| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
2025 01 21 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000003 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоот хашаанд оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* овгийн ******* (РД:*******)
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цаг 48 минутын орчимд *******,******* тоотод хохирогч *******ын нүүр хэсэгт бөгжтэй гараараа олон удаагийн цохих үйлдлээр халдаж, духны хэсэгт ил шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 02-ны орой , , бид дөрөв нийлээд “Х” нэртэй 0.75 граммын хоёр шил архи хувааж уугаад унтсан. Унтаж байтал миний зүүн гарын бугалга хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний уур хүрээд баруун гараараа атгаж байгаад ын баруун дух хэсэг рүү нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч *******ын өгсөн “...би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би хөдөө гэрээс Багануурт ирсэн. ...20 цагийн үед , , бид 4 ярьж суугаад 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. Тухайн архины нэрийг сайн мэдэхгүй байна. Бид 4 нилээн согтсон байсан. , , бид 4 унтсан. Би унтаж байгаад сэрээд т агсам тавиад зүүн гар луу нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл уурлаж босож ирээд миний баруун дух хэсэг рүү бөгжтэй баруун гараараа цохисон. Миний толгойноос цус гарахаар нь би цагдаад дуудлага дуудаж өгсөн. Миний баруун дух хэсэг хагарч 3 оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй. Би өөрөө эхэлж агсам согтуу тавьснаас болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-р хуудас)
Гэрч ын өгсөн “...дүү нь айлын 3 дахь хүүхэд. Бага насаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд өнгөрүүлсэн. Ерөнхий Боловсролын сургууль төгссөн. Түүнээс хойш хувиараа мужааны ажил хийж байгаа. Даруухан нийтэч зантай, найз нөхдийн хүрээлэл сайн, өр зөөлөн зантай хүн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас)
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2024 оны 12 дугар сарын 12-ны өдрийн “...*******ын биед духны хэсэгт ил шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн №005 дугаартай дүгнэлт (хх-ийн 17-18-р хуудас)
Мөрдөгчийн үйлдсэн “...******* согтолтын зэргийг амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр ашиглан шалгахад 1.80 хувь гэсэн заалт гарч байсныг Nikon загварын гэрэл зургийн аппарат ашиглан бэхжүүлэн авсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 35-38-р хуудас)
Мөрдөгчийн үйлдсэн “...ийн ын согтолтын зэргийг амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр ашиглан шалгахад 2.29 хувь гэсэн заалт гарч байсныг Nikon загварын гэрэл зургийн аппарат ашиглан бэхжүүлэн авсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 33-35-р хуудас)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/151 дугаартай албан бичигт “...иргэн ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн ЭМТ-ийн яаралтай тусламж 35,396 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг (хх-ийн 8-р хуудас)
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн илтгэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 43-45-р хуудас)
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 30-32-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах бусдад төлөх төлбөргүйг дурдуулах…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...*******ыг гэмтээсэн нь миний буруу, гэм буруугаа хүлээж зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цаг 48 минутын орчимд *******ны тоот хашаанд байх гэрт хохирогч *******ын нүүр хэсэгт бөгжтэй гараараа олон удаагийн цохих үйлдлээр эрүүл мэндэд нь духны зүүн хэсэгт ташуу чиглэлтэй 4х0.3см шарх, баруун нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, битүү хавдсан, зүүн нүдний доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******ын нүүр хэсэгт бөгжтэй гараараа олон удаа цохисон үйлдлээр нь тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн №005 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогч *******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч ******* нь “...надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 35.369 төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******т Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний ажил зогссон байдалтай байгаа учраас эрхэм шүүгчээс торгох ялыг багаар оногдуулж өгнө үү...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т найман зуун (800) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган (800.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 35,396 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ