Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 146/ШТ2017/00025

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Д......

Шүүгдэгч: М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн яллагдагч Г овогт М-н Шт холбогдох 146/2017/0023/Э/ индекстэй, эрүүгийн 201715010051 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялыг буюу хөнгөн ялыг нь хүндэд багтаан эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт 01 жил 02 сар 11 хоногийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт М-н Ш. /РД: ...../     

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Ш нь ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “Дунд өргөн чөлөөнд” тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Быг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би Д.Бтой дэлгүүрийн урд таараад зах руу явсан. Тэгээд Д.Б руу чулуу шидсэн чинь шүд рүү нь цохисон байсан. Дараа нь би Д.Б ахаас уучлалт гуйсан. Д.Б ах тухайн үед гомдол санал байхгүй гэсэн. Тэгсэн Д.Б ахын охин нь гомдолтой гэж хэлээд намайг нааш нь цагдаа дээр авч ирж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Бын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би ах Бэх-Очир гэх айлд орчихоод тус сумын дундын өргөн чөлөөнд М.Ш гэх залууд зодуулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг айлаас гараад ирсэн чинь М.Ш, М.П 2 архи аваад дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд намайг дуудаад хэл амаар доромжилоод байхаар нь би чулуу шидсэн юм. Тэгсэн М.Ш намайг ална шүү гээд над руу чулуу шидсэн. Тэр 2 гудам руу ороод намайг дуудахаар нь яваад очсон чинь М.Ш намайг цохиж, зодож авсан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Учир нь би согтуу байсан. М.Шийг зүс танина. М.Пгийн гэр манайхтай ойролцоо байдаг. М.Ш, М.П 2 архи уучихсан байсан. М.Штэй маргалдах үед М.Пгээс өөр хүн байгаагүй. М.Ш бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. М.Ш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Юунаас болж чулуу шидсэн талаар би өөрөө сайн санахгүй байна. Тухайн үед архи уучихсан согтуу байсан юм. Энэ хэрүүл маргаан миний буруутай үйлдлээс болж гарсан. Надад гомдол санал зүйл, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэжээ.  /хх-ийн 13, 37 дугаар хуудас/

Гэрч М.Пгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би М.Шийн хамт тус сумын дунд өргөн чөлөөний Нямлхагва гэх айлын дэлгүүрийн хажууд явж байсан чинь Д.Б гэх хүн архи уучихсан согтуу хэл амаар доромжилоод байсан юм. Тэгсэн М.Ш уурлаад хэдэн удаа цохиод авсан юм. Д.Б уучихсан согтуу байсан. Харин М.Ш уугаагүй байсан. Хэрүүл болох үед хүмүүс яваад л байх шиг байсан. Хэн байсныг нь би сайн санахгүй байна. Д.Б манай цехийн хороонд амьдардаг хүн юм. Тухайн үед М.Ш хар куртиктай явж байсан. Хэрүүл болох үед би М.Шийг салгаад урд талын гудам дээш нь тойроод Наймаа булан орсон...” гэжээ.  /хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5045 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Д.Бын биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал, уруулын сорви, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алтантанд 5% нөлөөлнө. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 16 дугаар хуудас/

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Шийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 39-43 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-58 дугаар хуудас/

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 61-65 дугаар хуудас/

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 70-74 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч  М.Ш нь ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “Дунд өргөн чөлөөнд” тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Быг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.Б, гэрч М.П нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5045 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Шийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг бүртгэлтийн шатанд харилцан зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч  гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөргүй болохоо бичгээр гаргасан, прокурор яллагдагчаар татах тогтоолыг баталж, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичиж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Шийн эдлээгүй үлдсэн 08 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт М-н Шийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт М-н Шийг 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт оногдуулсан 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч М.Шт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл М.Шт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА