Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00042

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00042

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28-02 тоотод оршин суух Шарнууд овогт Г Б /Р.........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28-02А тоотод оршин суух Боржигон овогт Т-ын Б /................/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2016/01068/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Бтэй 2002 оноос амьдарч 2004 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. 2004 онд том хүү М, 2007 онд охин Дыг тус тус төрүүлж өсгөсөн. Бид 2014 оныг хүртэл 10 жил амьдарсан. Сүүлдээ таарч тохирохоо байж үргэлж хэрүүл зодоон хийж, хэл амаар доромжилж, байнгын дарамтлах болсон тул шүүхэд удаа дараа хандаж эвлэрүүлэн зуучлалаар орж байсан. Т.Б 3 жилийн өмнө гэрээсээ явахдаа та нар эндээ үлд юу ч авахгүй гэж яваад дахин буцаж ирж ийст маркын жижиг тэрэг байсныг аваад явсан. Одоо хамтран амьдрагчтай болсон мөртлөө биднийг ирж байнга дарамталдаг болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28-2Б тоотод байрлах 8х6 харьцаатай 4х6 хэмжээтэй тампуртай, 4х6 хэмжээтэй автомашины гаражтай, 2 тал хашаатай өвлийн хашаа байшинг 20.000.000 төгрөгөөр үнэлж үүнээс өөрт болон 3 хүүхэддээ ногдох хэсэг болох нийт 16.000.000 төгрөгийг хариуцагч Т.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Бтэй 2002 онд танилцан хамтран амьдарч байгаад 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж 2004 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү М, 2007 оны 6 дугаар 07-ны өдөр охин Дыг тус тус төрүүлсэн. Т.Б хамтран амьдарчтай болоод 4 жил болж байна. Би эхний жилүүдэд нөхрөө харж хүлээдэг байсан. Бидний хувьд таарамжгүй харьцаатай, Т.Бгийн хүүхэд тэр хүнээс гарчихсан байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч бид эвлэрч чадаагүй. Тэр өдөр хашаа байшингийнхаа бичиг баримтыг надаас авах гэж шүүхийн үүднээс намайг боож Өгөөж дэлгүүрийн үүд хүртэл чирч надад хүч хэрэглэж байсан. Сүүлд нь өмгөөлөгчийг нь дуудаж салгуулсан. Ийм хандлагатай байгаа хүн надтай хэзээ ч амьдрахгүй. Намайг хайрлах биш хашаа байшингаа авах гэсэн л санаатай байсан. Өнгөрсөн шөнө гэхэд л Б гэрийн түлхүүр аваад явчихсан, би гэртээ орж хонож чадаагүй. ...Мөрөн сумын 3 дугаар багийн 28-02б тоотод байрлах Т.Бгийн нэр дээр бүртгэлтэй хашаа байшинг надад өгөхгүй гэж ярьж байна. Уг 3-28-02 тоот хаяг нь дундаа хамаргүй 2 айлын газар байдаг ба 3-28-2а тоотод Бгийн ээж амьдардаг, 3-28-2б тоотод манайх амьдардаг, биднийг гэрлэхээс өмнө Бгийн аав, ээж амьдардаг байсан газар болохоор Бгийн хуваарьт хөрөнгө гэдгийг зөвшөөрч байна. Харин байшингийн тухайд биднийг айл болоход байшин нь торх байсан. Байшингийн доторлогоог бага охиноо төрөхөөс өмнө 2007 онд хийж орсон. Биднийг хамт амьдарч эхэлсэн үед байшинг барьж дуусгасан учраас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж бодож байна. Энэ эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэдээ оногдох хувийг гаргуулж авна. Намайг дуртай үедээ гэртээ байдаг, дургүй бол явчихдаг гэж байна. Би уг тоот хашаанд амьдардаг. Би хүү М Бгийн асрамжинд өгөхгүй. Би Бтэй суухдаа дагавар хүүхэдтэй сууж байсан. Сургуульд сурч байх хугацаандаа манайд амьдардаг байсан. Тэр үед Т.Б хүүд маань хувцас авчирч өгдөг байсан. Сүүлийн хэдэн жилд бидний хэрүүл маргаанаас болж хүү маань хамт амьдрах хүсэлгүй болж миний аав, ээжтэй амьдардаг болсон. Хүүхдийн асрамж тэтгэлгийн хувьд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулна гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлд заасан хүүхдийн тэтгэвэр төлөхийг хүлээн зөвшөөрнө. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэсэнтэй санал нэг байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхдээ бодоод эвлэрье гэж ярилцсан боловч эвлэрэх боломжгүй гэсэн. Г.Б гэртээ хүссэн үедээ байдаг дургүй бол яваад л өгдөг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28-2 тоотод байрлах хашаа байшинг эцэг, эх хоёр маань Г.Б бид хоёрыг гэр бүл болохоос өмнө барьж надад өмч болгон өгсөн учраас өгөхгүй. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө. Хүүхдүүдээ би өөрийн асрамжид авъя гэсэн боловч ээж нь өгөхгүй гэсэн. Би хүү М өөрийн асрамжид авна гэж бодож байна. Охин Дт тэтгэлэг төлнө. Хүү Болдбаатарын хувьд бид хоёрыг анх айл болоход аав ээж гал дээр гарсан гал зээ бид нар өөрсдөө өсгөнө гээд аав ээжийнхээ гэрт байдаг байсан. Сургуульд оруулахгүй байхаар нь би мэдлэг боловсролтой болгохын тулд сургуульд оруулж, өөрийнхөө хүүхдүүдийн адил хувцас авч өгдөг байсан. Би хүүхдээ ганц удаа ч нясалж үзээгүй. Б.Болдбаатарын хувьд Мөрөнд сургуульд сурч байхдаа манайд байдаг байсан боловч одоо өвөө эмээ дээрээ голдуу байдаг. Өөрийнхөө төрсөн эцгээс хүүхдийн тэтгэлэг авдаг юм. Хэдэн жилийн өмнө хамтран амьдрагчтай байсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй. Би Улаанбаатар хотод ажил хийж байхдаа Г.Быг сайхан амьдраасай гэж дүүгийнхээ автомашиныг авч өгөөд явж байхад миний найз нартай зугаалаад явж байсан нь дуулдахад сайхан санагдаагүй. Гэсэн хэдий ч би бүх цалингаа өгч явуулдаг байсан. Би энэ хүнийг амьдралаа ингэж үрэх байсан юм бол өөртөө хуримтлал үүсгэх хэрэгтэй байсан юм байна гэж харамсч байна. Манай компанийн нягтлан бодогч, нярав бүгд намайг авсан цалингаа бүгдийг нь шилжүүлдэг байсан гэдгийг мэднэ. Миний ах дүү нар, найз нөхдөд намайг юу ч өгдөггүй гэж хэлээд машин унаад шоудаад явдаг байсан. Хавар ирээд сайхан амьдаръя гэхэд Г.Б өөр хүнтэй болчихсон, шөнө хоёр хүнтэй ирээд тэд нар нь намайг зодоод би урд гудамжныхаа айл руу нүцгэн хувцас ч үгүй зугтааж орж байсан. Хэрэв зугтаж ороогүй бол тэр хүмүүс намайг алах л байсан. Г.Бын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гээд байгаа энэ хашаа байшин бол миний хуваарьт өмч юм. Би айлын ганц хүү, аав маань надад энэ газрыг өгч бид хоёрыг гэрлэхэд байшингийн доторлогоо хийгээгүй, пийшинг нь л бариагүй байшин байсан. Миний хөгшин ээж байшингийн доторлогооны материалыг бэлдэж өгч байсан. Г.Бд хамаагүй хөрөнгө юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Т.Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 3 /гурав/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамт амьдрах хугацаандаа 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.М, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Д нарыг төрүүлсэн болох нь №0053220/340, №0045152-306 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Болдбаатар, 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.М, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Д нарыг хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Г.Бын асрамжид үлдээж, 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.М, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Д нарт эцэг Т.Бгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28 дугаар гудамжны 02Б тоотод байрлалтай 581.6 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газар, уг газар дээр баригдсан хувийн сууцны зориулалттай 48 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба хариуцагч нь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь миний аавын надад өмч болгож өгсөн хуваарьт хөрөнгө учир өгөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28 дугаар гудамжны 02Б тоотод байрлалтай 581.6 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газар, уг газар дээр баригдсан хувийн сууцны зориулалттай 48 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэдгээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхойлсны дагуу нэхэмжлэгч энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч Г.Б болон хүү Б.Болдбаатар, Б.М, охин Б.Д нарт ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Болдбаатар, Б.М, Б.Д нарыг Г.Бын асрамжинд үлдээсэн нь эцэг Т.Бгийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Т.Бгээс эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М нь 12 нас 4 сар хүрч байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 167.200 төгрөгийг, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Д 8 нас 7 сар хүрч байгаа тул амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь буюу 83.600 төгрөгийг сар бүр хариуцагч Т.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.М, охин Б.Д нарт сар бүр төлөх тэтгэлэг 250.800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 3.009.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 63.104 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Боржигон овогт Төмөрбаатарын Б, Шарнууд овогт Ганбаатарын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Болдбаатар, 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.М, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Д нарыг эх Г.Бын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.М 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Бд тус тус даалгасугай.

5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2, 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 28 дугаар гудамжны 02Б тоотод байрлалтай 581.6 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газар, уг газар дээр баригдсан хувийн сууцны зориулалттай 48 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүү Б.Болдбаатар, Б.М, охин Б.Д нарт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 237.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Т.Бгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.М, охин Б.Д нарт нэг жилд төлөх тэтгэлэг 3.009.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 63.104 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН