Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/53

 

 

 

Ч.Отгонбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Ц.Раашзэвэг,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ч.Отгонбаатарт холбогдох 1834003680300 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 14-282 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 сар 1 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын х21орих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Чимэддоогийн Отгонбаатар, ЗЮ80032911 регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт Б.Төмөрчөдөрийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч Г.Цэрмаа нь “хохирогч Б.Төмөрчөдөр, Отгонбаатарыг хутгалсан” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Халх овгийн Чимэддоогийн Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

   гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Чимэддоогийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 гурав сарын хугацаагаар хорих ялыг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Отгонбаатарын нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаатарт оногдуулсан 7 /долоон/ жил 4 /гурван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаатарын цагдан хоригдсон 148 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Төмөрчөдөрт гаргуулах хохиролгүй, хохирогчид 3610000 төгрөг төлсөн, хохирогч Б.Төмөрчөдөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Отгонбаатарын өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Ц.Раашзэвэг нар давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Жамбалсүрэн бид хоёр ялтан Ч.Отгонбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Ч.Отгонбаатарт холбогдох хавтаст хэрэгтэй танилцахад зайлшгүй тодруулахаар мөрдөн байцаалтаар тогтоолгох ажиллагаа байгаа бөгөөд тийм шаардлагагүй гэж үзвэл Ч.Отгонбаатарын ял шийтгэлийн хувьд анхаарч түүний ялыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа учир давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Үүнд:

1. Хохирогч Төмөрчөдөрийн мэдүүлэг тогтвортой биш янз янзаар мэдүүлсэн боловч түүний нүд нь Отгонбаатарын цохилтоос биш Отгонбаатарыг цохиход нь
газарт унахдаа тэнд байсан аккумлятор дээр баруун нүдээрээ унаснаас нүдэндээ гэмтэл авсан нь тогтоогдсон байна. Натур эмнэлэгийн компьютер томографийн болон өвчний түүхэнд хоёр нүд нь хуучин гэмтэлтэй баруун талын нүд зүүн талынхаа нүднээс илүү гэмтэлтэй байснаас нь үзвэл түүний баруун нүдний хараа нь хуучин гэмтэл учрах үедээ хараагүй болсон байж болохоор байгаа тул тэр үеийн өвчний түүх болон тухайн үед хийгдсэн нүдний шинжилгээний бичигнүүдийг авч хэрэгт хавсаргах шаардлагатай байжээ. Хэрэв тэр гэмтлийн үед баруун нүд нь хараагүй болсон байсан бол Отгонбаатарын үйлдлээс баруун нүд нь хараагүй болсон гэж ял халдаах нь ташаа дүгнэлт болох тул анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж Төмөрчөдөрийн мотоциклоос унаж хүнд гэмтсэн үеийн өвчний түүх эмнэлэгийн шинжилгээний бичгүүдийг авч хэрэгт хавсарган түүний дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх миний энэ хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзвэл анхан шатны шүүхээс Ч.Отгонбаатарын үйлдлийн талаар хийсэн дүгнэлтүүдийг анхаарч ял шийтгэлийн талаар хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Хохирогч Төмөрчөдөр Отгонбаатараас эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөтэй аяга худалдаж аваад үнийг нь өгөлгүй олон жил хоног өнгөрсөн тул түүнээс болж уг маргаан үүссэн нь ялтан Ч.Отгонбаатарын болон гэрч Цэрмаа, Түмэндэлгэр нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба түүнээс болж маргалдан Отгонбаатар Төмөрчөдөрийг 1 удаа цохиход нь тэр аккумлятор дээр унаж баруун талын нүдэндээ гэмтэл авсан нь тогтоогдож байна. Үүнийг шүүх дүгнэхдээ Отгонбаатар Төмөрчөдөрийг зодож зориуд санаатайгаар баруун талын нүдийг нь хараагүй болгож сохолсноор дүгнэлт хийснийг үндэслэл муутай ташаа дүгнэлт гэж ойлгож байна. Отгонбаатар Төмөрчөдөрийн нүдрүү нь цохиж нүдийг нь гэмтээсэн биш хохирогч Төмөрчөдөрийн мэдүүлгээр Отгонбаатарыг цохиход нь аккумлятор дээр баруун нүдээрээ унаж нүдэндээ гэмтэл авсан нь тогтоогдож байгаа тул Отгонбаатар түүний нүдийг гэмтээх гэж зориуд аккумлятор дээр унагаж нүдийг нь гэмтээсэн гэж үзэх боломжгүй юм. Тэгвэл нүдрүү нь цохиж нүдийг нь гэмтээх, тухайн хүн унахдаа аккумлятор дээр унаж нүдэндээ гэмтэл авсан хоёр нь эрс зөрүүтэй учир анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг ташаа дүгнэлт гэж ойлгож байна. Харин Отгонбаатар цохихдоо Төмөрчөдөр тэр аккумлятор дээр унаж нүдэндээ гэмтэл авна гэж санах, мэдэх ямарч боломжгүй тул ял шийтгэлийн хувьд анхааран үзэх боломжтой байсан гэж үзэж байна.

3. Шүүх Ч.Отгонбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно гэжээ. Отгонбаатар өөрийнхөө үйлдлээс болж Төмөрчөдөр баруун нүдэндээ гэмтэл авсныг нь ойлгохдоо нүдрүү нь цохиж уг гэмтлийг учруулаагүй, тэр аккумлятор дээр унаж нүдэндээ гэмтэл авна гэдгийг бодоогүй тул зодож шууд санаатай нүдийг нь сохолсон гэдгийг зөвшөөрөөгүй болохоос биш өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй биш болохыг шүүх нухацтай зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж Отгонбаатарын өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Отгонбаатартай уулзаж ярилцахад өөрийнхөө бурууг туйлын ихээр хүлээж Төмөрчөдөрийн биенд гэмтэл учруулсандаа туйлын ихээр харамсдаг ба миний бие түүний нүдрүү нь цохиогүй бөгөөд аккумлятор дээр унаж тийм гэмтэл авна гэж үнэхээр бодоогүй гэж хэлж ярьдгаас нь үзэхэд өөрийнхөө гэм бурууд дүгнэлт хийж харамсаж байгаа нь ойлгогдог бөгөөд Төмөрчөдөрт учирсан гэм хорын хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 7.1.3-т заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэж 4 жил биш түүнээс доогуур ял халдаах боломжтой байсан гэж үзэж байна.

4. Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Гэрч Цэрмаагийн худал гэрчилснээр хохирогч Төмөрчөдөрийг яллагдагчаар татаагүй, Цэрмааг худал гэрчлүүлэхээр ятгасан, шан харамж амласан, өгсөн зүйл байхгүй Цэрмаа өгсөн мэдүүлэгтээ урд нь бид хоёр хоорондоо тохирчихсон хоорондоо учраа олчихсон намайг цохисон талаар битгий хэлээрэй гэж байсан тэгээд л би эхний мэдүүлэг дээрээ цохисон талаар хэлээгүй гэж мэдүүлснээс нь дүгнэлт хийхэд айлган сүрдүүлсэн буюу ятгасан гэж үзэх боломжгүй байгаа билээ. Ер нь ятгана гэдэг чухам ямар үйлдэл хийснийг ойлгох талаар хуулийн тайлбарыг миний бие олж хараагүй тул үүнийг ойлгохгүй байгаа учир Отгонбаатарыг гэм буруутайд тооцож ял халдаасныг зөвшөөрөх боломжгүй юм. Энэ дашрамд дурдахад Цэрмаад ял халдаасныг мөн л үндэслэл муутай гэж үзэж байна.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж урьд тэнсэгдэж эдлээгүй байсан 3 жилийн ялыг бүхэлд нь нэмэхдээ 2017 оны шинэ хуулийн заалтыг хэрэглэж эдлээгүй байсан 3 жилийн ялыг бүхэлд нь нэмсэнийг хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Эдлээгүй үлдсэн ялыг нэмэхдээ 2008 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэсэн хуулийн заалттай байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9-ийг журамлаж Ч.Отгонбаатарын эдлээгүй үлдсэн байсан 3 жилийн ялыг бүхэлд нь нэмсэнийг үндэслэл муутай гэж үзэж байна. Отгонбаатар урьд тэнсэгдсэнээс хойш 3 жил 6 сар өнгөрсөн учир уг ялыг бүхэлд нь нэмэлгүйгээр 2008 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх хэсгийг журамлан багасгаж уг ялын зарим хэсэг болох 1 жилийн ялыг нэмж болох байсан гэж үзэж байна. Иймд миний дээр дурдсан байдлуудыг харгалзан үзэж хохирогч Төмөрчөдөр урд өмнө мотоциклийн осолд орж олон хоног ухаангүй байсан ба маш хүндээр гэмтсэн гэдэг мэдээлэл байгаа тул тэр үеийнх нь өвчний түүх эмнэлгийн дүгнэлтүүдийг нь авч хэрэгт хавсарган нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт шилжүүлэх шаардлагагүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Ч.Отгонбаатарын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Миний бие шүүх хуралдаанд заавал оролцоно” гэжээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Отгонбаатар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Төмөрчөдөрийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:           

- Хохирогч Б.Төмөрчөдөрийн “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр...Отгонбаатар над руу чи манай жолоочийг явуулчихлаа гээд гараараа нүүр лүү нэг удаа цохисон, би цохиулаад унахдаа баруун нүдээрээ машины аккумлятор мөргөсөн, нүд сохорсон.” гэх мэдүүлэг /хх-12, 151/,

- Гэрч Л.Түмэндэлгэрийн: “...Отгонбаатар Төмөрчөдрөөс өр нэхээд л байх шиг байсан, Отгонбаатар Төмөрчөдөрийг гараараа нүүрэнд нь цохих шиг болсон. Тэр хоёр манай гэрийн баруун урд газар сууж байгаад Отгонбаатар шалдан гараараа Төмөрчөдөрийн нүүрэнд нэг удаа л цохисон. Тухайн үед Төмөрчөдөр ёолоод баруун нүднээс нь цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-23/,

- Гэрч Б.Хүрэлмаагийн: “ ...Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн ах Төмөрчөдөр над руу утсаар залгаад ах нь хүнд зодуулчихлаа, миний нүд рүү цохьчихоод зугтаагаад явчихлаа, би одоо 3 настай хүүхдийнхээ хамт байна гэж байсан. Машин олж Довын гуанз гэх газар байсныг аваад шууд Улаанбаатар хот орж 3 дугаар эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Довын гуанз дээр очиход нэг гуанзны үүдэнд хэвтчихсэн байж байсан. Баруун талынх нь нүд нэлээн улайчихсан хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-27/,

- Гэрч С.Мягмарсүрэнгийн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 16 цагийн орчим над руу Төмөрчөдөрийн эгч утасдаад Төмөрчөдөр нүдээ сохлуулчихсан юм шиг байна замын колонк дээр байна гэхээр нь би очоод нөхрөө аваад шөнөдөө Улаанбаатар хот ороод эмнэлэгт үзүүлээд өглөө нь буюу 02-ны өглөө хагалгаанд орсон байгаа. Тухайн үед надад хэлэхдээ Отгонбаатарт цохиулаад нүдээ сохолчихлоо гэж байсан, мөн сүүлд архи уусан гэх Даш гэх айлд ороод асуусан чинь Төмөрчөдөр зүгээр сууж байхад Отгонбаатар чи унаа явууллаа гээд цохиод авсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-59-60, 153/,

- “Б.Төмөрчөдөрийн биед баруун нүдний сохрол гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх  Төв аймгийн шүүх шинжилгээний албаны №321 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-29 /,

 - Б.Төмөрчөдөрийн өвчний түүх /хх-31-41/, гэрч Г.Цэрмаа, Л.Түмэндэлгэр нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Жамбалсүрэн нарын гаргасан “нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцаах, эсхүл ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч Ч.Отгонбаатарын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл:

            Хохирогч Б.Төмөрчөдөрийн ”Ч.Отгонбаатар нүүрэнд нэг удаа гараараа цохисон, унахдаа баруун нүдээрээ машины аккумлятор мөргөсөн” гэсэн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Л.Түмэндэлгэрийн гэрчээр болон нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд өгсөн ”Отгонбаатар гараараа Б.Төмөрчөдөрийн нүүрэнд нэг удаа цохьсон, нүднээс цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Дашзэвэгийн “Маргааш өглөө нь Төмөрчөдөрийн баруун нүднээс нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Хүрэлмаагийн “ах нь хүнд зодуулчихлаа миний нүд рүү цохьчихоод зугатаагаад явчихлаа гэсэн, баруун нүд улайчихсан хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Мягмарсүрэнгийн “Тухайн үед надад хэлэхдээ Отгонбаатарт цохиулаад нүдээ сохолчихлоо гэж байсан” гэх мэдүүлгүүдээр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Дашзэвэгийн гэрт байхдаа Ч.Отгонбаатар Б.Төмөрчөдөртэй маргалдсан, Ч.Отгонбаатар Б.Төмөрчөдөрийн нүүрэн тус газар гараараа цохьсоны улмаас 2017 оны 09 сарын 02-ны өдөр УНТЭмнэлэгт нүдний хагалгаанд орсон хэргийн үйл баримт тогтоогдсон ба “Б.Төмөрчөдөрийн биед учирсан баруун нүдний сохрол бүхий хүнд гэмтэл нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн, гэмт үйлдэл хор уршиг хооронд  шалтгаант холбоотой байна.

             Түүнчлэн хохирогчийн хоёр нүд хуучин гэмтэлтэй байсан, хуучин гэмтэл нь хараагүй болгосон байж болох талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Иймд хохирогчийн хоёр нүд хуучин гэмтэлтэй байсан эсэхийг тогтоолгохоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийх үндэслэлгүй байх бөгөөд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй.

Шүүгдэгч Ч.Отгонбаатарын хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлсэн, хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх хугацааг зохицуулсан ба тухайн гэмт хэрэг  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх байсан гэх өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч Ч.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  тогтоохдоо шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн  байна.

Харин Ч.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нь Г.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Ч.Отгонбаатар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн, хэрэг нь нотлогдсон гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх...зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол...гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ба өөрөөр хэлбэл зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутай этгээд гэрчид  хүч хэрэглэх, заналхийлэх, сүрдүүлэх, ятгах, шан харамж амлах зэрэг идэвхтэй үйлдлээр түүнд хууль бусаар нөлөөлсөн байхыг ойлгоно.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Отгонбаатарын зүгээс зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэрч Г.Цэрмаад ямар байдлаар хууль бусаар нөлөөлснийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар прокурорын яллах дүгнэлтэнд дурьдаагүй байна.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Иймд Ч.Отгонбаатарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, холбогдох  хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дээрх байдлаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ч.Отгонбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

- шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “...гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэсэн хэсгийг

- шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “...мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар ” гэсэн хэсгийг тус тус хасч,

- шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 гурав сарын хугацаагаар хорих ялыг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Отгонбаатарын нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 /долоо/  жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын: “7 /долоон/ жил 4 /гурван/ сарын” гэснийг “7 /долоо/ жил 1 /нэг/ сарын”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Жамбалсүрэн нарын гаргасан “нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцаах, эсхүл ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ч.Отгонбаатарын цагдан хоригдсон                           254 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

 

 

        ШҮҮГЧИД                                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                               Г.БОЛОРМАА