| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03055/И |
| Дугаар | 181/ШШ2020/02777 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2020/02777
2020 11 09 181/ШШ2020/02777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.С-д холбогдох
36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.С нь Г.Т-ээс 2014 онд 11.000.000 төгрөг бэлнээр зээлж авсан, 2015 онд Г.Т-ийн өмчлөлийн Toyota crown маркийн 2009 оны цагаан өнгийн машиныг 25.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь мөн л удахгүй өгнө гэж хэлсэн. Н.С нь машин зарсан мөнгөө өгөөгүй, зээлдүүлсэн гэсэн утгатай.
Н.С нь Г.Т-д нийт 36.000.000 төгрөг өгөх ёстой. Г.Т-ийн хувьд найздаа итгэж явсан. Гэтэл итгэлийг нь эвдэж, өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Г.Т- Н.С-тэй 2018 онд уулзаж, хэзээ өгөх талаар өөрөөр нь бичүүлж авсан ба 36.000.000 төгрөгийн өртэй, хурдан хугацаанд өгнө гэж бичиж өгсөн байдаг.
Олон удаа шаардахад өгнө л гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хариуцагч Н.С-ээс 36.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Н.С-д холбогдуулан 36.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Т- нь 2014 онд 11.000.000 төгрөгийг хариуцагч Н.С-д бэлнээр шилжүүлэн өгсөн, мөн 2015 онд Г.Т-ийн өмчлөлийн Toyota crown маркийн 2009 оны цагаан өнгийн машиныг худалдан борлуулж өгнө гэж аваад бусдад 25.000.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь өгөөгүй, зээлдүүлсэн гэсэн утгатай гэж тайлбарлаж байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсссэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдүүлэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх дээр хариуцагч тайлбар гаргаагүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй боловч Н.С нь Г.Т-д 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Г.Т-д 36.000.000 төгрөгийн өртэй. Энэхүү өрийг маш хурдан хугацаанд төлж барагдуулна гэх баримтаас үзэхэд Н.С нь төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн агуулга илэрхийлэгдсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан.
Хариуцагч Н.С-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, болон хариуцагч Н.С-ийн 88119231 дугаарын утсанд тус тус мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Н.С-ээс 36.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Сээс 36.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ