Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/52

 

 

 

Э.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал,

Яллагдагч Э.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/510 дугаар шүүгчийн захирамжтай Э.Бат-Эрдэнэд холбогдох 1834001490138 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Дэл жимбэгэр” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Т.Эрболдын эзэмшлийн малаас 13 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлж, хохирогч Т.Эрболдод 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/510 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зурхайч од овгийн Эрдэнэбатын Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834001490138 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Зурхайч од овгийн Эрдэнэбатын Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 1834001490138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, “SUZUKI SWIFT” маркийн 94-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Г.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэзээ гарсныг хохирогч Т.Эрбол, гэрч Б.Март нараас өөр хүн мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хохирогч Т.Эрбол, гэрч Б.Март нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг өөрийн цаг хугацааны баримжааллаар тодорхой мэдүүлсэн ба тухайн хэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Дэл жимбэгэр" гэх газар үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөн яллагдагч Э.Бат-Эрдэнэ нь дээрх бог малыг өөрийн эцэг Н.Эрдэнэбатын эзэмшлийн “SUZUKI SWIFT” маркийн 94-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба 31 тооны хонь, ямааг тус бүрчлэн хэрхэн, яаж хулгайлсныг нарийвчлан задалж тогтоох боломжгүй байна.

Хулгайд алдагдсан бог малын нийт хохирлын үнэлгээ 2.920.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд 18 тооны хонийг тус бүр нь 100.000 төгрөгөөр, 10 тооны ямааг тус бүр нь 80.000 төгрөгөөр сумын үнэлгээний комиссоос үнэлсэн. Яллагдагч Э.Бат-Эрдэнэ дээрх 28 тооны хонь, ямааны хохирлыг төлсний дараа дахин 3 тооны ямаа хулгайлсан тул 320.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ..." Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана" гэснийг зөрчиж яллагдагч Э.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокурорт буцааж байгаа талаархи шийдвэрээ танилцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Э.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокурорт буцаасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 510 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцэл үндэслэлтэй. Энэ хэрэгт хийгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр шийдвэрээ сонсгосон. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан саналдаа: Шүүгч энэ гэмт хэргийг тогтоогоогүй байна гэдэг үндэслэлээ прокурорт буцаасан. Нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй. Иймд шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Э.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1834001490138 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Прокурорын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 34/а дугаартай яллах дүгнэлтэд тусгасан “яллагдагч Э.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Дэл жимбэгэр" гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Т.Эрболдын эзэмшлийн малнаас 13 ямаа, 18 хонийг хулгайлж, хохирогч Т.Эрболдод 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэг гарсан байдлыг хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэр нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар шүүх хуралдааны явцад нотлох боломжтой байна.

Яллагдагч Э.Бат-Эрдэнийн 13 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлсан гэх хэд хэдэн удаагийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон байх тул үйлдэл бүрийн учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тус бүрт нь тогтоох шаардлагагүй байна.

Анхан шатны шүүх Э.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэлгүйгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана” гэснийг зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг түр завсарлаж, шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон мэтээр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/510 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Э.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

 

             ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ