| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
2024 12 09 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ............... даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г............
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т...........,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.О............./цахимаар/
Шүүгдэгч: Б.У........... /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У......д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:
Яллагдагч Б.Ур........... нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр .....................тоотод байрлах гэр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн суралцагч бага насны буюу 1 нас 8 сар 27 хоногтой Б.Б............... биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр алгадах, цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У.............д холбогдох эрүүгийн ....................дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У............. мэдүүлэхдээ.
Хэрэг болсны дараа фейсбүүк чатаар уучлалт гуйж бичсэн. Яаж холбогдох учраа олохгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О................... гаргасан тайлбартаа:
Хүүхдээ зодуулсны дараа Улаанбаатар хот явж үзүүлээд ирсэн. Түүнээс хойш хүүгийн маань биеийн байдал хэвийн байгаа, дахиж эмнэлгээр яваагүй. Анхны цэцэрлэгийн багш нь зодсон болохоор сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Сэргэлэн цовоо хүүхэд байсан, дасаж өгөхгүй, хүүхдүүдтэй тоглохгүй, ганцаардмал болоод сарын өмнөөс гайгүй болсон. Багш нь энэ талаар мэддэггүй ч яагаад ийм зантай байгаа вэ гэж асууж байсан. Өмнө жил хүүхдээ шүүх хуралд авч явсан учраас хэлсэн. Түүнээс өмнө сэтгэл санааны хувьд би ч хэцүү байсан. Зодсон багш нь ирж уучлал гуйгаагүй, үнэнээ хэлэхгүй байсанд гомдолтой байсан.
Шүүгдэгч маань давхар биетэй болсон байна, хохирлоо барагдуулаад ирж уулзах юм болов уу гэж хүлээсэн, утсаар яриагүй, тухайн өдрөө зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байхдаа чат бичээд байсан. Түүнээс хойш үндсэн багш нь ч яриагүй, туслах багш нь ч яриагүй. Сэтгэл санааны хувьд манай гэр бүлд цочролд орсон. Одоо хүүхэд гайгүй болоод хүүхдүүдтэй тоглоод яваад байгаа болохоор хэлэх гомдол, хүсэлт байхгүй байна. Хүүхэд маань хэдэн жилийн дараа, ер нь цаашдаа янз бүр болбол хаана юу гэж хандахаа мэдэхгүй байна. Хөнгөн гэмтэл гэж гарсан болохоор тайвшраад мөн хүүхэд маань өвдөхгүй болохоор сэтгэл санаа гайгүй болж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хохиролд 870,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
-С.О................. Ө.......................н цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О................. өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн .............. дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Хохирогч Б.Б................ төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 25 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б..............өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,
-Шүүгдэгч Б.У.................. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 31, 33, 34, 35, 39, 40 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У..................... өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 90 дэх тал/
-Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 68-76 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Э................өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/
-Ажилд орохыг хүсэгчийн анкет, өргөдөл /хавтаст хэргийн 97, 99-103 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.У............. нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр .................. тоот хаягт байрлах гэр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн хүмүүжигч бага насны буюу 1 нас 8 сар 27 хоногтой Б.Б.............биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алгадах, цохих зэргээр зодож түүний биед “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б............. өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад ....................байрлах хувийн цэцэрлэгээс хүү Б...............очиж авахад хүүгийн баруун талын хацар хөхөрсөн, зүүн талын нүд жаахан цус хурсан байдалтай байсан тэгээд туслах багш Ур............ асуусан чинь хүүхэд цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би нээрээ хүүхэд цохисон юм байх гэж бодоод хүүхдээ гэр рүүгээ авсан тэгсэн гэрт очоод хүүгийнхээ хувцсыг тайлаад үзсэн чинь нурууны голын хэсэг хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд цэцэрлэгийн Э...........руу зургийг нь дараад хүүхэд ийм болсон байна гэж хэлсэн. Тэгсэн багш нь туслах багшаас асууя гэхэд хүүхэд цохисон гэж хэлж байна гэсэн. Тэгээд манай эхнэр бил 2 хүүхдээ дагуулаад туслах багш болох У. дээр очиж хүүхэд яагаад ийм болгочихсон юм гэж асуусан чинь хүүхэд цохисон гээд байсан. Тэгээд манай эхнэр цагдаад өгнө барина гээд хэлсэн чинь Уранжаргал би цохисон юм гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ............дугаартай “...1. Б.Б....н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.Б.....н биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Б.Бу.......н биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ............дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.У. нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч биеэ хамгаалж чадахгүй хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн бие хамгаалж чадахгүй” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.У.....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У. нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Б.Б.......н биед “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ........... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.О.......ийг, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Б........... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 6, 26 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О. нь “...гэм хорын хохиролд 870.000 төгрөгийг нэхэмжилсэн”, шүүгдэгч Б.У. нь “...гэм хорын хохиролд нэхэмжилсэн 870.000 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрсөн” тайлбар, мэдүүлгийг гаргасан.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-с эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 870.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Буяндэлгэр /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О/-т олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.У. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэх саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь жирэмсэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял нь саад учруулж болзошгүй гэж үзэж, шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-с эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 870.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б. /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О/-т олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***Б.