Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2018/00027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, ......... сум, 1 дүгээр баг, .......... гэх газарт оршин суух, эрэгтэй, РД- ......, Т овогт Л-гийн М-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн ..... сумын 1 дүгээр баг, ..........гэх газарт оршин суух, эрэгтэй, РД- .........., Х овогт С-ын М-дхолбогдох,

зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 1.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30.000 төгрөг, нийт 1.030.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн М нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надаас 3.000.000 төгрөг сарын хугацаатай, 1 сая төгрөгөнд 50.000 төгрөг төлөхөөр амаар гэрээ байгуулж мобайл банкнаар зээлж авсан. Гэтэл хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй залгахаар утсаа авахгүй, ирж уулзахгүй зугтаагаад байсан учир 2017 оны 09 дүгээр сарын 11-нд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ганц удаа ирээгүй, цувруулан 2.180.000 төгрөг өгсөн. Би өөрийнхөө данснаас мобайл банкнаар шилжүүлсэн, М-ийн дансны дугаар сайн мэдэхгүй байна. нэг сарын хүү 150.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамж 30.000 төгрөг нэмээд нийт 3.180.000 төгрөгнөөс 2.180.000 төгрөгийг надад цувуулаад төлсөн тул одоо үлдэгдэл 1.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30.000 төгрөг нийт 1.030.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч С.М-д холбогдуулан зээлсэн мөнгөний үлдэгдэл 1.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамжид төлсөн 30.000 төгрөг, нийт 1.030.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хариуцагч С.М-д 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ********** дугаарын утсаар хариуцагчийн эхнэрт, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр **********, ********** дугаарын утаснууд нь холбогдоогүй тул Төгрөг сумын 1-р багийн даргад тус тус мэдэгдэсэн байх боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хх-27/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч С.М нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс гардан авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-15/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч С.М-ийн ********** дугаарын дансанд 3.000.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлж, ********** дугаарын утаснаас мобайл банкаар шилжүүлсэн болохоо нотлохоор Л.М, М.Ц нарын хамтран эзэмшдэг ********** дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгийг нотлох баримтаар гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай тэмдэглэлд уригдсан тал С.М эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй боловч зээлийн төлбөрөөс 2.150.000 төгрөгийг төлсөн болохыг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг үлдсэн болохыг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсанд 98300706 дугаарын утсаар холбогдож хариуцагчид шүүхээс дуудсан тов мэдэгдэхэд эхнэр нь гэх хүн нөгөө хүндээ маргааш, нөгөөдрөөс мөнгийг нь өгнө гэж хэлсэн талаар, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэлд хариуцагч С.М би мөнгийг нь өгнө гэж тус тус тайлбар өгсөн байна /хх-4, 6, 10, 11/.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул нэхэмжлэгч Л.М-аас хариуцагч С.М 3.000.000 төгрөгийг зээлж, 5325037016 дугаарын дансанд шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Л.М-ын хүсэл зоригийн илэрхийллийг С.М хүлээн авснаар хүчин төгөлдөр болж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж болохоор байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт болон хэргийн материалтай хариуцагч С.М 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардан авахдаа танилцсан байх бөгөөд уг баримтыг болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна /хх-15-20/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан тул нэхэмжлэгч Л.М зээлдүүлсэн 3.000.000 төгрөгөө шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд зээлийн гэрээ бодит байдалд хэрэгжиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн утсаар хэлсэн тайлбараар нотлогдож, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх тайлбар, баримтаа хариуцагч шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-19/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.720 төгрөгнөөс 29.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.М-ээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29.270 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30.000 төгрөг, нийт 59.270 төгрөгийг, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ********** тоот данснаас илүү төлсөн 450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х овогт С-ын М-ээс зээлийн үлдэгдэл төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т овогт Л-ийн М-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.720 төгрөгнөөс 29.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.М-ээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29.270 /хорин есөн мянга хоёр зуун далан/ төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30.000 /гучин мянган/ төгрөг, нийт 59.270 /тавин есөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ********** тоот данснаас илүү төлсөн 450 /дөрвөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ЯНЖИНДУЛАМ