Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 27

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Таргад овогт *******д холбогдох  201718010044 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05-р сарын 15-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 00настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг,  урьд ял шийтгэлгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Булган аймгийн Баяннуур сум, 2 дугаар баг, Шар тал гэх газар оршин суух Таргад овогт ******* /РД:ОЗ-/

Үйлдсэн хэргийн талаар:/яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь  2017 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг Зэгсдэйн даваа гэх газар оршин суух иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж *******ийн бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

            1.Хохирогч *******ийн  хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг / хх-ийн 10 дугаар хуудас/,

            2.Гэрч *******гийн хэрэг  бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

            3 *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

4. Хохирогч *******ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 26-ны өдрийн ¹ 477 тоот шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

6.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч  ******* нь  2017 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг Зэгсдэйн даваа гэх газар оршин суух иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаас нүүрэн тус газар нь цохиж *******ийн бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цагийн үед Батжаргал /Гаадан/ манай гэрт орж ирээд чи намайг торгууллаа гээд уурлаад байсан юм. Намайг гэрт орж ирээд 1 удаа цохиод миний эхнэр хүүхдийг хэл амаар доромжилсон. Батжаргал /Гаадан/ манай гэр бүлийн хүмүүсээс уучлал гуйсан. Миний гарсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн. Тийм учраас одоо надад болон манай гэр бүлийн хүмүүсээс Батжаргал /Гаадан/-д ямар нэгэн гомдол санал байхгүй учир эрүүгийн 201718010044 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

2. Гэрч *******гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

2017 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цагийн орчимд манай гэрийнхэн унтаж амарцгааж байтал гадаа машин ирэх шиг болсон. Тэгэхээр нь би нөхрийгөө сэрээгээд хүн орж ирж байх шиг байна гэсэн, гаднаас нэг хүн орж ирсэн. Тэгээд манай нөхөр босоод хоймороос 1 шил архи гаргаж ирээд 1 жижиг архины аягаар хийгээд өгсөн. Нөгөө хүн нэг авах шиг болоод манай нөхрийг “Чи намайг захиргааны хүмүүст хэлж торгуулсан” гэсэн. Тэгээд манай нөхөр би тэгж хэлээгүй ээ гэсэн чинь чамайг хэлсэн гэж мэдэж байна, Урнаа надад хэлсэн гээд байсан. Тэгсэн манай нөхөр би ерөөсөө хэлээгүй ээ гэсэн чинь танайд захиргааны машин ирж байхыг харсан чи л хэлсэн гээд дайраад байсан. Тэгээд манай нөхөр үгүй, би хэлээгүй тэр Урнаатай уулзъя гэсэн чинь чи л хэлсэн гээд эрүүн доороос нь түлхээд, чиний бэлчээр буйр гэж юу байдаг юм гээд дайраад байхаар нь би “та яасан сонин юм” наад хүн чинь хэлээгүй гээд байгаа юм биш үү гэсэн чинь Чи юу юм пизда минь чам шиг алцайсан авгайг мэдэхгүй л юм байна. Муу хар ал минь гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр тэр хүний нүүр лүү нулимчихсан . Тэгсэн манай нөхрийн нүүр рүү цохьсон. Тэгээд манай нөхрийн нүднээс нь цус гоожоод, тэгсэн нөгөө хүн нөхрийг энэ шүлсээ арч гээд арчуулсан. Тэгэхээр нь би чи гарч зайл пизда минь гээд орилсон чинь гарахгүй хэрүүл хийгээд байгаад байхаар нь манай нөхөр түрүүлээд гарсан. Араас нь хэрүүл хийгээд нөгөө ах гараад явсан. Тэгээд гадаа тэр хоёр хэсэг хэрэлдэж байгаа нөгөө хүн ч яваад манай нөхөр орж ирсэн гэсэн мэдүүлэг,

3. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 26-ны өдрийн ¹477 тоот шинжээчийн  

1.*******ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдоо.

2.Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

4.Шүүгдэгч  *******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: *******  сумын захиргаанд гадны айлыг хөөж явуул гэж хэлээд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын захиргаанаас манайхыг гадны айл гээд торгосон. Түүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бид нар ямаа самнаад манай охин Энхтөр хонь харж байсан. Манай хүүхдийг  чи мэдрэлгүй юм уу, мал дандаа хөөж туудаг гэж загинасан байсан.  Тэгэхээр нь би тэр орой нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний орой *******ийн гэрт нь очоод чи нэг нутгаас ирээд, нэг нутагт хамт байгаа байж нэгнийгээ хөөж туугаад, мал харж байгаа эмэгтэй хүүхэд яагаад доромжлоод байгаа юм гэж хэлсэн. ******* би торго гэж хэлээгүй гэж хэлсэн. Чамайг торгууль гэж хэлсэн гэж захиргааны ажилтан ирээд хэлсэн. Тэгэхэд ******* миний нүүр рүү нэг нулимсан.  Би  уурандаа нүүр рүү нь нэг удаа цохисон. Өөр бид хоёрт маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Дараа нь би миний буруу гэж уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Би эмнэлгээр явж эмчид үзүүлээд хохирлыг нь төлсөн. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа. Бид хоёрт өөр маргалдсан зүйл байхгүй гэсэн  мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд *******ыг *******ийн  бие махбодид  нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын  үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй ба хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 -д заасан үндэслэлээр шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.Таргад овогт *******ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар прокуророос яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА