Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/51

 

 

О.Нансалмаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Хохирогч Б.Батболд,

Хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нямдорж, О.Билгүүн,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаар цагаатгах тогтоолтой О.Нансалмаад холбогдох 201319000800 дугаартай 8 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жацай овгийн Отгондоржийн Нансалмаа, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч статистикч мэргэжилтэй, “Их мөнх наран” ХХК-ийн захирал, Улаанбаатар хот, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 3 дугаар байр 121 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: РЖ74122701,

Шүүгдэгч О.Нансалмаа нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “Бат-Андгай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141151750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “Их мөнх наран” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаар цагаатгах тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас Жацай овогт Отгондоржийн Нансалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201319000800 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, О.Нансалмааг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор авагдсан О.Нансалмаагийн өмчлөлийн 00215403 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол 44/2 байранд байрлах 18м3 газар бүхий гаражийн зогсоол, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 44-6-112 тоотод байрлах 51.7 м2 өмчлөлийн орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бат-андгай” ХХК, “Их мөнх наран” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн баримтыг Б.Батболд, О.Нансалмаа нарт тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор Э.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч О.Нансалмаа нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад "хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж" 2011 онд "Бат-Андгай" ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141.151.750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн "Их мөнх наран" ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс О.Нансалмаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Нансалмааг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч О.Нансалмаад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ” гэжээ.

Хохирогч Б.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... ”Бат-Андгай” ХХК-ийн захирал Бундмаа овогтой Батболд миний бие эрүүгийн хэргийн 001319000800 дугаартай хэргийн хохирогч бөгөөд 2020 оны 5-р сарын 11 ны өдрийн дугаар 2020/Ш/ЦТ /168 -р шүүх хурлаар Монгол Улсын нэрийн өмнөөс Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын гаргасан О.Нансалмаагийн хэргийг цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна... Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал нь яллагдагч О.Нансалмаагийн нотлох баримт байхгүй худал мэдүүлэгт үндэслэн чулуу хөөж дээрх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Энэ хэрэгтэй холбоотой

- ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /222

- ШШҮХ-ийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлт /279

- Их Монгол Хөлөг Аудит14/12

- Од бүртгэл Аудит 15/78

- Төрийн банкны дотоод Хяналт Шалгалтын дүгнэлт

- Хаан Банкны архивын хуулга

- Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан баримтууд

- ГХТТ мөрдөгчийн тэмдэглэлүүд

- Прокурорын тэмдэглэл, дүгнэлтүүд

- Бусад нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хангалттай нотлох баримтууд байгаа болно. Эдгээр баримтуудыг анхаарч үзэлгүй үгүйсгэсэн байгаа нь хэргийг илтэд нэг талыг барин шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

...Энэ хэрэг ингэж удаан хугацаанд сунжрахгүйгээр шийдвэрлэгдэх боломж бүрэн байсан боловч О.Нансалмаа нь хэргийг төөрөгдүүлэх зохиомол байдлуудыг бий болгох, хуурамч нотлох баримт ихээр үйлдэж хэргийг удаашруулах, ар гэр болон биеийн байдлаараа шалтаглах элдэв олон янзын арга хэрэгслээр өнөөдрийг хүрсэн ба О.Нансалмаа нь өөрийгөө худлаа ярьж, хулгай хийдэггүй хүмүүжилтэй хүн мэт ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Иймээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, энэ хэрэгтэй холбоотой гол нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт орхигдуулсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Б.Батболд нь “Бат-Андгай” ХХК-ийг 1 гишүүнтэйгээр 2007 оны 11 сарын 21-ны өдөр гадаад дотоод худалдаа аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан Улсын бүртгэлийн 1411003085 дугаартай гэрчилгээтэйгээр уйл ажиллагаагаа дараах байдлаар явуулж байсан байна. "Дэлгэр мөрөн" зочид буудал, зоогийн газар, халуун усны үйл ажиллагаа явуулж улмаар 2004-2011 оны хооронд согтууруулах ундаа худалдаж, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж байжээ. Харин барьцаалан зээлдүүлэн үйлчилгээ явуулах тохирлын гэрчилгээг 2007 оны 11 сараас эхэлж “Дэлгэр мөрөн” хүнсний дэлгүүрийн хажууд ажиллуулж эхэлсэн байна. Ингээд 2008 оноос Стандартчилал хэмжил зүйн албаны шаардлагаар дээрх үйлчилгээнүүдийг тус тусад нь тохирлын гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тус компани жилдээ үйл ажиллагааны цэвэр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийн ашиг олдог байсан байна. Б.Батболд нь дангаараа компанийхаа үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн автограж, дугуй засвар, машин угаалга зэргийг ажлуулж байжээ. “Бат-Андгай” ХХК-ний үйл ажиллагаа өргөжиж, хуримтлалаар бий болсон мөнгөөрөө шинээр үйлчилгээний төв барьж байхдаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаандаа 20 000 000 /хорин сая/ төгрөгний санхүүжилт нэмж оруулан тохирлын гэрчилгээгээ 2008 оноос авсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн хуулбарын баримтаар “Бат-Андгай” ХХК нь “Дэлгэр мөрөн” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг 2007 оноос явуулж 6304, 6311 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус авсан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Б.Батболд нь О.Нансалмааг 2007 оны 11 сарын 28-ны өдрөөс өөрийн компаний нябогоор ажилд авч, гэрч Мягмарсүрэнгээр санхүүгийн анхан шатны тайлан гаргах талаар сургалт авч байсан байна. Мөн О.Нансалмаа нь Төв аймгийн Татварын хэлтсийн төлөөлөгч Ж.Гэрэлтуяатай "Электрон тайлангийн гэрээ"-г 2009 оны 07 сарын 20-ны өдөр байгуулж байсан баримтаар давхар нотлогдоно. Мөн 2007 оны 11 сарын 19-ний өдөр “Хаан банк”-ны Төв аймгийн Заамар сум дахь Өгөөмөр тооцооны төвд “Бат-Андгай” ХХК-ны дансны гүйлгээний 2 дугаар гарын үсгийн буюу нябогийн гарын үсэгний баталгааг гаргаж байсан баримт, гүйлгээний баримтуудын хуулбаруудаар нотлогдоно. “Бат-Андгай” ХХК-ний тухайн цаг хугацааны орлого тодорхойлох баримтууд хэрэгт авагдаагуй байсан боловч эдгээр нь баримтуудыг Их хөлгөн Аудит, Од бүртгэл аудит ХХК-ны дүгнэлтүүдэд тусгагдаж тогтоогдсон байдаг. О.Нансалмаа нь “Бат-Андгай” ХХК-ны санхүүгийн анхан шатны бичиг баримтуудыг шатаасан болох нь өөрийнх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр "...би “Бат-Андгай” ХХК-ны нэр болон бичиг баримтуудыг ашиглаж байсан учраас урд онуудын санхүүгийн тайлан тооцоог шатаасан..." гэж мөн гэрч Ц.Цэндмаа, С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Б.Батболд нь О.Нансалмаатай танилцаж, амьдрахаас өмнө өөрийн гэсэн орлоготой хөрөнгөтэй байсан болох нь түүний арилжааны банкнуудад эзэмших дансны хуулга болон орлогын албан татварын цэнхэр дэвтэр дээрх бичилтүүд, өөрийн төрүүлсэн 3 хүүхдийн хадгаламжийн лавлагаанууд, болон өөрийн харъяа суман дахь “Хаан банк”-наас 2007 оны 11 сарын 07-ны өдөр авсан Бизнесийн зээлийн баримтын хуулбар, мөн бусдаас зээлсэн бэлэн мөнгөний орлого, бусдад зээлдүүлсэн хүүтэй мөнгөний эргэн төлөлтийн орлогын хувийн дансны хуулга болон бусад орлогын эх сурвалжуудаар тогтоогдож байгаа болно. Б.Батболд нь О.Нансалмаатай хамтран амьдрах хугацаанд буюу 2010 оны 09 сараас 2011 оны 09 сарын хооронд өөрийн өнчин 3 хүүхдийг болон Нансалмаагийн 1 охиныг Улаанбаатар хотод байр түрээслэн хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөвөрлөн тэдэнд анхаарал халамж тавьж амьдарч байх хооронд О.Нансалмаа нь дангаараа “Бат-Андгай” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хариуцан ажлуулж байсан бөгөөд 2011 оны 08 cap хуртэл хугацаанд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн ойлголттой байсан байна. Гэтэл О.Нансалмаа нь 2011 оны 07 сард Хөвсгөл аймагт байдаг өөрийн ээж дээрээ очоод ирье гэж хэлээд явсан өдрөөс хойш огт ирээгүй байна. Б.Батболдыг Улаанбаатар хотод амьдрах хугацаанд О.Нансалмаа нь Хөвсгөл болон Улаанбаатар хотуудад барьцаалан зээлдүүлэх газруудыг шинээр нээж ажиллуулах бэлтгэл ажлуудаа хангаж шинэ салбаруудыг өөрийн нэр дээр ажлуулан, шинээр байр, \Баянзурх дүүргийн 14 хороо Американ дэнжид 56 мкв талбайтай орон сууцны байр\ машин авсан бөгөөд улмаар “Бат-Андгай” ХХК-ний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихаар Төрийн банкны салбарын зээлийн судалгаанд хамрагдаж байсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2015 оны 01 сарын 27-ны өдрийн 15\19 тоотоор "...О.Нансалмаад олгосон зээлийн судалгааны баримтууд нь “Бат-Андгай” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний орлого, автомашины сэлбэгийн худалдааны орлогыг үндэслэн зээлийн судалгаа хийж тухайн зээлийг олгосон байна" гэсэн баримтаар тогтоогддог юм. О.Нансалмаагийн Төрийн банкнаас авсан зээлийн судалгааны баримтанд “Бат-Андгай” ХХК-нд түрээс төлдөг талаар ямар ч баримт байхгүй байгаа нь "түрээс"-ийн үйл ажиллагааг зохиомлоор бий болгосон болохыг нотолж байна. Мөн тэрээр Төрийн банкнаас ирүүлсэн 2015 оны 01 сарын 27-ны өдрийн 15/19 тоотоор “Бат-Андгай” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний орлого, автомашин сэлбэг худапдааны орлогыг үндэслэн зээлийн судалгаа хийж олгосон талаар бичжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Батболд нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Булган үйлчилгээний төвд талбай түрээслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний салбараа нээсэн бөгөөд 2010 оны 10 сарын 01-ний өдөр очиж О.Нансалмаад үүрэг даалгавар өгч биелэлтийг нь 2010 оны 11 сарын 28-ны өдөр очиж шалгаад, камер болон компьютер суурилуулж өгсөн талаар ярьж, үүнтэй холбоотойгоор "Зорчих эрхийн тасалбар 0633559, 0772013, 0595414 дугаартай"-уудаар хохирогчийн мэдүүлэг нотлогдоно. Гэтэл Замын-Үүд дахь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны орлогыг тодорхойлсон Санхүүгийн анхан шатны баримт болох зээлийн падаан болон өдөр тутмын орлогын тэмдэглэлээр 138 538 500 \ нэг зуун гучин найман сая таван зуун гучин найман мянга таван зуун 1 төгрөгний орлого орсон байдаг бөгөөд улмаар Од бүртгэл аудитийн дүгнэлтээр давхар нотлогдож байгааг мөрдөн байцаагч анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүх О.Нансалмаагийн худлаа мэдүүлэг, зохиомол бичгийн баримтуудад хэт хөтлөгдөж, хохирогч Б.Батболдын 18 жилийн ариун цагаан хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө мөнгийг түүнтэй ханилан суусан нэрээр хуурч мэхлэн, улмаар түүний итгэлийг алдан залилан авсан хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 279 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс 168 тоот цагаатгах тогтоолыг гаргахдаа хэрэгт цугларсан дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй байгаа нөхцөл байдал тогтоогдсон байгааг анхаарч үзсэнгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтуудаар О.Нансалмаагийн гэм буруугийн асуудлыг хэргийн бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 /мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухай мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй/, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж тус тус заасныг шүүхээс огт анхаарч үзсэнгүй. Шүүгдэгч О.Нансалмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан буюу хуурч, урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэрч нарын мэдүүлэг, бичгийн баримтууд шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр О.Нансалмаагийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж болох Б.Батболдын эд хөрөнгө болох “Бат Андгай” ХХК-ны үйл ажиллагааны орлого бэлэн мөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авч, уг эд хөрөнгийг буцаан өгөхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор хамтран амьдрах хугацаандаа хохирогчийг төөрөгдөлд оруулан авсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн талаар бодит байдлыг үнэн зөвөөр дүгнээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 168 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Цагаатгах тогтоол нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарч чадаагүй тул хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Батболд гаргасан тайлбартаа: Нансалмаа надад мэдэгдэхгүйгээр компани байгуулж манай компанийн хөрөнгийг өөрийн компанидаа шилжүүлсэн байдаг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нямдорж гаргасан тайлбартаа: Байхгүй нотлох баримтыг шүүх үнэлсэнгүй гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. “Бат-Андгай” ХХК 100 сая төгрөгний ашиг олдог байсан гэсэн баримт хэрэгт байхгүй. Мөн барьцаалан зээлдүүлэх газрын эх үүсвэр 20 сая төгрөгний баримт ч хэрэгт байхгүй. Бодит байдлуудыг шүүх зөв дүгнэсэн. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй нь харагддаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан мөрдөн байцаалтад буцаах санал нь бүр ойлгомжгүй болж байна. Цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Билгүүн гаргасан тайлбартаа: Хэрэгт байгаа нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй баримт байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, аудитын дүгнэлтүүд нь хууль зөрчиж үйлдэгдсэн. Хэрэгт байгаа баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн баримтын шаардлаг хангахгүй байгаа талаар анх шинжээч Бадамсүрэн мэдүүлсэн. Гэтэл нэмж ямар баримт ирүүлээгүй байхад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дүгнэлт гаргаад байгаа нь эргэлзээтэй. Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Нансалмаад холбогдох эрүүгийн 201319000800 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хохирогч Б.Батболдын: “...ломбарданд төвлөрүүлсэн мөнгөн орлого ойролцоогоор 400 сая төгрөг, “Бат-андгай” ХХК-ийн өмч болох 3 давхар барилгыг Хадгаламж банканд тавьж “Их мөнх наран” ХХК байгуулан үндсэн үйл ажиллагаа мөнгөн орлогыг ойлгомжгүй болгож хувьдаа завшсан.” гэсэн мэдүүлэг /1хавтас хх-2 тал/,

Мөн Б.Батболдын: “700 сая орчим төгрөг байсан нууж авч явсан. Миний бодож байгаагаар 2007 оноос хойш миний хөрөнгийг бага багаар захиран зарцуулсаар байгаад дээрх хохирлыг учруулсан.”  гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-24 тал/,

Мөн хохирогч Б.Батболдын: “300 сая төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-“30тал/

Мөн хохирогч Б.Батболдын 2016 оны 1 сарын 18-ны өдрийн: “Тухайн үед сейфэнд байсан 70 орчим сая төгрөгийг ломбардны үйл ажиллагаанд оруулж байсан.” гэсэн мэдүүлэг/5 хавтас хх-7 тал/,

Мөн хохирогч Б.Батболдын 2016 оны 6 сарын 16-ны өдрийн мэдүүлэг /5 хавтас хх-86 тал/,

Хохирогч Б.Батболдын төрсөн дүү гэрч Б.Батцэцэгийн: “анх Батболд ах Нансалмаа 2 хамт ажиллуулж эхэлсэн Нансалмаа ломбардыг хариуцан ажиллуулдаг байсан.. хуримтлал болгож хадгалж байсан 34.000.000 төгрөгийг Батболд Нансалмаа 2 байр авна гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-225 тал/,

гэрч Э.Аззаяагийн “Батболд гэх хүнтэй хамаатан... Нансалмаа гэдэг хүнийг танина Батболд ахын эхнэр байсан юм... Би 2009 онд халуун усыг хариуцан ажиллуулж байсан... Батцэцэг эгчид орлогоо өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /1хавтас хх-228 тал/,

гэрч Ч.Цэрэндуламын: “Нансалмаад анх гэрээ хийгээд 10 сая төгрөгийг зээлдүүлж байсан. Дараа нэмж өгсөөр байгаад 30 орчим сая төгрөг өгсөн байдаг. Хамгийн сүүлд 10 сая төгрөгийг зээлдүүлэхдээ гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлж байсан. Харин Нансалмаа зээлсэн мөнгөнийхөө хүү миний дансаар өгчихдөг байсан..”гэсэн мэдүүлэг 3 хавтас хх-74 таөл/,

гэрч Ю.Есөнбилэгийн: “...Батболд ахын компани болохоор Батболд ах хөрөнгө оруулалт хийдэг байсан байх, би яг нарийн сайн мэдэхгүй. “ гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-80тал/,

гэрч М.Пүрэвсүрэнгийн: ”Нансалмаа гэх Батболдын эхнэр ажиллаж байсан...анх намайг ажилд ороход “Бат-андгай” ХХК-ийн ломбард ажиллаж эхэлсэн...Ямар хөрөнгө оруулалтаар анх нээснийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-84 тал/,

гэрч Ц.Цэндмаагийн: “Би ломбардыг хариуцан ажиллуулдаг байсан... ломбарданд дунджаар 100 сая төгрөг эргэлдэж байсан... Тухайн үед бид нарын шар дээр сая төгрөгнөөс илүү мөнгө байлгадаггүй байсан...”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-88 тал/,

 гэрч С.Эрдэнэцэцэгийн: “Би “Бат-андгай” ХХК-д 2011 оны 8 сарын 25-нд зээлийн мэргэжилтэн гэх албан тушаалд орсон.. намайг анх ажилд ороход Бат-андгай ХХК-иар гардаг байсан. Мөн “Их мөнх наран” ХХК-ийн нэрээр падаан гардаг болсон байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад Нансалмаа ирээд Заамарын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэрийг сольж “Их мөнх наран” ХХК-ийн нэрийг наасан... 100 гаран сая төгрөг эргэлдэж байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-90 тал/,

гэрч Д.Бүжинлхамын: “Нансалмаа анх Батболдтой суугаад Заамарт очсон. Тэгээд эднийх 3 давхар буудлаа барих гэж байгаад Нансалмаа манай дэлгүүрээр орж ирж ажлын бээлий авдаг болсон үеэс танилцаж найзалсан... Нансалмаа 3 сая төгрөг зээлээч гэж орж ирэхээр нь би Нансалмаагаас чи яагаад надаас мөнгө зээлэх гэж байгаа юм бэ, Батболд их мөнгөтэй биз дэ гэхэд Батболд бид хоёрын санхүү тусдаа байдаг юм. Би тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлдэг юм билүү гэж бодоод чамаас мөнгө зээлдэх гэсэн юм... тэр байтугай би хот явахдаа Батболдод таксины зардал өгдөг гэж байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-92 тал/,

гэрч М.Алтанхөлөгийн: “2007 онд анх “Бат-андгай” ХХК-ийн цэвэр усны худагт ус түгээгч хийдэг байсан... би лав өөрийн худгаас олсон орлогыг Нансалмаад тушаадаг байсан. Мөн грашаас олсон мөнгийг бас тушаадаг байсан. Би хөрөнгө мөнгөний асуудлыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Отгоны: ”Айл хөрш амьдарч байсан. Нансалмаа Батболд гэх хүмүүс хамт амьдраад Заамар сумын Хайлааст багт сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байгаад 3 давхар зочид буудал бариад Нансалмаа нь ломбардны үйл ажиллагаа эрхэлж байсан. Батболд нь бусад зүйлээ хариуцдаг байсан. Гэр бүлийн хүмүүс байсан, нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй..”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-95 тал/,

гэрч Л.Энхсайханы: ”...Батболдтой садан төрлийн холбоотой, сүүлийн хэдэн жилд холбоогүй байгаа....Батболд нь гурван давхар буудал, халуун ус, дэлгүүрийг дүү Батцэцэгтэйгээ хамтран ажиллуулдаг байсан ба Нансалмаа эгч Батболдоос тусдаа ломбард ажиллуулдаг байсан... 2005 оны 12 сарын 21-ны өдөр манайд Батболд Нансалмаа нар хамт ирж байсан..”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-96 тал/,

гэрч О.Эрхэмбаярын: ”Нансалмаа миний төрсөн эгч...2005 оны 12 сарын 21-ний өдөр Хөвсгөлд манай гэрт Батболд Нансалмаа нар хамт ирж байсан... Тэгэхээр тухайн үеэс хамт амьдарч эхэлсэн байх.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-104 тал/,

гэрч Б.Должиндуламын: ”...Нансалмаа гэх хүний дагавар охин.... 2008 онд эмээ Баасанхүүд надад хувцас хунар өгөхгүй байна та хэлээд өг гээд хэлсэн чинь эмээ Нансалмаа эгчид хэлсэн... Тэгсэн чинь чи өөрөө хэл амгүй юм шиг хүнээр хэлүүллээ гээд миний хувцас гэрийн дрож хивс зэргийг хашаан дотор шатаасан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-123 тал/,

гэрч Ж.Баасанхүүгийн: “Батболд миний охин Лхагвасүрэнтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаад охин минь авто ослын улмаас нас барсан... Нансалмаа гэх хүүхэн манай охиныг нас барсны дараа Батболдтой амьдарч байсан хүүхэн...дээр ярьсан үед очоод хэд хоног зочид буудлыг нь хариуцдаг байсан ба буудлын орлогын мөнгийг Батцэцэгт өгөөд Батцэцэг цааш нь Нансалмаад өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-125 тал/,

гэрч М.Халтарын: “Нансалмаатай хамаатан... анх оюутан болоод 2-3 жил манайд амьдарч байгаад Батболдтой танилцаад Заамарт очсон... Нансалмаад 3 удаа мөнгө зээлдүүлж байсан.” Гэсэн мэдүүлэг /4 хавтас хх-100 тал/,

Гэрч Ч.Отгонцэцэгийн: “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тохирлын гэрчилгээг анх 2011 оны 04 сарын 21-ний өдөр “Бат-андгай” ХХК-ийн нэр дээр “Дэлгэр мөрөн” газарт олгосон” гэх /5 хавтас хх-73 тал/ мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Нансалмаагийн үйлдэл нь хамтран амьдрагч Б.Батболдын итгэлийг эвдэж хамтран амьдрах хугацаандаа урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Бат-Андгай” ХХК-ийн зээлэнд гаргасан 141.151.750 төгрөгийг шилжүүлж авсан гэх үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, залилсан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд “Бат-Андгай” ХХК-аас барьцаалан зээлдүүлэх салбарт хэдэн төгрөгний хөрөнгө оруулсан, “Бат-Андгай” ХХК-ийн мөнгөн хөрөнгө “Их Мөнх Наран” ХХК-ийн мөнгөн хөрөнгөд шилжсэн эсэхийг нотлох баримт   хавтаст хэрэгт цуглаагүй буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар нотолж чадаагүй байна.

“Од бүртгэл аудит” ХХК нь “Бат-Андгай” ХХК-иас “Их мөнх наран” ХХК-д бэлэн мөнгө, харилцах данс хоорондын тооцоогоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүртгэлээр нотлох баримт байхгүй, “Бат-Андгай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт оруулсан анхны хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн талаар нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй учир мөнгөн хөрөнгийн анхны эх үүсвэр болон үйл ажиллагаа эхэлснээс хойш хэдэн төгрөгийн мөнгөн хөрөнгө “Бат Андгай” ХХК-аас барьцаалан зээлдүүлэх салбарт оруулсан нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

2015 оны 11 сарын 25-ны өдрийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолоор ШШҮХ-ийн шинжээч Д.Мөнхцэцэгт шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгаж, хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан /5 хх 8-9х/. Гэтэл Эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурал хуралдаж шинжээчийн дүгнэлтийг баталсан байгаагаас /5хх 21-22хуудас/ үзэхэд уг дүгнэлтийг дангаар гаргасан уу эсхүл бүрэлдэхүүнтэй гаргасан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн зөрчсөн байна. Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 222 дугаар дүгнэлтийг мөн  Орон тооны бус мэргэжлийн комисс хэлэлцэн баталж гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4-р зүйлд заасан шүүхийн шинжилгээний зарчимд нийцэхгүй гарсан гэж үзэхээр байна.

2014 оны 04 сарын 09-ний өдрийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээ явуулахыг Төв аймаг дахь “Их Монгол хөлөг аудит” ХХК-д даалгасан боловч шинжээч “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн захирал С.Тунгалагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгүүдэд зааснаар хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй байх тул дээрх шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Мөн шинжээч Ж.Бадамцэцэг Нягтлан бодох бүртгэлийн журам зөрчиж, санхүүгийн баримтыг хөтөлж байгаагүй, хангалттай нотлох баримт байхгүй учир дүгнэлт гаргах боломжгүй талаар мэдүүлж байжээ. /2хх180-181 хуудас/

“Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн 2014 оны 5 сарын 02-ны өдрийн 14/120 дугаартай аудитын дүгнэлт нь ойлгомжгүй, мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт тодорхой гараагүй гэж үзэн “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3, мөн хуулийн 16.1.16-д заасныг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжилгээ хийхээс татгалзаж байсан байна /2хх 179 хуудас/

О.Нансалмаа нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “Бат-Андгай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141151750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “Их мөнх наран” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны гарсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаасан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсэх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. О.Нансалмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                          Т.ЭНХМАА

 

                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ