| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/211 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/211
2025 01 17 2025/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
хохирогч Э.И, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Ат холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 56 тоотод найз охин болох Э.Итай тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж маргалдан, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн гарын сарвуу, баруун тохойд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн болон баруун шуу, баруун мөр, баруун өгзөг, баруун болон зүүн гуяанд цус хуралт, өвчнүүд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Э.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Аын төрсөн өдрийг тэмдэглэчихээд манай гэр лүү амрахаар очсон. Тухайн үед байгаа байдлыг нь ажиглахад нэг охинтой ариун цэврийн өрөөнд юм яриад байсан. Тэгээд би тухайн үед юм хэлээгүй. Тэр охин нь Д.Аын өмнө нь харьцаж байсан охин байсан. Тэгээд гэртээ очоод орондоо ороод би “хоёулаа ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд маргаан болж намайг орноос түлхсэн. “Ойлголцъё” гэхэд миний гараас базаад байсан. Намайг хэд хэдэн удаа түлхэж унагаасан. Тэгээд би модон ширээ мөргөж унасан. Намайг уначихаад байхад цохиод байсан. Би зөндөө уйлсан. Найз нь гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад Д.А “миний буруу” гэж хэлсэн. Хажуу айл паар луу цохиод байсан. Тэгээд хөрш айлын хүн орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь манай найз залуу “намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудахгүй байя гэж бодсон чинь хөрш айлын эгч “толгой чинь хавдсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд чи ямар азаар гэрлээгүй байсан юм бэ гэж хэлсэн. Намайг “шүүх эмнэлэгт үзүүлээрэй” гэж зөвлөгөө өгсөн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Бие, эрүүл мэндээрээ хохирсон” гэв.
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглээд дууссаны дараа Э.Иагийн гэрт очсон. Тэгээд би түрүүлээд унтсан. Намайг сэрэхэд манай дүү яваад найз маань үлдсэн байсан. Э.Иа намайг сэрээж маргаан үүсгэсэн. Тэгээд надад гар хүрч эхэлсэн. Би “чи надад гар хүрсэн учраас одоо би чамаас саллаа” гэж хэлсэн. Тэгээд намайг хазахад нь би холдуулж өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан. Миний зүүн талын гуянаас хазсан. Өмнө нь 6, 9 дүгээр сард гар хүрч байсан. Би өөрийгөө хамгаалсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Э.Игийн мэдүүлэг /хх-ийн 20, 32-р хуудас/, гэрч П.Нын мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч М.Аын мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №2740 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/, гэрч Б.Рын мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч сэжигтэн Д.Аын мэдүүлгийг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэрч П.Нын мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч М.Аын мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №2740 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч Э.И нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 56 тоотод найз охин болох Э.Итай тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж маргалдан, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн гарын сарвуу, баруун тохойд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн болон баруун шуу, баруун мөр, баруун өгзөг, баруун болон зүүн гуяанд цус хуралт, өвчнүүд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Э.Игийн: “...Би найз төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэх гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүүхдийн 100-н тибси гэх газар найз залуу Доржсүрэн А УХ98021937, 88288828 болон түүний найз А, дүү хишгээ нарын хамт тэмдэглэж байсан. Тухайн типи гэх газраасаа гараад Зүү баар руу орж үйлчлүүлж байгаад 01 цаг өнгөрөөгөөд манай гэр болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар хорооллын 5-56 тоотод очиж хоносон. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба гэртээ тасраад унтчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа унтах гэж байхад манай найз залуу гэнэт сэрээд намайг арчаагүй амьтан, чамтай хамт амьдрахыг хүсэхгүй байна гээд газар руу түлхсэн. Би шалан дээр баруун талаараа унасан. Миний биеийн баруун талын гуяны хэсэг хавдсан, баруун гарын шууны хэсэг улайж шархалсан байна, толгой хэсэгтээ 2 хавдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- Хохирогч Э.Игийн дахин өгсөн: “...Би найз залуу Аын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэх гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүүхдийн 100-н Типиси гэх газар найз залуу А болон түүний найз А дүү хишгээ бид дөрөв хамт тэмдэглэж байсан тэгээд типи гэх газраас найз нартай хамт Зуу гэх бааранд орсон тэгээд бид манай гэр лүү явсан, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж амраад байж байхад гэнэт А 5 цагийн үед сэрээд хэрүүл болж байгаад намайг хэд хэдэн удаа түлхэж унагааж аваад цохисон, би өөрийгөө хамгаалаад Аыг хазсан миний гараас чанга барьсан, хэл амаар доромжилсон уураа надад гаргасан. Тэгээд бид хэрэлдэж байсан чинь паар цохисон гэнэт А гараад явсан, тэгээд манай хөрш айлын эгч ороод ирсэн юу болсон зүгээр үү гэж асууж байсан. Тэгээд Аын найз үлдсэн байсан чинь Н эгч нөгөө найзыг одоо яваарай гэж хэлээд цагдаа дуудсан. Би гэртээ ирээд тухайн өдөр Типи гэх бааранд нэг эмэгтэй хүнтэй тусдаа юм яриад байж байхаар нь гэртээ ирээд Ааас асуусан чинь А надтай маргаан үүссэн. Тухайн үед бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед хэнийг ч хаашаа ч цохиж гэмтэл учруулаагүй. Өөрийгөө хамгаалж гарын тавиулах гэж хазсан намайг толгой хэсэг рүү хэдэн удаа цохисон газар руу түлхсэн газар унах явцад ширээ мөргөж унасан байхад толгой руу цохисон, гараас чанга бариад базаад байсан. Түлхэж унах үед баруун гуя хөлийн доод хэсэгт хөхөрсөн, нурууны доод хэсэгт хөхөрсөн зүүн гарын тохой хэсэгт хөхөрсөн хоёр өвдөг зулгарсан баруун гар нь дээр базсан хөхрөл үүссэн, толгой хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Манай залуу А 26 настай өмнө түлхэж унагааж байсан хэл амаар доромжилдог байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
- Гэрч П.Нын: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 06 цаг 30 минутын үед манай хажуу айлын хүүхэд уйлаад дотор талд хүчтэй чанга дуу гарсан. Тэгээд би паар цохисон эрэгтэй хүүхэд англиар харааж байсан. Тэгээд удалгүй Амка явъя хөөе гээд гараад явсан. Эмэгтэй уйлаад үгүй, үгүй гээд уйлж байсан тэгэхээр би хувцсаа өмсөөд хаалга тогшоод орсон, тэгсэн И шалан дээр суугаад уйлаад байж байсан хажуу талд нь нүдний шилтэй эрэгтэй хүүхэд зогсож байсан яасан вэ миний дүү юу болж байна гэж асуусан чинь, найз залуу намайг зодсон энэ нүдний шилтэй хүүхэд мөн үү гэж асуухад нөгөө эрэгтэй хүүхэд би бишээ дөнгөж сая сэрж байна гэтэл наад хүүхэд чинь бишээ сая гараад явсан И дээр очоод үзэхэд ил харагдах шарх байсан толгой хэсэгт хавдартай байсан учир би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
- Гэрч М.Аын: “... Манай найзын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэх гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүүхдийн 100-н Типи гэх газар манай найз түүний найз охин, найз нарын хамт тэмдэглэж байсан тэгээд Типи гэх газраас найз нартай хамт Зуу гэх бааранд орсон, Тэмдэглэд сууж байгаад бид гурав И гэх найз охиныд очсон, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай найз А унтаж амраад И Богтуурууээ бид нар дуу сонсоод бүжиглэж байгаад Хишигээ яваад өгсөн. И Аын унтаж байсан өрөөнд орсон тэгээд тэр хоёр юм ярьж байгаад И намайг хажуу талын өрөөнд амар гэж хэлсэн. Тэгээд би унтах гэж хэвтэж байсан. А, И нар амарч өрөөнд хоорондоо юм ярьж байгаад гэнэт А чанга орилсон тэгээд би хажуу өрөө лүү орсон чинь И, А хоёр хоорондоо хэрэлдээд байсан. тэгээд би хажуу өрөө рүү орсон чинь И, А хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд А, И намайг хазсан хоёулаа эндээс гарах уу гэж хэлсэн А хувцсаа өмсөх гэж байхад И чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлээд А бид хоёр руу орилж уурлаад Аын гар луу дайраад хазах гэж байсан би урдуур нь ороод тайван бай гэж хэлсэн, тэгээд И нь хэд, хэд удаа алгадаж байсан түлхэж миний цээж хэсэг рүү хазсан тэгээд би хэсэг байж байгаад гарсан. Миний харсан зүйлд бол тийм зүйл болоогүй ээ, И, Аын биед халдсан. И, Аыг эмэгтэй хүнтэй хардаж маргаан үүссэн байж магадгүй ээ би Ат их гомдож байдаг аа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 2740 дугаартай: “Э.Игийн биед баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн гарын сарвуу, баруун тохойд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн болон баруун шуу, баруун мөр, баруун өгзөг, баруун болон зүүн гуяанд цус хуралт, өвчүүнд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмт нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн бах боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус үр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт эл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
- Гэрч Б.Рийн: “...Тухайн үед дуудлага дээр очиход ил харагдах шарх байсан, өвдөг шуу хэсгээр хөхөрсөн байдалтай байсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,
- Шинжээч эмч Т.Чимэд-Очирын: “...Эдгээр бүх гэмтлүүд нь хоёр удаа түлхэгдэж унах үед үүсэх боломжтой. Биеийн энд тэнд, өөр өөр мохоо зүйлийн олон удаагийн зүйлээр үүссэн гэмтлүүд байна. Мохоо зүйл гэдэг нь гар, хөл, мод, төмөр, чулуу гэх биет хэлбэртэй бүх зүйлс орно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болон 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эд хөрөнгөд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан “Аргагүй хамгаалалт”-ын нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай мэтгэлцэж оролцсон.
Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Игийн шүүгдэгч Д.Аын эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ыг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг буюу халдлага бодитой эхэлсэн, довтолгоо дуусаагүй байхад хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байх байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэх судлахад Э.И нь Д.Аыг тухайн хардсаны улмаас үл ойлголцон маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдах явцад шүүгдэгч Д.А нь хохирогч Э.Иг түлхэж унаган түүний эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 56 тоотод найз охин болох Э.Итай тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж маргалдан, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн гарын сарвуу, баруун тохойд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн болон баруун шуу, баруун мөр, баруун өгзөг, баруун болон зүүн гуяанд цус хуралт, өвчнүүд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.Игийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.И нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой 229,600 төрөгийг нэхэмжилсэн ба хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Ааас 229,600 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ид олгох нь зүйтэй.
Хохирогч Э.И нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чА, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 1,300 /нэг мянган гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Аын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ааас 229,600 /хоёр зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ид олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ