Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/01635

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/01635

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: м.г

хариуцагч:С.К

159 449 602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.м.г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Н.Ууганцэцэг, хариуцагч С.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэгнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.м.г, өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Миний бие С.К ХХК-ид Монгол талыг хариуцсан дэд захирлаар 2014 оны 11 сарын 20-д томилогдон 2015 оны 3 сарын 13 хүртэл ажилласан.Ажиллах хугацаандаа компанийн Дорнод аймаг Матад сумын нутагт байрлах уурхайг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хариуцаж, хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан. 2015 оны 2 сард компанийн удирдлагууд Монгол Улсад байгаагүй ба компанийн гүйцэтгэх захирал Баянтэнэгэр Хятад Улсад явахдаа үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө мөнгийг надаас гаргуулаад дараа нь буцааж өгөхөөр тохиролцсоны үндсэн дээр 1. 2015 оны 2 сарын 3-ны өдөр 52 737 402 төгрөг, 2. 2015 оны 2 сарын 10-ны өдөр 110 000 юань буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 34 472 900 төгрөг, 3. 2015 оны 2 сарын 11-ний өдөр 40 769 300 төгрөг, 4. 2015 оны 3 сарын 2-ны өдөр 31 470 000 төгрөг бүгд 159.449.602 төгрөгийг компанид өгч түр хэрэглүүлсэн. Мөнгийг компанийн нягтлан бодогч Х.Энхсаруулд тухай бүр бэлнээр хүлээлгэн өгч, бэлэн мөнгөний орлогын баримтаар баталгаажуулсан. С.К ХХК-ийн хөрөнгө оруулагч удирдлагууд дараа буцааж төлөх нөхцөлтэйгээр дээрх 159.449.602 төгрөгийг надаас гаргуулж, компанийн үйл ажиллагаанд оруулж зарцуулсан. Тэр мөнгийг буцааж төлөх хугацааг нарийн тохиролцоогүй боловч ойролцоогоор 2-3 сарын дотор эгүүлж төлөхөөр харилцан ойлголцсон. Гэвч уг хугацаа өнгөрснөөс хойш зээлээ буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч С.К ХХК нь одоог хүртэл зээлсэн мөнгөө эгүүлж төлөөгүй. Зээлдүүлэгч М.м.г миний зүгээс зээлийг буцаан төлөх хангалттай урт хугацаа олгосон бөгөөд С.К ХХК нь надаас зээлсэн мөнгөө сайн дураар буцаан төлөхгүй байх тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Энэ бол миний хувийн мөнгө, би Ли маурентэй газар дээрээ барилгын бизнес эрхлэхээр хамтран ажиллахаар тохиролцож ажилласан, 60сая юань өгөх байснаа болиод уурхайн ажилд 1 тэрбум төгрөг өгөхөөр тохирсон, би ажилгүй учир урамшууллаа ярихад намайг валютын данс нээ гээд 1 сарын 30-ны өдөр тохиролцсон мөнгө юм.

Иймд С.К ХХК нь М.м.г надаас 2015 оны 02 сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 сарын 02-ны өдрийн хооронд дөрвөн удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан нийт 159.449.602 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон гаргуулж өгнө үү. Хариу тайлбар нь илт үндэслэлгүй тайлбар гаргаж байна. м.г 2 сарын 3-д ажлаасаа чөлөөлөгдчихсөн байсан, С.К компани эхний зээлийг авмагц 2 сарын 5-ны өдөр ажилд нь буцааж томилсон. Нөгөө талаар компаний хөрөнгө оруулалт гэдэг нь нотлогдохгүй. 2 сарын 6-ны өдөр тус компани валютын данс нээлгэсэн. м.гт санхүүгийн гүйлгээ хийх, гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан. м.гийн данснаас 60 000 юань үлдээгээд 4 удаагийн үйлдлээр хийгдсэн байдаг. Гүйлгээний утга м.гөөс гэсэн, Ли маурен Ли ричард гэж байхгүй. Ли маурен тус компанийн хөрөнгө оруулагч биш, Хятадад бизнес эрхэлдэг гадаад хүн. Компани Монгол Улсын хуульд захирагдана. Хөрөнгө оруулалтыг хувь хүний дансаар хийдэггүй. Хятад Улсын банкнаас Монгол Улсын банкны дансаар дамжин хийгдэнэ. Дуу авианы бичлэг нотлоно. 1 сарын 30-д санхүүжилтгүйн улмаас ажилтнуудаа халсан. 2015 оны 4 сарын 2-д 15 саяын машинаа нэхэж м.гийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.К ХХК-д М.м.г нь дэд захирлаар ажиллаж байсан, 2015 оны 02 сарын 03-наас 2015 оны 03 сарын 02-ныг хүртэл хугацаанд түүнээс мөнгө зээлж хэрэглэж байсан зүйл байхгүй. С.К ХХК-ийн хөрөнгө оруулагчдаас М.м.гийн Хаан банкны 0610040629200108272 дансанд 2015 оны 02 сарын 03-ны өдөр 170.000 юань, 2015 оны 02 сарын 10-ны өдөр 300.000 юань, 2015 оны 03 сарын 02-ны өдөр 100.000 юань шилжүүлснийг С.К ХХК-ий үйл ажиллагаанд зарцуулж ирсэн. Манай компаниас М.м.гт 159.449.602 төгрөг төлөхөөр гэрээний үүрэг болсон ямар нэгэн тохиролцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт 2015 оны 02 сарын 03-наас 2015 оны 03 сарын 02-ны хооронд 4 удаагийн шилжүүлэг хийсэн байдаг. М.м.гийн дансанд орж ирсэн тухайн юань, монгол төгрөгийг Баянтэнэгэр захирал хүлээж авсан болохоос зээлийн харилцаа гэж байхгүй. Мөнгө шилжүүлсэн үйл баримт дээр маргахгүй байгаа. С.К ХХК-ийн гэрч Xiao Degui мэдүүлэхдээ Эрээн хотоос м.гийн данс руу мөнгийг шилжүүлэхдээ Ли маурений мөнгийг энэ дансруу шилжүүл гэснээр нь хийсэн, м.гийг таньж мэдэхгүй гэдэг,компаний нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Энхсаруул Хятад Улсаас ирсэн юанийг төгрөг болгон Баянтэнэгэр захиралдаа өгснийг мэдүүлдэг. м.г 1 сарын 30-д ажлаас чөлөөлөгдчихсөн байсан. 2014 оны 11 сарын 20-ноос 2015 оны 3 сарын 15 хүртэл дэд захирлаар ажиллаж байсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан. Албан үүргийнхээ хувьд мөнгийг хүлээж авч тушаасан. Ли мaoрeн компаний үүсгэн байгуулагч байсан БНХАУ-ын иргэн Li Richard-ын аав тул хүүгийнхээ өмнөөс компанид хөрөнгө оруулалт хийсэн. Ли маорен, Ли ричард, м.г 3-ын хооронд ямар нэг үүрэг хүлээсэн хэлцэл байхгүй тул компаний үйл ажиллагаанд зарцуулагдахаар орж ирсэн мөнгө юм. Энэ мөнгөнөөс өмнө болон дараа нь өөр м.гийн дансаар мөнгө шилжиж байсан зүйл байхгүй. Баянтэнэгэр Монгол Улсад анх удаа ирсэн, Монгол Улсыг сайн мэдэхгүй байсан. Зээлийн гэрээ байгуулагдсан зүйл байхгүй. Гэрч Энхсаруул компанид зээлдүүлсэн гэдэг үг хэлээгүй гэдэг. Санхүүгийн тайланд бусдад төлөх өр 3 тэрбум гэдэг нь м.гийн өр гэдэг нь нотлогдохгүй. гэв.

Хэрэгт хуулийн шаардлага хангаж цугларсан баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.м.г хариуцагч С.К ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 159 449 602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт шаардлагаа дэмжиж оролцов.

Хариуцагч С.К ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрч компани нэхэмжлэгчээс мөнгө зээлж хэрэглэсэн зүйл байхгүй, компаний хөрөнгө оруулагчдаас М.м.гийн дансаар юань шилжүүлснийг компани үйл ажиллагаандаа авч зарцуулсан, мөнгө төлөх үүрэггүй гэж маргана.

Гадаадын хөрөнгө оруулалттай С.К ХХК нь 2007 оны 3 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2014 оны 8 сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 сарын 28-ны хооронд үүсгэн байгуулагч, 100 хувь хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Ли Ричард /Li Richard/ болсон, дахин 2016 оны 12 сарын 28-ны өдрөөс өөрчлөгдөж одоо Британийн Виржини арлуудын River One Resources Limited болсон байна. Гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Bayintenigeer 2015 оны 2 сарын 2-ны өдрөөс 2017 оны 7 сарын 20 хүртэл бүртгэлтэй/ хэргийн 59-63дахь тал/ байжээ.

Иргэн М.м.г С.К ХХК-д 2014 оны 11 сарын 20-ны өдрөөс Монгол талыг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж 2015 оны 1 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, дахин 2015 оны 2 сарын 5-ны өдөр дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж 2015 оны 3 сарын 13-ны өдөр ажил албан тушаалаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлон, М.м.гөөс С.К ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын 2015 оны 2 сарын 11-ий өдрийн 40 769 300 төгрөгийн, 2015 оны 2 сарын 03-ны өдрийн 52 737 402 төгрөг, 2015 оны 3 сарын 2-ны өдрийн 31 470 000 төгрөг, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн 34 472 900 төгрөгийн баримтууд /хэргийн 7-8дахь тал/ ирүүлсэн, эдгээр баримтуудаар мөнгийг тус тус хариуцагч компани хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, харин энэ хэний мөнгө болох, буцааж төлөх үүрэгтэй эсэхэд талууд маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудыг үнэлээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хариуцагч талаас ирүүлсэн /хэргийн 32-41дэх тал/ орчуулга хийгдсэн Хятадын үйлдвэр худалдааны банкны цахим банкны орлогын 2015 оны 2 сарын 3-ны өдрийн 10 цаг 40 минутад 0014-0272-8825-0147 дугаартай 170 000 юань, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн 13 цаг 09 минутад 0014-0766-6465-0142 дугаартай 300 000 юаньий баримтаар тус тус Гуан дун дун гуань салбар банкны тооцооны төв Ke Zhongqu-гийн картнаас Шилийн гол аймаг Эрээн хот тооцооны төвийн ажлын өрөө Xiao Degui-гийн картанд шилжүүлсэн.

Мөн тус банкны Xiao Degui-гийн картны дээрх данснаас Монгол Улсын ХААН банк 0610040629200108272 дугаар дансанд 2015 оны 2 сарын 3-ны өдөр 14 цаг 58 минутад 170 000 юань, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн 15 цаг 13 минутад 300 000 юань, 2015 оны 3 сарын 2-ны өдрийн 14 цаг 33 минутад 100 000 юань шилжүүлсэн тухай мөнгөн гуйвуулга 6393 шилжүүлэг,

М.м.г 2015 оны 2 сарын 2-ны өдөр ХААН банкны 5124019936 дугаар юанийн хугацаагүй хадгаламжийн данс нээлгэсэн/хэргийн 181дэх тал/, 5124019936 дугаар дансанд Xiao Degui-гээс 2015 оны 2 сарын 3-ны өдөр 170 000 юань, 2015 оны 2 сарын 10-ны өдөр 300 000 юань, 2015 оны 3 сарын 2-ны өдөр 100 000 юань тус тус шилжин орж ирсэн, энэ мөнгөнүүд 2015 оны 2 сарын 3, 2015 оны 2 сарын 10, 11, 2015 оны 3 сарын 2-ны өдрүүдэд дүнгээрээ зарлагадсан /хэргийн 94дөх тал/ байна.

Хариуцагч талын хүсэлтээр ирүүлсэн гэрч БНХАУ-ын иргэн Xiao Dejui-н мэдүүлэгт,.. Хонконгийн Ли мaoрeн-г би танина, найз нөхдийн холбоотой. Хонконгоос Ли маурен захирал над руу мөнгө ирүүлсэн, Ли маурен захирлын мөнгийг Монгол Улс руу надад өгсөн 0610040629200108272 дансанд нь шилжүүлсэн. Нэр өгөөгүй, М.м.гийг танихгүй, харилцаа холбоо байхгүй. Тухайн үед Хятадаас мөнгө шилжүүлэхэд банк юуны мөнгө гэж шаарддаг тул арьс шир гэж бичсэн. Ли маурен захирлын Гуандун дахь компанийн санхүүгийн даргын хувийн картнаас над руу мөнгө шилжүүлсэн. Ли маурен утсаар надруу яриад манай компанийн хүн мөнгө шилжүүлнэ гэсэн юм. 3 удаа буюу 100 000, 170 000, 300 000 юань шилжүүлснийг 3 удаа өгсөн данс руу нь шилжүүлсэн. Хааш нь хэнд шилжүүлснийг асуугаагүй, мэдээгүй шилжүүл гэсэн дансанд нь хийсэн. Ли мауренээс энэ мөнгөнүүдээс өөр мөнгө би шилжүүлдэг байсан. Ли маурен мөнгө шилжүүлэхдээ юүнд хэрэглэхээ хэлдэггүй, зөвхөн дансны дугаар өгдөг байсан, найз учир би асууж шаардаагүй ../хэргийн 68-70дахь тал/гэжээ.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр ирүүлсэн гэрч Х.Энхсаруулын мэдүүлэг /хэргийн 44-46 дахь тал/-т, ..Би 2015 оны 2-р сарын 1-ий өдрөөс С.К ХХК-д нягтлан бодогчоор Баянтэнэгэр захирлын тушаалаар ажиллаж эхлэсэн. М.м.г ерөнхий захирал байсан байх, санхүүгийн баримтад гарын үсэг зурдаггүй байсан. Баянтэнэгэр захирал мөнгөө барьдаг байсан. Баянтэнэгэр м.г надад бэлэн мөнгө авчирч өгөөд компанид орлогодох ёстой гэсэн. Би хүлээн авч тоолоод тэр мөнгийг буцаагаад Баянтэнэгэр авч явдаг байсан. Хэргийн 7-8-р хуудаст авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтыг би үйлдсэн. Энэ мөнгөнүүдийг өгч авахад Баянтэнэгэр М.м.г бид 3 байдаг байсан. Компанийн дансаар мөнгө ордог байсан эсэхийг мэдэхгүй. м.г тэр мөнгөнүүдийг юань орж ирснийг төгрөг болгож авчирдаг байсан. Юань гэж бичсэн нь тэдэн юаньтай тэнцэнэ гэж л бичсэн.. гэжээ.

Эдгээр баримтуудаас үзэхэд, Хонконгийн Ли мaoрeн-ий мөнгө болох 100 000, 170 000, 300 000 юань-ийг Монгол Улсын ХААН банкны дансруу шилжүүлүүлэхээр БНХАУ-ын иргэн Xiao Dejui хувийн картанд ирүүлснийг Xiao Dejui хүлээн авч, тэр даруйд нь Ли мaoрeн-ий өгсөн Монгол Улсын ХААН банкны дансанд шилжүүлсэн, М.м.г 2015 оны 2 сарын 2-ны өдөр ХААН банкны 5124019936 дугаар юанийн хугацаагүй хадгаламжийн данс нээлгэсэн ба 5124019936 дугаар дансанд Xiao Degui-гээс 2015 оны 2 сарын 3-ны өдөр 170 000 юань, 2015 оны 2 сарын 10-ны өдөр 300 000 юань, 2015 оны 3 сарын 2-ны өдөр 100 000 юань тус тус шилжин орж ирсэн, энэ талаар талууд маргаагүй болно.

М.м.г өөрийн хадгаламжийн дансанд орсон мөнгөнөөс С.К ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын 2015 оны 2 сарын 11-ий өдрийн 40 769 300 төгрөгийн, 2015 оны 2 сарын 03-ны өдрийн 52 737 402 төгрөгийн, 2015 оны 3 сарын 2-ны өдрийн 31 470 000 төгрөгийн, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн 34 472 900 төгрөгийн баримтуудаар бүгд 159 449 602 төгрөгийг, баримтад м.гөөс гэсэн утга бичигдэж, С.К компанийн санхүүд өгсөн нь Хонконгийн Ли мaoрeн-ий БНХАУ-ын иргэн Xiao Dejui-гээр дамжуулан М.м.гийн хувийн дансыг зааж явуулснаар Xiao Dejui шилжүүлсэн мөнгө байна.

Маргаж буй мөнгийг хариуцагч талын өөрийн компанийн хөрөнгө оруулагчийн мөнгө гэх тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтаар гадаадын хөрөнгө оруулалттай С.К ХХК нь Хонконгийн Ли мaoрeн гэх хөрөнгө оруулагч байхгүй, 2014 оны 8 сарын 29-ий өдрөөс 2016 оны 12 сарын 28-ныг хүртэл хугацаанд үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж байсан БНХАУ-ын иргэн Li Richard-ын хөрөнгө оруулалтын мөнгө гэх үндэслэл ямар нэг баримтаар нотлогдохгүй, Ли мaoрeн компаний үүсгэн байгуулагч байсан БНХАУ-ын иргэн Li Richard-ын аав гэх баримтгүй, эцэг нь хүүгийнхээ өмнөөс компанид хөрөнгө оруулсан гэх үйл баримт эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын тайлбараар бусад үед М.м.гийн дансаар компаний мөнгийг шилжүүлэх үйлдэл гарч байгаагүй байна.

С.К ХХК нь 2015 оны 2 сарын 5-ны өдөр ХААН банкинд 5062128955 дугаартай юанийн /хэргийн196-198 дахь тал/, Голомт банкинд 2715101630 дугаартай ам.долларын дансыг /хэргийн 206-207дахь тал/ данс хөтөлсний хураамж төлөн нээн ажиллагаатай байсан байх тул ажлаас халсан иргэн М.м.гийн хувийн хадгаламжийн дансаар, 2015 оны 2 сарын 03-ны өдөр компанийн хөрөнгө оруулалтын мөнгө шилжүүлэх шалтгаан үндэслэл тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч талын, мөнгийг нь аваад ажилд нь буцаан томилсон гэх тайлбар үгүйсгэгдэхгүй байна гэж үзэхээр байдал болно.

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг ойлгохоор зохицуулсан ба маргаж буй 159 449 602 төгрөгийг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан мөн тайлан блансад тусгасан байдал харагдахгүй, ямар нэг баримтгүй байна.

Нэхэмжлэлд хавсаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12617 дугаар шүүгчийн захирамжаар С.К ХХК-ийн М.м.гт холбогдуулан гаргасан компанийн өмч хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлснээс учирсан хохиролд 35 000 000 төгрөг гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлсэн 159 449 602 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн 2016 оны 7 сарын 1-ий өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 1427 дугаар тогтоолоор, тус компаниас гаргасан гомдлын дагуу М.м.гт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба хэргийг шалгах явцад хийгдсэн ажиллагааны баримтууд, эд мөрийн баримтад хураагдсан СД-д хийгдсэн дуу авианд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт М.м.г Ли маурен гэх хүнтэй гэрээ байгуулсан, түүнээс гэрээнд заасан мөнгө авах талаар яригдаж байсан /хэргийн 114-136, 158-171дэх тал/ байна.

Иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.

С.К ХХК иргэн М.м.гийн хувийн дансанд байсан 159 449 602 төгрөгийг компаний бэлэн мөнгөний орлогын баримтаар 2015 оны 2 сарын 11-ий өдөр 40 769 300 төгрөгийг, 2015 оны 2 сарын 03-ны өдөр 52 737 402 төгрөгийг, 2015 оны 3 сарын 2-ны өдөр 31 470 000 төгрөгийг, 2015 оны 2 сарын 10-ны өдөр 34 472 900 төгрөгийг тус тус хэсэгчлэн авч, компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан, М.м.г мөнгөө өөрөө хүлээлгэн өгсөн үйлдэл нь нэхэмжлэгч шилжүүлэн өгсөн эд зүйлээ буцаан шаардах эрхтэй байдал болж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 41 дүгээр зүйлийн 41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана., 42 дугаар зүйлийн 42.8.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.гэж тус тус зохицуулсны дагуу талуудын хооронд нэхэмжлэгч өөрийн өмч хөрөнгөө хариуцагчид түр хугацаагаар шилжүүлсэн, хариуцагч шилжүүлсэн хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсгэсэн амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Талууд буцааж төлөх хугацаа тохиролцоогүй байх тул Иргэний 283 дугаар зүйлийн хуулийн 283.1.Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.гэж зааснаар нэхэмжлэгч 2017 оны 9 сард шүүхэд С.К ХХК-ийн нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг шаардлага гаргаж байснаас тооцоход хариуцагч авсан мөнгийг нь буцаан төлөх үүрэгтэй.

С.К ХХК-ий үүсгэн байгуулагч 100 хувийн хөрөнгө оруулагч солигдсон байгаа ч тус компаний үйл ажиллагааг эрх залгамжлан үргэлжлүүлж байгаа, энэ талаар хариуцагч маргаагүй тул компанид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С.К ХХК-иас компаний үйл ажиллагаанд зарцуулсан 159 449 602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуульд нийцүүлэн хариуцуулав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.К ХХК-иас 159 449 602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.м.гт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид 955 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ