Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2017/00692/И |
Дугаар | 131/ШШ2017/00932 |
Огноо | 2017-12-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2017/00932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг ***** дугаар багт оршин суух, ***** регистрийн дугаартай, ***** овогт ***** ****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн **** оршин суух, ***** регистрийн дугаартай, **** овогт **** ****,
Баянхонгор аймгийн ***** сумд оршин суух, **** регистрийн дугаартай, ******* овогт ****** ***** нарт холбогдох Хууль бус зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* миний нөхөр ****** нь 2015 онд зуурдаар нас барсан. Тэрээр амьд сэрүүн байхдаа 2013 оны 08 сарын 19-ний өдөр Төмөр гэх хүнээс 20000000 төгрөг зээлсэн гэсэн. Би нөхрийнхөө ажил төрөлд оролцдоггүй, ямар учраас яах гэж авсан мөнгө болохыг мэдэхгүй.
Талийгаач нөхөр маань Pajero маркийн авто машиныг 15000000 төгрөгөөр авсан. Нөхрийг маань нас бараад 10 хонож байхад ******* нь өр нэхэж ирсэн бөгөөд би 3 жилийн хугацаанд 2015 оны 06 сард 4000000 төгрөг бэлнээр, 2017 оны
06 сард 10000000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Тухайн үед 15000000 төгрөгийн үнэтэй автомишиныг буцааж зарахад 3000000 төгрөг болсон. 2017 оны 09 сарын 04-ний өдөр Төмөр нь ирж Зээлийн гэрээн дээр үсэг зур тэгэхгүй бол шүүхэд хандана, ****** өрөөнд нь дуудсан байгаа гэхэд нь би үлдэгдэл мөнгийн тань төлнө гэхэд тэр хамаагүй гарын үсэг зур гэхээр нь 5000000 төгрөг үлдсэн гэхэд 18000000 төгрөг үлдсэн гэж хэлээд зээлийн гэрээн дээр хүчээр гарын үсэг зуруулах гээд тулгахаар нь би яаж ч чадаагүй. Би Төмөр гэх хүнээс ямар ч мөнгө аваагүй тул уг Зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай гэр бүлийн хүн болох ****** нь 2013 оны 08 сарын 19-ний өдөр ********* 20.000.000 төгрөг зээлж аваад 5 сая төгрөгийг нь Эрдэнэцогт сумын нэг хүнээс пургон автомашин, 15.000.000 төгрөгийг нь пекап болон пажеро автомашин авахад зарцуулсан. Гэр бүлийн хэрэгцээ болон бизнесийн зориулалттай зарцуулсан зүйл байхгүй. Ингээд манай нөхөр 2015 онд нас барсан. Маш их хэмжээний өр төлбөр, 4 хүүхэдтэй хоцорсон. Би ***** 20.000.000 төгрөгийн өрийг дарах гэж маш их хичээсэн. Увуулж цувуулаад 15.000.000 төгрөгийг нь төлчихсөн байгаа. 5 сая төгрөгийг нь би төлөх бодолтой байсан бөгөөд энэ байдлаа хэлэхэд ****** нь баталгаа бичүүлнэ гэж хэлээд сумын тамгын газарт дагуулж очоод 18.000.000 сая төгрөг гэж бичээд гарын үсэг зуруулсан. 5 сая төгрөг гэхээр бага мөнгө чи тоохгүй, хүүхдүүд шаардаад байна, 18 сая гээд биччихье гэж хэлээд бичүүлсэн. Мөн 2016 онд бас нэг гэрээ хийгээд 28.000.000 төгрөг зээлсэн мэт гэрээ хийсэн. Түүнээс хойш би 10.000.000 сая төгрөгийг нь төлсөн байсан. Би олон өнчин хүүхэдтэй амьдралын боломж тааруу хэцүү байна. Яаж ийж байгаад өр төлбөрөө дарах хүсэл байгаа ч үнэндээ хэцүү байна. ***** нь энэ бүх хугацаанд сум орон нутгийн хүмүүст намайг элдвээр хэлж доромжилж маш хүнд байдалд байлгаж, сэтгэл санааны маш их дарамттай байгаад гомдолтой байна.
Иймд дээрх зээлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү...гэв.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ***** нь надаас зээлж авсан мөнгөө түүний нас барсан нөхөр ***** ганцаараа зээлж авсан гэж худал нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч ***** нь 2013 оны 08 сарын 25-ны өдөр надаас мөнгөний хэрэг гарлаа яаралтай мөнгө хэрэг байна гэж гуйсаар байгаад 20.000.000 төгрөгийг 2 хувийн хүү төлнө гэж хэлээд бэлнээр авсан. Ингээд хүүд нь 2014 оны 07 сард 4.000.000 төгрөгийг өгөөд анх зээлж авсан 20.000.000 төгрөгөө 2015 онд төлөхөөр болсон юм. ******* нь анх тус мөнгийг зээлэхдээ та мөнгө зээлээч гэж өөрөөл гуйгаад байсан болохоос биш түүний нөхөр нь энэ асуудалд огт оролцоогүй билээ. Гэтэл үхсэн хүн үг хэлэхгүй гэгчийн үлгэрээр нөхрөө нас барсны дараа би энэ мөнгийг аваагүй гэж хариуцлагаас худлаа зугтааж байна. Би түүнтэй гэрээ байгуулахдаа нэхэмжлэлд дурдсан шиг загнаж зандарч шахсан, хүчээр гэрээ хийсэн асуудал байхгүй. ****** зээлдүүлсэн мөнгөө хэзээ өгөх вэ гэхээр таниас авсан мөнгөө удахгүй өгнө, авсан мөнгөө өгөлгүй яах вэ гэдэг бөгөөд би ч өгөөмөр зан гаргаж өнөөдрийг хүртэл шүүхэд хандаагүй өдийг хүрсэн. Гэтэл худал үгээр намайг гүтгэн гүжирдэж нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ***** зээлүүлсэн мөнгө болох 18.000.000 төгрөгийг гаргуулж авах талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. ***** надаас мөнгө авсан гэх бүх баримт надад байгаа юм. Би насаараа мал маллаж хөдөлмөрийн баатар болсон хүн бөгөөд ***** нэг ч төгрөг зальдаж авах санаа байхгүй. Ахаа мөнгө зээлээч гэж гуйж гуйж хэдэн төгрөгийг минь авчихаад одоо заль гарган худал үгээр гүжирдэж, шүүхэд өгсөн байгаад маш их гомдож байна. Нэхэмжлэлдээ бичсэн зүйлүүд нь бүгд худал байна гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:
****** би ****** нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ****** нь 2013 оны 08 сарын 20-нд манай аав Төмөрөөс 20 сая төгрөг жилийн 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм. Ингээд 2014 оны 07 сард 4.000.000 төгрөг хүү гэж өгөөд 1 жил сунгаад 2015 онд өгөх ёстой байгаад өгөхгүй 2016 оны 06 сард өгөхөөр тохирсон боловч бас л өгөөгүй. Ингээд 2016 онд 1.000.000 төгрөг, мөн 2017 онд 10.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд 2017 оны 09 сарын 04-нд дахин зээлийн гэрээ байгуулж үлдсэн 18.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон юм..гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч **** хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь тайлбарлахдаа ***** болон түүний талийгаач нөхөр ***** нар нь 2013 оны 08 сард өөрсдийн биеэр ирж гуйж байгаад 20.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй зээлж аваад явсан гэдэг. Энэ мөнгийг авахдаа ****** нь өөрөө ирж гуйж байгаад авсан, нөхөр нь дуу муутай ноомой хүн байсан тул хамт явсан. Энэ мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул гэр бүлийн гишүүд хамтран үүрэг хүлээх нь ойлгомжтой юм. Ингээд зээлдэгч нар нь мөнгөө өгөхгүй байсаар хүү болон үндсэн мөнгөнд 15 сая төгрөг өгсөн байна. Улмаар 2017 оны 09 сард дахин зээлийн гэрээ хийж 18.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ хариуцагч талаас хуурч мэхлэн, айлган сүрдүүлсэн, дүр үзүүлсэн зэргээр хэлцэл хүчин төгөлдөр бус байх шинж нөхцөлүүдийг бүрдүүлээгүй, гэрээг бодитойгоор хийсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *****, ****** нарт холбогдуулан 2017 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ.
Үйл баримтаар ******* нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр *****, **** нараас 18.000.000 сая төгрөгийг 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл зээлсэн тухай гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулжээ.
Улмаар **** нь өөрийн нөхөр болох 2015 онд нас барсан **** 2013 оны 08 сарын 19-ний өдөр **** зээлсэн 20.000.000 төгрөгийн асуудлыг мэдэхгүй, зээлийн төлбөрт 2015 оны 06 сараас 2017 оны 06 сар хүртэл 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, 2017 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд **** нь хүчээр гарын үсэг зуруулсан, энэ гэрээгээр 18.000.000 төгрөг өгч аваагүй, дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч ******, ****** нар нь энэ байдлыг үгүйсгэж анх 20.000.000 төгрөгийг ****** нь зээлж авсан, төлбөрийг тэрээр өөрөө төлж байсан, 18.000.000 төгрөгийн гэрээг хүчээр хуурч мэхлэн хийсэн зүйл байхгүй..гэжээ.
Мөн хариуцагч ****** нь 2015 оны 09 сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг 2016 оны 06 сард ***** нь төлөхөө бичгээр илэрхийлсэн баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл..ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулсан байна.
Тодруулбал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..гэжээ.
Гэтэл маргаан бүхий гэрээгээр талууд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үйлдэл хийгээгүй атлаа гэрээний 2.1-д 18.000.000 сая төгрөг өгч, авсан, 3.2-д зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгнө..зэргээр 18.000.000 төгрөг бодитой зээлдүүлсэн мэтээр дүр үзүүлсэн гэрээг хийж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн байна.
Хариуцагч талаас зээлийн гэрээг бодитойгоор байгуулсан гэж үзэн, 2013 оны 08 сарын 19-ний өдөр зээлүүлсэн мөнгөнөөс буцаан авсан 15.000.000 төгрөгийг үндсэн зээлийн хүү, төлбөрт тооцож авсан, улмаар 2017 оны 09 сарын 04-ний байдлаар уг төлбөрөөс 18.000.000 төгрөгийн үлдэгдэл байгааг гэрээ хийж баталгаажуулсан гэж тайлбарлаж, өмнө хийсэн хэлцлээ гэрчлэх зорилгоор хийсэн гэж байгаа бол шүүх буруутгах боломжгүй юм.
Харин энэхүү байдлаа хариуцагч нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээ бодитой байгуулагдсан мэтээр үйлдсэн нь Иргэний хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа хариуцагч **** нараас авсан 20.000.000 төгрөгийн эргэн төлөлт, үр дагаврын талаар шаардлага гаргаагүй бөгөөд шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлөхөөр заасан байна.
****** нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул шүүх түүнийг улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 177750 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *****, хариуцагч ******, ****** нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177750 төгрөгийг, хариуцагч ******, ***** нараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ