| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/01710/И |
| Дугаар | 181/ШШ2019/01819 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2019/01819
| 2019 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2019/01819 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Самбуугийн гудамж Засгийн газрын 11 дүгээр байр 11 давхар 1110 тоотод байрлах О.о /РД:9129065/-ын
хариуцагч:Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 11-2, 11 тоотод байрлах Э.Э ХХК /РД:5077222/-д холбогдох
гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч 2019 оны 6 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Ө.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2010 оны 9 дүгээр сард хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 62 дугаартай эрх олгох тухай, 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 63 дугаартай захирамжаар 2 га мөн 3 га нийт 5 га газрыг худалдаа үйлдвэрлэл агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10/109, 10/108 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 139 дугаартай чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр А/29 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй. Мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан.
Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд тус компаниас Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5 дахь хэсэгт Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3 дахь хэсэгт ...газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй ...тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус зааснаар газрын төлбөрийн хуваарийн дагуу 2 га газрын 2010 онд 840,000 төгрөг, 2011 онд 3,360,000 төгрөг, 2012 онд 3,360,000, 2013 онд 3,360,000 төгрөг, 2014 онд 1,050,000 төгрөг төлөөгүй нийт 11,970,000 төгрөг, 3 га газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 1,260,000 төгрөг, 2011 онд 5,040,000, 2012 онд 5,040,000, 2013 онд 5,040,000, 2014 онд 1,050,000, нийт 17,430,000 ба нийт 5 га газрын төлбөр болох 29,400,000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. Э.Э ХХК нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3.-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Татварын ерөнхий хуулийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжилж байна. Манайх нийт Алтанбулаг чөлөөт бүс хүртэл 25 км бохир ус зайлуулах шугам хоолойтой, 12 дэд станцтай, гүний 7 худгаас эх аваад нийт бүс дотроо 800 м.куб.кв усан сантай. Яахав бүр том барилгын хэмжээнд бол цахилгааны станц шийдэгдээгүй байсан. Худалдаа эрхлэх хэмжээнд бол дэд бүтэц бол хангалттай шийдэгдсэн байсан гэв.
Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10/109, 10/108 дугаар гэрээний нийтлэг үндэслэлд заасан гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил хэмжээ хил хязгаар заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид хүлээлгэн өгсөн акт, газрын улсын баримт чанарын улсын хяналтын баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оний 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт зэргийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцно гэж тодорхой заасан байна. Манай компанид эдгээрийг өгөөгүй тул энэ гэрээг хүчингүй гэж үзэж байгаа юм. Газрын тухай хуулийн 34.6.4-т газрын байршил хэмжээ хил хязгаар заагыг газар эзэмших гэрээнд заавал тусгахаар заасан байдаг. Энэ бол тусгагдаагүй. Гэрээний 7.1-т газар эзэмшлийн гэрээг актаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад нэхэмжлэгч тал бидэнд газрыг актаар хүлээлгэн өгөөгүй тул гэрээг хүчингүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 34.8-т заасан газар эзэмших гэрээнд эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Дээрх гэрээний 2.3-т худалдаа үйлчилгээ агуулах үйлдвэрлэл явуулах зорилготой гэж тодорхойлон гэрээ байгуулж газар эзэмшсэн боловч нэхэмжлэгч тал гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөөр хангаагүй. Бизнес явуулах боломж огт байгаагүй тул гэрээ бодитоор хэрэгжээгүй, гэрээний зорилго биелээгүй, хөрөнгө оруулалт хийх ямар ч боломж байгаагүй, хэт өндөр эрсдэлтэй байсан. 2010 онд гэрээ байгуулчихаад Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаагаа 2014 оны 6 сарын 4-нд дөнгөж эхэлсэн. Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл байхгүй тул газрын төлбөр төлөх үндэсгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д заасан чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлүүлэхэд эхний ээлжинд дэд бүтцээр хангах үүргийг Алтанбулаг чөлөөт бүс хариуцсан боловч үйл ажиллагаа эрхлэх хамгийн түрүүнд шаардагдах үүргээ биелүүлээгүй удсан, өнөөдрийг хүртэл дэд бүтцийг хангалттай түвшинд хийгээгүй. Зөвхөн багахан хэсэг талбайд үйл ажиллагаа явуулах хэсэг бүрдсэн байгаа боловч эдний бидэнд өгсөн газарт нь байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т заасан газар эзэмшигчийн үйл ажиллагаа явагдах саадгүй нөхцөлийг Алтанбулаг чөлөөт бүс хариуцна. Ямар ч шаардлага мэдэгдэл өгөлгүй гэрээ цуцлах бичиг ирүүлсэн. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Газар эзэмших гэрээний 1-р зүйлд Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно, тухайлбал, 1.1-д Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, 1.2-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт, 1.3-д Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт эдгээр бүрдэл хэсэгт огт байхгүй, мөн гэрээний 7.1-д заасан Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч Чөлөөт бүсийн Захирагч газар эзэмшигч эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө гэсэн заалтын дагуу акт үйлдээгүй, газар эзэмших гэрчилгээ олгоогүй. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Aлтанбулаг чөлөөт бүс УТҮГ нь хариуцагч Э.Э ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагаа дэмжин оролцов.
Хариуцагч Э.Э ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Aлтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай Эрх олгох тухай, 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 63 дугаартай захирамжуудаар нийт 5 га газрыг худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламж барихад зориулан Э.Э ХХК-д эрх олгож, баталгаажуулсан.
Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ болон хариуцагч Э.Э ХХК нарын хооронд 2010 оны 09 дүгээрр сарын 28-ны өдөр 10/108, 10/109 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулсан. 2010 оны 09 сарын 28-ны өдөр Э.Э ХХК-ийн газрын төлбөрийн хэмжээ, газар эзэмшүүлэх гэрээгээр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 2 га болон 3 га газрыг барилга байгууламж, тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ, агуулахын зориулалтаар эзэмших, газрын төлбөрийг жил бүр хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 06-19-р хуудас/
Зохигчдын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 10/108, 10/109 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээний 1 дүгээр зүйлд энэхүү гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:
1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг,
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт,
3. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт,
4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт гэжээ.
Мөн гэрээний 7.1д Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч Чөлөөт бүсийн Захирагч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө гэж талууд тохиролцон заажээ.
Хэрэгт /хэргийн 22-23дахь тал/ газар эзэмших эрхийн 63, 64 дугаартай гэрчилгээг тус тус хуулбарлан ирүүлсэн нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч гэсэн бичвэр хоосон, гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэггүй, хариуцагчид олгогдсон тухай ямар нэг баримтгүй байгаа нь албан ёсны баримт гэх үндэсгүй болно. Харин хариуцагчаас ирүүлсэн Сэлэнгэ аймгийн газрын кадастрын зурган мэдээлэлд Э.Э ХХК-д эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбар бүртгэгдээгүй талаар бичигдсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 7 сарын 8-ны өдрийн 1/1544 тоот албан бичиг гэсэн бичмэл баримт хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой байна.
Иймд эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмшигч Э.Э ХХК-д гардуулан өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэхгүй байх ба зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч /газар эзэмшүүлэгч/ Алтан булаг чөлөөт бүс УТҮГ, хариуцагч /газар эзэмшигч/ Э.Э ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 10/108, 10/109 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл уг гэрээний өөрийнх нь зохицуулалтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 10-17-р хуудас/
Эндээс үзэхэд Э.Э ХХК-ийг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 5 га газрыг эзэмшиж ашиглаж байсан гэж үзэхгүй бөгөөд газрын төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 06 дугаар сарын 09 -ны өдрийн А/29 дугаартай Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай захирамжид эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж Э.Э ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээг цуцлан бүртгэлийн болон Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байх ба захирамжид заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан шаардлага тавьж байсан нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тайлбараа нотлох нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дпугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.
Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ болон хариуцагч Э.Э ХХК нарын хооронд хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10/108, 10/109 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээгээр тохирсон газрын төлбөрийг Э.Э ХХК нь гэрээний 4.3., 4.4.-т зааснаар гэрээг жил бүр дүгнэж, төлбөр төлөх хуваариар төлөөгүй тохиолдолд газрыг хураах хүртэл арга хэмжээ авах, төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахаар тохирсон боловч энэ ажиллагааг хэрэгжүүлэлгүй 2014 оны 6 сарын 09-ний өдөр хүрсэн байна.
2010 онд өмнөх оны газрын төлбөр, 2011 оныхыг 2014 оноос шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэлийг 2019 оны 6 сарын 05 -ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөр хуулийн байгууллагад хандаж байгаагүй гэж байгаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилгэж зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаа өнгөрсөн нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нэхэмжлэгч тал нотлоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх өнгөрсөн хугацааг сэргээх боломжгүй болно.
Нэхэмжлэгч тал газрын төлбөр нь татвар тул Иргэний хуулийн хугацаа хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татварын төрөл, ангилалд газрын төлбөр орохгүй байна.
Иймд хариуцагч Э.Э ХХК-иас газрын төлбөрт 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.дэх заалтыг баримтлан хариуцагч Э.ЭХХК-иас 29 400 000 төгрөгийг гаргуулах тухай Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ