| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01509/И |
| Дугаар | 155/ШШ2017/00442 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2017/00442
| 2017 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2017/00442 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух Булжих овогт Ггийн З -гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух Өвгий овогт Цийн Б -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.З. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Минийи бие Ц. Бтай 2007 онд танилцаж үерхээд 2008 онд гэр бүл болсон юм. Би Ц.Бтай гэр бүл болохоос өмнө төрүүлсэн 3.О охиноо 2005 онд төрүүлсэн одоо 11 настай. Бид гэрлээд 2009 онд хүү Б.Т, 2013 онд охин Б. Х нар төрсөн. Ам бүл тавуулаа эцэг эхийн минь тасалж өгсөн малыг маллаж, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан....Биднийг гэр бүл болоод нэг гэртээ орж эхэлсэнээс хойш хадмууд маань намайг золбин хүүхэд дагуулж ирсэн гэх мэтээр муулах, охиныг минь илүү дутуу үзэж авирлаж эхэлсэн. Хадмууд маань ер нь манай амьдралд хошуу дүрж, танай эхнэр ийм, тийм гэж нөхөрт маань их шургадаг, нөхөр маань их гэрийнхнийхээ үгэнд автдаг, гэр бүл доторхи маргаанаа өөрийн ээж, аавдаа очиж хэлдэг зэргээр гэр бүлийн дотно харилцаанд сэв суусаар 2015 оноос ааш авир нь улам нэмэгдэж уурлахаараа хааяа гар хүрдэг болсон. Маргалдахаараа аавынх руугаа эсвэл найзынх руугаа яваад өгдөг, 2, 3 хоногоор ирэхгүй байхаар нь дандаа би л гуйж, эвийг нь олж, очиж гэртээ авч ирдэг. Сүүлийн үед хэнтэй мэдэгдэхгүй хий хардаж, хэрүүлийн шалтаг гаргаж ээж, аавдаа намайг дарамталж байна гэх зэргээр худал хов хэлж, эндээс хөөлгөөд өгөеч гэж хүртэл хэлсэн байсан.Энэ мэтээр элдэв хэл ам, хэрүүл тэмцэл нь биднийг улам л хөндийрүүлж байна. Цаашдаа үр хүүхдүүдийн минь хүмүүжил, сэтгэл санаанд ч муугаар нөлөөлж байна. Манай нөхөр гэр орондоо байхдаа өөриймсөг, элгэмсэг биш, дуугаа хураасан, ааш муутай үр хүүхдүүддээ байнга л хар яр гэж харьцдаг. Гэр орныхоо асуудлыг хамтарч шийдвэрлэх сонирхол байхгүй Чи л мэд гэх зэргээр өөрөөсөө зайлуулж байдаг. Хамт амьдрах сонирхолгүй болсон нь илт анзаарагдах болсон. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бид хоёр маргалдсаны улмаас нөхөр маань аавынх руугаа гүйж, хадам ээж, дүү нараа дагуулан ирж манай ээж аавыг дуудаж авчиран хамаг бурууг надад чихэж, эцэс сүүлд нь намайг өөр хүнтэй гэх зэргээр хэлээд хүүгээ аваад явсан. Би үр хүүхдээ бодооч, салж сарниад яах вэ гэж их л гуйж, уйлж чирэгдээд л үлдсэн. Одоог болтол Ц. Б эргэж ирээгүйгээр барахгүй хүүхдүүдээ ч асууж сураглахгүй, хөхөө өвлийн хүйтэн эхэлж байхад хар цасанд нялх нойтон хүүхэдтэй, мал ахуйтай минь орхиж яваад сураггүй байна...Гэтэл хамтдаа зүтгэсэн амьдралаа өөрөө хаяад явсан хүн өнөөдөр би ийм ч юм авна, тийм ч юм авна гэж ээж, эгчээрээ хэлүүлж байна. Миний том эгчид 10х8-ын торх өрж өгнө гэж хэлээд Портер маркийн машин аваад одоог хүртэл барьж өгөөгүй, тэр нь өр болоод л үлдэж байна. Өөрийн минь эгч юм болохоор намайг ойлгоод 3 жил хүлээсэн. Гэвч Ц.Бг явсан гэдгийг дуулаад Одоо чи яаж машины үнэ төлж дийлэх вэ дээ, нэгэнт байшин барьж өгөөгүй л юм чинь гээд машинаа буцааж авахаар болсон. Энэ талаар Ц Бг маргахгүй байх гэж бодож байна. Хөдөө хэдэн малдаа бэлдэх өвс ногоонд трактораараа л явдаг байсан. Харин Ц. Б амьдарч байгаа гэр, мотоциклио чи ав, би трактор авна гээд шөнө орой болсон хойно трактороо аваад явсан. Хээр хөдөө ганцаараа нялх хүүхэдтэй болохоор айгаад яаж ч чадалгүй дуугүй өгөөд явуулсан. Тусалж дэмжих эр хүнгүй хүнд хэн өвс ус ачиж өгөх билээ, ядаж мал аж ахуйн амин зуулга болсон трактороо авмаар байна. Хэдэн малын тал дээр Ц. Бгийн өмчлөлийн мал байхгүй, миний өөрийн малууд байгаа тул Ц. Бг булаалдахгүй гэж найдаж байна. Цагийн хэцүүд ханилсан хань, үр хүүхдүүдээ гэхгүй өөрийн амарыг бодож ялихгүй хэрүүлээр шалтаглан хаяад явсан нөхөртөө үнэхээр их гомдож байна.
Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох З.О, Б.Т, Б.Х нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд минь Ц.Бгаас тэтгэмж тогтоолгож, Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий өөрийн өмчлөлийн 4х5 харьцаатай сууц, 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6х4 харьцаатай хаваржааны сууц, 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5х5 харьцаатай зуслангийн сууц, 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий өвс хөдлангийн зориулалт бүхий трактор, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ц.Бд ээжийн минь хийж өгсөн шинэ сэгсүүргэн дээл, нийт 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийг миний болон хүүхдүүдийн минь өмчлөлд үлдээж шийдвэрлэж өгнө үү....гэсэн боловч миний бие Ц.Бтай харилцан тохиролцож дээрх эд хөрөнгөөс өвс хадлангийн зориулалт бүхий тракторыг түүнд үлдээж бусад эд хөрөнгийг өөртөө болон хүүхдүүддээ үлдээхээр болж тохиролцож эд хөрөнгө дээр эвлэрсэн. Мөн охин З.От тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Ц.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Г.З нь өөрийн гаргасан нэхэмжлэл дээр гэрлэлт цуцлуулах болсон бүхий л шалтгааныг надтай холбоотой мэтээр дурьджээ. Тухайлбал: Миний төрсөн аав, ээж болон бусад хамаатнуудыг охин З.Оийг золбин хүүхэд гэж муулдаг, илүү дутуу үздэг, гэрт болсон аливаа маргааныг өөрийн аав, ээждээ хэлж тэднийг өөрсдийн амьдралд оролцуулдаг, 2-3 удаа хоногоор гэрээсээ явдаг, хий харддаг, манай ах дүүг өөрийг нь янхан банзал гэж доромжилдог, хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр маргалдаад намайг нялх нойтон үр хүүхдээ хаяж эргэж харалгүйгээр орхиж явсан гэх мэтээр бичсэн байна. Ийм асуудал үнэндээ болоогүй юм. 2016 оны намар амьдрал ахуйдаа дэм болгох, орлого олохоор ирж очин 2-3 сар ойд самарт явсан. Энэ үеэс Г.Згийн зан араншинд огцом өөрчлөлт орж хэрүүл маргаан өдөж үүсгэх сонирхолтой, намайг гэртээ байнга байгаад байхад дургүйцэх хандлагатай болсон байсан нь илт анзаарагдсан. Энэ миний хий хоосон хандлага биш юм. Юм л бол утсаар яриад хэвтчихдэг байнга л утсаар ярьж байдаг болсон юм. Энэ нь бидний хооронд хэрүүл маргаан үүсэх гол шалтгаан болсон. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Г.З нь ямар ч шалтгаангүйгээр ямар ч хэрүүл маргаан үүсээгүй байхад гэв гэнэт л хоёулаа салъя гэснээс маргаан үүссэн. Би Г.Зг салах шалтгаанаа надад үнэнээр хэлдэггүй юм бол миний аав, ээж, ах, дүү нарт болон өөрийнхөө аав ээжид хэлэх байх гэж бодоод өөрийн аав, ээжийг болон Г.Згийн ээжийг авчирч Надад гэр бүлээ салгах хүүхдүүдээ хаяж орхих ямар ч шалтгаан байхгүй урьд ямар амьдарч байсан түүгээрээ л сайн сайхан үргэлжлүүлмээр байна аа, Г.З яагаад салах гээд байгаагийн учрыг олоод өгөөч ээ гэж хүссэн, Г.Згийн сүүлийн үед гаргах болсон зан араншингийн талаар ч хэлсэн. Тэгэхэд хадам ээж Г.Зд чи өөр хүн амьтантай болсон юм бол түүнээсээ сал, байнга утсаар ярьж байхаа боль, үр хүүхдээ бод амьдралаа бод" гэж зөвлөхөд Г.З учир утгагүй Би Бгаас сална, 2 хүүхэддээ тэтгэмж авахгүй, ер нь та нараас юуг чинь авдаг юм бэ, би өөрийгөө болон 3 хүүхдээ тэжээгээд явж чадна гэж зүтгээд байсан. Би ингээд арга буюу өөрөө гэрээсээ явсан. Энэ явдлыг Г.Згийн талынхан ч манайхан ч бүгд мэднэ. Мөн Г.З нь намайг анх гэрлэхдээ ор хоосон очсон мэтээр ярьж байна.. Би гэрлэхдээ иж бүрэн тавилгатай монгол гэр, 100 толгой бог малтай, 1 мотоцикльтой гэрлэсэн. Айлын сайн эцэг, хүний сайн хань ямар л байх ёстой тэр хэмжээнд хайр халамжтай байж амьдрал ахуйгаа авч явж чадсан гэж боддог...Анх гэрлэхдээ авч очсон 100 богийг зарж бод мал болгож амьдралынхаа хэрэгцээнд зарцуулсан. 2014 онд хаваржааны байшин барьж хүнд 4 тугалтай үнээ, 1 шүдлэн үхрээр зарсан нь одоо 14 толгой болж өссөн байгаа. Пад тракторын төлбөрийг би өөрөө түлээ түлш бэлтгэж зарж, байшингийн бэлдэц хийж, самар түүж төлбөрийг нь хийсэн. Эцэст нь хэлэхэд амьдралаа өөд татаж, эхнэр 3 хүүхдээ хүнээс дутуугүй авч явахын төлөө л хөдөлмөрлөж өдий хүрсэн...Одоо энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн өөрийн хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, ээжийнх нь асрамжид байлгах хүсэлтэй байгаа.
... Харин миний бие Г.Зтай харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээнд дурьдсаны дагуу өвс хөдлангийн зориулалт бүхий тракторыг өөрийн эзэмшилд үлдээж бусад эд хөрөнгийг Г.З болон хүүхдүүддээ өгөхөөр болсон гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Ц.Бд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд охин З.От тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгч Г.Згийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрлэгчид нь 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 5 дугаар сарын 20-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0005346 дугаартай гэрэлтийн гэрчилгээний хуулбар, 2005 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин З.О төрсөн болох нь 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0104745 дугаартай, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Т төрсөн болох нь 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №0267496 дугаартай, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Х төрсөн болох нь 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №0000892303 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь харилцан тохиролцсоны дагуу 2005 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З.О, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Х нарыг эх Г.Згийн асрамжид үлдээж, эцэг Ц.Бгаас хүү Б.Т, охин Б.Х нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Г.Згийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Г.З нь хариуцагч Ц.Бгаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 11.000.000/ арван нэгэн сая/ төгрөгний эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгөгэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэжээ.
Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсэгт тохирох эд хөрөнгийг биет байдлаар хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4х5 харьцаатай сууц, 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6х4 харьцаатай хаваржааны сууц, 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5х5 харьцаатай зуслангийн сууц, 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий өвс хөдлангийн зориулалт бүхий трактор, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий сэгсүүргэн дээл зэрэг эд хөрөнгүүдийг бий болгож 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийг дундаа өмчилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг 11.000.000 төгрөгний хэмжээнд тодорхойлон гэр бүлийн 5 гишүүнд адил тэнцүү хэмжээгээр хуваахад нэг гишүүнд 2.200.000 төгрөгний эд хөрөнгө ногдож байх боловч нэхэмжлэгч Г.З нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд охин З.От ногдох хөрөнгө нэхэмжлээгүй гэх тайлбарыг өгч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд гэрлэгчдийн дундын 11.000.000 төгрөгний эд хөрөнгө нь 4 гишүүнд адил тэнцүү хэмжээгээр хуваахад нэг гишүүнд 2.750.000 төгрөгний эд хөрөнгө ногдож байх ба хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд ...Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4х5 харьцаатай сууц, 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6х4 харьцаатай хаваржааны сууц, 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5х5 харьцаатай зуслангийн сууц, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий сэгсүүргэн дээл зэргийг нэхэмжлэгч болон хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээж, өөрт 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий өвс хадлангийн зориулалттай тракторыг авахаар бид харилцан тохиролцсон. Иймд дээрх эд хөрөнгийг Г.З болон хоёр хүүхэддээ үлдээхийг зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгч Г.З, хүү Б.Т, охин Б.Х нарт Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах 4х5 харьцаатай сууц буюу 2.000.000 төгрөг, 6х4 харьцаатай хаваржааны сууц буюу 3.500.000 төгрөг, 5х5 харьцаатай зуслангийн сууц буюу 2.000.000 төгрөг, сэгсүүргэн дээл буюу 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг олгож, үлдэх өвс хадлангийн зориулалттай трактор буюу 2.500.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Ц.Бд үлдээж хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Зас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө хуваах шаардлагад тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг тус тус төлснөөс эд хөрөнгө хуваах шаардлагад тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 42.000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Бгаас 221.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,
Мөн хариуцагч Ц.Бгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Х нарыг 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар нэг жилд төлөх тэтгэмжийг тооцоход 2.082.000 төгрөг байх бөгөөд нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.262.төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Булжих овогт Ггийн З, Өвгий овогт Цийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин З.О, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Х нарыг төрсөн эх Г.Згийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Бгаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ц.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.З нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар нэхэмжлэгчид Г.З, хүү Б.Т, охин Б.Х нарын өмчлөлд 8.500.000/ найман сая таван зуун мянга/ төгрөгний үнэ бүхий Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах 4х5 харьцаатай сууц, 6х4 харьцаатай хаваржааны сууц, 5х5 харьцаатай зуслангийн сууц, сэгсүүргэн дээл зэрэг эд хөрөнгийг үлдээж, үлдэх 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий өвс хөдлангийн зориулалт бүхий тракторыг хариуцагч Ц.Бгийн өмчлөлд үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын орлогоос 42.000/ дөчин хоёр мянга/ төгрөг, хариуцагчаас 221.150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 48.262 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ