| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х,
Шүүгдэгч Т.Э,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ийн Э-д холбогдох 2428002030249 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн 4 дүгээр шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох орлогын 5,068,084 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “...” шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа тухайн мөнгийг авсан. Өмнө нь төрөөд 2, 3 жил ажилгүй байх хугацаандаа дэлгүүрүүдээс зээл авсан байсан. Тэгээд хүмүүс намайг ажилд орсныг мэдээд өр зээлээ нэхээд ажил дээр чинь очно, фейсбүүк дээр зургийг чинь тавина гээд байхаар нь өрнүүдээ төлсөн. 5,068,084 төгрөгөөс 2,070,782 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,997,302.36 төгрөг байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Т.Эыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс түгээгчээр ажилд авч хамтарч ажиллаж эхэлсэн. Т.Э 6 удаагийн үйлдлээр манай байгууллагад 5,068,084 төгрөгийн хохирол учруулснаас 2,070,782 төгрөг төлж 2,997,302.36 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл хохирол төлбөрөө яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ хэрэг гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Манай байгууллага энэ хүнээс болж жилийн эцсээр өртэй гарсан. Энэ хүнд төлөх боломж бололцоо байсан. Манайхаас гараад “Сод Монгол” шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан. Мөн манай байгууллагын зүгээс бүтэн цагаар биш өдөрт 6 цагаар цагийн ажилтан хийгээд цалингаараа хохирол төлбөрөө төлөх боломжийг олгосон боловч энэ хүн тэр боломжийг ашиглаагүй тул үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би ... ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар болох ... 3, 4 дүгээр шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажилладаг юм. “...” ХХК-ийн шатахуун түгээх станц нь “...” нэртэй байдаг. Толгой байгууллага нь бол “...” ХХК нь байгаа юм. ...Т.Э нь ... 4 дүгээр шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ээлжийн ажилд ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,815,359 төгрөгийн орлогыг хувьдаа авсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 259,010 төгрөгийн орлогыг хувьдаа авсан. 06 дугаар сарын 12-ны өдөр 923,708 төгрөгийн орлогыг хувьдаа авсан. 06 дугаар сарын 14-ний өдөр 1,130,011 төгрөгийн орлогыг хувьдаа авсан. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 49,994 төгрөгийг мөн орлогоос дутаасан. 07 дугаар сарын 05-ны өдөр 890,000 төгрөгийн орлогыг хувьдаа авсан болох нь өдөр болгоны бэлэн мөнгөний тооцоогоор гарсан. Уг бэлэн мөнгөний тооцооны талаарх мэдээллийг хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн байгаа. Т.Э нь манай байгууллагын орлогоос 6 удаагийн үйлдлээр нийт 5,068,084 төгрөгийн орлогыг хувьдаа авч завшсан. Би өмнө нь мэдүүлэгт Т.Эгийн хувьдаа авч завшсан 890,000, 49,994 төгрөгийг өөрөө төлчих байх гэж бодоод мэдүүлээгүй юм. Т.Эгийн дутаасан мөнгө нь бүгд санхүүгийн баримтаар гарч ирж байгаа болохоор дутсан бүх орлогыг одоо нэг бүрчлэн мэдүүлж байна... Тухайн мөнгөнөөс Э бэлнээр 3 удаагийн гүйлгээгээр нийт 700,000 төгрөг төлсөн. Мөн Т.Эгийн 6 дугаар сарын цалингаас 674,735 төгрөгийг, 7 дугаар сарын цалингаас 696,047 төгрөгийг тус тус байгууллага суутгаж авсан. Т.Э учруулсан 5,068,084 төгрөгөөс 2,070,782 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 2,997,302 төгрөг төлөгдөөгүй байна. Манай байгууллагын зүгээс Т.Э-гаас төлөгдөөгүй үлдсэн 2,997,302 төгрөгийг нэхэмжилж авмаар байна.” (хавтаст хэргийн 25-27 дахь тал)
Шүүгдэгч Т.Э-гийн эзэмшлийн Хаан банкны ... (хавтаст хэргийн 69-75 дахь тал)
Өмнөговь НХС төвийн ШТС-4 өдөр тутмын тооцооны бүртгэлийн 05, 07 сарын баримтууд (хавтаст хэргийн 55-64 дэх тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 48-52 дахь тал)
Т.Э-гийн борлуулалтын орлогын дутагдал (хавтаст хэргийн 82 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/50 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 110 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь нийт хохирол төлбөр болох 5,068,084 төгрөгөөс 2,070,782 төгрөг төлж 2,997,302.36 төгрөгийн үлдэгдэл хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч байгууллагад олгуулах саналыг шүүхэд оруулж байна тухай дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь миний хувьд Т.Э-ыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс түгээгчээр ажилд авч хамтарч ажиллаж эхэлсэн. Т.Э 6 удаагийн үйлдлээр манай байгууллагад 5,068,084 төгрөгийн хохирол учруулснаас 2,070,782 төгрөг төлж 2,997,302.36 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл хохирол төлбөрөө яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна гэх,
Шүүгдэгч нь өөрийнхөө алдааг сайн ойлгож байгаа, тухайн байгууллагын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Э нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн 4 дүгээр шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох орлогын 5,068,084 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал), Т.Э-гийн эзэмшлийн Хаан банкны ... (хавтаст хэргийн 69-75 дахь тал), Өмнөговь НХС төвийн ШТС-4 өдөр тутмын тооцооны бүртгэлийн 05, 07 сарын баримтууд (хавтаст хэргийн 55-64 дэх тал), Т.Э-гийн борлуулалтын орлогын дутагдал (хавтаст хэргийн 82 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Э нь “...” ХХК-ийн 4 дүгээр шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын 6 өдрийн орлогоос 5,068,084 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас “...” ХХК-д 5,068,084 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Т.Э учруулсан 5,068,084 төгрөгөөс 2,070,782 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 2,997,302 төгрөг төлөгдөөгүй байна. Манай байгууллагын зүгээс Т.Э-гаас төлөгдөөгүй үлдсэн 2,997,302 төгрөгийг нэхэмжилж авмаар байна.” (хавтаст хэргийн 25-27 дахь тал), шүүгдэгчийн “...5,068,084 төгрөгөөс 2,070,782 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,997,302.36 төгрөг байгаа” гэх мэдүүлэг, Т.Эгийн борлуулалтын орлогын дутагдал (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э-аас 2,997,302.36 (хоёр сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун хоёр төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК болон хууль ёсны төлөөлөгч Б.Х нарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Үүнээс 369,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,331,00 төгрөг дээр нэмж нэгтгээд нийт 5,331,000 торгох ял оногдуулж уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч нь торгох шийтгэл оногдуулж өгнө үү, би найзтайгаа нийлээд хэрчсэн гурил, бууз, банш хийж зараад өдөрт 100,000-200,000 төгрөгийн орлого олж байгаа. Торгох шийтгэлийг сар бүр хэсэгчлэн төлөх боломжтой гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан ба шүүгдэгч Т.Э-д дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Т.Э нь урьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан ба энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр дахин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх торгох ялыг сонгож хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих гэсэн дөрвөн төрлийн ялыг оногдуулахаар заасан ба шүүх шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Т.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн бөгөөд энэ нь түүний хөдөлмөрлөх, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг зөрчинө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс “2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар байгаа. Сард 123,000 төгрөг төлдөг. Одоо 369,000 төгрөг төлсөн байгаа” гэх тайлбарыг, улсын яллагч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас 369,000 төгрөг төлсөн гэх дүгнэлтийг тус тус гаргаж байх боловч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/50 дугаартай албан бичигт: “Б овгийн Т-ийн Э (...)-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Ялтан Т.Э нь 2,700,000 төгрөгийн торгох ялын төлбөрөөс өнөөдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй 2,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” (хавтаст хэргийн 110 дахь тал) гэх тул шүүгдэгч болон улсын яллагчийн тайлбар, дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК болон хууль ёсны төлөөлөгч Б.Х нарт 2,070,782 (хоёр сая далан мянга долоон зуун наян хоёр) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-аас 2,997,302.36 (хоёр сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун хоёр төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК болон хууль ёсны төлөөлөгч Б.Х нарт олгосугай.
6. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК болон хууль ёсны төлөөлөгч Б.Х нарт 2,070,782 (хоёр сая далан мянга долоон зуун наян хоёр) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ