| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/1092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1093 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1093
2024 12 02 2024/ШЦТ/1093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ш-ийн Б-д холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .....дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Ш.Б нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” төвийн гадна хохирогч Б.О-тэй урьд зээлсэн барааны мөнгөө өгөхгүй алга болсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагз, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Б.О-ийн "... 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед 100-н айлын Жоби төв дотор барилгын бараа материал худалдаж аваад явж байхад хажуугаас намайг Б гэж дуудахаар нь эргэж хартал таних хүн байхгүй байхаар нь буцаж цааш хараад явах гэтэл дахин Б гэж дуудаад нэг танихгүй залуу чи Б мөн биз дээ гэж асуусан. Би тухайн хүнээс та хэн билээ гэж асуухад тухайн залуу чи Б мөн үү гэж дахин асуусан. Би тиймээ би мөн байна гэж хэлэхэд тэр залуу чамд бараа зээлсэн хүний эзэн нь байна гараад ир гээд гараас минь чирэх үед би авсан барааныхаа тооцоог өгөөд хамт гаръя гэсэн. Тэгээд намайг чирээд гадаа гараад намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тухайн хүнд та намайг хэл амаар доромжиллоо хэрэв надад гар хүрвэл би цагдаад хандана шүү гэж хэлсэн. Тэгээд би утсаа гаргаж ирээд тухайн хүнд би нэг яриадахъя гээд өөрийн найз охин О лүү залгаж яриад би өртэй байсан хүнтэйгээ таарлаа хоёулаа өгөх ёстой мөнгөө өгье чиний цалин буусан уу гэж яриад эргэж харахад тухайн хүн миний толгой руу 2 гараараа удаа дараа цохих үед би өөрийгее хамгаалж байхад ойр орчимд байсан хүмүүс болиоч гэж орилж байж болиулсан. Тэр хооронд би нилээн хэдэн удаа цохиулсан байсан. Тухайн хүн дахин над руу халдахаар дайрах үед би цагдаа дуудлаа шүү гээд дуудлага өгсний дагуу удалгүй цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Г.Г-ийн "...Б.О нь надаас зээлээр бараа авч яваад мөнгийг нь өгөлгүй удаан байсан. Харин манай нөхөр Б зун О-тэй 100 айлд таарч мөнгөө нэхэж хоорондоо маргалдах үедээ Б.О-ийг цохиод гомдол гаргасан талаар мэдсэн. Манай нөхөр 10 дугаар сарын 08-ны өглөө бараагаа авахаар Хятад улс руу явсан байгаа. Би удахгүй араас нь явж бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцаж ирнэ. О нь надаас 4.100.000 төгрөгийн компьютерын сэлбэг авсан байсан. Тэгээд өгөхгүй удсан өгөхгүй удсан байхад манай нөхөр 100 айл дээр таарсан..." гэх мэдүүлэг /хх- 36-37/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн .....дугаартай "Б.О-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагз, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх 12-13/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа толгойн тус газар 2-3 удаа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.Б нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь 124.742 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Ш.Б төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
8. Шүүгдэгч Ш.Б-ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, хэд хэдэн удаа цохисон үйлдлийн шинж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ш-ийн Б /РД:.........../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хохирогч Б.О нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ