| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00297/И |
| Дугаар | 155/ШШ2021/00746 |
| Огноо | 2021-07-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2021/00746
| 2021 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2021/00746 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Я.О-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Э.Э-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 155/2021/00297/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Я.О, хариуцагч Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2014 онд танилцаж үерхэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүү Э.Е төрсөн. Хүү бид хоёрыг орхиж ажил хийхээр яваад салах шийдвэр гаргасан. Бид нэг гэрт орж амьдарч байгаагүй. Хүүхдээ төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Хариуцагч эхэлж өөр хүнтэй болж хүү бид хоёрыг орхиж явсан. Одоо өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Бидний хүүхэд одоо манай ээж дээр байгаа. Гэр орон бэлдэж орж чадаагүй салах болсон шалтгаан нь энэ хүн хүү бид хоёр дээр ирэхээ больж өөр хүнтэй болж тусдаа амьдраад 2 жил болж байна.
Иймд Э.Э бидний гэрлэлтийг цуцлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Э.Е өөрийн асрамжид авч эцэг болох Э.Эоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна....Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэтгэлэг гаргуулах гээд байх шаардлагагүй. Тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна....Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй....Бид 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлсэн. Хүүхдээ эцгээр нь овоглуулахын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн....Тус тусдаа амьдралтай болсон тул цуцлуулах хүсэлт гаргасан....Хүү маань Ж Сумын хүүхдийн цэцэрлэгч явдаг....гэв.
Хариуцагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2014 онд танилцаж 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүү Э.Е төрсөн. Би гэрлэлтээ цуцлуулж, асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Э.Есөн-Эрдэнийн биологийн эцэг нь Э.Э намайг биш гэж гарсан. Би 2015 онд 1 дүгээр сард Эрээн явж байгаад 7 дугаар сард ирэхэд жирэмсэн болсон байсан. Би ирээд жирэмсэн гэдгийг нь мэдсэн. Бид тусдаа гарч амьдарч байгаагүй. Амьдралаа болгох гэж их хичээсэн боловч хөндий харилцаатай байсан тул болж бүтээгүй. Би одоо хамтран амьдрагчтай болж хүүхэд маань төрсөн. Хүүхдээ өөрийн нэрээр овоглох гэсэн боловч Я.Оаас гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа тул болохгүй байгаа. Би Я.Отай 5 жил үерхэж хоёр талынхаараа ирэн очин амьдрахад эхний 4 жил хүүхэдтэй болоогүй. Намайг Эрээн яваад ирэхэд жирэмсэн болсон байсан. Мөн шинжилгээний хариу эцэг нь биш гэж гарсан тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Иймд Я.О бидний гэрлэлтийг цуцалж, 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Э.Е эх Я.Оын асрамжид үлдээж өгнө үү....Тусдаа гараагүй учир эд хөрөнгийн маргаан байхгүй...Хэн хэн нь тусдаа амьдралтай хүүхэдтэй болж цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.О нь Э.Эод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2014 онд танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Э.Е төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6, 7 дугаар тал/
Нэхэмжлэгч Я.О, хариуцагч Э.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий ч хамт амьдарч байгаагүй бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Есөн-Эрдэнийн нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Я.Оын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэхүү татгалзлыг батлахаар тогтов.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Э.Е эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Э.Эын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Э.Эоос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Я.О нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч Я.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Од олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э.Э, Я.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Е-ийг эх Я.Оын асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Я.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Э.Эод, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Я.Од тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Од олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ