Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М*******, Ү.Нт нарт холбогдох эрүүгийн 2415001570257 дугаартай, 304/2025/0006/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Борхууд овогт Цын М*******, Булган аймгийн Булган суманд 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ******* баг Хөх чулуут гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД:/.

Монгол Улсын иргэн, *******ийн Нт, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Булган аймгийн О******* Халиун 2 дугаар баг, Нарийн хайлааст гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй,

Урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 сарын 19-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД /.

Холбогдсон хэргийн талаар:/ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.М*******  Ү.Нт нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн О******* Халиун 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 348,019 төгрөгийн шууд хохирол, 1,044,057 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415001570257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.М******* Ү.Нт нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн О******* Халиун 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 348,019 төгрөгийн шууд хохирол, 1,044,057 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Нтын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

3. Иргэний нэхэмжлэгч Я.Аын өгсөн: “...Тухайн газарт ойн тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэж болохгүй. Ойгоос түлээний модоо бэлтгэх гэж байгаа бол мод бэлтгэх эрхийн бичиг баримт авснаар ойн сан руу орох ёстой юм. Ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

4. Гэрч Я.Аын өгсөн: “... Миний бие 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон сум Халиун 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт эргүүл шалгалт хийгээд явж байхад Ивээлтийн даваа гэх газраас өөдөөс цагаан өнгийн Портер машин мод ачаад гарч ирж явсан, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хуурайшилтын улирлын хугацаанд ой хаасан үед уулын ойн сангаас босоо мод унагаж тээвэрлэж явсан гэмт хэрэг зөрчлийг илрүүлж хэсгийн төлөөлөгч ахмад Э.Цэнд-Аюуш болон Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн юм хэсгийн төлөөлөгч ирээд хэргийн газрын үзлэг хийж би үзлэгт оролцсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Д.ын өгсөн: “... Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өглөө Булган аймгийн О******* Халиун 2 дугаар баг Чингэлийн гол гэх газарт зусаж байхад манай гэртэй ойролцоо байдаг хуурай дүү М******* ирээд манайх түлээгүй болчихлоо түлээнд явчхаад ирье гэхэд хадам дүү Нт би хамт явъя хоёр гэртээ түлээнд явъя гээд миний Бонго маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад Нт, М******* хоёр түлээний модонд явсан. Тэгээд өдөр босоо мод унагааж бэлтгэсэн гээд миний улсын дугааргүй Бонго маркийн тээврийн хэрэгслийг ачиж явсан модтойгоо хамт Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулагдчихлаа гээд ирсэн. Би 2021 онд одоо хаана байдаг хэн гэдгийг нь мэдэхгүй санахгүй байна нэг залуу сэлбэж босгосон Бонго маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм зарна гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд идэшний үхрээр өгчихнө гэсэн тэгээд би тухайн Бонго маркийн тээврийн хэрэгслийг шүдлэн насны үхрээр худалдан авч тухайн залуугаас бичиг барим байгаа юу гэж асуухад байхгүй гэсэн. Тэгээд би тухайн Бонго маркийн тээврийн хэрэгслийг гэрээ нүүлгэх, өвс, усаа зөөхөд ашигладаг юм. Би сэлбэж босгосон Бонго маркийн тээврийн хэрэгслээ 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би Нт, М******* нараас Ашид билгүүн ХХК-ны гаргасан 1,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дэх тал/,

6. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн О******* Халиун 2 дугаар баг ******* гэх газарт болсон байна... замаас 1 метр орчим зайд байрлах босоо модыг унагасан ул мөр байх ба хөрөөдөгдөж үлдсэн хожуул тус бүр дээр очиж метр ашиглан хэмжилт хийж 1-6 хүртэл дугаарлан Samsung ZFold-4 загварын гар утасны гэрэл зургийн аппаратаар 6 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

7. Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1-34 хүртэл дугаарласан нийт 34 ширхэг модонд хэмжилт хийж үзлэг хийсэн...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

8.Тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19, 23-25, 29-32 дахь тал/,

9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ- ОРА: 10863 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... бензин хөдөлгүүр цахилгаан хөрөө 1 ширхэг, 60,000 төгрөг....” Цагаан өнгийн Бонго-2 маркийн тээврийн хэрэгсэл зах зээлийн дундаж үнэ 1,100,000 төгрөг...” гэх дүгнэлтүүд /хавтаст хэргийн 74-79, 89-94 дэх тал/,

10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2913 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Шинжилгээнд ирүүлсэн нь Сибирь шинэс Larix sibirica Ledeb байна. Модны чийг 12.5%-тай хуурай мод байна. Уг 34 ширхэг тайрч бэлтгэсэн моднууд нь түлээний зориулалтаар бэлтгэсэн байна. Нийт 1.3 м3 хэмжээтэй мод байна. Булган аймгийн О******* Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэр "*******" гэх газар нь ойн үзүүлэлтээрээ гуравдугаар мужпалд хамаарч байна. Экологи эдийн засгийн үнэлгээ 348,019 төгрөг байна. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 1,044,057 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106-111 дэх тал/,

11. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай актад “... 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2913 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 1.3 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 348,019 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1,044,057 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 117 дахь тал/,

12. Яллагдагч Ц.М*******ийн өгсөн: “... Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр саахалт айлын ах Ү.Нтын хамт О******* Халиун 2 дугаар баг ******* гэх газраас 6 ширхэг босоо мод унагааж хөрөөдөж бэлтгээд Д.ын эзэмшлийн улсын дугаар тодорхойгүй Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад хөдөлж байсан чинь байгаль хамгаалагч Я.А хүрч ирээд хууль бусаар зөвшөөрөлгүй босоо мод унгааж бэлдсэн байна О******* хэсгийн дуудаад тээврийн хэрэгсэлтэй модыг маань Орхон аймгийн журмын хашаанд аваачиж хийсэн. Би тухайн үед Ү. Нт ахын хамт 6 ширхэг босоо мод унагааж, хөрөөдөж бэлдээд тээврийн хэрэгсэл дээрээ ачиж уулнаас хөдөлсөн юм. Ү.Нт ах бид хоёр тухайн үед эрх бүхий албан тушаалтнаас ямар нэг эрхийн бичиг авсан зүйл байхгүй ээ. Мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан....би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

13. Яллагдагч Ү.Нтын өгсөн: “... Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай хаяа саахалт айлын дүү болох Ц.М******* манайд ирээд модонд яваад ирье гэхээр нь би тэгье гэж хэлээд би хүргэн ах Д.ын эзэмшлийн улсын дугаар тодорхойгүй бонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад Ц.М******* бид хоёр О******* Халиун 2 дугаар баг ******* гэх газарт очоод ой дотроос 6 ширхэг босоо мод унагааж хөрөөдөж бэлдээд машин дээрээ ачаад явж байсан чинь О******* Халиун 2 дугаар багийн байгаль хамгаалагч Я.А хүрч ирээд зөвшөөрөлгүй босоо мод унагааж бэлдсэн байна гээд О******* хэсгийн төлөөлөгчийг дуудаад тээврийн хэрэгсэл болон бэлдсэн модыг маань Орхон аймгийн журмын хашаанд аваачиж хийсэн. Ц.М******* бид хоёр тухайн үед эрх бүхий албан тушаалтнаас ямар нэг эрхийн бичиг аваагүй. Түлшний модгүй болчхоод модонд явсан. Тухай үед мод бэлтгэн тээвэрлэхэд ашигласан хөрөө нь Ц.М*******ийн эзэмшлийнх. Харин улсын дугаар тодорхойгүй цагаан өнгийн Бонго жи-2 маркийн тээврийн хэрэгсэл нь манай хүргэн ах Д.ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм. Би хүргэн ахаасаа гуйж аваад бид хоёр модонд явсан юм. Байгальд учирсан хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

 

Шүүгдэгч Ц.М******* Ү.Нт нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн О******* Халиун 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 6 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 348,019 төгрөгийн шууд хохирол, 1,044,057 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт  хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.

Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж тайрч бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нар нь санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтанд  заасан  зөвшөөрөлгүйгээр бүлэглэж,  ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр  бүлэглэж хууль бусаар ойд  мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нар нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг төлж, баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул тэднийг  бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.М*******ийн хувьд хавтаст хэргийн 147-148, 150-160 дугаар талд авагдсан Булган аймгийн Бугат сумын Гуравдугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 140 дугаартай албан бичиг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, малчны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М******* нь ******* баг Хөх чулуут гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Ү.Нтын хувьд хавтаст хэргийн 161-162, 163-172, 175-179 дугаар талд авагдсан Булган аймгийн О******* 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, малчны тодорхойлолт, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 сарын 19-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Нт нь Булган аймгийн О******* Халиун 2 дугаар баг, Нарийн хайлааст гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн болон хөрөнгө орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал шүүх хураана гэж ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өмчлөгч Ану овогт Дүвчингийн /РД:ГЖ77052810/-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг  хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас 550.000 төгрөгийг тус тус  гаргуулах нь зүйтэй байна.

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон  34 ширхэг буюу 1.3 метр куб шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 төгрөгийн /жаран мянга/ үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг  тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борхууд овогт Цын М*******, *******ийн Нт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарыг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,   1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өмчлөгч Ану овогт Дүвчингийн /РД:ГЖ77052810/-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч Ц.М*******, Ү.Нт нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг  хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон  34 ширхэг буюу 1.3  метр куб шинэс мод зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60,000 төгрөгийн /жаран мянга/ үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ