Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2018/00028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, ......... сум, 1-р баг, .............., 0-р байр 0 тоотод хаягийн бүртгэлтэй, Б овогт Р-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн **********-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговорт 6.354.276 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр аймгийн ********** даргын 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар ажилд томилогдсон. Иймд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй бйасан хугацааны 6.354.276 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан үеийн цалинг олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр гаргасан байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Р.Ц-ын ажилгүй байсан үеийн цалинг 876.667 төгрөгөөр тогтоон 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны ажилгүй байснаар тогтоож цалинг олгохоор шийдвэрлэсэн болно. Байгууллагын данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 841.596 төгрөгийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох данс руу шилжүүлж нэхэмжлэгч Р.Ц-ийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан. Говь-Алтай аймгийн ********** дарга Ч.Б нэхэмжлэгч Р.Цай эвлэрсэн. Хэрэгт Р.Ц-ийг ажилд эгүүлэн томилсон тушаал байгаа. Р.Ц-тай эвлэрсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Р.Ц-ийн цалин олговор нь олгогдоод дэвтэрт нь бичилт хийгдсэн байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг төлсөн эсэх талаар би сайн мэдэхгүй байна гэв.

Нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ц нь Говь-Алтай аймгийн ********** холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 6.354.276 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаарджээ /хх-1/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч Р.Ц-д 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлэхэд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-37/.

Хариуцагч тал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Р.Ц-ийн ажилгүй байсан үеийн цалинг 876.667 төгрөгөөр тогтоон, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны ажилгүй байснаар тооцож цалинг олгохоор тохиролцож эвлэрч шийдвэрлэсэн. Байгууллагын данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 841.596 төгрөгийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох данс руу шилжүүлж Р.Ц-ийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй гэж маргасан /хх-29, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч Р.Ц-ийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0519 дугаартай магадлалаар ...Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 19 дугаартай шийдвэр, 221/МА2017/0519 дугаартай магадлалын хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-6-13, 14-19/.

Нэхэмжлэгч Р.Ц нь Говь-Алтай аймгийн **********-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.354.276 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1 арын хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Р.Ц-ийг хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/53 тоот тушаалаар үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, жижиг дунд үйлдвэрийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилсон болох нь дээрх тушаалын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-5, 29, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан байхад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0519 дугаартай магадлалыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Р.Цийг Б/53 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна /хх-5/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.Ц-ийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 112 хоногийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн ********** гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Ц-ийн000189017 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 10 дугаар хуудсанд 2016 оны 1-10 дугаар сарын бичилт хийгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгч ажил эрхлээгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал 2017 оны 5, 7 дугаар сард гарсан байна /хх-4, 6-13, 14-19/.

Нэхэмжлэгч Р.Ц-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоосон байх тул 2016 оны 10, 9, 8 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 890.496 + 895.496 + 1.264.103 = 3.050.095 : 3 сар = 1.016.698 : 22 = 46.213 төгрөг байх тул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын 112 өдрөөр тооцож үзвэл Р.Ц-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хэмжээ 5.175.856 төгрөг байна.

Нэхэмжлэгч Р.Ц нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.354.276 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.175.856 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.178.420 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй... гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хүүхдийн баяр 6 дугаар сарын 1, 4.1.1-д заасан үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарахаар заасан тул 2017 оны 06 дугаар сарын 26, 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр зэрэг дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн **********-тдаалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн **********-аас 97.764 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг дахин тайлбарлан хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэх тайлбарыг өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн **********-аас ажилтаны ажилгүй байсан 112 өдөрт ногдох олговорт 5.175.856 /таван сая нэг зуун далан таван мянга найман зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Р-ийн Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.178.420 /нэг сая нэг зуун далан найман мянга дөрвөн зуун хорин/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 97.764 /ерөн долоон мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.ЯНЖИНДУЛАМ