Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 319

 

З.П-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 450 дугаар магадлалтай, З.П-т холбогдох 1706025610178 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт З-ийн П.

З.П- нь 2017 оны 07 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ю- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 1.750.000 төгрөг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.П-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...залилах гэмт хэргийг...” гэснийг “...бусдыг хуурч залилах гэмт хэргийг...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд дээд шатны прокурор Ц.Батболд гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдаа гэж үзэх боломжгүй болно. Мөн давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлийн үндэслэл, утга агуулгыг санаатайгаар, илт мушгин гуйвуулж тайлбарлан хэрэгсэхгүй болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5-д заасан заалтуудыг ноцтой зөрчин анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл нь шийтгэх тогтоолоор ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь буруу гэсэн агуулгаар бичигдсэн бөгөөд магадлал үүнийг хүлээн авсан атлаа эсэргүүцэл үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Шүүх хуралдаанд оролцсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа хэргийн материалтай сайн танилцаагүйгээс гадна шүүх хуралдаанд З.П-ыг тэнсэх саналтай гэсэн буруу санал хэлж, эсэргүүцлийн агуулгыг буруугаар тайлбарласан нь үүнд нөлөөлжээ. Иймд магадлалд эсэргүүцлийг хүлээн авч гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурор Ц.Батболдын гаргасан эсэргүүцлийг үндэслэн З.П-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.П- нь 2017 оны 07 дугаар сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хохирогч П.Ю-ыг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориуд бий болгон 1.750.000 төгрөг залилан авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс З.П-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулахаар тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дурдсан атлаа тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэхээр заасан нь шүүх хэргийн талаар хийсэн өөрийн дүгнэлтийг агуулгын хувьд үгүйсгэсэн бус гагцхүү бичилтийн хувьд алдаатай тусгагдсан байх тул зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, уг зөрчил нь хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт болон шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлэхээргүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй техникийн шинжтэй алдаа байна гэж үзэн давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.П- нь хохирогч П.Ю- 2017 оны 07 дугаар сарын эхэнд авсан 1.750.000 төгрөгийн 700.000 төгрөгийг тухайн сарын сүүлээр буцаан өгсөн бөгөөд залилах хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг 1.050.000 төгрөг гэж тооцох байтал яллах дүгнэлт, шийтгэх тогтоол болон магадлалд анх авсан мөнгөн дүнгээр буруу тогтоосон байгааг тэмдэглэх нь зүйтэй. Харин ийнхүү зөвтгөн дүгнэж байгаа нь шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, шүүхээс оногдуулсан ял шийтгэлд нөлөөлөхгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын Ц.Батболдын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 450 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Батболдын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН