| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934003510121 |
| Дугаар | 2020/ДШМ/49 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/49
Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Билгүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолтой Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт холбогдох 1934003510121 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлант, Архангай аймгийн Хашаат суманд 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Төв аймаг, Баянхангай сум, Хөшөөт 2 дугаар баг, Жавхлантын худаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НЫ71111871,
Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүү, Төв аймгийн Лүн суманд 1977 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 13 настай хүүгийн хамт Төв аймаг, Баянхангай сум, Хөшөөт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НЫ77091272,
Шүүгдэгч Д.Алтанхүү нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн арын онгорхой хаалгаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч ороод 1 хайрцаг тамхи, Улаанбаатар архи 1 ширхэг, Нийслэл пиво 1 ширхэг, мулти ундаа 1 ширхэг, чипс, модон чихэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлсан,
Шүүгдэгч Д.Алтанхүү нь үргэлжилсэн үйлдлээр Ж.Жавхланттай бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566110 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Жавхлант нь Д.Алтанхүүтэй бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүүг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлантыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлантыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүү оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг, шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлант оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн 1 ширхэг хос пүүзийг устгаж, эд мөрийн баримт устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч нарын тухайд өөр өөрсдийн холбогдсон гэмт хэргийнхээ гэм буруу, зүйлчлэл, хэргийн бүрдэл дээр анхнаасаа огт маргаангүй байсан ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад бэрхшээл учруулаагүй болох нь хавтаст хэргийн материалаас тодорхой харагддаг.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь байгаа төдийгүй энэ гэмт хэргийн хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр илүү төлсөн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон ар гэрийн ахуй байдлыг анхан шатны шүүх ял оногдуулахдаа огт харгалзан үзээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Тодруулбал энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ариунзаяад үнэлгээгээр тогтоогдсон 566.110 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн.
Гэвч бодит байдал дээр прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсанаар:
1. Ялтан Д.Алтанхүү нь 2019.05.06-ны өдөр нэвтрэхдээ 1 ширхэг ЛД нэртэй тамхи, том нийслэл пиво 1 ширхэг, мульти жижиг ундаа 1 ширхэг, чипс 1 ширхэг, модон чихэр 1 ширхэг авсан.
2. Ялтан Д.Алтанхүү нь үргэлжилсэн үйлдлээр нэвтрэхдээ архи 1 ширхэг, том пиво 1 ширхэг, ундаа 1 ширхэг, тамхи 1 ширхэг авсан.
3. Ялтан Ж.Жавхлант нь 2019.05.06-ны өдөр архи 1 ширхэг, том пиво 1 ширхэг, ундаа 1 ширхэг, тамхи 1 ширхэг тус тус авсан.
Өмгөөлөгчийн зүгээс эдгээр ялтнуудтай шүүх хурал болохын өмнөх нь гэрээ байгуулсан ба зөвхөн хохирол дээр гэхэд л маш их хэмжээний зөрүү үүсч байгаа нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Бодит байдал дээр хулгайд алдсан зүйлсээ хохирогч тал хэд дахин өсгөж үнэлгээ гаргуулсныг хуулийн байгууллага огт анхаарч үзэлгүй орхисон нь ялтнуудын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн зүйл болжээ. Гэвч хохирол төлбөр нэгэнт төлөгдсөн тул энэ мэт хариуцлагагүй байдал дахин гаргахгүй байхыг хүсч энэхүү гомдол дээрээ дурдаж байна.
Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-т заасан ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх, хуульд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2\1 багасгаж болох хуулийн заалтыг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь багасгаж өгөхийг хүсч байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Хохирогч хэрэг гарах үед дэлгүүрээ ажиллуулаагүй байсан. Дараа нь өөрийн алдагдсан барааг жагсаалтаар гаргаж өгсөн байдаг тул хохирлын хувьд маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг хэрэглэхэд эсэргүүцэх зүйлгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирлын хувьд 566.110 төгрөгийг шүүгдэгч нар хуваан төлсөн байгаа. Хохирлын хувьд эргэлзээтэй зүйл байгаа боловч нэгэнт хохирол төлөгдсөн тул гомдол гаргаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг багасган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт холбогдох эрүүгийн 1934003510121 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Алтанхүү нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн арын онгорхой хаалгаар хууль бусаар нэвтэрч ороод 1 хайрцаг тамхи, Улаанбаатар архи 1 ширхэг, Нийслэл пиво 1 ширхэг, мулти ундаа 1 ширхэг, чипс, модон чихэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлсан,
шүүгдэгч Д.Алтанхүү нь үргэлжилсэн үйлдлээр Ж.Жавхланттай бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566.110 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ж.Жавхлант нь Д.Алтанхүүтэй бүлэглэн, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакуум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566.110 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
хохирогч С.Ариунзаяа /хх-ийн 32-33, 34-35, 37-38 дугаар хуудас/, гэрч С.Ариунзаяа /хх-ийн 39 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Наранчимэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ч.Даваасүрэн /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Д.Наранчимэг /хх-ийн 50 дугаар хуудас/, яллагдагч Ж.Жавхлант /хх-ийн 94-98 дугаар хуудас/, яллагдагч Д.Алтанхүү /хх-ийн 99-103 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/403 дугаартай ...С.Ариунзаяагийн өмчлөлийн эд хөрөнгийг 479710 /дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун арван мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 56-64 дүгээр хуудас/,
“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16/114 дугаартай ...С.Ариунзаяагийн өмчлөлийн эвдэрсэн эд хөрөнгийг 86400 /наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 68-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, зарлагын баримт /хх-ийн 22 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 104-118, 122-131 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, учруулсан хохирлын шинж чанар, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч С.Ариунзаяад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Алтанхүүд оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг 1 жил 1 сар гэж, шүүгдэгч Ж.Жавхлантад оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил хорих ял болгож хөнгөрүүлэн, шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан “Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-т заасан ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх, хуульд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2\1 багасгаж болох хуулийн заалтыг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь багасгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ гаргаагүй байхад даргалагч гэм буруугийн талаар зөвлөлдөн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрээ танилцуулсан, уг танилцуулсан шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан зэрэг шийтгэх тогтоолд зааснаас өөрөөр байгааг цаашид анхаарах шаардлагатай болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлантыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлантыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
3 дугаар заалтын “шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүү оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг, шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлант оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг” гэснийг “шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Алтанхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, шүүгдэгч Боржигон овгийн Жамъянгаравын Жавхлантад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарт 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 сарын 13-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 57 /тавин долоо/ хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ