Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00745

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00745

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Э-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 155/2021/00551/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Э бид хоёр 2010 онд танилцаж 2011 оноос хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э.Э төрсөн. 2012-2013 оноос харилцаа таарамжгүй болж сүүлдээ хариуцагч надад гар хүрэх болсон. Архи уудаг, архи уусан үедээ гар хүрдэг байснаас болж хүүхэд маань хүртэл айж цочих болж сүүлдээ би хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзсэний үндсэн дээр 2014 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Ч сумын Тамгын газарт ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж Цагаан-Үүр сум руу шилжиж явахдаа гэрлэлтээ бүргүүлж, 4 хоногийн дараагаас тусдаа амьдрах болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Эийг миний асрамжид үлдээж өгнө үү....Хүү маань Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийг энэ хавар төгссөн....Маргаан гарах шалтгаан нь хариуцагч нь маш их хартай мөн хэрүүл маргаан үүсэх болгонд гар хүрч намайг зоддог байсан....Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Мөн хүүтэйгээ уулзуулахгүй гэсэн бодолтой байгаа....Эд хөрөнгийн маргаангүй....гэв.

Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2010 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э.Э төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ойлголцоход хүндрэлтэй болсон. Энэ хүн салъя гээд хүүхдээ аваад явсан. Салсан цагаасаа хойш хүүхдээ хараагүй. Хүүхэд төрөхөөс нэг жилийн өмнөөс бидний дунд үл ойлголцол үүсэж таарамжгүй болж эхэлсэн. Тиймээс бид салах шийдвэр гаргасан. Гэрлэлт цуцлуулах, хүү Э.Эийг эх болох Т.Бын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна....Тусдаа амьдрал зохиосон байх үед нь би нэг удаа очсон. Нэхэмжлэгч хүн хоёр аавтай байна гэж юу байхав дахиж битгий ирээрэй гэж хэлсэн....Хэн хэнийгээ сайн таньж мэдээгүй байхдаа нэг гэрт орж үзэл бодол зөрснөөс болж тусдаа амьдрах болсон. Тухайн үед би архи уудаг байсан. Уусан үедээ их муухай араншин гаргадаг байсан....Эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баяжаргал нь Б.Эад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2010 онд танилцаж, 2012 онд гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э.Э төрсөн болох нь бүртгэлийн 32 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 3, 6 дугаар тал)

Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.Э нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Эийг эх Т.Бын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Э.Эийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Эын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Эаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Т.Б нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Э, Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Э ийг эх Т.Бын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Эад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Т.Бд тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ