| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н*******т холбогдох эрүүгийн 2415000000291 дугаартай, 304/2025/0007/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн Н*******, Булган аймгийн Булган суманд 1972 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг б хэсэг 3-12 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,
урьд Ардын армийн шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 287.1 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хорих ялаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 52 настай, эрэгтэй, /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “*******” Зоогийн гадна талд хохирогч Б.Х*******тай хэрүүл маргаан хийж, улмаар биед нь халдан цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000291 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “*******” Зоогийн газрын гадаа хохирогч Б.Х*******тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр хэрүүл маргаан хийж, улмаар биед нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х*******ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цэцэрлэгүүдийн дундах гар бөмбөгийн тэмцээн болж манай эхнэр Н*******ийн ажлын газрын хүмүүс тухайн тэмцээнд түрүүлсэн юм. Тэгээд түрүүлсэн баяраа тэмдэглээд ******* ресторанд хоолонд орсон юм. Тэгээд хоол ундаа идэж дуусчихаад архи ууцгааж эхэлсэн юм.Тухайн үед цаг оройны 23 цаг өнгөрч байсан. Тэгтэл хуучны танил 3 дугаар цэцэрлэгийн жижүүр Н******* ах надад хандан Х*******аа чи их сонин болжээ гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь ахаа яачихаад байгаа юм бэ? гээд аль болох маргалдахгүй байхыг хичээгээд ******* зоогийн газраас гадагшаа гарахад Н******* ах араас дагаж гарч ирээд миний зүүн шанаа руу гараа зангидаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би газар уначихсан чинь баруун хөлөөрөө миний ам руу 1 удаа өшиглөсөн чинь миний үүдэн 3-н шүд уначихсан. Тэгээд цус нөжтэйгөө хутгалдаад байж байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгээд цагдаа дээр очиж согтолтын зэргээ ах Н******* бид хоёр шалгуулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09- ний өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Х******* нь 40.000 төгрөгийн зардал тус тус гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
4. Гэрч Энх-Ариуны өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Булган сумын цэцэрлэгүүдийн дунд урлаг спортын наадам болж дуусаад хамт олноороо Булган сумын 5 дугаар багт байрлах “*******” нэртэй зоогийн газарт суусан юм. Ингээд 23 цаг өнгөрч байхад танай хоёр хүн гадаа зодолдож байна гэхээр нь яваад очиход Х******* Н******* ахтай маргалдаад зодолдсон байсан. Манай ажилчид салгахад Х*******, Н******* ах намайг өшиглөсөн миний шүд хугарчихлаа гээд байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
5. Гэрч Б.Н*******ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн хооронд спорт, урлагийн тэмцээн болж тухайн өдөр бас миний төрсөн өдөр байсан юм. Ингээд тэмцээн уралдаандаа орж манай 4 дүгээр цэцэрлэг тэргүүн байрыг аваад “*******” зоогийн газарт тэмдэглэхээр болсон. Тухайн газар 3 дугаар цэцэрлэгийн ажилчид бас “*******” зоогийн газар бүжиглэж байсан.Тэгээд манай нөхөр Х******* бас манай ажлынхантай нийлсэн мөн миний төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн байсан. Тэгээд манай нөхөр тухайн газраас 1 шил архи худалдаж аваад манай ажлынхан болон 3-р цэцэрлэгийн хүмүүст архи хундагалж өгч байсан. Тэгээд би ******* зоогийн газрын 2 давхарт 4 дүгээр цэцэрлэгийнхэнтэйгээ караокед дуулж байсан чинь манай ажлын нэг хүн хэнийг нь одоо сайн санахгүй байна танай нөхөр гадаа хүнтэй зодоон хийж байна гэсэн. Тэгэхээр нь ******* зоогийн газрын гадаа гараад хартал манай нөхрийн нүүр ам нь нил цус болчихсон зогсож байсан. Тухайн үед хажууд нь миний танихгүй ах зогсож байсан. Тэгээд цагдаа хаанаас ч юм гэнэт гараад ирсэн. Манай нөхрийг цагдаа руу аваад явсан би араас нь цагдаа дээр очсон. Би тухайн үед нөхрөөсөө асуухад Н******* ах намайг сонин хүн болоод байгаа шүү гээд цохиж унагаагаад шүд руу нь өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
6. Шинжээч эмч Э.Д*******ын гаргасан 374 дугаартай дүгнэлт “... Бямбажав овогтой Х*******ын биед дээд зүүн нэг, гуравдугаар шүд хүзүүвчээр хугарал, хоёрдугаар шүдний сулрал, дээд уруулны дотор салст, доод уруулны баруун дотор салстад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “*******” Зоогийн газрын гадаа хохирогч Б.Х*******тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр хэрүүл маргаан хийж, улмаар биед нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Х*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Н*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Б.Н*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Б.Н******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Н*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Б.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Х******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6.000.000 төгрөгийг нэхэжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 09-ы өдөр төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Н*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч Б.Н******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх улсын яллагдагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 57-65, 68-72 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ардын армийн шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 225 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н******* нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг б хэсэг 3-12 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ