Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч Д.Дамдин,

Улсын яллагч З.Энхжаргал,

Шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дорж,

Хохирогч Ж.Болормаа, С.Баттулга, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Гантөмөрийн Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625031915 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адраг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 56 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Гантөмөрийн Соёл-Эрдэнэ (РД: СВ94050314),

нь яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 47-1131/Б тоот хашааны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “та нар Зоригоог нуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайрч иргэн Ж.Болормаагийн толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

мөн Ж.Болормаагийн хүү С.Баттулгыг ээжийг зодлоо гээд очиход нь гартаа барьж байсан чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, шалтгаангүйгээр толгойн тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:- …Тэр өдөр манай ажил дээр Сүхээ ах ирээд нэг пиво уугаад явсан. Тэгээд орой нь ах, Сүхээ ах, Зоригоо гурав ирээд 2 пиво, 1 шил 0.75 л архи хувааж уусан. Тэгээд би Сүхээ ах, Зоригоо хоёрыг хүргэж өгөх гээд явж байтал замдаа зодолдоод Сүхээ ахыг өмөөрч Зоригоо ахыг болиочээ гээд гарыг нь барьсан чинь над руу дайрсан. Тэгсэн намайг дүүтэйгээ нийлж цохиж байгаад явсан. Уг нь гайгүй харилцаатай байдаг юм. Тэгээд араас нь очиход Зоригоог Сүхээгийнд архи уухаар орсон гэж Зоригоогийн хоёр дүү надад хэлээд Сүхээ ахын хашааны хаалгыг очиж нүдсэн. Тэгсэн хүн дуугарахгүй байхаар цаашаа яваад чулуу авч ирээд хэдэн удаа тогшиод зогсож байтал хаалга дуугарсан. Тэгээд эргээд харахад хүн байгаагүй. Тэгээд дахиад хаалгыг нь цохиж байтал Болормаа эгч, Баттулга нар гараад ирээд нялх хүүхэд байна яв гэсэн. Тэгэхээр нь би танайд орчихоод гаръя гэхэд үгүй гээд Баттулга намайг үгээр идээд болохгүй байсан. Тэгээд Баттулга бид хоёр маргалдаж байтал Болормаа эгч дундуур орж ирээд намайг багалзуурдаж хашаа руу шахсан. Тэгээд Болормаа эгчийг тавиачээ гэхэд тавихгүй бухимдсандаа чулуутай гараараа айлгах гэж байгаад толгой руу нь цохиод чулуу унасан. Тэгээд Баттулга бид хоёр зууралдаж унаад би дахиж босоогүй. Тэрнээс би Баттулгыг нэг ч удаа цохиогүй. Харин Баттулга газар унахдаа шалбарсан байх, Болормаа эгчид гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Өөр зүйлгүй... гэв.  

Шүүх хуралдаан дээр хохирогч Ж.Болормаагаас мэдүүлэхдээ: -2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой гэртээ байхад 22 цаг өнгөрч байхад хашааны хаалга нүдээд манай бага охин гарч хаалга онгойлгоход 2 ах байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би микроны мөнгө авах гэж байгаа хүн ирлээ гэж бодоод гарахад араас Баттулга гарсан. Тэгсэн Соёл-Эрдэнэ нь нэг үл таних залуутай хамт гартаа том чулуу барьчихсан зогсож байсан. Тэгэхэд Соёл-Эрдэнэ Зоригоогоо гаргаад ир гэж орилоод танайд орно гээд дайраад байсан. Тэгэхээр нь би нялх хүүхэд байгаа учраас оруулмаагүй байна гээд Зоригоотой хамт явсан хүнийг оруулаад Зоригоо байхгүй байна гэсэн. Тэгсэн Баттулгатай маргалдах гээд намайг давж маргалдаад байхаар нь би Соёл-Эрдэний цээж рүү түлхээд хашаа хүртэл явахад намайг цохисон. Тэгээд миний хүү Баттулга ирээд салгахад Баттулгыг цохисон. Тухайн үед миний бие муу байсан учраас Соёл-Эрдэнийг боох чадвар байгаагүй. Мөн охин маань Соёл-Эрдэний эхнэрт “миний ээжид янз бүрийн зүйл болвол та нартай ярина шүү” гэж хэлж байсан. Миний ухаан орж гараад гэмтлийн эмнэлэгт яаж очсон гэдгээ мэдэхгүй байгаа. Тэр орой Соёл-Эрдэнэ яагаад манай чулуу барьж ирсэнд гайхаад гомдолтой байгаа гэв.

Хохирогч Ж.Болормаагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:- ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед би гэртээ гэрийнхэнтэйгээ байсан. Манай хүү Батгулга бид хоёр унтаагүй байж байсан. Тэгтэл хашааны хаалга хүн цохьсон. Манай охин Отгонцэцэг гарч хашааны хаалга онгойлгосон. Тэгээд Отгонцэцэг буцаж орж ирээд хоёр ах зогсож байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Зоригоо мөнгө авах гэж ирж байгаа байх гэж бодоод гарсан. Тэгтэл Соёлоо дүүтэйгээ байсан. Соёлоо том чулуу бариад Зоригоог ална. Зоригоо танайд байгаа гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр нь би Соёлоог цээжнээс нь түлхээд манайх нялх нойтон хүүхэдтэй согтуу хүн харуй бүрийгээр оруулмааргүй байна гэж хэлсэн. Тэгтэл Соёлоо та нар нуугаад байна гээд манай хүү рүү дайрсан. Тэр үед хүү Баттулга миний ард зогсож байсан. Соёлоо надаас Зоригоог нэхэж байснаа болиод миний хүү рүү дайраад чиний ганц хүүг алчихаад шорон явна гээд байсан. Намайг гаргаад авах цагдаа надад байна гээд байсан. Би цээж рүү нь түлхээд нилээд холдуулсан. Тэгтэл миний толгой руу нөгөө гартаа барьж байсан чулуугаар цохьсон. Тэгээд манай хүү Баттулга гүйж ирээд чи манай ээжийг яаж байгаа юм гэхэд манай хүү Баттулгыг мөргөөд унагасан. Тэгтэл хаанаас юм баахан хүүхдүүд гарч ирээд Соёлоо, манай хүү хоёрыг салгаж байгаа бололтой байсан. Манай том охин Оюунжаргал цагдаа дуудсан. Цагдаа дуудах үед зодоон нүдээн намжсан байсан. Соёлоог бид нар дээрээс нь дараад босгохгүй байлгаж байсан. Тэгтэл Соёлоо даруулж байхдаа надад ганц хүүг чинь алах байсан юм андуураад ээжийг нь цохьчихлоо гэж надад хэлж байсан. Цагдаа ирээд Соёлоог авч явсан. Эмнэлэг дараа нь ирээд намайг авч явсан. Миний зүүн чамархайн яс цөмөрсөн, хагалгаа хийлгэсэн цус их алдсан. Намайг нэг л удаа чулуугаар цохьсон. Тэр чулуу нь билүүний чулуу шиг хөх чулуу байсан. Ойролцоогоор 15x15 см хэмжээтэй том чулуу байсан. Тэр чулууг угаасаа Соёл-эрдэнэ барьсан ирсэн. Тэр чулууг би аваад хашаандаа оруулаад тавьсан байгаа. Соёл-Эрдэнийг би бүр багаас нь танина. Миний танил Нарангэрэлийн бага хүү байгаа юм. Ямар нэг өс хонзон өр авлага байхгүй. Зоригоо гээд манайд тавилга зөөдөг машинтай залуу байдаг юм. Тэрний дүү нь тэр өдөр микрогоо Соёлоогийн ах Шинэтөрд зарсан юм байна лээ. Тэр өдөр Шинэтөр нь миний данс руу 450.000 төгрөг хийсэн байсан. Зоригоо өөрөө мобиал банкгүй гээд миний дансыг өгсөн юм байна лээ. Тэгээд уг нь би тэр мөнгийг хүмүүс авах гэж ирж байгаа байх гэж анх ойлгож байсан. Тэгтэл шал өөр асуудал болсон. Соёл-Эрдэнэ нэг өндөр залуутай хамт ирсэн. Тэр залуу нь эрүүл байсан. Сүүлд нь нэрийг нь асуухад Эрка гэж байсан. Тэр залуу бол зодоонд огт оролцоогүй. Надад эмчилгээний зардал гэж нилээд мөнгө гараад байгаа. Соёл-Эрдэнэ надад 1.8 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь эмчилгээнд зарцуулсан байгаа. Миний өөрийн талаас 2 сая орчим төгрөг эмчилгээнд зарцуулагдаад байгаа. Эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол санал байхгүй... гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогч С.Баттулгаас мэдүүлэхдээ: ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед гэртээ байхад хашааны хаалга нүдээд манай дүү гараад 2 согтуу байна гэсэн. Тэгээд ээж гарахаар нь би араас нь гарсан. Тэгсэн Соёл-Эрдэнэ нь Зоригоо танайд байгаа гэсэн орж ална, энэ чулуугаар гавлыг нь хага цохино гээд дайраад байсан. Тэгэхэд нялх хүүхэд байгаа учраас оруулахгүй гээд хамт явж байсан хүнийг гэртээ оруулж үзүүлэхэд Зоригоо байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн Соёл-Эрдэнэ над руу дайраад байхаар ээж маань Соёл-Эрдэнийг түлхээд холдуулахад ээжийн толгой руу цохиод унасан. Тэгээд би ээжийг босгоод Соёл-Эрдэнийг чи яагаад ээжийг цохичихвоо гэхэд намайг чулуугаар цохисон. Тэгээд Соёл-Эрдэнэ бид хоёр зууралдаад тэнд явж байсан хүмүүс салгасан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан гэв.... гэв.

Хохирогч С.Баттулгаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:- ...Би 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас эхнэр хүүхдийнхээ хамт хотод байх гэртээ ирсэн байсан. 22 цагийн үед хашааны хаалга аймаар чанга нүдсэн. Манай бага дүү Отгонцэцэг гарчихаад буцаж орж ирэхдээ согтуу юм шиг хоёр ах зогсож байна гэж орж ирсэн. Тэгээд ээж бид хоёр хамт гараад очсон. Би эхлээд хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл зүс таних Соёлоо согтуу гартаа том чулуу барьсан зогсож байсан. Хажууд нь нэг өндөр залуу зогсож байсан. Тэгээд намайг хаалга онгойлгоход Зоригоо танайд байгаа гэж гэрийнхэн нь хэлж байна. Танайд орж Зоригоог энэ чулуугаар цохиж ална гэж манайх руу орох гэж дайрсан. Тэгтэл ээж миний урдуур ороод Соёлоог цааш нь түлхэж холдуулаад манайд байхгүй чи одоо явж амар, чи согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл бүр орох гэж дайраад болохгүй болохоор нь хамт явсан залууг нь чи орж үз гэж хэлсэн. Тэр залуу нь манайд орж үзээд Зоригоо энд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Соёлоод байхгүй л байгаа биз дээ одоо яв гэхэд Соёлоо над руу дайраад ганц хүүг чинь алчихаад шорон явахад надад алдах юм байхгүй. Би эцэг эхгүй хүн гээд байсан. Тэгээд над руу дайраад байхаар нь ээж Соёлоог цааш нь түлхэж холдуулахад Соёлоо барьж байсан чулуугаараа ээжийг цохьсон. Тэгээд би ээжийг цохьчихлоо гээд очоод ээжийг газар унасан байхад нь гайгүй юу гэж асуутал намайг чулуугаараа бас толгой руу цохьсон. Тэгээд намайг барьж авсан. Намайг ална гээд байсан. Бид хоёр зууралдаж аваад байж байтал гудамжинд явсан хэдэн банди нар хүрч ирээд Соёлоог болиулж салгасан. Тэр үед миний толгойноос цус гарсан байсан. Тэгээд салгаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Намайг чулуугаар толгой руу нэг удаа цохьсон. Гараараа шанаа руу нэг цохьсон. Тэгээд би барьж авч чулууг гараас нь салгасан. Хоёр удаа цохьсон. Чулууг нь салгахаар гартай нь ноцолдох үед шанаа руу нэг цохьсон. Миний толгой руу цохьсоноос болж толгой хагарсан байсан ба нэг оёдол тавиулсан. Хэд хоног хөндүүр байж байгаад одоо эдгэсэн байгаа юм. Надад гомдол, санал гээд байх юм алга. Ээжийн бие л хэцүү байна. Ээжийн биеийг эмчилж, төлбөрийг барагдуулмаар байна... гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.О.Эрболдоос: …Би 2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой Бэлхэд байдаг хаалтын цехэд ажиллаа хийж байсан. Тэгтэл Шинэтөр гэдэг Соёл-Эрдэнийн ах микро машинтай хүрч ирсэн. Намайг акумлятор аваад машинд суу гэсэн. Микронд нь суухад Соёл-Эрдэнэ ах, Зоригоо, Зоригоогийн дүү гэх хоёр хүн, Зоригоогийн найз гээд нэг настай ах, Шинэтөрийн эхнэр нар байсан. Тэгээд явж байгаад 6 буудал орчимд ирэхэд Зоригоо нь Соёл-Эрдэнэтэй муудалцсан. Би эргээд хартал замын цаад талд Зоригоогийн дүү, Зоригоо нар Соёл-Эрдэнэтэй зодолдох гэж байсан. Тэгээд би гүйж очоод Зоригоог салгаад микронд суулгасан. Шинэтөр ах Зоригоог хүргэж өгөхөөр явсан. Ард нь Шинэтөр ахын эхнэр Зоригоо ахын найз, Соёлоо ах бид үлдсэн юм. Тэгтэл Соёлоо ах араас нь явна гээд байсан. Зоригоо намайг дүүтэйгээ элбээд зодсон гээд уурлаад байсан. Соёлоо ах Зоригоотой уулзана гээд такси бариад явахад нь би хамт яваад Зоригоогийн гэрт очсон. Тэгсэн чинь Зоригоо энд байхгүй гээд тэр Болороо эгчийн гэрийг зааж өгсөн. Тэгээд бид хоёр тэнд очоод хаалгыг нь нүдсэн. Эхлээд нэг намхан эгч гарч ирсэн. Тэгээд Соёлоо ах энд Зоригоо байгаа гэсэн гээд орох гэтэл хаалгаа хаагаад орчихсон. Дахин хаалгыг нь нүдсэн. Болороо эгч өндөр залуутай гарч ирсэн. Тэгтэл эхэлж гарч ирсэн охин нь гарч ирээд намайг байна уу үгүй юу хар гэсэн. Тэгээд орж харахад байгаагүй. Тэгээд гараад ирсэн чинь Соёлоог Болороогийн хүү заамдаад авсан байсан. Тэгээд хүү нь Соёлоо ахыг цохьсон юм шиг байсан. Тэгтэл ээж нь дундуур нь ороод зодоон эхэлсэн. Би салгах гэтэл цаанаас баахан банди нар гүйж ирсэн. Би салгаж дийлэхгүй болохоороо 102 руу залгаад манай ахыг зодож байна гэж хэлсэн. Соёл-Эрдэнэ ахын эхнэр 3 хүүхэдтэйгээ ирсэн. Соёл-Эрдэнэ ах миний үгэнд орохгүй. Зоригоотой уулзана гээд байсан... гэжээ.

2.Н.Шинэтөрөөс: ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ханын материалын тэнд нэг айлд сангийн ажил хийх зорилгоор Тайшир төмөр хийцийн байранд Зоригоо гэдэг портер машинтай хүнийг дуудсан юм. Тэр үед нь Сүхээ гэдэг хүн Зоригоогийн машинтай хамт явж байсан. Манай ажил дээр Сүхээ нь ирээд ахад нь 3000 төгрөг байна хоёулаа нэг шил архи хувааж ууя гэж манай дүүд хэлсэн байсан. Манай дүү Сүхээд нэг шил архи авч өгсөн юм байна лээ. Ханын материал руу халамцуу Сүхээ, Зоригоо бас нэг залуу гурав явсан. Тэгээд ханын материал дээр ирэхэд Зоригоо би нөгөө микрогоо аваад ирсэн. Чи авах уу гэхээр нь би авья гэсэн. Тэгээд би 19 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай ажил дээр Зоригоо микрогоо аваад ирсэн. Зоригоо Сүхээ нар манай дүүтэй хамт 0,75 л хэмжээтэй архи хувааж уугаад сууж байсан. Би микроных нь мөнгийг дансаар нь шилжүүлээд машин авсан юм чинь гээд Зоригоод 0,5 л чингис архи авч өгсөн. Тэгээд гэрт нь хүргэх зорилгоор мирконд нь суулгаад явсан. Тэр үед манай авгай ирсэн байсэн. Тэгээд 7 буудалын Очир төвийн тэд очсон юм. Зоригоо Сүхээгийн толгой руу цохихоор нь Соёлоо микроноос буугаад Зоригоо ахаа буугаад ир наад хүн чинь манай аавын найз гэсэн. Тэгтэл Зоригоо бууж ирээд Соёлоог хавсараад унагасан. Тэгтэл Соёлоо босож ирээд Зоригоогийн толгой руу цохьсон. Тэгэхээр нь би буугаад хоёуланг нь салгасан. Тэгээд Соёлоогийн эхнэр хүрч ирээд Соёлоог аваад явсан. Би Зоригоог микрогоор гэрт нь хүргэж өгөөд 7 буудал дээр буцаад иртэл Соёлоогийн эхнэр Соёлоо, Зоригоо ахтай уулзана гээд яваад өгсөн гэж байсан. Микрон дотор манай эхнэр одоо цэрэгт явсан байгаа Эрболд, Сүхээ, Зоригоо, Зоригоогийн хоёр дүү Соёлоо нар явсан. Соёлоо согтуу байсан гэжээ.

3.С.Оюунжаргалаас: ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед би гэр бүлийн хүмүүс болох аав ээж ах, эгч дүү нарын хамт гэртээ байсан. Тэгтэл хаалга тогших дуу гараад хүн цохиод байсан. Манай дүү охин Отгонцэцэг гарч орж ирээд хоёр ах уурлаад орилоод байна гэж хэлж орж ирсэн. Тэгтэл манай ах Баттулга, ээж Болормаа хоёр гарсан. Тэр хоёрыг гарсаны дараа үүдэнд шуугилдаад нохой хуцаад байсан. Тэгтэл нэг танихгүй залуу манай гэрт орж ирээд өрөөнүүдээр хүн хайж байгаад гарсан. Би тэр залууг дагаад цуг гарсан. Тэгээд гарсан чинь Соёл-Эрдэнэ том чулуу барьчихсан ээжийг маань цохьчихсон байсан. Ээжийн толгойноос цус гарсан байсан. Дахин ахыг маань чулуугаараа цохьсон. Тэр үед Оргил цагдаа болон түргэн дуудсан. Ахын толгойг цохиод авсаны дараа ах Соёл-Эрдэнэтэй барилцаж авах гэж байхад нь би ахыгаа салгаж авсан. Соёл-Эрдэнэ ахыг маань элдэв янзын үгээр хэлж байсан. Тэр үед дэлгүүрийн үүдэнд байсан залуучууд хүрч ирж ахыг маань салгалцаж авсан. Тэгээд хоёр тийш нь болгоод тэр хүүхдүүд яваад өгсөн. Манай ахыг зүүн талын духных нь хэсэгт чулуугаар нэг удаа цохьсон. Манайхаас Зоригоо гэдэг хүнийг хайж ирсэн гэсэн. Тэр хүнийг нь байхгүй гэсэн чинь манай ах руу дайрсан гэсэн. Намайг гарахад манай ээжийн толгой нь цус болсон байсан. Би цохиулж байхыг нь хараагүй. Цохьсоных нь дараа нь харсан. Тэр үед Соёл-Эрдэнэ нилээд согтуу байсан. Хамт явж байсан залуу нь зугтаагаад явсан. Зодоонд оролцоогүй. Тэр залуу Соёл-Эрдэнэ манай дүү байгаа юм гэж ярьж байсан. Ахыг маань элдэвээр хэлээд ганц хүүг нь алчихаад би шоронд суухад араас маань гэх хүн байхгүй гэж орилж байсан. Миний аав, миний ах нийслэлийн цагдаад ажилладаг. Та нар яаж ч чадахгүй. Өнөөдөр би эрүүлжүүлэхэд ч очихгүй яваад л өгнө. Та нар цагдаагаа дууд гэж ярьж байсан. Би мөнгөтэй та нар 100-г олж байхад би саяыг олдог муусайн гуйлгачингууд гэж хэлж байсан. Иймэрхүү л юм яриад байн байн орилоод байсан. Соёл-Эрдэнийг зодсон хүн байхгүй... гэжээ.

            4.Б.Дашмягмараас: ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ байж байгаад 17 цагийн үед Соёл-Эрдэнийн ажил дээр хоёр хүүхэдтэйгээ яваад очсон. Тэгээд намайг очиход Соёл-Эрдэнэ уучихсан байсан. Тэр үед хүргэн ах Шинэтөр, Зоригоо гэдэг хүнтэй машины наймаа хийх гэж байсан. Тэр үед Сүхээ, Зоригоо хоёр согтуу ирсэн байсан. Тэгээд наймаагаа хийчихээд дахин Сүхээ, Зоригоо нар архи аваад уусан. Энэ архинаас Соёл-Эрдэнэ бол уугаагуй. Тэгээд би Сүхээ, Зоригоо хоёрыг ууж байхаар нь би гэр рүүгээ харьчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд намайг 7 буудал дээр явж байхад миний машин эвдэрээд зогсчихсон. Тэгэхээр нь би Соёл-Эрдэнэ рүү яриад машин эвдэрчихлээ намайг ирээд аваадхаач гэж ярьсан. Тэгээд намайг ирж авч байгаа гээд микротой Шинэтөр, Сүхээ, Зоригоо, Буяндэлгэр энэ хэд ирсэн. Тэр үед Зоригоо нь Сүхээгээ цохиод муудалцаад байсан гэсэн. Тэгэхээр нь Соёл-Эрдэнэ, Сүхээг өмөөрөөд Зоригоотой ам мурийсан гэсэн. Зоригоо нь онгироо тавьтаргүй хүн байсан. Тэгээд Зоригоотой маргалдаж байхад нь би Соёлоог салгаж авсан. Тэгтэл Соёл-Эрдэнэ, Зоригоо ах яагаад намайг зодож байгаа юм би явж учрыг нь олъё гээд явах гэхэд миний машин асахгүй байсан. Тэгэхээр нь би тосгүй болсон байх гэж бодоод тос авах гээд буудал орчихоод ирэхэд Соёл-Эрдэнэ, Эрболд хоёр такси бариад яваад өгсөн байсан. Тэгээд намайг 7 буудал дээр машинаа асаах гээд байж байхад Эрболд над руу утсаар яриад эгчээ ирж байна уу Соёлоо ахыг зодоод байна гэж надад хэлсэн. Тэгээд би такси бариад Чингэлтэй рүү Сүхээгийнх нь гэрийн тэнд очсон. Намайг очиход Соёл-Эрдэнийг газар хэвтүүлчихсэн. Соёл-Эрдэний дээр Болормаагийн том охин гараад суучихсан байсан. Соёл-Эрдэнийн дээр охин нь гарч суучихаад хүү нь Соёлоог зодох гээд дайраад байсан. Тэгээд нэг их удаагүй байж байтал цагдаа ирээд Соёл-Эрдэнэ, Эрболд хоёрыг аваад явсан. Соёл-Эрдэнэ бол бараг эрүүл шахуу болсон байсан. Эрболд нь Соёл-Эрдэнэтэй хамт ажилладаг залуу байгаа юм... гэжээ.

5.Б.Батбаяраас: ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Согоот-114 дугаартай чиглэлд цагдаа, жолооч, цагдаагийн ахлах ахлагч Энх-Амгалангийн хамт ЧД-ийн 17, 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт хөдөлгөөнт эрүүгийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 22 цагийн үед ЧД-ийн 17 дугаар хороо Сурагчийн 47-1131 б тоотод зодоон болоод хүний толгой хагалчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд уг дуудлагын дагуу шуурхай очиход зодоон нь болоод дууссан байсан. Болормаа гэх эмэгтэйн толгойг Соёлоо гэж залуу хагалсан гэж байсан. Тэгээд Соёлоо гэх залуу дээр очиж уулзахад Болормаагийн толгойг хагалсанаа хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд Соёлоо гэгчээс архи үнэртэж байсан тул машиндаа суулгаж түр саатуулахаар авч явсан. Болормаа гэгчтэй уулзахад толгойгоо юмаар дарсан байсан ба цус гарч байгаа нь харагдаж байсан тул та Гэмтэл согог судлалын эмнэлэг дээр очиж үзүүл гэж хэлээд хүүхэдтэй нь хамт явуулсан. Тэгээд Соёлоо гэгч этгээдийг нь Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэхийн протокол үйлдээд хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Намайг очиход зодоон цохион нь болоод дууссан байсан. Тэнд Соёлоо гэгчийн эхнэр нь гэх эмэгтэй болон Болормаагийн хүү гэх өндөр залуу байсан. Тэр залуугийн толгой бас хагарсан байсан. Өөр ганц хоёр хүн л байх шиг байсан. Соёл-Эрдэнэ гэгч шаардлагыг биелүүлж байсан бөгөөд дунд зэрэг согтуу байсан... гэжээ.

Мөрдөн байцаалтад Шинжээч эмч Б.Ундармааг асуусан тэмдэглэлд:...Болормаагийн биед үүссэн зулай ясны олон хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал бүхий хүнд гэмтэл нь чулуугаар цохих үед үүсэх боломжтой. Одоогоор ямар үр дагавар хор хохирол учруулахыг хэлэх боломжгүй. Гэхдээ эмчилгээг бүрэн төгс хийлгэсэн тохиолдолд үлдэц уршиг гарахгүй байж болно. Эрүүл мэндийг ямар хугацаагаар сарниулахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүн бүрт харилцан адилгүй байна... гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.09.30-ны ¹13217 тоот актын дүгнэлтэд:

1. Болормаагийн биед зулай ясны олон хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал,
тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний ар хэсэг, хүзүү, зүүн дал, зүүн бугалга, шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зулай ясны олон хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гавал тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.09.30-ны ¹13217 тоот актын дүгнэлтэд:

  1. С.Баттулгын биед духны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.             Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Дээрх нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Зоригоо гэгчийг ална хэмээн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 47-1131/Б тоот хашаанд оршин суух хохирогч Ж.Болормаагийн гэрт чулуу барьж ирж, улмаар Зоригоо байхгүй гэх гэрийн эзэгтэй Ж.Болормаа, түүний хүү С.Баттулга нарт “та нар Зоригоог нуулаа”, Ж.Болормаад “ганц хүүг чинь ална” гэж агсамнаж танхайрч, түүнийг гэртээ оруулахгүй гэсэн Ж.Болормаагийн толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулж, улмаар эхийгээ өмөөрсөн хүү С.Баттулгын толгойн тус газар уг чулуугар нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хохирогч Ж.Болормаагийн “...би Зоригоо мөнгө авах гэж ирж байгаа байх гэж бодоод гарсан. Тэгтэл Соёлоо дүүтэйгээ байсан. Соёлоо том чулуу бариад Зоригоог ална. Зоригоо танайд байгаа гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр нь би Соёлоог цээжнээс нь түлхээд манайх нялх нойтон хүүхэдтэй согтуу хүн харуй бүрийгээр оруулмааргүй байна гэж хэлсэн. Тэгтэл Соёлоо та нар нуугаад байна гээд манай хүү рүү дайрсан. Тэр үед хүү Баттулга миний ард зогсож байсан. Соёлоо надаас Зоригоог нэхэж байснаа болиод миний хүү рүү дайраад чиний ганц хүүг алчихаад шорон явна гээд байсан. Би цээж рүү нь түлхээд нилээд холдуулсан. Тэгтэл миний толгой руу нөгөө гартаа барьж байсан чулуугаар цохьсон. Тэгээд манай хүү Баттулга гүйж ирээд чи манай ээжийг яаж байгаа юм гэхэд манай хүү Баттулгыг мөргөөд унагасан. Тэгтэл Соёлоо надад ганц хүүг чинь алах байсан юм андуураад ээжийг нь цохьчихлоо гэж надад хэлж байсан. Миний зүүн чамархайн яс цөмөрсөн, хагалгаа хийлгэсэн цус их алдсан. Намайг нэг л удаа чулуугаар цохьсон. Тэр чулуу нь билүүний чулуу шиг хөх чулуу байсан. Тэр чулууг угаасаа Соёл-эрдэнэ барьсан ирсэн” гэх мэдүүлэг,  

хохирогч С.Баттулгын “... Би эхлээд хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл зүс таних Соёлоо согтуу гартаа том чулуу барьсан зогсож байсан. Зоригоо танайд байгаа гэж гэрийнхэн нь хэлж байна. Танайд орж Зоригоог энэ чулуугаар цохиж ална гэж манайх руу орох гэж дайрсан. Тэгтэл ээж миний урдуур ороод Соёлоог цааш нь түлхэж холдуулаад манайд байхгүй чи одоо явж амар, чи согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл бүр орох гэж дайраад болохгүй болохоор нь хамт явсан залууг нь чи орж үз гэж хэлсэн. Тэр залуу нь манайд орж үзээд Зоригоо энд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Соёлоод байхгүй л байгаа биз дээ одоо яв гэхэд Соёлоо над руу дайраад ганц хүүг чинь алчихаад шорон явахад надад алдах юм байхгүй. Би эцэг эхгүй хүн гээд байсан. Тэгээд над руу дайраад байхаар нь ээж Соёлоог цааш нь түлхэж холдуулахад Соёлоо барьж байсан чулуугаараа ээжийг цохьсон. Тэгээд би ээжийг цохьчихлоо гээд очоод ээжийг газар унасан байхад нь гайгүй юу гэж асуутал намайг чулуугаараа бас толгой руу цохьсон. Намайг ална гээд байсан. Тэр үед миний толгойноос цус гарсан байсан. Намайг чулуугаар толгой руу нэг удаа цохьсон. Гараараа шанаа руу нэг цохьсон” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.09.30-ны ¹13217, 2016.09.26-ны өдрийн №13352 тоот актууд, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овгийн Гантөмөрийн Соёл-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн чулууг зэвсэгийн чанартай хэрэглэж, бусдад хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан хүнд ялд хөнгөн ялыг багтааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчээс хохирогч Ж.Болормаагийн нэхэмжилсэн эмчилгээнд гарсан зардал 1.339.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нь одоо унаж, татдаг өвчтэй болсон, цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул уг зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Харин хохирогч С.Баттулга нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гантөмөрийн Соёл-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн чулууг зэвсэгийн чанартай хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 (долоо) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 (тав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 01 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд оногдуулсан 7 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12х13х7 см хэмжээтэй, 1 килограмм 410 грамм жинтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Соёл-Эрдэнээс 1.339.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Болормаад олгож, хохирогч С.Баттулгад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Болормаа нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.  

8. Шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх аргах хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс цагдан хорьсугай.  

9. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БУЯННЭМЭХ

 

       ШҮҮГЧИД                                            С.БАТГЭРЭЛ

 

                                                                      Н.БАЯРМАА