| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Т.Т, Ц.А,
Өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Ц-ын А, Ө овгийн Т-ийн Т нарт холбогдох 2428002680258 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т, Ц.А нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон ховор амьтан болох 1 тооны хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн, түүхий эдийн зүйлийг хадгалж, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3,330,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Т, Ц.А нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тус өдөр Гурвантэс сумын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, Х болон бусад алба хаагч нартай Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байх “...” ХХК-ийн ажилчдын кемп дээр хяналт шалгалтаар очсон. Очоод ажилчдын гал тогооны байр руу орсон. Ороод гал тогооны байранд байсан хөлдөөгчүүдэд байх махыг цагдаагийн алба хаагч нар шалгасан. Тухайн байранд байсан хөлдөөгчүүдийн нэг хөлдөөгчөөс цагдаагийн алба хаагч гялгар тортой сэжиг бүхий хар хүрэн өнгийн махыг хураан авсан. Тухайн мах нь ойролцоогоор нэг хил орчим мах байсан. Тэгээд Цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч Х тухайн маханд шинжээч томилж ямар амьтны мах болохыг тогтоочихоод танд хэлнэ гэж хэлсэн. Тэгээд Х өнөөдөр над руу залгаж шинжилгээний хариу гарсан байна та ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Тухайн мах нь хар сүүлт гэх амьтны мах болох нь шинжилгээгээр гарсан байна гэж хэлсэн. Хар сүүлт гэх амьтны Экологийн эдийн засгийн үнэлгээ нь 3,330,000 төгрөг байдаг. Хэрвээ хар сүүлт гэх амьтныг агнавал Экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж хохирлыг барагдуулна. Би Гурвантэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд манай нутагт байх ховор ан амьтан болох Хар сүүлт гэх амьтныг хууль бусаар агнасан байх тул тухайн хүмүүсийг олж тогтоон Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолд заасан 3,330,000 төгрөгийн Экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлэх гомдолтой байна.” (хавтаст хэргийн 31 дэх тал)
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би уурхай дээрээ 00-с гараад явж байтал тогооч Э залгаад баахан цагдаагийн хувцастай хүмүүс ороод ирлээ та гал тогоонд хурдан ороод ирэх үү гэж хэлсэн. Би гал тогоонд яваад орсон чинь хөргөгчийн хажуу талд нь нэг мах гаргаад тавьчихсан байсан. Надаас экологийн цагдаа үнэмлэхээ харуулаад энэ юун мах вэ? мэдэж байна уу? гэж асуусан. Би мэдэхгүй юун мах юм гээд тогооч Э-гаас асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Манайд байгаагүй мах гэнэт гаргаад ирлээ гэж хэлсэн. Манай дээр өөр компанийн хүмүүс бас махаа авчирч шошготой хийдэг юм. Тэгээд ямар ч шошгогүй байсан.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би ээлж солигдож ирээд хэдхэн хонож байсан. Тийм учир би мэдээгүй юм. Сүүлд цагдаа нар ирээд манай байгууллагын зааланд байх хөлдөөгчөөс нэг ууттай мах гаргаж ирээд энэ юу вэ гэхэд би мэдэхгүй байсан учир мэдэхгүй байсан талаараа хэлсэн. Тухайн үед ангийн мах байсан гэж мэдээгүй.” (хавтаст хэргийн 38-39 дэх тал)
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын эхээр А гэх манай байгууллагын кемп туслах ажил хийдэг хүнтэй би 12 цагийн үед кемп дотроо таарсан. Би чи яг юу хийж байна гадна ажиллаад байна уу дотор ажиллаад байна уу гэж асуучихаад салсан. Тэр өдрийн 15 цагийн үед дахиад таарахад ажлаа хийгээд байж байсан. Би орой 20 цагийн үед гэр рүү нь ороход тогоо дүүрэн мах чанаж байсан. Тэр махнаас амсуулсан. Би идэхэд ангийн мах байсан юм. Тэгэхээр нь би юуны мах юм ангийн мах юм уу гэхэд А борын мах гэж хэлсэн. Тэгээд тэр махнаас би идчихээд гарсан. Дараа нь А цагдаад баригдахад би А-тай ирж уулзахад А би Т гэх хүнтэй надтай 12 цагийн үед таарсны дараа кемпээс кемп дээр ажил хийж байсан хүний мотоциклыг аваад явсан гэж байсан.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “...” ХХК гэх газар хөлсний ажилчнаар барилга дээр туслах хийхээр ирсэн. Ирээд удалгүй А гэх хүнтэй танилцсан. Би ирэхдээ өөрийн мотоциклоороо ирсэн. Тэгээд энэ оны 09 сарын 05, 06-ны үед миний мотоциклыг ажил хийхээр ирээд танилцсан ах болох А гэх хүн мотоциклоо өгчих юманд явчхаад ирье гэж гуйсан. Тэгэхээр нь би ажлын хашааны гадаа байгаа гэж хэлээд мотоциклынхоо түлхүүрийг өгсөн. Тэгээд миний мотоциклыг ойролцоогоор 2, 3 цаг унаж явчхаад ирсэн. Хаашаа хэнтэй явсан талаар би огт мэдэхгүй. Тэгээд энэ үйл явдал болсноос хойш 09 дүгээр сарын 19-ний өдөр ажил хийж байсан газар болох “...” ХХК-аас өөрийн аймаг болох Баянхонгор аймгийн Баянлиг сум руу мотоциклоороо буцах гэж байсан. Гэтэл тус өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3 цагдаа ирж миний мотоциклыг хурааж авсан. Тус гурван цагдаа намайг дагуулан “...” ХХК-ийн гал тогоо руу дагуулан орж хөргөгчийг нь шалгасан. Тус хөргөгчөөс цэнхэр гялгар тортой хар өнгийн мах гарч ирсэн. Ойролцоогоор 1 кг мах л байх шиг байсан. Тэгээд тус махыг хураан авсан. Мөн тус компанид ажилладаг хүн болох А гэх хүнийг дуудан Гурвантэс сум руу цагдаа нар авч явсан. Би яг яагаад миний мотоциклыг хурааж авч байгааг мэдээгүй. Дараа нь тус компанийн хүмүүс чиний мотоциклоор А зээр алсан гэж ярьцгаагаад байсан. А гэх хүнээс дараа нь асуухад тус компанид ажилладаг байсан хүн болох Т гэх хүнтэй хамт чиний мотоциклоор явж ан хийсэн гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 48-50 дахь тал)
Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д 4 жил ажиллаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би хамт ажилладаг С.М-ын цэнхэр өнгийн Даюун загварын ява мотоциклыг гуйж авч унаад хамт ажилладаг Т гэдэг залуутай хамт явж кемпийн хашаанаас 500 метр зайд байсан 1 тооны хар сүүлт зээрийг мотоциклоор элдэж хөөгөөд 3-4 км орчим явахад зээр бахардаад унасан. Тэгэхэд миний ард сууж явсан Т бууж гүйгээд зээрийн амийг барьж алсан. Тэр газартаа арьсыг нь хуулж, хөл толгой, арьс зэргийг тэр газарт нь хаяад махыг нь аваад шуудайнд хийгээд кемпийн амьдардаг гэртээ оруулж мах чанаж идсэн. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа цагдаа нар ирээд миний зээр агнасныг мэдсэн байсан ” (хавтаст хэргийн 84 дэх тал)
Шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн кемп дотор байрладаг “...” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан юм. Тэгсэн чинь 16 цагийн үед А над дээр ирээд хоёулаа хамт маханд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхэд нь хаашаа явахын гэсэн чинь хүнс авна л гэж хэлсэн. Тэгээд би ард нь сундлаад А мотоцикл жолоодоод кемпээс 3-4 км явахад замд нэг хар сүүлт зээр зогсож байсныг араас нь элдээд нэлээн явсан. Тэгж байгаад нөгөө зээр нь бахардаад унасан чинь мотоцикл зогссон, би гүйж очоод амийг нь барьж бүтээж алсан. Тэгээд бид хоёр арьсыг нь хуулаад, толгой, шийрийг нь тэндээ үлдээгээд махыг нь аваад кемп дээр ирж чанаж идэцгээсэн.” (хавтаст хэргийн 88 дахь тал)
Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн лабораторийн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн мах, чөмөг нь амьтны мах, чөмөг мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн мах, чөмөг нь амьтан /хар сүүлт/-ийн мах, чөмөг мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн мах, чөмгөнд нас, хүйс тодорхойлох боломжгүй.” (хавтаст хэргийн 63 дахь тал)
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ӨмЦ-24-414 дугаартай хөрөнгө, үнэлгээний дүгнэлтэд: “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун загварын мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,425,000 төгрөг” (хавтаст хэргийн 67-72 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл: “Super Dayun” брэндийн 150 мотортой, R1648978H10 гэх арлын дугаартай мотоцикл, цэнхэр өнгийн банктай” гэх (хавтаст хэргийн 22 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90, 93 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94, 100 дахь тал)
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 96-99 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.А, Т.Т нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.А, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,660,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Байгаль орчны хяналтын газарт олгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй. Тийм учраас улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3,330,000 төгрөгөөр үнэлснийг 2 дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 6,660,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг дэмжиж байна. Мөн тээврийн хэрэгслийн хохирол болох 1,425,000 төгрөгийг гаргуулахгүй тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь биет байдлаар буцаан олгосонтой холбоотой нэмэлт тайлбар байхгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Т нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, шүүгдэгч Ц.А нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Т, Ц.А нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон ховор амьтан болох 1 тооны хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн, түүхий эдийн зүйлийг хадгалж, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3,330,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Т.Т нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), гэрч Б.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч Д.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэрч А.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч С.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал), Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн лабораторийн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ӨмЦ-24-414 дугаартай хөрөнгө, үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 67-72 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал), эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт, үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хар сүүлтийн мах, тээврийн хэрэгслийн үнэлгээ зэргийг шинжээч, үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлт, үнэлгээг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хуульд ... амьтан ... гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тус тус зааж, хуулиар хамгаалсан бөгөөд ховор амьтны жагсаалтад орсон ан амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар ан амьтныг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авахаар зохицуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.А, Т.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчинд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад “амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж заасныг ойлгоно гэж зааснаас үзэхэд хар сүүлт нь хөхтөн амьтны төрөл зүйлд хамаарна.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хамааруулан ойлгохоор заасан байх ба Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жагсаалт, журам батлах тухай (ховор амьтны)” 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад Хар сүүлтийг ховор амьтны жагсаалтад оруулсан болох нь тогтоогдож байна.
Энэхүү ховор амьтны жагсаалтад орсон хар сүүлтийг Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар; Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн; тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тус тус агнах, барихаас бусад тохиолдолд хоригложээ. Энэхүү хуульд заасан 3 үндэслэлээр хар сүүлтийг агнахдаа Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн 9.7.3 дахь заалтад зааснаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл; харин судалгаа, шинжилгээний зорилгоор амьдаар барихдаа мөн зүйлийн 9.8 дахь хэсгийн 9.8.2 дахь заалтад заасан хугацаа буюу жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байхаар тус тус хуульчилсан.
Гэтэл шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь бүлэглэн нэг тооны хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр, хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэлээс өөр зорилгоор агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, тээвэрлэсэн байна. Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц орон байр, агуулах, тээврийн хэрэгсэлд байлгасан... нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн зэргийг ойлгох ба шүүгдэгч нар нь нэг тооны хар сүүлтийг буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, мотоциклд ачиж тээвэрлэн, “...” ХХК-ийн байранд хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.А, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь бүлэглэн ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүй агнах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь санаа зорилгоороо нэгдэж ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр хар сүүлтийг 3,330,000 төгрөгөөр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ц.А, Т.Т нар бүлэглэж нэг тооны хар сүүлтийг агнасан гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан 3,330,000 төгрөгийг хоёр дахин өсгөсөн 6,660,000 төгрөгийг шүүгдэгч нар адил тэнцүү хэмжээгээр буюу 3,330,000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т нь Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд 3,330,000 төгрөг, шүүгдэгч Ц.А нь Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд 2,820,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 127-129 дэх тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин шүүгдэгч Ц.А-аас амьтны аймагт учруулсан хохирлын үлдэгдэл 510,000 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т, Ц.А нарт тус бүр 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.А нь хохирогч А.Б-д 510,000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх хохирол төлбөргүй. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюун” загварын мотоциклын үнэлгээгээр тогтоосон 1,425,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 712,500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналыг шүүхэд оруулж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав нь миний үйлчлүүлэгч Т.Т, Ц.А нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн зүгээс санал болгосон торгох ял нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд тохирсон бөгөөд оногдуулж болох хамгийн хөнгөн ял учраас өмгөөлөгчийн зүгээс өөр ял санал болгохгүй. Харин улсын яллагчийн зүгээс 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан. Тийм учаас шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, мөн гэмт хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн Шүүгдэгч Ц.А нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны хүүхэдтэй, өөрөө 1,500,000 төгрөгийн цалинтай, мөн эхнэр нь шулуун гэдэсний хагалгаанд ороод эмнэлэгт байгаа зэрэг нөхцөл байдлууд байна. Тийм учраас 5,600,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжгүй. Хэрвээ торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдох боломжтой нөхцөл байдалд байгаа учраас 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Т.Тын хувьд мөн адил 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Т, Ц.А нар нь өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.А-ийн хувьд амьтны аймагт учруулсан хохирол болох 3,330,000 төгрөгөөс 2,820,000 төгрөгийг төлсөн ч үлдэх 510,000 төгрөгийг төлөөгүй, өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Т.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.А, Т.Т нарыг бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 5900 (таван мянга есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,900,000 (таван сая есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 5700 (таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т шүүхээс оногдуулсан 5,900,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Т-т шүүхээс оногдуулсан 5,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар, мөн зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхэд “Даюун” загварын мотоциклыг ашигласан болох нь шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...хамт ажилладаг С.М-ын цэнхэр өнгийн Даюун загварын ява мотоциклыг гуйж авч унаад хамт ажилладаг Т гэдэг залуутай хамт явж кемпийн хашаанаас 500 метр зайд байсан 1 тооны хар сүүлт зээрийг мотоциклоор элдэж хөөгөөд 3-4 км орчим явахад зээр бахардаад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),
шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Тэгээд би ард нь сундлаад А мотоцикл жолоодоод кемпээс 3-4 км явахад замд нэг хар сүүлт зээр зогсож байсныг араас нь элдээд нэлээн явсан. Тэгж байгаад нөгөө зээр нь бахардаад унасан чинь мотоцикл зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
гэрч С.М-ын “...А гэх хүнээс дараа нь асуухад тус компанид ажилладаг байсан хүн болох Т гэх хүнтэй хамт чиний мотоциклоор явж ан хийсэн гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 48-50 дахь тал) гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд “Даюун” загварын мотоциклыг ашигласан болох нь дээрх мэдүүлгийн нотлох баримтаар тогтоогдсон хэдий ч уг мотоцикл С.М-ын өмчлөлд болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “...” ХХК гэх газар хөлсний ажилчнаар барилга дээр туслах хийхээр ирсэн. Ирээд удалгүй А гэх хүнтэй танилцсан. Би ирэхдээ өөрийн мотоциклоороо ирсэн...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн үнийг “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ӨмЦ-24-414 дугаартай хөрөнгө, үнэлгээгээр 1,425,000 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 712,500 (долоон зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгч нарын хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахыг Дундговь аймаг дахь болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь амьтны аймагт учруулсан хохиролд 2,820,000 (хоёр сая найман зуун хорин мянга) төгрөг, шүүгдэгч Т.Т нь амьтны аймагт учруулсан хохиролд 3,330,000 (гурван сая гурван зуун гучин мянга) төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Ц-ын А, Ө овгийн Т-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 5900 (таван мянга есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,900,000 (таван сая есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 5700 (таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т шүүхээс оногдуулсан 5,900,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Т-т шүүхээс оногдуулсан 5,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Т.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас амьтны аймагт учруулсан хохиролд 510,000 (таван зуун арван мянга) төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюун” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1,425,000 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.А, Т.Т нараас тус бүр 712,500 (долоон зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгч нарын хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахыг Дундговь аймаг дахь болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.А, Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь амьтны аймагт учруулсан хохиролд 2,820,000 (хоёр сая найман зуун хорин мянга) төгрөг, шүүгдэгч Т.Т нь амьтны аймагт учруулсан хохиролд 3,330,000 (гурван сая гурван зуун гучин мянга) төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ