Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Н.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О*******т холбогдох эрүүгийн 2415002240275 дугаартай, 304/2025/0005/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн О*******, Булган аймгийн Бугат суманд 1980 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Булган амаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 44 настай, эрэгтэй, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.О******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* багийн нутаг “*******” гэх газраас 2 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.5291 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, *******тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 254.957 төгрөгийн шууд хохирол, 764.871 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002240275 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.О******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* багийн нутаг “*******” гэх газраас 2 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.5291 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, *******тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 254.957 төгрөгийн шууд хохирол, 764.871 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О*******ын өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч Б.П*******гийн өгсөн: “... Миний дуулж мэдсэнээр Н.Отгон- Очир нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* багийн нутагт дэвсгэрээс хууль бусаар зохих бичиг баримт болох мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн байна. Энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж бодож -байна. Булган аймгийн ******* багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хуулийн дагуу тогтоогдвол байгаль-экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ. Н.О*******ын хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч А.Тгийн өгсөн: “... Начингийн О******* нь манай “Транс капитал” ББМБ-ын эзэмшилд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлж фидуцын гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр 28-94 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгүүлж зээл авсан. Зээлдэгч Н.О******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 083080320087 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусах байсан боловч зээлдэгч Н.О******* нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх хугацаа буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлбөр тооцоог, дуусгаж төлсөн байсан. Зээлийн мэдээлэлтэй "Транс капитал" ББСБ-ын эзэмшилд байх 28-94 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

4. Гэрч А.Тгийн өгсөн: “... Булган аймгийн Цагдаагийн газрын Бугат сумын Хэв журмын цагдаа ажилтай. Миний бие 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 28-94 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн давхар кабинтай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр Н.О******* гэх иргэн нь үзүүлэх бичиг баримтгүй шинэс төрлийн мод бэлтгэн, Орхон аймаг руу тээвэрлэж явсныг илрүүлж ажилласан. Тухайн үед Н.О******* нь холбогдох бичиг баримт огт үзүүлж шалгуулаагүй өөрөө гоожин бичиг баримт аваагүй гэж тайлбарлаж байсан. Тухайн үед Н.О******* нь Киа Бонго маркийн цагаан өнгийн 28-94 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шинэс төрлийн мод тээвэрлэж явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 68 дахь тал/,

5. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... Үзлэгээр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Нарст” гэдэг газарт үзлэгийн оролцогч Начин овогтой О*******оор өөрөөр нь заалгаж хэргийн газрын үзлэгийг явуулахаар тогтов... үзлэгийг цаашид үргэлжлүүлэн хийхэд үзлэгийн оролцогч Н.О*******ын зааж байгаагаар 2 ширхэг босоо хуурай “Шинэс” төрлийн мод хөрөөдөж унагасан ба 3 ширхэг газарт байгалийн жамаараа унасан унианги модноос тайрч 1 метр 50 см-ээр бэлтгэсэн гэж тайлбарлаж байв оролцогч Б.Мөнх-Эрдэнийн өөрийн зааж байгаагаар босоо 2 мод хөрөөдөж унагасан гэх тайлбар хэлж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-15 дахь тал/,

6. Тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

7.  2024 оны 08 сарын 15-ны өдөр Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1-32 хүртэл дугаарласан нийт 32 ширхэг модонд хэмжилт хийж үзлэг хийсэн...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-33 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны 2640 дугаартай шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн мод нь Pinaceae Lindl Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Шинжилгээнд ирүүлсэн модны дээжний чийг нь 23,4%-ийн чийгшилтэй байгаа тул нойтон мод байна. Мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн 32 ширхэг модыг 1,5 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. 32 ширхэг модны м3-ын хэмжээг NN82379:2010 стандартын арга ашиглан бодоход 1.6м3 байна. 32 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцоход экологи-эдийн засгийн үнэлгээ нь 428.331x1.8=770,995 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 770,995 төгрөгх3=2,312,985 төгрөг байна. Хууль бусаар бэлтгэсэн гэх Булган аймгийн ******* багийн нутаг дэвсгэр нь газар нутгийн байршлын хувьд ойн гуравдугаар мужлалд хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-87 дахь тал/,

9. 2024 оны 10 сарын 05-ны өдөр Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1-15 хүртэл дугаарласан нийт 15 ширхэг модонд хэмжилт хийж үзлэг хийсэн...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-38 дахь тал/,

10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны 3316 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Pinaceae Lindl Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс болох нь тогтоогдов. Дээжинд ирүүлсэн модны чийг нь 13.11%-ийн чийгшилтэй байгаа тул хуурай мод байна. 15 ширхэг модны м3-ын хэмжээг МNS82379:2010 стандартын арга ашиглан бодоход 0.5291 м3 байна. Нийт 15 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ 141.643x1.8= 254.957 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 254.957 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход  764.871 төгрөг байна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 110-114 дэх тал/,

11. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ОРА: 1001858 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... 28-94 УБЕ улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-96 дахь тал/,

12. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/1001858-01 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... бензин хөдөлгүүртэй цахилгааны хөрөө 1 ширхэг, 60,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-100 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

 Шүүгдэгч Н.О******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* багийн нутаг “*******” гэх газраас 2 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.6 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, *******тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 254.957 төгрөгийн шууд хохирол, 764.871 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.О******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Н.О******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр  2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* багийн нутаг “*******” гэх газраас 2 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.5291 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, *******тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 254.957 төгрөгийн шууд хохирол, 764.871 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Отгонхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.О*******ын байгаль экологид учруулсан хохирол болох 764.871 /долоон зуун жаран дөрвөн мянга найман зуун далан нэг/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.О*******ын  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.О*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг  дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 142-158 дахь талд авагдсан Булган аймгийн Бугат сумын гуравдугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолооны үнэмлэхний хуулбар, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тоолглогын баримт, Булган амаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О******* нь ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 28-94 УБЕ улсын дугаартай Киа Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч “Транскапитал” хязгаарлагдмал хариуцлагатай компанид буцаан олгож, 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого тус тус болгох саналыг,

Шүүгдэгч Н.О******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Н.О*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

 

Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгана гэж бүрэн эрхийг нь тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн ойлгож хэрэглэх талаар Монгол улсын Дээд шүүх хэд хэдэн тогтоолоор тайлбарласан байна.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон зохицуулалт гэж,

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан гэж,

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ны талаар тайлбарлахдаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжэнэ,

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд  хуулиар хүлээлгэсэн байна гэж тус тус тайлбарлан, хууль хэрэглээний зөрүүг арилгасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-94 УБЕ улсын дугаартай Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч “Транскапитал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 32 ширхэг 0.5291 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-94 УБЕ улсын дугаартай Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч “Транс капитал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 32 ширхэг 1.6 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 60.000 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Н.О******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СУВД-ЭРДЭНЭ