| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2021/00720/И |
| Дугаар | 151/ШШ2021/00756 |
| Огноо | 2021-10-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2021/00756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 32-7 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, ............................... -ын,
Хариуцагч: ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуульд холбогдох
2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар Н..............ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.............., түүний өмгөөлөгч Н.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1966 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ............. Баянчандмань суманд төрсөн. 1987 он, 1989 он, 1992 он, 1997 онд 5 хүүхэд төрүүлсэн. Том охин маань нас барсан. Би анх ............. сургуульд 2006 онд төрийн үйлчилгээний албан тушаал болох жижүүрийн ажилд томилогдож улмаар өнөөдрийг хүртэл тус сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй, хариуцсан ажлаа нэр төртэй сайн хийж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг нь намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан үндэслэлээр 60 нас хүрсэн байн гээд ажлаас чөлөөлсөн. Би хуанлийн тоогоор энэ жил 55 настай. Би ............. сургуульд 15 жил ажилласан. Дээрх хууль бус шийдвэр нь надад маш их хүндээр тусч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч: ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургууль, түүний захирал Л.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.............. нь 2006 онд ............. сургуулийн А дотуур байрны жижүүрээр ажилд орж 2021 оны 8 дугаар сарыг хүртэл үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд сургуулийн захиргааны өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэн ажиллаж байсан хэдий ч хамт ажиллаж буй багш, ажилчид, сурагчидтай харилцааны хувьд алдаа дутагдалтай талаар санал гомдол гардаг байсан. Н.............. нь 2016 онд 4-н хүүхэд төрүүлсэн 50 нас хүрсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Гэсэн хэдий ч ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн ажлын байранд буцаан томилж 2021 оны 8 дугаар сарыг хүртэл ажиллуулсан. 2021 оны 6 дугаар сард аймгийн Төрийн албаны зөвлөл, Боловсрол соёл урлагийн газраас тэтгэвэр, цалин зэрэг авч буй ажилчдыг чөлөөлөх чиглэл өгч, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн дагуу ажиллах үүрэг өгсөн. Үүний дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн мөнгө нэрсээрээ сургуулийн дансанд орж ирснийг холбогдох хүмүүсийн дансанд хийсэн. Ингээд ээлжийн амралт дууссаны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 17-нд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Н..............ийн хувьд 2021 оны 6 дугаар сард 55 нас хүрсэн гэжээ.
Шүүх, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.............. нь ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар Н..............ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх 1/
Шүүх, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд ажлаас чөлөөлсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнийг ажлаас халсан тушаал эрх зүйн үндэслэл муутай, хууль ёсны болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг нь дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан нэхэмжлэгч Н..............ийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот зөвлөмжийг баримтлан, 2016 онд өөрийн хүсэлтээр хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон хэдий ч 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус байгууллагад дотуур байрны жижүүрээр давхар ажиллаж байсныг мэргэжлийн байгууллагын өгсөн үүрэг чиглэл гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөн, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... Н.............. нь 2016 онд 4-н хүүхэд төрүүлсэн 50 нас хүрсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн ажлын байранд буцаан томилж 2021 оны 8 дугаар сарыг хүртэл ажиллуулсан. 2021 оны 6 дугаар сард аймгийн Төрийн албаны зөвлөл, Боловсрол соёл урлагийн газраас тэтгэвэр, цалин зэрэг авч буй ажилчдыг чөлөөлөх чиглэл өгч, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн дагуу ажиллах үүрэг өгсөн. Үүний дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн мөнгө нэрсээрээ сургуулийн дансанд орж ирснийг холбогдох хүмүүсийн дансанд хийсэн. Ингээд ээлжийн амралт дууссаны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 17-нд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэж тайлбарлаж, маргаж байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаас үзэхэд Н..............ийг
-Монгол Улсын гавьяат багш Ж.Намсрайн нэрэмжит ............. ............. сургуулийн Ерөнхий захирлын 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар Ажилд авах тухай тушаал, түүнийг А дотуур байранд жижүүрээр, 9 дүгээр сарын 3-ны өдөр, улсад 8 жил ажилласан, үндсэн цалин 78.000 төгрөг, тогтоож ажилд авсан. /хх-21-22/
-Төв аймаг Зуунмод сум БСШУЯ-ны харьяа, Монгол улсын гавьяат багш Ж.Намсрайн нэрэмжит үндэсний лаборатори ............. сургуулийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 5/42 дугаар тушаалаар жижүүр Н.............. нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүндтэй чөлөөнд нь гаргасан. /хх-28/
-Төв аймаг Зуунмод сум БСШУЯ-ны харьяа, Монгол улсын гавьяат багш Ж.Намсрайн нэрэмжит үндэсний лаборатори ............. сургуулийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар Н..............ийг жижүүрээр томилох тухай тушаалаар Н.............. нь улсад 20 жил ажилласан үндсэн цалинг ТҮ-1-4 дүгээр шатлалаар цалинжуулахаар тогтоож, ажилд авч ажиллуулж, мөн түүнтэй 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. /хх 2-3/
-............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар Тэтгэмж олгох тухай тушаал, түүний хавсралтаар нэр бүхий 11 ажилчин нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгосон, 11.Н..............т 2.804.200 төгрөгийн тэтгэмж олгосон. /хх 17-18/
-Нийгмийн даатгалын сангаас Тэтгэвэр тогтоолгохоор Төв аймаг, Зуунмод сумын Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан, Тэтгэвэр тогтоолтын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуудсаар Боржигон овогт Нэмэхбаярын ............. нь 1966 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, нас 50, хүүхдээр, шимтгэл төлсөн хугацаа 23 жил 4 сар 28 хоног, тэтгэвэр жинхэнэ олгох 251.000 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон /хх 30/ нэхэмжлэгч Н.............. нь 1966 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 55 нас, 5 сар, 24 хоногтой зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн дотуур байрны жижүүрийн албан тушаал нь төрийн үйлчилгээний алба тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насыг тусгайлан тодорхойлоогүй бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж хуульчилсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох боловч тэтгэвэр тогтоолгох насыг дурдсан хуулийн хүрээнд зөв тогтоох ёстой.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өндөр насны тэтгэвэрт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 50 настайдаа хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, өндөр насны тэтгэвэр авч буй нь Хөдөлмөрийн тухай хуульд харшлаагүй.
............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургууль Н..............ийг 2016 онд ажилд авч 2021 оныг хүртэл хугацаанд дотуур байрны жижүүрээр ажиллуулж байсан бөгөөд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тушаал нь үндэслэлгүй, тушаалд бичсэн үндэслэл нь удирдлага болгосон хуулийн заалттай нийцэхгүй байна.
Төрийн албан зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот зөвлөлөөс хуульд нийцүүлэн, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байх бөгөөд байгууллага, түүний албан тушаалтан нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг өөрчлөх, хуульд зааснаас өөрөөр хэм хэмжээ тогтоож, үйл ажиллагаанд удирдлага болгож ажилтныг ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар дурдаагүй байна.
Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан А дотуур байрны жижүүрийн ажилд томилуулах хүсэлт гаргасан байх боловч ажилд авсан тушаалд дотуур байрны жижүүр гэсэн байх тул А байр гэж тодорхойлж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Шүүх хуульд зааснаас өөрөөр тогтоож ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалж буй байдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул Н..............ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар Н..............ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Н..............ийг ............. ............. сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ............. Ерөнхий боловсролын лаборатори ............. сургуулийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар Н..............ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч ............. ............. сургуулиас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ............. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ