчийн ямар үйлдэл хэргийн зүйлчлэлийн талаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж байгаа эсэхийг тодруулах үндэслэл болсон нь тодорхой бус байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Яллагдагч Б.Мөнхтуяад эрүүгийн 2034002470167 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2020/ШТ/37 дугаартай шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Б.Мөнхтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ