| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/0919/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1014 |
| Огноо | 1014-11-14 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
1014 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1014
2024 11 14 2024/ШЦТ/1014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч О.Б,
Улсын яллагч Б.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.А, Г.А,
Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ц.Д, Г.Б,
Шинжээч Б.Э /цахимаар/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө-ын Б /РД:............/-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А: /улсын яллагчтай давхцахгүй байдлаар/ 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 119-124/, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 716 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 243-244/, /шинжээч эмч Ч.Э-ын мэдүүлэг 1хх-ийн 109/, / гэрэл зургийн үзүүлэлтүүд 1хх-ийн 129-134/, /Шүүх сэтгэц эмгэг судлалын 964 дүгээр дүгнэлт /1хх-ийн 137-140/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 141, 144/, өмгөөлөгчийн хүсэлт /1хх-ийн 145/, Ө.Б-ын хүсэлт /1хх-ийн 146/, Ө.Б-ын хүсэлт /хх-ийн 148/, Прокурорын тогтоол /1хх-ийн 149/, өмгөөлөгчийн хүсэлт /1хх-ийн 151/,талийгаачийн гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 154/, өмгөөлөгчийн хүсэлт /1хх-ийн 160/, Прокурорын тогтоол /1хх-ийн 161/, Ө.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл /1хх-ийн 209/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /1хх-ийн 211/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн мэдүүлэг /1хх-ийн 42, 44-47, 50-54/, Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 57/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-н дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 80/, Ө.Б-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 98/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/1хх-ийн 103/, Ө.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 106/, /Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг сонсох /1хх-ийн 114/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, /гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 26-29/, эд зүйлд үзлэг хийхэд гар утасны мессеж /1хх-ийн 62-67,69/, /2хх-ийн 36-78/ шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Д, Г.Б нар: Хавтаст хэргээс хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /1хх-ийн 37-42/, хохирогч Т.Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 73-74/, Э.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 75-77/, гэрч Э.Э-аас дахин авсан мэдүүлэг /1хх-ийн 80-82/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /1хх-ийн 87-89/, Ө.Б-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 98-100/, шинжээч эмч Ч.Э-ын мэдүүлэг /1хх-ийн 109/, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2086 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 119-131/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх-ийн182-183/, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэрээх үеийн хяналтын хуудас /2хх-ийн 230/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 235/, төгсгөлийн эпириз /2хх-ийн 237/ зэрэг нотлох баримтыг зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийг дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэлт гаргасан болно.
3. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгийг дүгнэн үзээд улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авч, шүүгдэгч Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, Олимпын гудамж “....” ХХК-ийн байрны.... тоотод үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ийн албан өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Э-ийг бусадтай хардсаны улмаас онц харгис хэрцгийгээр зодож алсан гэх үйл баримт тогтоогдсон байна. Энэ нь:
“...3 сугалуурганы хамгийн дээд талын сугалуургыг татаж үзэхэд ягаан өнгөтэй силкен материалтай цув байна. Уг цув нь баруун ханцуй, энгэр хэсэгтэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба цээж хэсэгтэй цахилгаан нь урагдсан...гарах хаалганы дэргэд байх дээрээ угаалтуур суурилуулсан цагаан өнгийн шүүгээн дотор дээрээ ARKHI гэсэн бичиглэлтэй тал хүртлээ шингэн зүйл бүхий шил байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-11 /,
“...хэвлийн голын шугамаар төмөр үдээс бүхий мэс заслын шархтай, хэвлийн баруун зүүн талд гуурс байрлуулсан, гуурсаар улаан хүрэн өнгийн цусархаг шингэн гарсан, амны баруун зүүн булангаас доош үргэлжилж хүзүүний баруун зүүн хажуу болон ар хэсгийг хамарсан улаан хүрэн өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт 2см өргөн бусад хэсгээр 1 см өргөн, зүүн хөмсөгний дээд хэсэгт 2.5х1.5см, баруун хөмсөгний дээр 1.5х0.5см, зүүн дээд зовхинд 1.5х0.7см хөхөлбөр өнгийн, хамрын нуруунд 5х2см, баруун бугалгын гадна доод хэсэгт 5х5см, баруун шууны ар дунд хэсэгт 7х5см, зүүн бугалганы ар доод хэсэгт 7х7см, урд дунд хэсэгт 7х0х2см, 3х04см, 2х0.4см, 2х0.3см, зүүн сарвууны ард 10х7см хүрэн ягаан өнгийн, зүүн талын доод хэсэгт 3х2см, 2х2см хэмжээтэй 3 ширхэг 1.5х1, зүүн өгзөгт 6х5см зүүн гуяны ар дээд хэсэгт 7х10см, баруун өвдөгч 3х2см, баруун шилбэний урд дунд хэсэгт 3х1см, 1х1см хэмжээтэй 2 ширхэг, зүүн шилбэний урд, дээд, дунд хэсгийг хамарсан 13х10 см хөхөлбөр хүрэн ягаан цус хуралтуудтай, зүүн шууны ар доод хэсэгт 0.5х0.3см хэмжээтэй 6 ширхэг хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн бугуйн үений ар хэсэгт 0.7х0.5см, 0.5х0.5см, 0.5х0.2см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 4х4, 1х1, баруун шилбэний урд дээд хэсэгт 2х1, гадна дээд хэсэгт 2х1.3см, баруун шууны ар доод хэсэгт 2х02см, 1х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, 2 тохойн хонхор, баруун сарвууны ард олон тооны тарианы зүүний оромтой...” гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-18/,
“1. Мессенжер гэх аппликешин байх ба уг аппликешин руу ороход ............. гэх нэртэй чат байх ба 5 дугаар сараас эхлэн уг хүн рүү садар самуун болон дарамталсан мессежнүүд явуулсан байв...2.Уг гар утасны дуудлага хэсэгт 7 дугаар сарын 31-ний өдөр нийт 96 дуудлага хийсэн ба 8 дугаар сарын 01-ний өдөр нийт 113 дуудлага, 8 дугаар сарын 03-ны өдөр нийт 83 дуудлага хийсэн байв. 3....мессеж хэсэг рүү ороход Hani2 мессеж байх ба 8 дугаар сарын 01-ний өдөр Б Hani2 гэж хадгалсан хүн рүү 00 цаг 44 минутад “Чамайг би алнаа, за яаж чаджийнаа, битгий гомдоорой, алдаа алдаа, үнэнээ зайлсан дээр шүү, алнадаа ма болноо, яаж намайг блок хийжийнаа, яаж маргааш өдөр байдымшдээ, намайг блок хийлээ гэж ийм их ажлын хажуугаар, вав” гэж бичсэн байх ба 03 цаг 02 минутад “муу хэлэх үг олдохгүйн, бае, яая, ма өглөө болношдээ, өглөө, өглөө болно за, яаж, кк, за, кк, ккк” гэж бичсэн байх ба 09 цаг 08 минутад “аль ажлын материал мөнгө вэ зургийн мөнгө хаа байна” гэж бичсэн байх ба Hani2 гэж хадгалсан хүнээс “Ханиа тайвшралдаа”, Б-аас “Хурдлаа2 хурдалдаа пспас”, Hani2 “Би яахлаараа зүгээр байж байгаад зодуулах ёстойн бэ” гэж бичсэн байв” гэх гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 25-29/,
Хохирогч Э.Э-ийн "... Амь хохирогч нь ......онд Д аймгийн С суманд айлын ууган охин болон мэндэлсэн. Эцэг эхээс гурвуулаа бөгөөд одоо 1 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Амь хохирогч ......... онд Д аймгийн 1 сургуульд суралцаж бүрэн дунд, ........... "..........сургууль"-д суралцаж нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн. 2008 оноос "..........." гэх нэртэй санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж байгаад 2011 оноос /хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна/ эхэлж өөрөө "Итгэлт цаг" гэх санхүүгийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг компани байгуулж тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан...2010 онд нөхөр Ө.Б-тайгаа танилцаж, 2010 оны сүүлээр хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Ө.Б нь манай эгчээс 9 насаар ах. 2014 онд хүү Б.Э нь төрсөн. Б.Э төрөх үед Улаанхуаранд байр түрээслээд амьдардаг байсан бөгөөд төрснийх нь дараа гэртээ “Манай ээж өнгөрчихлөө, би хүүгээ аваад ирлээ" гэж хэлээд 10 настай Б.Э гэх хүүгээ авч ирсэн. Б.Э нь 19, Б.Э нь 9 настай. Б.Э гэртээ амьдарч байгаа бөгөөд Б.Э нь надтай хамт амьдарч байгаа. Ө.Б нь амь хохирогчтой хамт амьдарч эхэлсэн хугацаанаасаа эхлээд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, өөрөөсөө ах хэдэн залуучуудтай нийлж ийш тийшээ явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Ө.Б нь анх манай эгчтэй хамтран амьдарч эхлэхдээ л зан ааш муутай, хүнтэй дээрэнгүй харьцдаг, хүү Б.Э төрөхөд нь хүртэл манай ээж Т.Б-тай маргалдаж муудалцаж байсан тийм л ааштай хүн... эрүүл байхдаа хүртэл жижиг зүйл дээр хүртэл уурлаж уцаарладаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсан согтуу тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохоор амь хохирогч төрснөөс хойш улиралдаа 1 удаа зугтааж хүүхдээ дагуулаад манайд ирдэг байсан. Манайд ирэхдээ хөл, гар, бие нь хөхөрчихсөн ирдэг байсан... амь хохирогчийг байнга хэл амаар доромжилж бусадтай харьцуулж дээрэлхдэг, хэтэрхий их харддаг байсан бөгөөд манай нөхөр н.Д-той хүртэл харддаг байсан. Ө.Б нь барилгын засвар чимэглэл хийдэг. Хаана явсан газраа бусадтай маргалдаж муудалцаж ам зөрдөг... 2023 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн өглөө бага охинтойгоо "Ки Эф Си" /KFC/ орж юм идчихээд буцаад Жуков руу гэртээ харихаар явж байхад 10 цаг 43 минутад эгч миний ........... дугаарт залгасан байсан бөгөөд буцаагаад 3 минутын дараа буюу 10 цаг 46 минутад залгасан чинь эгч сандарчихсан уйлчихсан дуудлага аваад "Хэрэг болоод залгахаар утсаа авахгүй юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Яасан юм" гэж асуухад хариулахгүй уйлаад байсан. Би "Хаана байгаа юм" гэж асуухад "Оффис дээр байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд оффис руу нь очъё гэж бодоод охиноо гэртээ үлдээгээд гэрээсээ гараад дахиад эгчийн ......дугаар луу залгаад юу болсон талаар асуухад "Б /Ө.Б/ өчигдөр орой хүнтэй ажил ярина гэж хэлээд хүнтэй архи ууж байгаад "Архи аваад ир" гэж хэлээд байхаар нь архи аваачаад өгсөн чинь "Компанийн данснаас мөнгө шилжүүл" гэж хэлээд байхаар нь мөнгө өгөлгүй гарч ирээд гэрт ирээд олон юм яриад байна байх гэж бодоод гэрийн гадаа машинд унтчихсан юм аа” гэж хэлэхээр нь би "Тэгээд яасан юм" гэж хэлэхэд "Тэгээд оффис дээр орж ирэхэд машин нэр дээр шилжүүл гэж хэлээд гар руу цохиж мохиод" гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлага таслаад Ө.Б-ын ......дугаарт залгаж "Чи сэтгэц мэдрэлийн өвчтэй бол тэрийгээ үзүүл, би чамайг цагдаад өгнө” гэж хэлэхэд юу ч дугарахгүй шууд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би дахиад эгч рүү залгаад "Би яваад очих уу, та зүгээр үү" гэж асуухад "Яах юм бэ, чи ажлаа хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Би Ө.Б-той яриад хэдэн үг хэлсэн чинь хариу өгөлгүй тасалчихлаа" гэж хэлэхэд "Б хүнтэй явж байгаа байх" гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчийн оффис руу очилгүй би шууд ажил руугаа явсан... ажил дээрээ очоод байж байгаад хэсэг хугацааны дараа эгч рүү дахиад залгахад надад "Б сая оффис руу орж ирээд "Олгой хагаравч тогоо дотроо" гэж хэлчхээд гараад явлаа" гэж хэлсэн. Би хариуд нь "Архи нь гарсан юм уу, согтуу машин бариад яваад байгаа юм байхдаа" гэж хэлэхэд "н. Ц ахтай хамт явж байгаа юм шиг байна" гэж хэлээд тасалсан. Би н.Ц ах гэдэг хүнийг нь сайн танихгүй, харж байгаагүй боловч дээр үеэс л н.Ц гэх нэрийг нь сонсож байсан бөгөөд Ө.Б нь н.Ц-той нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн. Би утсаар ярьснаасаа хойш 1-2 цаг болоод тогтмол залгахад манай эгч ердөөсөө дуудлага авахгүй байсан. Би 19 цаг өнгөрч байхад "Сансар”-т байрлах ажил дээрээсээ гараад "Жуков"-т байрлах гэрээсээ 2 охиноо аваад замаараа эгчийг хүүхэдтэй нь аваад, нөхрөө аваад аавындаа очиж хононо гэсэн бодолтой явсан боловч эгч ердөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Б.Э-ийн .........дугаарт нь залгахад дуудлага авсан... "Ээж нь байна уу” гэж асуухад "Ээж гүйлгэж бөөлжиж байгаад сая тайвшраад унтчихлаа" гэж хэлэхээр нь би “Яасан юм, аав чинь байгаа юм уу" гэж асуухад "Байхгүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би "Ээжийгээ сэрээгээд надтай яриулаадах" гэж хэлээд эгчтэй ярихад сул дуутай байсан бөгөөд би "Та зүгээр үү, гайгүй юу” гэж асуухад "Би зүгээрээ" гэж хэлсэн. Би "Би танай гэрт хүрээд очъё, таныг хүүтэй чинь аваад аавынд очиж хоноё, та зүгээр үү" гэж асуухад эгч "Би зүгээрээ зүгээр, ирж аваад яах юм бэ, бид 2 явахгүй" гэж хэлэхээр нь би "Болдоо одоо хүртэл очоогүй, байхгүй байгаа юм уу" гэж асуухад "Байгаа ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө аваад аавынд очиж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг өнгөрчихсөн 07 цаг дөхөж байхад ээж намайг сэрээгээд "Миний охин сэрээрэй, Болдоо /Болдбаатар/ залгаж байна, эгчийн чинь бие муу байна гэнээ, ярилцъя гээд дуудаж байна" гэж хэлсэн. Би өмнөх өдөр нь болсон явдлын талаар аав, ээжид хэлээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад төрсөн дүү н.Н-т "Эгч надтай өглөө уйлаад ярьсан, Б зодсон юм шиг байсан” гэж хэлж байсан. Би аав, ээжийн хажууханд байдаг дүү н.Н-ыг орж сэрээгээд, аав, ээж дүү Н, нөхөр н.Д, манай 2 охин нийлээд 2 машинтай "Шувуун фабрик"-аас эгчийн гэр рүү хөдөлсөн. Бид нар замаараа манай нөхөр н.Д-г ажил дээр нь буулгаад эгчийн байрны гадаа ирэхэд Ө.Б манай эгчийг үүрчихсэн том хүү Б.Э ард нь эгчийн цүнхийг барьчихсан орцноосоо гараад явж байсан. Би тэр үед эгчийгээ харахад бие нь харахын эцэсгүй, нүүр ам нь хавдчихсан, уруул нь хар өнгөтэй болчихсон, сульдаад өөрөө алхаад явах тэнхэлгүй байсан. Би Ө.Б-аас "Хаашаа авч явж байгаа юм” гэж асуухад "Машин руу" гэж хариулахаар нь би “Үгүй, миний машин руу суулга” гэж хэлээд би машиндаа суулгаад 103 руу залгаад "Хэр удаж ирэх вэ" гэж асуухад "Ачаалал ихтэй байна" гэж хариулахаар нь би "Өөрсдөө яваад очиж болох уу" гэж асуугаад 103 үүдэнд очоод зогсоход Ө.Б эгчийн сууж явсан талын хаалгыг нээгээд надад хандаж "Туяа ах нь 2, 3 ажил авчихсан байгаа шүү" гэж шивнэж хэлсэн. 103-н эмч нар гарч ирж машинд үзлэг хийж үзээд "Та нар шууд 4 гэмтлийн эмнэлэг рүү яв” гэж хэлсэн, Бид нар гэмтлийн эмнэлэг рүү явж байхад би эгчээс "Гэмтэл дээр очоод Болдоог зодсон гээд хэлчих юм уу" гэж асуухад эгч надад "Намайг зүгээр хүнд зодуулсан гээд хэлчих" гэж хэлсэн. Тэгээд бид нар "Гэмтлийн эмнэлэг"-рүү очоод би тэргэнцэр авах гээд явах үед Ө.Б "Гэмтлийн эмнэлэг"-ийн хүлээн авах дээр юу болсон талаар ярьж байсан. Би эгчийг тэргэнцэртэй түрж яваад "Гэмтлийн эмнэлэг"-ийн ..... тоотод эрэгтэй эмчид үзүүлсэн. Тухайн эмч нь 2-3 удаа ийш тийшээ явуулж шинжилгээ өгүүлсэн бөгөөд бид нар 09 цагийн үед "Гэмтлийн эмнэлэг" дээр очоод эгч 16 цагийн үед хагалгаанд орсон. Манай эгч хагалгаанд ороод хагалгаанаас гарахад эмч нь "Хамрын таславч гэмтсэн, тархины хавантай, элэг няцралттай, цөс хагарсан, дотор эрхтний цус алдалттай, 2 литр цус юүлж авсан, та нар хугацаа алдаж ирсэн байна, биеийн байдал хүнд байгаа болохоор та нар сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн. Эгчийг "Эрчимт тасаг”-руу нь шилжүүлээд оройн 21 цагийн үед аав ээж 2 тасаг руу нь орж харчхаад гарч ирэхдээ "Эгчийн чинь амьсгал алдагдаад одоо тогтворжиж байна" гэж хэлсэн... тухайн үед намайг тайвшруулах гэж л хэлсэн байсан. Хэсэг хугацааны дараа дахиад аав, ээж хоёрыг тасаг руу нь оруулсан бөгөөд аав, ээж 2 гарч ирэхдээ ээж уйлчихсан гарч ирсэн. Ардаас нь сувилагч гарч ирээд "Өрөөнд нь 2 цаг болгоод дараа нь морг руу шилжүүлнэ" гэж хэлсэн. Хагалгааны үед Ө.Б-ын эгч н.О /............/ нь "Гэмтлийн эмнэлэг" дээр ирсэн бөгөөд надад "Эгч чинь намайг дандаа дуудаж дусал хийлгэдэг байсан, би өчигдөр очиж дусал хийж өгсөн" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Таныг очиход биеийн байдал нь ямар байсан юм" гэж хэлэхэд "Хоол хийгээд зүгээр байж байсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ийн эгч н.О-д "Хүүхэд халуурахад л түргэн дууддаг байтал та яагаад түргэн дуудаагүй юм" гэж хэлчхээд дахиж юм яриагүй. Ө.Б нь эгчийг зодчихоод эгч н.О-аа дуудаж дусал хийлгэдэг байсан байх. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө утсаар ярьчхаад дахиад залгахад утсаа авахгүй байсан шалтгаан нь гар утасных нь дэлгэц эвдэрч дуудлага авч болохгүй болчихсон байсан... гар утсыг нь засуулсан бөгөөд өмнөх эвдэрсэн гар утасны дэлгэц нь надад байгаа. Хүү Б.Э нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд надтай байгаа бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Э нь ердөөсөө аавыгаа асуухгүй байхаар нь би Б.Э-ээс "Миний хүү аавыгаа яагаад асуухгүй байгаа юм бэ" гэж асуухад Б нь "Шоронд байгаа гэж бодож байна" гэж хариулахаар нь би "Миний хүү ягаад тэгж бодож байгаа юм" гэж асуухад Б.Э нь “Би бүгдийг мэдэж байгаа болохоор, аав ээжийг 3 давхрын орцонд зодсон, зодож байхад нь байрны хүүхдүүд харж байсан" гэж хэлсэн. Би Б.Э-ээс "Яагаад зодоод байсан юм, юу гэж хэлж байсан юм" гэж асуухад "Машины мөнгө өг” гээд машин яриад байсан" гэж хэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эгчийн ажил явдал болсны дараа гэрт нь очиж хувцас хэрэгслийг нь янзалж байхад эгчийн цус болон ард тал нь шохой болчихсон хар саарал өнгийн фудволк байсныг би уутанд хийгээд авчихсан цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө. 2023 оны 06 дугаар сарын 24-ны шөнө 01 цагийн үед Ө.Б над руу согтуу залгаад "Эгч чинь утсаа авахгүй байна, алга болчихлоо" гэж хэлэхээр нь би эгч рүү залгаад "Та хаана байгаа юм" гэж асуухад эгч "Хаана байх вэ дээ, грашид машинд унтаж байна" гэж хэлж байсан. Ө.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээр эгч гарч яваад машиндаа унтчихдаг байсан байх. Тухайн үед Ө.Б над руу бичиж байсан мессеж, би эгчтэй харилцсан мессеж байгаа. Манай эгч юманд тууштай, нямбай, аливаа зүйлд тайвнаар ханддаг даруу төлөв, бусдад муу санадаггүй бусадтай хэрэлдэнэ гэж ердөөсөө байдаггүй тийм хүн байсан. Амь хохирогч архаг хууч өвчингүй байсан... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, баяр ёслолын үед амсах төдий л байдаг, тамхи болон мансууруулах төрлийн бодис хэрэглэдэггүй байсан. Би эгчийнхээ оффис руу очиход манай эгчийн оффисын хажуугийн оффисын залуу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Ө.Б манай эгчийг хашхирч дуудаж байгаа бичлэгийг над руу "Вайбер"-р /Viber/ явуулсан. Би тэр бичлэгийг хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгнө.
Нэмж хэлэхэд хүү Б.Э-ийн хувьд маш их айсан бусдад ярихаас эмээж байгаа бөгөөд өөрөө “Би их айгаад байна гэснийг, “Миний хүү юунаас айгаад байгаа юм, зүгээр л мэдэж байгаа зүйлээ л ярина ш дээ" гэхэд "Ааваас айгаад байна, аав маань гэр бүлийнхээ нууцыг ярьж болохгүй гэдэг" гэж хэлсэн... Ө.Б нь эрээ цээргүй, үг хэлээр доромжилж, архи уух болгондоо эгчид минь гар хүрч хүчирхийлдэг байсан. Янз бүрээр гүтгэн доромжилж, аав, ээж, дүү нартай уулзуулдаггүй, утсаар ярихад хүртэл унтууцдаг байсан..." гэх мэдүүлэг /1хх 37-41/,
дахин өгсөн: Ө.Б урьд эхнэрээсээ төрсөн хүү Б.Э-ыг авч ирсэн. Тэр хүүгээ дураар нь байлгадаг. Түүний янз бүрийн ааш, үгнээс болж эгчийг маань элдвээр хэлж зовоодог болсон. Төрөх дөхсөн том гэдэстэй үедээ Б.Э-ыг 13 дугаар хороолол руу "Шинэ Монгол" сургуульд хүргэж өгч авдаг байсан. Энэ үед Б.Э 1 удаа ганцаараа зам гарч гүйхэд нь эгч маань "Ингэж ганцаараа гүйж болохгүй, яаж байгаа юм" гэж зэмлэсний төлөө аавдаа худал хэлж үл ойлголцол үүсгэн тэднийг хэрэлдүүлж байсан... Надад тэр үед "н.Э "Намайг лалар" гэсэн гэж аавдаа хэлсэн байна. Би тийм үг мэдэхгүй, хэлээгүй” гээд аргаа барсан байдалтай ярьж байсан. Энэ хүүгээ эгчийн эсрэг хүмүүжүүлсэн гэж би боддог. Учир нь ямар ч асуудал, хэрүүл маргаан болж зодож нүдэж байхад эгчийг ганц удаа өмөөрч дуугарч байгаагүйд тэгж бодох болсон. Эгчийг төрөхөд аав, ээж 2 хөдөө байсан. Яг тэр өдрийн үүрээр манай өвөө бурхан болсон. Эгч төрөх гээд эмнэлэгт очсон байхад н.Б ах утсаа авахгүй, гэртээ унтаж байсан гэдэг. Ээж арай гэж холбогдоод "н.Т төрөх гээд байна, яагаад санаа чинь зовдоггүй юм бэ, эмнэлэг рүү очиж болохгүй юу" гэхэд нь "Битгий хуц" гэж өөдөөс нь хэрэлдэж байсан. Үүнээс хойш ээж маань гомдож, юм хэлэхээ больсон. Эгчийг жирэмсэн байхад Ө.Б ах архидаж, байнга шоудаж, хонуутаар явдаг байсан. Эгч маань түрээсийн байрныхаа нэг өрөөг ажлын байр болгож, гэрээсээ ажилладаг байсан. Тайлан тооцоо гээд өндийх завгүй, гэрээсээ гарч чадахгүй ажилладаг байсан. Жирэмсэн байх үед нь Ө.Б согтуугаар машин жолоодож, эрхээ хасуулаад баривчлагдаж байсан. Манай аав, ээж 2 гаргаж авах гээд очиж байсан. Эгч маань жирэмсэн байхдаа машиныг нь цэвэрлэж байгаад хэрэглэсэн бэлгэвч олж надад хэлээд маш их хямарч байсан. "Төрөх гэж байж хэрүүл хийгээд яах вэ гэж би хэлж бид 2 хоорондоо яриад л өнгөрсөн. Жирэмсний 2 дахь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин гарч эгч маань уйлаад надад хэлж байсан. Ө.Б бол өөрийн бурууг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, өөртэй нь холбоотой юм хэлэхэд шууд хүнийг гүтгэдэг, доромжилдог, бусдад их дээрэлхүү, өөрийгөө өмөөрч сайрхдаг тийм л хүн. Өөр хүнтэй явалдаж байгаад эгчид мэдэгдэж, эгч маань өөрт нь хэлж салах дээрээ тулж байсан. Б.Э ой гарантай байхдаа санамсаргүй аягатай цай татаж, энгэрээ түлсэн. Энэ үеэс эгчийг "Тэнэг, мангар, эргүү" гэх мэтийн муу үгээр байнга харааж, "Миний хүүг шалзалсан" гэж үргэлж зүхэж, цохиж зодож зовоодог байсан. Ө.Б-ыг агсан тавьж зодож нүдсэн үед нь эгч хүүгээ аваад манайд байнга ирдэг. 7-14 хоног, заримдаа сар шахуу манайд байдаг байсан. Тэгээд Ө.Б ирээд гуйж, дахиж тэгэхгүй гээд ам тангараг өгөөд аваад явдаг. Удахгүй дахиад л зодож зовоож хэрүүл хийдэг байсан. Хэзээ ч засрахгүй хүнийг эгч маань хүүгээ бодоод гээд уучилдаг байсан. Эгчтэй хамт амьдарч удаагүй байхдаа "Та нар дэрсхэн, тэгээд хамт амьдарч байсан бол н.Д та 2 зүгээргүй байсан биз" гэж эгчийг манай нөхөртэй хүртэл хардаж доромжилдог байсан гэдэг. Саяхныг хүртэл иймэрхүү юм хэлж эгчийг доромжилдог байсан нь тэр хоёрын хоорондоо бичсэн чатаас харагдана. Энэ мэтчилэн хэнтэй ч хамаагүй, ямар ч үндэсгүй хардаж эгчийг маань байнга зовоож байсныг надад хэлдэг байсан. Ө.Б-ын ямар зан авиртай, ямар шуналтай, бусдыг дорд үздэг, харгис хэрцгий хүн байсныг хамт ажилладаг хүмүүс, хамтран ажил гүйцэтгэж байсан бүх хүн мэднэ. 2014, 2015 оны үед манай дүүтэй ам мурийж, барилцаж авахдаа дүүг "Банди минь чамайг бандидан шүү" гэж хэлж байсан. Бид нар бүр гайхсан. "Ямар ёс бус яриатай, ямар муухай үг хэлтэй хүн бэ” гэж ярьдаг байсан... эгч "Дандаа л иймэрхүү юм хэлж байдаг” гэж байсан. Аав ээж 2 маань 4, 5 жилийн өмнө "Охиноо ёс төртэй айлын хүн болгомоор байна, ядаж бэр гуйгаад авбал яасан юм" гэж хэлэхэд их дургүйцэж хүлээж авсан. Гэртээ хариад "Тэр эцэг эхдээ хэлээрэй, юу яриад байгаа юм, тийм юм байхгүй шүү" гэж эгчийг загнаж дарамталсан гэж дараа нь надад ярьж байсан. Ер нь эгчийг аав ээж, ах дүү нараас нь хол байлгах хүсэлтэй. Аавынх руу явуулахгүй, баяр ёслолоор цугласан ч явуулдаггүй, өөрөө хамт явдаггүй, хааяа нэг ирэхэд нь утсаар зогсоо зайгүй залгаж дарамталдаг, мессежээр доромжилдог. Бид нарт өөрийнхөө янз бүрийн асуудлыг ярьчих байх гэж боддог байсан байх. Байнга тэр талаар сануулж загнадаг байсныг мэднэ. Эгч маань "Болдоо одоо хөгширч байгаа болохоор хүүхэдтэй болбол ааш араншин нь зөөлрөх байх, хүүгээ бас ханьтай болгоё, охинтой болъё, хүүхэд төрүүлье" гэж хэлэхэд нь "Одоо хүүхдээр яадгийн" гэж дургүйцэж, хэд хэдэн удаа үр хөндүүлж байсан. Эгч маань Ө.Б-ыг дээрэлхэж, хүчирхийлэх бүрд нь "Энэнээс яаж салдаг юм билээ" гэж бүр цөхрөлөө бардаг байсан. Бодвол "Надаас салбал ална" гэж айлгадаг байсан байх гэж боддог. 2023 оны хавар 04 сарын сүүлээр Ө.Б-т зодуулж манайд хүүтэйгээ хэд хоноод явахдаа "3 сарын болзолтой амьдарч байна, үнэхээр ааш зангаа засахгүй бол сална" гэж тохирсон гэж найз н. У-аа хэлсэн байсан. Мөн тэр үед хэдэн найз нартайгаа морин аялалд яваад ирсэн. Ирж явах замд нь утсаар байнга залгаж загнаж, найзууд нь "Өмнөөс нь дотор сонин болчихлоо, бүр айчихлаа" гээд байсан гэсэн. Тэгээд машинаас буухад нь тосож аваад мэндийн зөрүүгүй нударч цохиод машиндаа суулгасан гэж тэр найзууд нь надад ярьсан. Дүүгийн маань эхнэр хавар төрөх гээд өвдөөд эмнэлэгт хэвтлээ гэхэд нь "2 төрсөн биз дээ, ал нь суначихсан, дүлээд л гаргана биз" гээд доромжлоод байсан гэж эгч маань гомдолтой ярьж байсан. 2023 оны 06 сарын 23-ны шөнө Ө.Б согтуу над руу залгаад "Аниа чинь алга болчихлоо, миний утсыг авахгүй байна, чи залгаадах" гээд байсан. Эгчтэй ярихад "Битгий утсыг нь ав, согтуу дөвчигнөөд байхаар нь гараад ирсэн, машинд байна" гэж байсан. Тэр үед би аавындаа байсан. Ээж маань энэ талаар мэдсэн. Эгч иймэрхүү байдлаар маш их зовж байсан. Ихэнх юмаа бидэнд хэлдэггүй, ээж аавыг зовоочихно гэдэг. Бид их ойр дотно байсан учир надад ихэнхдээ ярьдаг, уйлдаг, шаналдаг байсан. Нэг ч удаа цагдаад хандаж байгаагүй. Ө.Б-аас айдаг. Бид нарыг “Битгий юм хэл, та нарт гай болно" гэдэг байсан. 2023 оны 07 дугаар сарын 23-нд аав, ээж, эгч хүүтэйгээ, манай гэр бүл мөн дүү маань хүүгээ аваад нутгийн 100 жилийн ойд яваад 26-нд ирсэн. Хотоос явах үеэс л утсаар залгаад эгч рүү уурлаад байсан. Баярт очсон хойно манай аавын үеэлийн хажууд зогсож байхад нь утсаар залгаж, чанга дуугаар хашхичиж байсан гэсэн. Тэгэхэд нь хамаатны эгч "Танай нөхөр хартай юу” гэж асууж байсан гэж эгч сүүлд нь бүр санаа нь зовсон гэж ярьж байсан. Миний эгчийг иймэрхүү байдлаар маш их зовоож, байнга сэтгэл санааны түгшүүр, зовлон шаналалтай, айдастай амьдруулж байсан. Энэ бүх байдлыг сонсож, мэдэж байсан боловч тусалж чадаагүй, үгэнд нь орж хуулийн байгууллагад цаг тухайд нь хандаж чадаагүй, амь насыг нь аварч чадаагүйдээ маш их харамсаж байна. Миний эгч бол аав, ээж, ах, дүү, хамаатан, садан, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай, эмх цэгцтэй, нягт нямбай, тусч сайхан сэтгэлтэй, бүх хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, сайхан энерги цацруулсан сайхан эмэгтэй байсан. Миний эгч энэ Ө.Б гэдэг хүнд ямар ч гэм хийгээгүй, үр хүүхдийг нь төрүүлж өсгөж, хувийн компанидаа хамт ажиллаж амьдралынхаа төлөө хичээж зүтгэж явсан хөдөлмөрч хүн. Хань ижлээ, үр хүүхдийнхээ эх гэж хайрлахгүй, маш хэрцгий зодож, тарчлааж амь насыг нь хохироосонд аав, ээж, ах, дүү бид маш их гомдолтой байна. Аав ээж 2 маань эгчээс хойш эрүүл мэнд нь маш их муудсан, сэтгэл санааны гүн хямралд орсон, хүү Б.Э нь миний асрамжид байгаа. Гэвч ээжийгээ маш их санаж, үгүйлж, шөнө зүүдэлж, зүүдэндээ уйлж үнэхээр хүнд байгаа. Энэ бүх зовлон шаналлыг хэрхэн яаж давж туулахаа ч мэдэхгүй байдалд орж байна. Гэр бүлээрээ бид хүнд байдалтай байна..." гэх мэдүүлэг /1хх 44-47/,
дахин өгсөн: "... Хагалгаа дуусаад эмч гарч ирж биеийн байдлыг нь танилцуулсан. "Амь нас нь дээсэн дөрөөн дээр байна, элэг няцарсан, сэмж няцарсан, дотуур цус их алдсан байна, цөс дотроо хагарсныг авлаа" гэж хэлсэн. 18-19 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагаас байцаагч ирээд "Танаас мэдүүлэг авъя" гээд намайг дуудсан. Машинд нь суугаад "Хүнд зодуулсан" гэснээс өөр юм хэлж чадаагүй. Цагдаа мэдүүлэг авч байхад Болдоо над руу залгаад "Т ахын дүү бодолтой байгаарай за юу, ахыгаа бодоорой" гэж хэлсэн. Энэ ярианы дуудлага утасны биллийг шалгахад гарч ирнэ. Ингээд удаагүй байхад аниаг "Амьсгал хураалаа" гэж хэлсэн. Маргааш нь манай машины багаажид аниагийн цүнх байгааг хараад гаргаж үзэхэд дотор нь хайрцагтай шинэ даралтын аппарат, мөн гар утас нь байсан. Утасных нь дэлгэц, ар тал нилдээ бяцарсан, машин дээгүүр нь гарсан юм шиг болсон, дуудлага авахгүй болж эвдэрсэн байсан. Ингэж Ө.Б машиныг "Хүү рүүгээ биш өөрийн нэр дээр шилжүүллээ" гэж миний эгчийг харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон. Маш хэрцгий зодож гэмтээчхээд гэртээ хорьж, эгчийгээ дуудаж дусал хийлгээд, даралтын аппарат авч өгч даралтыг нь үзээд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байсаар хүндрүүлж амь насыг нь аврах боломжгүй болгосон. Ө.Б-аас гадна хүү Б.Э нь байсан. Эгч нь ирж дусал хийсэн байдаг. Энэ хүмүүс яагаад ийм хүнд байгааг мэдсээр байж "Эмнэлэгт хүргэе, түргэн дуудъя" гэж хэлж болдоггүй юм бэ. Ө.Б бүгдийг хориглосон. Тэр ч байтугай утсыг нь санаатай эвдэж дуудлага авах ямар ч боломжгүй болгож, бид нараас холбоо тасалсан. Гэртээ байсан хэр нь өөрийгөө байхгүй гэж хүүхдээрээ хэлүүлж биеийн байдал нь тийм хүнд байхад аав, ээж, ах дүүд нь ядаж хэлээгүйд маш их гомдож байна. Аргагүй байдал биш боллоо гээд ээж рүү ярьсан байх. Биднийг амжиж очоогүй бол үүрч гараад хувийн эмнэлэг рүү явах гэж байсан гэсэн. Гэмтлийн эмнэлэгт үхэхийн өмнө маш муу байхад ч чихэнд нь шивнэж, өөрийг нь зодсон гэж хэлэхгүй байхыг сануулж, дарамталж намайг хүртэл удаа дараа ятгаж байсан. Эгчийг аваръя, амьд үлдээсэй гэсэн бодол энэ хүнд байгаагүй... гэсэн мэдүүлгүүд /1хх 53-54/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн "... Ихэнхдээ аав ажлаасаа эрт ирдэг. Хааяа оройтдог. Гэхдээ архи уухаараа л оройтож ирдэг байсан. Архи уухаар нь айдаг байсан. Надад аймаар санагддаг байсан. Аав ээж гэртээ байхдаа дандаа хэрэлдэж зодолддог байсан. Надад муухай санагддаг байсан. Би нэлээн олон удаа хэрэлдэж зодолдож байхыг нь харсан. Хэрэлдэж зодолдож маргалдаж байхад нь Б.Э агаа бид 2 гэртээ байж байдаг байсан. Ер нь ихэнхдээ миний ээжийг зөвшөөрөлгүй мөнгө үрэхэд аав уурлаад байдаг. Бас ааваас зөвшөөрөл авахгүйгээр аялалд явахаар уурлаж хэрэлдэж маргалддаг байсан. Аав ихэнхдээ ээжийг буланд шахаж байгаад л зоддог байсан... намайг очоод нэг удаа "Болиоч ээ ааваа" гээд хэлсэн чинь аав уурлаад намайг алгадаж байсан. Тэрнээс хойш аав ээж хоёрыг хэрэлдэж маргалдахад нь би айгаад дахиж аавыг "Болиоч ээ" гэж хэлж байгаагүй. Хэрвээ тэгж хэлбэл намайг зодчих байх гэж айдаг байсан. Хамгийн сүүлд сонссоноор бол манай амьдардаг байрны орцонд зодож байсан. Тэгж зодохдоо ээжийг шатаар чирээд байгаа мэт чимээ сонсогдсон... дараа нь ээж надад хэлэхдээ "Аав нь ээжийг нь зодоод, зодуулж байхад орцны хүмүүс харж байсан" гэж хэлсэн. Тэр үед бол ээжийн биед гэмтэл харагдахгүй байсан. Манай хаалга аймар нимгэн болохоор орцонд болж байгаа юм аймар чанга сонсогддог... ээж нь гарч "Акуа /Aqua/ машинд унтахаар гарлаа" гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Б ах орж ирсэн. Тэгээд надаас "Ээж чинь хаашаа явсан юм" гэж асуухад нь би "Ээж машинд хонохоор гарсан" гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө Б.Э агаа бид 2 гэртээ хамт хоносон... унтаж байхад шөнө 03 цагийн орчим аав ирээд намайг "Утсаа аваад ээж рүүгээ залга" гэж хэлсэн. Тэгээд намайг залгахад ээж утсаа аваагүй... ээж гэртээ орж ирээд үүдэнд суучхаад "Аав чинь намайг зодсон" гээд уйлаад байсан. Тэгээд аавыг дуудаад аав ирсэн. Тэгээд гэрт ирчхээд аав О // аниа руу утсаар залгаад "О аниа, Т-ийн бие нь өвдөөд байна, та гялс ирээд эмчлээд өгөөч" гээд хэлж байсан. О эгч /аавын эгч/-ийг дуудсан юм шиг байна лээ. Тэгээд байж байхад О эгч гэрт ирсэн. О аниаг ирэх үед ээж уйлаад ёолоод байх шиг байсан. Тэгээд О аниаг гэрт ирсний дараа аав гараад явсан. Гэрт О аниа ирээд ээжид дусал хийж өгсөн. Тэгээд О аниа ээжийн хувцсыг тайлж хараад "Энэ яачихсан юм бэ" гэж ээжээс асуусан. Тэгэхэд нь ээж Онжи аниад "Б намайг цохисон" гэж хэлсэн. Тэгэхэд нь О аниа буцаагаад цахилгаантай цамцных нь цахилгааныг дээш нь татсан... О аниа хоол хийж өгсөн. Тэгэхэд ширээн дээрээ би ганцаараа хоол идсэн. Ээж бол орон дээрээ хоолоо идсэн. Тэгээд Онжи аниа орой 06 цагийн үед явсан... Тэгээд бид нар унтсан. Б ах өрөөндөө, би ээжтэй хамт буйдан дээр унтах гээд байж байсан чинь аав ирээд ээжийг "Буйдан дээр унтаад яах юм, газарт унт, салхитай" гэж хэлээд өргөөд газарт буулгасан. Тэгээд би буйдан дээрээ ганцаараа унтсан... өглөө сэрсэн чинь ээжийг эмнэлэг аваад явах гэж байсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн... Ээж хааяа намайг өмөөрөөд Б агааг загнах асуудал байдаг байсан. Өмнө нь бол Б агаа над руу хутга далайж байсан. Намайг зоддог байсан. Нэлээн олон удаа зодсон. Ах бид 2 өөр сургууль суралцдаг байсан болохоор янз бүрийн асуудлаа хоорондоо ярьдаггүй байсан. Би ахаасаа заримдаа айдаг байсан. Ааваас болсон гэж бодож байна. Аав ээжийг зодсоноос болсон гэж бодож байна. Аав ээжийг орцонд болон оффис дээр зодсон байх гэж бодож байна. Ээж нэлээд хэдэн удаа машиндаа ороод унтчихдаг байсан. Тэгээд би яагаад машинд байгаа талаар нь мэддэг байсан бэ гэвэл утсаар ярихад маш их чимээгүй газарт байгаа чимээ гардаггүй байсан. Аав ч гэсэн хааяа машиндаа архи уудаг байсан. Аав, ээжийг байнга зоддог байсан... шөнө 03 цагийн орчим зоддог байсан. Тэгээд энэ чимээгээр нь би сэрдэг байсан. Байнга гэдгийг би ихэнхдээ гэх мэтээр л ойлгож байна. 3 удаа зодож байсан. Надад одоо хэцүү байна. Ээж үхсэн. Би ээжтэйгээ хамт байсан. Гэртээ харимаар байна. Би аавыгаа үзлийн муухайгаар бодож байна. "Аялалд явлаа, мөнгө үрлээ" гэж ээжийг аав зоддог байсан. Аялалд явсан ч мөнгө зарцуулдаггүй шүү дээ. Тэгсэн хэр нь л аав, ээжийг зодоод байдаг..." гэсэн мэдүүлэг /1хх 57-61/,
Гэрч Б.Э-ын “... Намайг оройтох, хаяа гадуур дэмий тэнэхэд бол надад гар хүрч байсан... Талийгаачийн бие нь муу байна гэж өдөр нь ааваас сонссон учир орой "Гэмтлийн эмнэлэг" дээр очоод байж байхад түүнийг "Нас барлаа” гэж хэлсэн... ядарсан царайтай харагдсан... "толгой өвдөөд, дотор муухай оргиод байна" гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /1хх 88-89/,
Гэрч Э.Н-ын "... амь хохирогч "Энэ нэг юмнаас салнаа" гэж нэг бус удаа хэлж байсан. Амь хохирогч нь гэр бүлийнхээ хэрэлдэж маргалдсан юмаа бол надад хэлдэггүй. Э.Э-тай эгчтэй л ярьдаг. 2023 оны 08 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед эгч Э.Э амь хохирогчийг "Ө.Б-той маргалдсан юм шиг байна, машиндаа хоносон гэж байна" гэж ярьж байсан. Би тухайн үед нь ажил ихтэй байсан болохоор сайн тоогоогүй... өмнө нь надад хэдэн удаа "Б архи уучхаад дөвчигнөөд байхаар нь би машиндаа хоночихлоо" гэж хэлж байсан бөгөөд би тухайн үед нь "Машиндаа хоноод байхдаа яадаг юм, надад хэлбэл би очоод авчихна ш дээ” гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх 96/,
Шинжээч Ч.Э-ын "... Эмчилгээг гэмтэл учирсан даруйд үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой ч цаг хугацаа өнгөрөх тусам амь насыг аврах боломж төдий чинээ багасна... элэгний доргилт гэмтэл нь шууд учирсан даруйдаа үхэлд хүргэхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэдэг гэмтэл. Яаралтай тусламж авсан ч тавилан муутай..." гэсэн мэдүүлэг /1хх 109/,
Си Ди-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 114-115/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Э-ын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай “...Талийгаач Э.Э-ийн цогцост хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун хана, баруун 11, 12-р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хураа гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу, зүүн бугуй, баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ. Гуравдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Талийгаач нь уушги, гуурсан хатгалгаа, зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна." гэсэн дүгнэлт /1хх 119-124/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч Н.О, Я.Г, Б.Б нарын 2023 оны 12 дугаар сарын 10-н өдрийн 964 дугаартай "....Ө.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ө.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан байна. Ө.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Б нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ө.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Б нь хэрэг учрал болох үед сэтгэл санаа цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна..." гэсэн дүгнэлт /1хх 137- 140/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Э-ын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаартай “Нэмэлт шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаар урьд гаргасан дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүдээс хэвлийн баруун хана, баруун 11, 12-р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн гэдэсний өгсөн хэсгийн чацархай, сэмжний цус хуралт гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэлд 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Харин бусад гэмтлүүдэд тус тусад нь 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Элэгний доргилт гэмтлийн улмаас элэгний цусан хангамж цочмогоор хямарч цус зогшингошил, элэгний эсийн төвийн үхжил тархмалаар үүсэх учир эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Ө.Б-ын амь хохирогчийн биед халдаж зодсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, насанд хүрээгүй гэрч Б.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Э нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
5. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын 2023 оны 12 дугаар сарын 10-н өдрийн..........дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ө.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн хийж буй үйлдлийн үр дагаврыг ойлгож ухамсарлах, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж түүнийг хүсэж хохирогчийн биед халдан хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нь хохирогчийг алах санаа, сэдэл байгаагүй, гагцхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас 37 цагийн дараа түүний учруулсан гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх ёстой гэх тайлбарыг гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, гар утас болон хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь харилцан нэгнээ нотолсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байх тул өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой зэргийг харгалзан үзсэний дүнд шүүгдэгч Ө.Б-ын үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, улсын яллагчийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн үр дагаврыг мэдэж байсан, хохирогч өвдөлт, зовлонг мэдэрч тарчилж байгааг харж, дэргэд нь байсан боловч эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөгүй нь түүний өөрийн хууль бус үйлдэлдээ болон цаашид гарах үр дагаварт хэрхэн хандаж байсан болохыг тодорхойлж байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогч Э.Э нь шүүгдэгч Ө.Б-ын хууль бус үйлдлийн улмаас нас барсан болохыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.Э-ийн цогцост хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун хана, баруун 11, 12-р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хураа гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чамархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу, зүүн бугуй, баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогджээ.
Шүүгдэгч Ө.Б нь амь хохирогчийн биед гадна харагдах байдлаар толгой, хүзүү, нүүр, гар, хөл зэрэгт бүхэлд нь олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, мөн тархинд цус хуралт, хавирга хугарах, цөсний хүүдий задрах, сэмж няцрах, элэг доргилт зэрэг олон тооны дотор эрхтэнд хүнд гэмтэл учруулсан байх бөгөөд үүний улмаас хохирогч их хэмжээний дотуур цус алдаж өвчин шаналал мэдэрч, тарчлан зовсон гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул онц харгис хэрцгийгээр гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцэж байна.
8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тусгажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ө.Б амь хохирогч Э.Э нар нь хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай, дундаасаа хүүхэдтэй хамтран амьдрагч нар байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн “...эрүүл байхдаа хүртэл жижиг зүйл дээр хүртэл уурлаж уцаарладаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсан согтуу тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохоор амь хохирогч төрснөөс хойш улиралдаа 1 удаа зугтааж хүүхдээ дагуулаад манайд ирдэг байсан. Манайд ирэхдээ хөл, гар, бие нь хөхөрчихсөн ирдэг байсан... амь хохирогчийг байнга хэл амаар доромжилж бусадтай харьцуулж дээрэлхдэг, хэтэрхий их харддаг байсан бөгөөд манай нөхөр н.Д-той хүртэл харддаг байсан... Эгч маань Ө.Б-ыг дээрэлхэж, хүчирхийлэх бүрд нь "Энэнээс яаж салдаг юм билээ" гэж бүр цөхрөлөө бардаг байсан. Бодвол "Надаас салбал ална" гэж айлгадаг байсан байх гэж боддог. 2023 оны хавар 04 сарын сүүлээр Ө.Б-т зодуулж манайд хүүтэйгээ хэд хоноод явахдаа "3 сарын болзолтой амьдарч байна, үнэхээр ааш зангаа засахгүй бол сална" гэж тохирсон гэж найз н. Ундраадаа хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн “...Аав ээж гэртээ байхдаа дандаа хэрэлдэж зодолддог байсан. Надад муухай санагддаг байсан. Би нэлээн олон удаа хэрэлдэж зодолдож байхыг нь харсан. Хэрэлдэж зодолдож маргалдаж байхад нь Б.Э агаа бид 2 гэртээ байж байдаг байсан. Ер нь ихэнхдээ миний ээжийг зөвшөөрөлгүй мөнгө үрэхэд аав уурлаад байдаг. Бас ааваас зөвшөөрөл авахгүйгээр аялалд явахаар уурлаж хэрэлдэж маргалддаг байсан. Аав ихэнхдээ ээжийг буланд шахаж байгаад л зоддог байсан... намайг очоод нэг удаа "Болиоч ээ ааваа" гээд хэлсэн чинь аав уурлаад намайг алгадаж байсан. Тэрнээс хойш аав ээж хоёрыг хэрэлдэж маргалдахад нь би айгаад дахиж аавыг "Болиоч ээ" гэж хэлж байгаагүй. Хэрвээ тэгж хэлбэл намайг зодчих байх гэж айдаг байсан. Хамгийн сүүлд сонссоноор бол манай амьдардаг байрны орцонд зодож байсан. Тэгж зодохдоо ээжийг шатаар чирээд байгаа мэт чимээ сонсогдсон... дараа нь ээж надад хэлэхдээ "Аав нь ээжийг нь зодоод, зодуулж байхад орцны хүмүүс харж байсан" гэж хэлсэн... Аав, ээжийг байнга зоддог байсан... шөнө 03 цагийн орчим зоддог байсан. Тэгээд энэ чимээгээр нь би сэрдэг байсан. Байнга гэдгийг би ихэнхдээ гэх мэтээр л ойлгож байна. 3 удаа зодож байсан...” гэх мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ө.Б нь амь хохирогч Э.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Дээрх баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ө.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Э-ийг онц харгис хэрцгийгээр зодож амь насанд нь халдсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн нь зөв байна.
9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг:
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримтаар 38.255.000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй буюу оршуулгатай холбоотой зайлшгүй зардал гаргасан гэж дүгнэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж хуульчилжээ. Амь хохирогч Э.Э-ийн бага насны төрсөн хүү Б.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн асран хамгаалалтад байдаг гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд Б.Э-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг олгуулах нь хуульд нийцэж байна
Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дугаар зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
11. Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 468 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцон, шүүгдэгчид оногдуулах ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар санал нэг байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-аас: “....Нэгэнт шүүхээс гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах ёстой. Улсын яллагчийн зүгээс хуульд заасан эрхийнхээ дагуу 18 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгч нараас энэ талаар ямар нэгэн санал гаргах эрхгүй. 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Энэ нь насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын нийцүүлэх хохирол, төлбөрийг төлж барагдуулах зэрэгт нийцүүлж өгнө үү...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Д-аас: “...Тухайн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой эрүүгийн хариуцлага оногдуулдаг гэдгийг шүүхийн зүгээс харгалзаж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийг олон жилийн хугацаагаар хорилоо гэхэд ард нь үлдэж байгаа 2 хүүхэд хүнд нөхцөл байдалтай болно. Том хүүгийн тухайд аав, ээж нь байхгүй нөхцөл байдалтай байгаа учраас миний үйлчлүүлэгч засал хүмүүжил олохоо больчихсон, зэрлэг, балмад, танхай хүн биш учраас олон жил хорих нь оновчтой шийтгэл биш байна. Миний үйлчлүүлэгчид хуульд заасан хамгийн бага шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аав, ээж, энд цугларсан хүмүүсээсээ уучлалт хүсэж байна. Би ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байна. Маш их харамсаж байна...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан.
Шүүгдэгч Ө.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12 жилээс 20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар хуульчилсан, хүнд гэмт хэрэг.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагчаа алсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар:
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 469 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 469 /дөрвөн зуун жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-аас нийт 137.225.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
М.ОЧБАДРАХ