| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934000340242 |
| Дугаар | 2020/ДШМ/54 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2020/ДШМ/54
Ж.Болд-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Даваасүрэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Болд-Очирт холбогдох 1934000340242 дугаартай 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагаачууд овогт Жамбалын Болд-Очир, 1979 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 14 дүгээр гудамжны 247 тоотод оршин суух хаягтай, урьд 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 119 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 240000 төгрөгөөр шийтгүүлсэн, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 178 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1073 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болсон, регистрийн дугаар: ОР79052418,
Шүүгдэгч Ж.Болд-Очир нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 9355 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Цагаачууд овогт Жамбалын Болд-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаачууд овогт Жамбалын Болд-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Болд-очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Жамбалын Болд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Болд-Очир нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, хохирогч Алтантүлхүүр эмчилгээний зардал тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 11.705.147 төгрөг, эрүүл мэндэд учирсан зардал 578.147 төгрөг нийт 12.283.294 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,
иргэний нэхэмжлэгч бөгөөд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгсэлд учирсан гэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,
гар утасны үнэ 720.000 төгрөг, амь хохирогчийн цалин 11.200.000 төгрөг нийт 11.920.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Ц.Алтанчимэг нь оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 3.553.806 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Шүүгдэгч Ж.Болд-Очир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт 4.600.000 төгрөг төлснийг тус тус дурдаж,
амь хохирогчийн машины лизинг төлсөн төлбөр, оршуулгын болон бусад зардалд нийт 22.913.919 төгрөгийг хувь тэнцүүлэн “Маргад-Монгол” ХХК-иас 11.913.959 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-Очироос /мөрдөн байцаалтад шүүхийн шатанд төлсөн 4600000 төгрөгийг хасч/ 7.313.959 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт,
хохирогч Т.Баянцагаан нь эмчилгээний зардалд 1.580.807 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн Маргад-Монгол ХХК-аас 790.403 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-очироос 790.403 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Баянцагаанд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдорж нь эмчилгээний зардалд 1.185.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн Маргад-Монгол ХХК-аас 592.500 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-очироос 592.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №566882 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдсан СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч хариуцагч Б.Гомбодорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гардан авч танилцаад иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Маргад Монгол” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах гомдлыг гаргаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хариуцан төлөх ёстой. Гэтэл шүүхээс хохирогчдод учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлж буюу 50 50 хувиар хувьчилж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь ямар хуулийн ямар заалтыг үндэслэн шийдсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Ж.Болд-очир нь бүрэн хариуцан төлөх ёстой байтал иргэний хариуцагч “Маргад Монгол” ХХК-аар 50 хувийг төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм. ...Нөгөөтэйгүүр шүүхийн шийтгэх тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан оршуулгын зан үйлтэй холбоотой зардал, машины лизинг төлсөн төлбөрт нийт 22.913.919 төгрөгийг шүүгдэгч Ж.Болд-Очир, “Маргад Монгол” ХХК-аас хувь тэнцүүлэн 11.913.959 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд нь архи дарс, тамхи тариа хүүхдийн памперс, утасны нэгж, mnbc өргөн нэвтрүүлгийн компаний төлбөр, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл боов талх, чихэр жимс, ховд аймагруу явсан баримтууд гэх мэт нийт 14.000.000 төгрөгний хэрэгт ямар хамааралгүй баримтуудыг үнэлэн гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Дээр нь нэмж дурдахад авто машины лизингийн төлбөр энэ хохирлын баримтад ямар хамааралтайг ойлгохгүй байна. Тухайн авто машин нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь буюу өөрт нь бодитойгоор үлдэж өмчлөлд нь шилжсэн байхад түүний лизингийн төлбөрт тооцож байгаа 8.477.906 төгрөг хасагдах ёстой байсан. Харамсалтай нь анхан шатны шүүх үүн дээр дүгнэлт өгөөгүй.
"Маргад Монгол” ХХК-ийн ачааны авто машинд учирсан хохирлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Болд-Очир нь "Маргад Монгол” ХХК-ийн ажилд бус дээр дурдсанчлан “Маргад Монгол" XXК-ийн захирал М.Ариун-Эрдэний хамтран амьдрагчийн гуйлтаар түүний хүсэлтээр компанийн бус хувийн ажилд явах үедээ тухайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тиймээс манай компаний автомашинд учирсан хохирлыг шүүгдэгч Ж.Болд-Очироос гаргуулах нь зүйтэй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж гаргасан тайлбартаа: Хохирлыг хувь тэнцүүлж гаргуулсан нь буруу. Болд-Очир хохирлыг бүрэн хариуцах ёстой. Тухайн үед Батаа гэдэг хүний гуйлтаар явсан байдаг. Энэ Батаа гэдэг хүн компанид ямар ч хамаагүй хүн. Автомашин нь бодитоор очсон байхад лизингийн төлбөрийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Болд-Очирт холбогдох эрүүгийн 19340000340242 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ж.Болд-Очир нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 93-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 87-25 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг /хх-30 тал/,
Хохирогч Б.Алтантүлхүүр /хх-33 тал/, Хохирогч Т.Баянцагаан /хх-38 тал/, Насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнэ /хх-46 тал/,
Гэрч Л.Батбаяр /хх-70 тал/, Гэрч П.Батбаяр /хх-73-75 тал/, Гэрч С.Анхбаяр /хх-79-80 тал/, Гэрч Э.Төмөр-Очир /хх-84 тал/, Гэрч Д.Эрдэнэсувд /хх-88 тал/, Гэрч Т.Номин-Эрдэнэ /хх-90 тал/, Хохирогч Д.Булганжав /хх-98 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, ослын газарт хийсэн бүдүүвч зураг /хх-15 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-20 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нутаг дэвсгэрийн харьяалал тогтоосон албан бичиг/хх-21 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоол/хх-22 тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт /хх-103-105 тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-110-121 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын10-ны өдрийн №1199 дугаар дүгнэлт /хх-123 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1212 дугаар дүгнэлт /хх-136 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №57 дугаартай “дүгнэлт /хх-138 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №58 дугаартай дүгнэлт /хх-141 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №55 дугаар дүгнэлт /хх-183-184 тал/ хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Ж.Болд-Очирт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Болд-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий тооцоо, дүгнэлт хийж чадаагүй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 39.163.460 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 9.977.609 төгрөгийг гаргуулах үндэстэй байна. Харин гар утасны үнэ 720.000 төгрөг, амь хохирогчийн цалин 11.200.000 төгрөг, машины лизинг төлсөн 8.477.906 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг хугацааны хувьд оршуулга хийсэн хугацаатай давхцахгүй байгаа баримтаар нэхэмжилсэн 8.787.945 төгрөг нийт 29.185.851 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ж.Болд-Очир, иргэний хариуцагч “Маргад Монгол” ХХК нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарт гэмт хэргийн улмаас гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, анхан шатны шүүх хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгийн нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан 9.977.609 төгрөгийг шүүгдэгч Ж.Болд-Очир, иргэний хариуцагч “Маргад Монгол” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулахад тус бүр 4.988.804.5 төгрөг төлөхөөр байна. Үүнээс анхан шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ж.Болд-Очир амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт 4.600.000 төгрөгийг төлснийг хасахад шүүгдэгч Ж.Болд-Очир нь 388.804.5 төгрөг, хариуцагч “Маргад Монгол” ХХК 4.988.804.5 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 3.553.806 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг дахин нөхөж бүрдүүлэх боломжгүй тул Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “Ц.Алтанчимэг нь оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 3.553.806 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг” гэснийг хасах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарах үед Тоёота Приус-20 маркийн 87-25 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хохирогч Б.Алтантүлхүүрийн өмчлөлд байгаагүй тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин “ хайхрамжгүй байдал” гэдгээр хохирогч Б.Алтантүлхүүрийн эмчилгээний зардлаа нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул хохирогч Б.Алтантүлхүүрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 578.147 төгрөгийг хуваан шүүгдэгч Ж.Болд-Очироос 289.073 төгрөг, хариуцагч “Маргад Монгол” ХХК-аас хувь тэнцүүлэн 289.073 төгрөгийг тус тус гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
“Маргад Монгол” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан гэх 2.500.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “Маргад Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Бусад хохирогч нарын хохирлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6- дугаар заалтыг “ 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, хохирогч Алтантүлхүүр эмчилгээний зардал тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 11.705.147 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,
иргэний нэхэмжлэгч бөгөөд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгсэлд учирсан гэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгийн гар утасны үнэ 720.000 төгрөг, амь хохирогчийн цалин 11.200.000, машины лизинг төлсөн 8.477.906 төгрөг, оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 8.787.945 төгрөг нийт 29.185.851 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Ж.Болд-Очир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт 4.600.000 төгрөг төлснийг тус тус дурдаж,
амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд нийт 9.977.609 төгрөгийг хувь тэнцүүлэн “Маргад-Монгол” ХХК-иас 4.988.804.5 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-Очироос /мөрдөн байцаалтад шүүхийн шатанд төлсөн 4600000 төгрөгийг хасч/ 388.804.5 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт,
хохирогч Т.Баянцагааны эмчилгээний зардлын 1.580.807 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн “Маргад-Монгол” ХХК-аас 790.403 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-Очироос 790.403 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Баянцагаанд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржийн эмчилгээний зардлын 1.185.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн “Маргад-Монгол” ХХК-аас 592.500 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-очироос 592.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид,
хохирогч Б.Алтантүлхүүрийн эмчилгээний зардлын 578.147 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн “Маргад-Монгол” ХХК-аас 289.073 төгрөг, шүүгдэгч Ж.Болд-Очироос 289.073 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Алтантүлхүүрт тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Болд-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Болд-Очирын 2020 оны 05 сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ