| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2024 12 23 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч С.Энхзул,
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .........дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Т нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан өөрийгөө Bulteek гэх нэртэй онлайн дэлгүүрийн ажилтан мэтээр ойлгуулж утсаар захиалсан бүтээгдэхүүний төлбөрийг шилжүүлээрэй гэж холбогдон хохирогч Б.У, Ж.Э, Б.О, Б.Ж, Э.Г, М.Х, Э.Г нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшлийн Хаан банкны .......... дугаартай дансыг ашиглан 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 188.500 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ж-ийн мэдүүлэг /хх 27/, хохирогч Б.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь ......... тоот дансны хуулга /хх 36/, гэрч С. И-ий мэдүүлэг /хх 33-34/, Хохирогч Ж.Э-ийн мэдүүлэг /хх 81-82/, хохирогч Ж.Э-ээс гаргаж өгсөн зурвасны хуулбар /хх 84/, хохирогч Э.Г-ын мэдүүлэг /хх 98-99/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Г-с 38,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 101/, хохирогч Э.Г-ийн мэдүүлэг /хх 115-116/, хохирогч Э.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь............ дугаартай дансны хуулга /хх 118-120/, хохирогч Б.О-ийн мэдүүлэг /хх 135-136/, хохирогч Б.О-ийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны хуулга /хх 138/, хохирогч Б.У-ын мэдүүлэг /хх 157/, хохирогч Б.У-ын эзэмшлийн Хаан банкны .........тоот дансны хуулга /хх 159/, хохирогч М.Х-ын мэдүүлэг /хх 174-175/, хохирогч М.Х-ын эзэмшлийн Хаан банкны .... тоот дансны хуулга /хх 177/ 1.16. Гэрч Х.О-ийн мэдүүлэг /хх 221/, Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ...... дугаартай албан бичиг /хх 38/, яллагдагч А.Т-ийн эзэмшлийн Хаан банк дахь ...... тоот дансны хуулга /хх 39-50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан гараар бичсэн хүсэлт, гүйлгээний баримт /1хх 245-250, 2хх 1/ зэргээр тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, ,7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн А-ын Т /РД:.........../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 450 /дөрвөн зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ