Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШТ2017/00026

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталсан, Х овогт Ж-н Н-ид холбогдох эрүүгийн 201715010062 дугаар, 146/2017/0025/Э/ индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын 1 дүгээр баг “Их бүрд” гэх газар оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овогт Ж-н Н-. /РД: ......./    

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр .... суманд аялаж явсан ...... улсын иргэн С-н самсунг маркийн гар утасыг нь өлгүүрт байсан хувцасны кармаанаас нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ:  Халуун усанд орж байгаа гадаад хүний утас гэдгийг мэдэж байсан. Өлгүүрт байсан хувцасны халааснаас нь утасыг нь хулгайлж авсан бөгөөд дараа нь гар утсыг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч С-н 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ...Монгол улсын .... суманд аялалаар явж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувцасныхаа кармаанаас гар утсаа алдсан. 05 сарын өмнө 200 евро буюу монгол мөнгөөр 600000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо тэр үнээр нь үнэлнэ. Миний хувьд утасаа бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Утас одоо зүгээр ажиллаж байгаа... гэжээ.  /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18 дугаар хуудас/

Шинжээч томилж үнэлгээ гаргуулах тогтоол /хх-19 дүгээр хуудас/

Samsung маркийн гар утасны үнэлгээ /хх-ийн 20 дугаар хуудас/

Ж.Нийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр .... суманд аялаж явсан ...... улсын иргэн Э-гийн самсунг маркийн гар утасыг нь өлгүүрт байсан хувцасны кармаанаас нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Э-гийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тогтоол, гар утсыг буцаан өгсөн тэмдэглэл, гар утасны үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Нийг бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Н нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр /хх-35 хуудас/ гаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна. Дээрх үндэслэлийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дүгээр зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж-н Н-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ж-н Н-ид Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Ж.Нид урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА