Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00224

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00224

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК -д холбогдох 850.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М , хариуцагчийн төлөөлөгч Э.О, нарийн бичгийн даргад Б.Мөнхтулга нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.М миний бие М ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УБН 38-79 улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаа Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан бүрэн даатгалаар 1 жилийн хугацаатай даатгуулсан.

2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Хангай хотхоны авто зогсоол дээр байсан машины урд жижиг шилийг хагалж ком батарейг хулгайлсан хэрэг гарсан. Цагдаагийн газрын тодорхойлолтын дагуу М ХХК урд шилний хохирлыг барагдуулсан.

Миний машины урд шилийг хагалсан нь Даатгалын гэрээнд заасан санаатай үйлдэл, ком батарейг хулгайлсан нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иймд М ХХК-тай байгуулсан 1600021039 тоот гэрээний 2.2.3-ын /b.c/ заалтын дагуу ком батарейны төлбөр болох 850.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.М нь манай байгууллагын 1600021039 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Хангай хотхоны авто зогсоол дээр тээврийн хэрэгслээ байршуулсан байхад урд жижиг шилийг хагалж, ком батарейг хулгайд алдсан гэж нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг манайд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Тус хохирлыг шалгаж гэрээний 2.2.3. /b/-д зааснаар хагарсан шилийг засварлахад гарсан зардал 35.000 төгрөгийг олгосон.

Харин хулгайд алдсан ком батарей нь гэрээний 2.5.2-т заасан хулгайн эрсдлээс хамгаалсан машины эд ангид хамаарахгүй байсан тул нөхөн төлбөрийн тооцоолол хийгдээгүй. Гэрээний 9.6-д зааснаар гэрээнд заасан эрсдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд гэрээний 11.1.3-т зааснаар Даатгалын гэрээнд хамаарахгүй нөхцөлд нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн хэлж буй Хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэдэг нь өөр зүйл юмаа.

Даатгалын гэрээний 2.2.3. /b/-д Зориулалтын зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл болох Санаатай үйлдэлд Мөнхбатын машины урд жижиг шилийг хагалсан үйлдэл хамрагдаж байгаа тул манай байгууллага нөхөн төлбөрийг нь төлсөн.

Уг машины ком батарейг хулгайлсан үйлдэл нь 2.5-д заасан хулгай дээрмийн эрсдэлээс даатгасан толины хулгай, капуд, урд хойд буфер, урд хойд их гэрэл, урд хойд жижиг гэрэл, урд сетка, тээврийн хэрэгсэл алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон зэрэгт хамаарахгүй тул ком батарей алдагдсан нөхөн төлбөрийг даатгалын байгууллага хариуцахгүй, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа үйлдэл юм.

Даатгуулагч Мөнхбатын нэхэмжилж буй дээрх хохирол нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л.М нь М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч М ХХК нь гэрээний дагуу нөхөн төлбөрт 35.000 төгрөгийг олгосон, ком батарейний үнэ нь даатгалын тохиолдол биш тул олгохгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.М нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар даатгалын хураамжид 234.600 төгрөгийг төлж, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 5-8-р хуудас/

Дээрх гэрээгээр даатгуулагч Л.М нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, зогсоолын эрсдэл, байгалийн эрсдэл, галын эрсдэл, хулгай дээрмийн эрсдэл гэсэн 5 төрлийн эрсдлийг даатгуулж, зогсоолын эрсдэлд гэрээний 2.2.3-т Зориулалтын зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл болох даатгуулагчийн машины урд жижиг шилийг хагалсан санаатай үйлдэл-д 35.000 төгрөгийг даатгалын байгууллагаас авсан талаар талууд маргаагүй болно.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гуравдагч этгээдээс санаатайгаар машины шил хагалсан хохиролын нөхөн төлбөрийг олгосон байна. Харин автомашины батарейг гэрээний 2.5.2-т заасан жижиг эд ангийн хулгайд хамаарах эрсдэлээр зааж өгөөгүй байх тул даатгагчийн зүгээс батарейн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариуг авч, 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдөр шүүхэд ханджээ./хх-ийн 9,1-р хуудас/

Даатгуулагч Л.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлүүдийг тохирсон байх бөгөөд уг гэрээний 2.5.-д ...толины хулгай, капуд, урд хойд буфер, урд хойд их гэрэл, урд хойд жижиг гэрэл, урд сетка,тээврийн хэрэгсэл алга болсон нь цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд 100.000 төгрөг хүртэлх хохирлыг нөхөн төлнө гэж харилцан тохиролцсон байна.

2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Хангай хотхоны авто зогсоол дээр байсан Л.М ын машины ком батарейг хулгайлсан нь талуудын гэрээгээр тохирсон жижиг эд ангийн хулгайн даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан М ХХК-иас 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                       

                            ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО