Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0212

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Халиун, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.4, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Халиуны нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гэж өөрчлөн хангаж, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаалд томилох гэж өөрчлөн хангаж,

 3 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.18 47.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Халиун, Ц.Саранцэцэг нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг нийт 140400 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 35100 төгрөгийг нөхөн төлүүлж Н.Халиунд, 70200 төгрөгийг нөхөн төлүүлж Ц.Саранцэцэгт буцаан тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Н.Халиун, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Халиуны нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үндэслэлийн хувьд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…Харин хариуцагчаас байгууллагын бүтцэд хамаарах ажлын байрны жагсаалтыг нэрчлэн батлаагүй байхдаа нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн нь буруу болжээ. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар бөгөөд харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байхад нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдэх эсэх, уг орон тоог хасах эсвэл цөөрүүлсэн талаар шийдвэр гаргахгүйгээр байгууллагын бүтэц баталсан сайдын тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. ...Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс уг тушаалыг хүчингүй болгосон хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр түүнийг ажилд эгүүлэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ...олгоно.” гэж заасны дагуу тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүйд тооцох тухай” Б/70 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан эсрэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж дүгнэсэн боловч хэргийн бодит байдлыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг Б/70 тоот тушаалаар хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн аваагүй тул шүүх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Хариуцагчийн Б/70 тоот тушаал гаргаж байгаа нь хэлбэрийн төдий буюу гадаад илэрхийллийг бий болгосноос өөрөөр бодитой үр дагаварт чиглэгдээгүй юм. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалын 2 дах хэсэгт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/42 тоот тушаалаар баталсан орон тооны хязгаарт багтаан зохих албан тушаалд томилохыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасугай” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Газрын даргын Б/70 тоот тушаалаар хэнийг зохих албан тушаалд томилохыг тодорхой заагаагүй, түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” бүрэн эрх нь агентлагийн даргын буюу манай хэрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын эрх хэмжээ тул “зохих албан тушаал томилох”-ыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан нь хууль зөрчсөн. Үүнээс шалтгаалан Тамгын газрын дарга зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадахгүй байгаа гэж үзэж ч болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоогдсон гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хариуцагчаас гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч бодит байдал дээр ажилд томилогдоогүй байхад ийнхүү шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоогоогүй орхисон нь талууд дахин маргаан гаргах нөхцөлтэйгөөр үлдээсэн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тогтоодог журамтай. Энэ асуудлыг нээлттэй үлдээснээр хариуцагч бага хэмжээгээр цалин хөлс тогтоох, нэхэмжлэгч өөрийн байр сууриа илэрхийлэх энэ асуудалд маргаан гаргах үндэслэлтэй байхад шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үндэслэлийн хувьд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иймд нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийг түүнийг ажлаас чөлөөлсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэг тогтоолгох шаардлагын тухайд ажлын байрны нэр, чиг үүрэгт өөрчлөлт орсон байх тул чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаал томилох, ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ...олгоно” гэж заасны дагуу тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/13 тушаалаар Ц.Саранцэцэгийг ажлаас чөлөөлсөн нотлох баримт хавтаст хэрэгт байсан боловч шүүх түүний тушаалыг Б/07 хэмээн буруу бичиж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын газрын хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь өөрчлөгдөн зохион байгуулагдан нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн ажлын байр, албан тушаалын нэрийг өөрчлөн Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зэргээр хэлбэрийн төдий өөрчилсөн байна. Энэхүү өөрчилсөн үйлдэл нь тухайн албан тушаал, ажлын байр, ажлын байрны чиг үүрэг хасагдсан гэх ойлголт биш бөгөөд зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан хууль зүйн үндэслэл нь “орон тоо хасагдсан” гэх үндсэн хууль зүйн нөхцлийг заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул өөрчилсөн нэрээр албан тушаал, ажлын байранд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх адилтгах албан тушаалд томилуулахаар хариуцагчид даалгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Ц.Саранцэцэгийн Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь урьд эрхэлж байсан Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай ажил, чиг үүргийн хувьд хамгийн ойролцоо, зөвхөн тусламжийн утас хариуцсан чиг үүрэг нь өөр газарт шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн адилтгах албан тушаал нь Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоогоогүй орхисон нь талууд дахин маргаан гаргах нөхцөлтэйгөөр үлдээсэн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тогтоодог журамтай. Энэ асуудлыг нээлттэй үлдээснээр хариуцагч бага хэмжээгээр цалин хөлс тогтоох, нэхэмжлэгч өөрийн байр сууриа илэрхийлэх энэ асуудалд маргаан гaprax үндэслэлтэй байхад шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нарт холбогдуулан захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/07, Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, 2016 оны Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцжээ. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчлөн байгуулжээ.  

Дээрх тогтоолуудын дагуу Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/57 дугаар тушаалаар тус байгууллагын ажилтан, албан хаагчдыг тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хүүхдийн төлөө үндэсний газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/68 дугаар тушаалаар баталсан бүтцээр тус газар нь дарга, дэд дарга, тамгын газар-14 /захиргаа, хүний нөөцийн алба, олон нийт түншлэл хамтын ажиллагааны алба, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтийн алба, нийтлэг үйлчилгээний албатай/, Хүүхэд, гэр бүлийн бодлого хэрэгжилтийн газар-8, Бодлого судалгаа, төсөл хөтөлбөрийн газар-5, Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн технологийн газар-6 гэсэн бүтэцтэйгээр нийт 35 орон тоогоор ажиллаж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” нь дарга, дэд дарга, Тамгын газар-15 /хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Гадаад харилцааны алба, Хуулийн алба, Санхүү аж ахуйн албатай/, Гэр бүл хөгжлийн газар-4, хүүхдийн хөгжил, хамгааллын газар-6, Залуучуудын хөгжлийн газар-4, Хяналт шинжилгээ, үнэлгээний газар-4 гэсэн бүтэцтэйгээр орон тооны хувьд мөн адил 35 байхаар баталжээ.

Дээрх байдал нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “орон тооны хувьд өөрчлөлт ороогүй байна” гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч Н.Халиуны тухайд түүний ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсан боловч харин орон тооны хувьд өөрчлөлт ороогүй байна.

Нэгэнт орон тооны хувьд өөрчлөлт ороогүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Хэдийгээр “Захиргаа, хүний нөөцийн алба” татан буугдсан, нэхэмжлэгч Н.Халиуныг даргаар ажиллуулах боломжгүй боловч түүний хэрэгжүүлж байсан “чиг үүрэг” хэвээрээ хадгалагдан үлдсэн байна.

“Хариуцагч өөрийн алдааг залруулж, 2016 оны Б/07 дугаар тушаалаа хүчингүй болгосон тул түүнийг албаны даргаар ажиллуулах ёстой” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор татан буугдсан байна. Нэгэнт тухайн байгууллагын бүтцэд байхгүй албыг нэг хүнд зориулан дахин бий болгох боломжгүй. Харин  тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу Тамгын газарт хамаарах албан тушаал /хүний нөөц, судалгаа мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн/-д томилохоор 2016 оны Б/70 дугаар тушаалыг гаргасан, энэ нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бий болгож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч Н.Халиуныг томилох эрх Тамгын газрын даргад бий эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” бүрэн эрх нь агентлагийн даргын буюу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын эрх хэмжээнд хамаарах юм. 

Иймд маргаан бүхий акт болох 2016 оны Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Харин Б/70 дугаар тушаалаар Б/07 дугаар тушаалаа хүчингүй болгосон тул уг тушаалыг шүүх хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. Ажилгүй байсан хугацаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бус зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин давж заалдах гомдолд дурдсанчлан  “сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс” бодож олгох боломжгүй гэж үзэв. Иймд Н.Халиуны тухайд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн “ахлах мэргэжилтэн”-ийн цалин хөлстэй тэнцэхүйц хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг нэхэмжлэгчийн хувийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Халиун уг тэтгэлгийг авахыг хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсвэл хариуцагчийн санал болгосон ажилд үргэлжүүлэн ажиллах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй, хариуцагч Н.Халиуныг “ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулбал урьд шилжүүлсэн 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг суутган тооцох ёстой болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/13 тушаалаар Ц.Саранцэцэгийг ажлаас чөлөөлсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхад “Б/07” тушаал хэмээн буруу бичсэнийг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Саранцэцэг нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар тус газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажилласан байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хүүхдийн төлөө үндэсний газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/68 дугаар тушаалаар баталсан бүтцээр нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн эрхэлж байсан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Хүүхэд гэр бүлийн бодлого, хэрэгжилтийн газарт хамаарч байсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар уг газар нь татан буугдаж, Гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил хамгааллын газар болж өөрчлөгдсөн байна.

Хариуцагч талаас Ц.Саранцэцэгийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж маргах боловч түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон шийдвэртэй маргаагүй, уг тушаалыг хүчингүй болгоогүй, энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар бөгөөд харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байхад нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдэх эсэх, уг орон тоог хасах эсвэл цөөрүүлсэн талаар шийдвэр гаргахгүйгээр нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг нэхэмжлэгчийн хувийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Саранцэцэг уг тэтгэлгийг авахыг хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсвэл хариуцагчийн санал болгосон ажилд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй, хариуцагч Ц.Саранцэцэгийг үргэлжлүүлэн ажиллуулбал урьд шилжүүлсэн 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг суутган тооцох ёстой болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Саранцэцэгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан бөгөөд түүний гомдолд дурдсанчлан Ц.Саранцэцэгийн ажиллах албан тушаалыг шууд нэрлэн заах боломжгүй. Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тогтоон олгох боломжгүй, харин томилогдсон албан тушаалынхаа тохирох сүлжээ, шатлалаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх цалингаа авах эрхтэй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасан “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож” хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Н.Халиуны нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гэж өөрчлөн хангаж” хэмээн, 2 дахь заалтад “...нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаалд томилох гэж өөрчлөн хангасугай” хэмээн тус тус бичсэн байна. Ингэснээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч өөрөө өөрчилж, улмаар тэрхүү өөрчилсөн шаардлагаа хангаж шийдвэрлэж буй мэт ойлгогдохоор байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт найруулга, бичиглэлийн өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.4, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Халиуны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1” гэсний дараа “11 дүгээр зүйлийн 11.6” гэж нэмж, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны  09 дүгээр сарын сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг” гэснийг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны  09 дүгээр сарын сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.18” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР