Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/990

 

 

 

 

 

 

 

 

  2024        11          11                                 2024/ШЦТ/990

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

          улсын яллагч Э.Булганчимэг,

          шүүгдэгч О.Г нарыг оролцуулан эрүүгийн 240901301**** дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ххх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А-** дугаар гудамжны *** тоотод байрлах хохирогч М.О-ийн эзэмшлийн нийтийн байрны 000 давхрын онгорхой цонхоор орж, 300 вольтын 80 ширхэг, 220 вольтын 240 ширхэг цахилгааны утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.204.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч М.О, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №СБ2-24-351 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр О.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ххх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А-** дугаар гудамжны *** тоотод байрлах хохирогч М.О-ийн эзэмшлийн нийтийн байрны 000 давхрын онгорхой цонхоор орж, 300 вольтын 80 ширхэг, 220 вольтын 240 ширхэг цахилгааны утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.204.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Г нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:

Шүүгдэгч О.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг үйлдэгдсэн газрын ойр орчим нь газарт орсон байсан бөгөөд тухайн байшингийн цонх нь хагарсан байсан учир газарт орох гэж байгаа хаягдсан байшин юм байх гэж бодсон. Кабелын утаснуудыг шатаагаад доторх зэс утсыг нь зараад мөнгийг нь хэрэглэсэн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сард яг хэдэнд гэдгээ санахгүй байна Д хотхоны тэр хавиар лааз түүж яваад, Д хотхоны хойд талд 2 давхар ногоон өнгийн модон байшин байсан. Тэгээд би тэр байшингийн 1 давхраар цонхоор нь орсон. Тэгээд эхлээд 1 жижигхэн өрөө байсан ба тэр өрөөний кабелийн утаснууд хананд цахилгааны монтаж нь байсан, тэгээд тэрийг нь хуулж авсан. Тэгээд цаашаа яваад өөр нэг өрөө рүү орсон, ороход цахилгааны монтаж ханаараа байсан, би кабелийн утсыг мөн хавчдаг Кусачиг гэдэг бахь шиг багажаар тасалж авсан. Тэгээд кабелийн утаснуудыг аваад тэндээс холдоод урагшаа овоолсон шороонууд дунд очиж шатаагаад зэс утаснуудыг түүхий эд авдаг газар тушаасан. Тушаасан мөнгөө одоо сайн санахгүй байна, тушаасан мөнгөөрөө би хоол унд авч идсэн, бас архи авч уусан...” гэх мэдүүлэг /xx-ийн 6-7/,

 

хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний эзэмшлийн ххх дүүргийн *** дүгээр хороо А-*** дугаар гудамжны *** тоотод байрлах нийтийн байрны зориулалттай байшинд хулгайч орж эд зүйл алдагдсан тухай танил дүү Д утсаар хэлсэн. Д нь энэ байшин хөлсөлдөг юм. Намайг өнөөдөр 15 цагийн үед тус тоотод ирэхэд манай байшингийн 380 вольт өндөр даацын кабелийн 80 орчим метр дотор талын цахилгаан утас 24 орчим метр орчим, 24 ш унтраалга, 24 ш гэрлийн арзетка 24 ширхэг, цахилгааны тоолуур 380 вольт тоолуур 1 ширхэг, 24 ширхэг ердийн тоолуур, гүйдэл хязгаарлагч 3 ширхэг, 1 ширхэг угаалгын машины мотор 1 ширхэг, 2 ширхэг хөргөгчийн мотор 3 ширхэг, мөн 3 ширхэг модон хаалга эвдсэн, миний 2 давхрын 15 дугаартай өрөөнд байсан хувцас хэрэглэж, дотор монтажийн бүх хамгаалалт эвдэлсэн байдалтай байсан..." мэдүүлэг /хх-ийн 27-29/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/,

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн №СБ2-24-351 дугаартай "шинжилгээний объектын 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 3,496,500 төгрөгөөр үнэлэгдэв" гэх эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 36-40/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ххх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А-** дугаар гудамжны *** тоотод байрлах хохирогч М.О-ийн эзэмшлийн нийтийн байрны 000 давхрын онгорхой цонхоор орж, 300 вольтын 80 ширхэг, 220 вольтын 240 ширхэг цахилгааны утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.204.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь тус хэрэгт нийт цагдан хоригдсон 97 хоногийг хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч О.Г-ын үйлдлийн улмаас хохирогч М.О-д нийт 1.204.000 төгрөгийн учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөөс барагдуулсан зүйлгүй тул шүүгдэгч О.Г-аас 1.204.000 төгрөг гаргуулж, хохирогч М.О-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацааг хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Г-ын цагдан хоригдсон 97 хоногийг хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар О.Г-аас 1.204.000 төгрөг гаргуулж хохирогч М.О-д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР