| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ дж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000293 дугаартай, 304/2025/0008/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******гийн Б*******, Булган аймгийн Х******* суманд 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,
урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, 51 настай, эрэгтэй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Т******* сумын Х 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.А*******ийг морины мөнгө өгөхгүй хоёр жил болсон, архи зээлээр авч өгөөгүй гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000293 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Т******* сумын Х 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.А*******тэй “морины мөнгө өгөхгүй хоёр жил болсон, архи зээлээр авч өгөөгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас мдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.А*******ийн өгсөн: “...Би Булган аймгийн Т******* сумын Ар булгийн шил гэх газар ногоон тэжээл тарьж ургуулсан юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр гэртээ байж байгаад ногоон тэжээлээ хураах гээд Ар булгийн шил явж байх замд Харлангийн гол дээр Б******* ах тааралдсан тухайн үед надаас гол хаагуураа гарч байна гэж асуухаар нь би дагуулж гол гаргаж өгсөн. Гол гараад миний араас дагаж явж байснаа урд гараад зогсохоор нь би яасан юм бол гэж бодоод зогсоход тэр айлаас архи асуугаад аваад өгөөч гэж хэлэхээр нь хөндөөний айлд юу байхав дээ гэж хэлчхээд би түрүүлээд явсан. Намайг явж байхад өвс прейслэж байсан хүмүүс дуудахаар нь би очсон. Намайг тэр хүмүүс дээр очиход Б******* ах очсон байж байсан. Намайг Тулгаа гэдэг залуу дуудахаар нь очоод юм яриад зогсож байхад Б******* ах араас ирээд миний хүзүүн дээгүүр гараа давуулаад яасан том болсон юм гэж хэлээд миний хамар луу нэг удаа цохисон. Би тухайн үед ногоон тэжээлээ хураах гээд яваад өгсөн. Би Орхон аймаг орж эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын яс хугарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Бид хоёр тухайн уед мдаж муудалцсан зүйл байхгүй ээ. Б******* ах тухайн үед бага зэрэг архи уусан байсан болохоор намайг айлаас архи асууж өгсөнгүй гэж бухимдсан юм^байлгүй. Б******* ах миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Б******* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан. Би сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй. Надад одоо гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгээд гарсан зардлаа нэхэмжилнэ... тухайн хүн надаас уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон Б******* ах миний эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 15-16 дахь тал/,
3. Гэрч Г.Б*******н өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Т******* сумын Х багийн нутаг Ацын хөндий гэх газар айлд өвс прейслэн боож өгч байсан. Би А*******эд ногоон тэжээл прейслэж боож өгсөн юм. Тэгээд тухайн үедээ ажлын хөлсөө аваагүй байсан болохоор явж байхад нь дуудаад ажлын хөлсөө хэзээ өгөх вэ гэж асуух зорилготой дуудсан. А*******ийг дуудаад ирэхэд нь Б******* ах өөр машинтай бараг зэрэг ирсэн. Намайг А*******тэй уулзаад цалин өгөх юу болж байна ногоон тэжээл чинь зарагдаж байгаа юм уу гэж асуугаад юм яриад байж байхад Б******* ах ирээд А*******эд чи миний морийг аваад мөнгийг нь өгөхгүй байлгаж байгаад 2 жилийн дараа өгсөн гээд юм ярьж байснаа Б******* ах цохиод авсан. Би яг ямар шалтгааны улмаас цохиж авсан талаар нь мэдэхгүй байна. Б******* ах А*******ийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Өөр дахин цохиж зодсон зүйл байхгүй. А*******, Б******* ахад цохиулаад шууд яваад өгсөн. А******* архи уугаагүй эрүүл байсан, харин Б******* ах бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр 20-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн “Пүрэвням овогтой А*******ийн хамар ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхины хаван, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Пүрэвням овогтой А*******ийн биед үүссэн хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 2 нүдний зовхины хаван, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
5. Яллагдагч С.Б*******ын өгсөн: “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйгаад 500,000 төгрөгийг өгөөд хохирол бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч С.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Т******* сумын Х 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.А*******тэй морины мөнгө өгөхгүй хоёр жил болсон, архи зээлээр авч өгөөгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас мдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.А*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Б*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
С.Б*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн С.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Б*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч С.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Шүүгдэгч С.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч П.А******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 500.000 төгрөгийг шүүгдэгч С.Б*******аас хохиролд бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч С.Б******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 50, 54-59, 61-67 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Б******* нь Булган аймгийн ******* багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг хзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Б*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ