Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШТ2017/00027

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталсан, Б овогт Э-н Ч-т холбогдох эрүүгийн 201715010064 дугаар, 146/2017/0026/Э/ индекстэй хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ..... аймгийн .... суманд төрсөн, 20 настай, .......й, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ......... хамт Өвөрхангай аймгийн ....... сумын ...... баг ....... гудамж 134 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Э-н Ч-. /РД: .............../    

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өрхийн эмнэлэг дээр хүүхдээ үзүүлж явсан иргэн Ц.Цийн самсунг маркийн гар утасыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би хүүхдээ өрхийн эмнэлэгт үзүүлж явахдаа эмчийн өрөөнд байсан гар утсыг авсан. Хүүхдээ хажуу өрөөнд үзүүлж явтал араас хүн нь ирээд утсаа авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Ц-ийн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ...2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хархорин сумын өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гэж очсон юм. Тэгээд хүүхдээ үзүүлэхдээ орон дээр нь гар утсаа тавьчихаад эмчид хүүхдээ үзүүлчихээд гар утсаа авах гэтэл утас маань байхгүй байсан. Бор өнгийн самсунг E-5 маркийн 2 сим ордог ягаан өнгийн гэртэй гар утас байсан. Би гар утасаа 300000 төгрөгөөр үнэлсэн. 2016 оны 10 сард Хархорин сумын Мобикомоос 500000 төгрөгөөр лизэнгээр авч байсан юм. Гар утсаа бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ.  /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Шинжээч томилж үнэлгээ гаргуулах тогтоол /хх 14 хуудас/

Samsung E-5 маркийн гар утасны үнэлгээ /хх-ийн 15 дугаар хуудас/

Э.Чийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өрхийн эмнэлэг дээр хүүхдээ үзүүлж явсан иргэн Ц.Цийн самсунг Е-5 маркийн гар утсыг хулгайлж, бусдад 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.Цийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тогтоол, гар утасны үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Чийг бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн /хх-27 хуудас/, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.Чт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Ц гар утсаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-30 дугаар хуудас/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Ч-ийг бусдын эд хөрөнгийн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-н Ч-т Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Э.Чийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Э.Чт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА