Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/50

 

 

Д.Батбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Яллагдагч Д.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/522 дугаар шүүгчийн захирамжтай Д.Батбаярт холбогдох 1934005080022 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Д.Батбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 9 хоногийн магадлагаа, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Г.Мөнхбатаас, Улаанбаатар хотоод байрлах СБ клиник гэх нэртэй эмнэлгээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 21-ний өдрийг хүртэлх 9 хоногийн магадлагааг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 9 хоногийн магадлагааг Төв аймаг Баруун Зуунмод эмнэлгийн эмч Ц.Мөнхтуяагаас тус тус хуурамчаар бүрдүүлж,  Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дээрх нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/522 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хайнчиг овгийн Дагвадоржийн Батбаярт холбогдох эрүүгийн 1934005080022 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Хайнчиг овгийн Дагвадоржийн Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна.

Үүнд:

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн хүсэлт, шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт, улсын яллагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад яллагдагч Д.Батбаяр нь тухайн цаг хугацаанд тус эмнэлэгээр үйлчлүүлж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тус эмнэлгийн хаяг байршил, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эсэх талаар шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж үзлээ гэж дүгнэн прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй ямар ажиллагаа хийлгэх нь тодорхой бус байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлага хангаагүй.

Мөн яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хууль журмын дагуу бэхжүүлж цуглуулаагүй шинээр гаргаж өгсөн 3 хуудас нэр хаяг, тодорхойгүй зургийг нотлох баримтаар үнэлж, түүнийг шалгуулахаар буцаасан зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар яллагдагч Д.Батбаярын үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх бүрэн боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ..."Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана" гэснийг зөрчиж. яллагдагч Д.Батбаяраас гаргаж өгсөн 3 хуудас баримтыг шалгуулах шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж байгаа талаархи шийдвэрээ танилцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 522 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Хэргийг анхан шатны шүүхээс буцаахдаа яллагдагчаас гаргаж өгсөн 3 хуудас баримтыг шалга гэсэн. “СБ” эмнэлгийн байршлын талаар Д.Батбаяр гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ янз бүрээр мэдүүлдэг. Мэдүүлгийг тухай бүр нь шалгахад уг эмнэлгийн байршил тогтоогддоггүй. Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөлгүй гаргасан. Шийдвэртээ эсэргүүцэл гаргах эрхтэйг зааж өгөөгүй. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Д.Батбаяр гаргасан тайлбартаа: Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хоёр зүйлээр намайг буруутгадаг. 1-т аймгийн эмнэлгээс, 2-т Улаанбаатар хотын “СБ” эмнэлгээс хуурамч нотлох баримт гаргуулж авсан гэж буруутгадаг. Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд “СБ” гэдэг нь товчилсон нэр байж магадгүй гэдэг талаар би мөрдөгчид хэлж байсан. Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй эмнэлэг үйл ажиллагаа явуулаад ашиг олно гэж байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Анхан шатны шүүхийн шүүгч намайг “СБ” эмнэлгийг та өөрөө олж өгөөрэй гэж хэлсэн гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Батбаярт холбогдох эрүүгийн 1934005080022 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Д.Батбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “яллагдагч Д.Батбаярын хүсэлт, шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт, улсын яллагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад яллагдагч Д.Батбаяр нь тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “СБ” клиникээр үйлчлүүлж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тус эмнэлгийн хаяг байршил, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эсэх талаар шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж үзлээ.” гэж дүгнэн яллагдагч Д.Батбаярт холбогдох хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “СБ” клиник нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахад хэргийн материалд авагдсан 2019 оны 01 сарын 30-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын №02-03/460 дугаартай албан бичигт " ... 2.Эмнэлгийн магадлагаа олгосон СБ клиник эмнэлгийн байршил тодорхойгүй, шалгуулагчийн хэлснээр Ulaanbaatar Palace-ийн эргэн тойронд уг эмнэлэгт олдоогүй..." /хх-ийн 69 хуудас/,

Эрүүл мэндийн яамны 2019 оны 04 сарын 16-ны өдрийн №5/1539 дугаартай албан бичигт “Манай яамнаас “СБ клиник” гэх нэртэй эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй ...” /2 хх-ийн 17 хуудас/,

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн №1/315 дугаартай албан бичигт “ ...“СБ клиник” нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болно.” гэх зэрэг баримтуудаар уг эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдоогүй, түүнчлэн яллагдагч Д.Батбаяр нь тус эмнэлгийн байршил, хаягийг олон янзаар мэдүүлж байсан байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд дээр яллагдагч Д.Батбаяраас гаргаж өгсөн 3 хуудас баримтад үндэслэн эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэснийг ноцтой зөрчсөн байна.   

Анхан шатны шүүх Д.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэлгүйгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана” гэснийг зөрчсөн байна. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/522 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Д.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

    ШҮҮГЧИД                                           Т.ЭНХМАА

 

                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ