Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02763

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

            5385 ам.доллар буюу 12.8783.569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “” ТББ нь АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-руу 1 жилийн хугацаагаар хөтөлбөрт хамрагдах сурагчдыг бүртгэж байгаа тухай зарын дагуу миний бие анх хариуцагчтай холбогдсон юм. Улмаар өөрийн охин Н.Тунанг уг хөтөлбөрт хамруулахаар тохиролцож, 2016 оны 04 сарын 29-ний өдөр “АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ” байгуулж, тухайн байгууллагын шаардсаны дагуу 2000 ам.долларыг бэлнээр төлсөн. Мөн 2016 оны 05 сарын 05-ны өдөр хөтөлбөрийн төлбөрт 3285 ам.долларыг АНУ-руу шилжүүлээрэй гээд нэгэн байгууллагын дансны дугаар өгсний дагуу уг төлбөрийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч байгууллага гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс болж нэг жилийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон тул 2016 оны 08 сарын 05-ны өдрийн уулзалтаар Н.Тунанг 1016 оны 12 сард эхлэх хагас жилийн хөтөлбөрт хамруулах, өмнө төлсөн төлбөрийг хагас жилийн төлбөрт шилжүүлэн тооцохоор ярилцаж, тохирсон боловч мөн л ямар ч үр дүн гараагүй. Энэ хугацаанд хариуцагчаас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч “АНУ-с хариу ирээгүй байхад олон удаа залгалаа, мөнгөтэй болохоороо мөнгийг чинь буцаагаад төлчихнө, захирал нь би гарын үсэг зураагүй” гэх мэтээр үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, элдэв янзын тайлбар тавьж цаг хугацаа хождог, уцаарладаг ба миний бие аргаа бараад АНУ дахь түнш гэх байгууллага руу нь утсаар холбогдохыг хэд хэдэн удаа оролдсон боловч огг утсаа авдаггүй баайгууллагын хаяг руу нь мэйл бичсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. Иймд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2016 оны 04 сарын 29-ний өдрийн АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээний дагуу шилжүүлсэн 5385 ам.доллар буюу 12,783,569. төгрөгийг “” ТББ-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “” ТББ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Юуны өмнө манай байгууллагын хувьд 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 700 гаруй залуус хамтран ажиллаж, гадаадын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байна. Нэхэмжлэгч Б.Хтай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ”-г харилцан тохиролцсоны үндсэн дзэр байгуулсан. Тус гэрээний дагуу зуучлалын хөлс болох 2000 ам.долларыг хүлээн авч ажил үйлчилгээг эхлүүлсэн. Улмаар манай байгууллагатай хамтарч ажиллахаар санал ирүүлсэн АНУ-ын Нивада мужийн И Эс интернэйшнл олон улсын байгууллагад суралцагч Н.Тунангийн материалыг явуулахад суралцуулах боломжтой гэсэн албан ёсны хариуг бидэнд ирүүлсэн. Энэ талаар суралцагчийн ээж болох Б.Хд танилцуулахад саналыг зөвшөөрч охиноо И Эс интернэйшнл олон улсын байгууллагаар дамжуулан суралцуулахыг зөвшөөрсөн тул танилцуулсан. Гэрээний дагуу манай байгууллага нь нэхэмжлэгчид зохих үйлчилгээг үзүүлсэн. И Эс интернэйшнл олон улсын байгууллага нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл манай байгууллагатай байнга холбоотой байж 08 дугаар сарын сүүлээр хичээл эхлэх тул хугацаа байгаа та бүхэн тэвчээртэй хүлээж бай гэсэн и-мэйл ирүүлдэг байсан бөгөөд дээр дурьдсан хугацаанаас хойш манай байгууллагын зүгээс удаа дараа и-майл бичиж хариу хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу мэдэгдэл байхгүй холбоо тасраад байна. Энэ талаар бид бүхэн хуулийн байгууллагад хандсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлын хөлсөнд 2,000 ам.доллар авч захиалагчид бүхий л үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү учир нь үл мэдэгдэх асуудлыг манай байгууллага бүрэн хариуцах хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна. Өөрийн хүлээсэн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй 3285 ам.долларыг манай байгууллага аваагүй учир хариуцан барагдуулах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.нь хариуцагч “” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан, 5385 ам.доллар буюу 12 783 569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч “” НҮТББ нь нэхэмжлэгч Б.Хтай 2016 оны 04 сарын 29-ний өдөр “Америкийн нэгдсэн улсад ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах” 06/29 дугаартай гэрээг байгуулж, түүний охин Найдалаагийн Тунанг АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааны хөлс болон зуучлалын төлбөр 2000 ам.доллар байхаар харилцан тохиролцжээ./хх-ийн 5 дугаар хуудас/

Зуучлагч “” НҮТББ нь гэрээнд зааснаар АНУ-ын Es international байгууллагатай харилцаж Н.Тунанг сурагч солилцооны хөтөлбөрт хамруулахаар зуучилсан ба тус байгууллагаас хариуцагч байгууллагад 2016 оны 05 сарын 03-ны өдөр и-мэйлээр Н.Тунанг АҮ хөтөлбөрт тэнцсэн талаархи хариу, тус хөтөлбөрийн төлбөрт нийт 3285 ам.доллар төлөх төлбөрийн нэхэмжлэх ирүүлснийг нэхэмжлэгч буюу зуучлуулагч Б.Хд танилцуулан өгсний дагуу нэхэмжлэхэд бичигдсэн банкны хаяг, дансаар нь 3285 ам.долларыг 2016 оны 05 сарын 10-ны өдөр Б.төлсөн болох нь хэрэгт авагдсан гадаад төлбөрийн даалгавар, и-мэйл, нэхэмжлэх, гадаад хэлнээс монгол хэл дээр хөрвүүлсэн орчуулга зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 7-12 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Б.нь зуучлалын гэрээний дагуу хариуцагч компаниар зуучлуулах үйл ажиллагааг гүйцэтгүүлсэн байх боловч АНУ-ын Es international байгууллага нь АҮР хөтөлбөрт охин Н.Тунанг хамруулаагүйгээс тухайн байгууллагад төлсөн 3285 ам.доллар, мөн зуучлалын гэрээний хөлсөнд төлсөн 2000 ам.доллар нийт 5285 ам.доллар буюу 12 783 569 төгрөгийг гаргуулахаар хариуцагч “” НҮТББ-аас шаардаж байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 1.2-т “талууд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хугацаанд гэрээ үргэлжилнэ”, 1.4-т “Б тал сургууль болон Америк айлын санал биеэр болон имайл-ээр хүлээн авсан тохиолдолд А тал үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэсэнд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч компанид төлсөн зуучлалын хөлс 2000 ам.доллар, АНУ-ын Es international байгууллагад АҮР хөтөлбөртийн төлбөрт Голомт банкаар дамжуулан гадаад төлбөрийн даалгаврын баримтаар 2016 оны 05 сарын 10-ны өдөр төлсөн 3285 ам.доллар буюу нийт 5285 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 16 дугаар хуудас/-нд бичигдсэн АНУ-ын 1 ам.доллар 2418.84 төгрөг /5285 х 2418.84/-өөр тооцож 12 783 569 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.5-д “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан.

Иймээс, хариуцагч “” НҮТББ нь Б.Хтай байгуулсан “Америкийн нэгдсэн улсад ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах 06/29 дугаартай гэрээ”-г биелэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, түүнчлэн талууд 2016 оны 08 сарын 05-ны өдөр уулзаж, ярилцан тохиролцож: Нэг: Н.Тунанг АНУ руу 1 жилийн сурагч солилцоогоор явуулах гэрээг цуцалж, төлсөн үйлчилгээний төлбөрүүдийг буцаан олгох, асуудлыг хойшлуулах, Хоёр: Н.Тунанг 2016 оны 12 сард эхлэх хагас жилийн солилцооны хөтөлбөрт хамруулах, Гурав: үйлчилгээний хөлс /2000$ болон 3200$/-ийг хагас жилийн хөтөлбөрт шилжүүлэн тооцох. Зөрүү гарвал шилжүүлж, харилцан төлнө. Дөрөв: АНУ-ын  Es international байгууллагад төлсөн төлбөр буцааж авч чадаагүй тохиолдолд  /Х.Юмчмаа/ Н.Тунанг хагас жилийн хөтөлбөрт явуулах төлбөрийг бүрэн хариуцна. Тав: Шаардлага гарвал Es international байгууллагад  төлсөн мөнгийг буцааж авахад Б.Найдалаа оролцоно, зохих зөрүү төлбөр гарсан тохиолдолд талууд харилцан зөрүү төлнө. Энэ тохирсноос өөр нөхцөл үүссэн тохиолдолд ярилцаж шийднэ, үгүй тохиолдолд энэ тохирсноор шийдвэрлэнэ” гэж гэрээ байгуулсан /хх-ийн 14 дүгээр хуудас/ байх тул “” НҮТББ нь уг төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-д заасныг баримтлан хариуцагч  “” НҮТББ-с 5285 ам.доллар буюу 12 783 569 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219490 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “” НҮТББ-с 219490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.       

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ