Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/55

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Ганзориг,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/463 дугаар шүүгчийн захирамжтай *******т холбогдох 1906000001100 дугаартай 5 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 23-1498 тоотод оршин суух хохирогч Э.Мөнхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэр “55” инчийн “ЛЕД” зурагт, “индукцин плитка” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.052.460 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд Тасганы 06-41 тоотод оршин суух хохирогч А.Алтанцээгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч “Филипс” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Өртөөний 1-18 тоотод оршин суух хохирогч Н.Отгонжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал өнгийн суумал бурхан багш 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, шармал өнгийн очир 1 ширхэг, хөөрөгний хувь толгой, мөнгөн халбагатай хөөрөгний амсар бүрсэн мөнгө, жижиг эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4678500 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Цагдаагийн 2-11 тоотод оршин суух хохирогч Ж.Дэмбэрэлдуламын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бугуйвч мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, бугуйвч, гутал, ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.491.900 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлогийн 410 тоотод оршин суух хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг мөнгөн тоногтой хазаар, эмэгтэй хүний сувдан даруулга 2 ширхэг, эмээлийн хос мөнгөн хяр, мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн хос мөнгөн баавар, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, 1 шил архи, жижиг чемодан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.692.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Голомтын 1-20 тоотод оршин суух хохирогч А.Энхмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч хөөрөг, архи, гар цүнх, пүүз, мөнгөн гинж, цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 1-45 тоотод оршин суух хохирогч Ж.Ариунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 505.000 төгрөгийн хохирол учруулсан

-2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2-36 тоотод байрлах хохирогч Ц.Мөнхзулын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, ээмэг, бөгжний хослол, хүүхдийн тоглоом, халбага, шатар, үүргэвч, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж нийт 2.334.900 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн зуунмод сумын Усны аж ахуйн 5 дугаар багийн 510 тоотод байрлах хохирогч Н.Энхтуулын эзэмшлийн байшингийн цонхоор орж 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 464.910 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-169 тоотод оршин суух хохирогч У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч “Шарп” брендийн “42” инчийн зурагт, “кабел”-ийн төхөөрөмж, улаан өнгийн дөрвөлжин хээтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 20-01 тоотод оршин суух хохирогч Н.Батчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.404.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Хийдийн 504 тоотод байрлах хохирогч О.Эрдэнэбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, дайлан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/463 дугаар шүүгчийн захирамжаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сартуул овгийн Энхжаргалын Дугарт холбогдох эрүүгийн 201619000049 дугаартай хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “1 ...Шүүхээс *******ын "Хохирогч У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хашааг зааж байгаа гэрэл зураг"-г Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн арын тоотоос эд зүйлс хулгайлсан гэх үйлдлийн талаар түүний мэдүүлгийг газар дээр нь шалгаж, зам шалгалт хийсэн баримт байгаа, хохирогч хэн болохыг тогтоогүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч *******ын шүүхийн хэлэлцүүлэг дээр яригдсан буюу шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах мөрдөн шалгаж ажиллагаа явуулсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд авагдсан. Тус ажиллагаагаар ******* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 44-169 тоотод байрлах иргэн У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хашааг зааж /ХХ-ийн 78 дугаар хуудас/ байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хохирогчоор У.Гэрэлтуяаг тогтоож /ХХ-ийн 227-228 дугаар хуудас/, тус үйлдэлд нь *******т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******аас 17 удаа мэдүүлэг авахад "Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн арын ертөнцийн зүгээр зүүн талаасаа эхний..., дугаар тоотоос эд зүйл хулгайлж, авсан эд зүйлээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авч явж байгаад эрүүгийн төлөөлөгч Батзаяа, дэслэгч Оюунболд нарт баригдаж эд зүйлсээ хураалган, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн" гэсэн үйлдлийг дурдаагүй болно.

2. ...Хэрэгт яллагдагч *******т шинжээч томилох тогтоолыг нэг бүрчлэн танилцуулсан тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтасны 103 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээтэй танилцуулсан тэмдэглэлүүд авагдсан байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *******аас яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд "Би хэргийн материалтай танилцсан..., мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсан" гэх мэдүүлэг / хэргийн 4 дүгээр хавтасны 159 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзээд тус хэргийн яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагджээ.

Шүүгчийн захирамжид ямар шинжилгээний байгууллагын хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн эсэхийг тодорхой дурдаагүй байна.

3. ...Шүүхийн хэлэлцүүлэг дээр: шүүгдэгч ******* нь "гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч нарт биет байдлаар нь буцаан өгч, төлсөн" гэж мэдүүлсэн. Харин хохирогч нарт учирсан хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн тухай мэдүүлээгүй юм.

Хавтаст хэрэгт хэргийн хохирогч нарт бэлэн мөнгөөр хохирол нөхөн төлсөн баримт авагдаагүй. Харин мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим хохирогч нарын хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсэн заалттай зөрчилдөж байна.

Мөн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/463 дугаартай захирамжийн ЗАХИРАМЛАХ нь: 1 дэх заалтад "...201619000049 дугаартай хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай" гэж тус хэргийн дугаарыг буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн /2020/ШЗ/463 дугаартай захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шуүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ганзориг гаргасан дүгнэлтэндээ: Шүүгчийн захирамжид дурдагдсан шүүгдэгч *******т холбогдох гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шинжээчийн дүгнэлтийн аль нь хуулийн шаардлага хангахгүй байгаа талаар шүүгчийн захирамжид дурдагдаагүй. Хавтаст хэрэгт шүүгдэгчээс хохирогч нарын хохиролд бэлэн мөнгө өгсөн талаар баримт байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1906000001100 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар ...Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн арын ертөнцийн зүгээр зүүн талаасаа эхний ....дугаар тоотоос эд зүйл хулгайлж, улмаар Чингэлтэй дүүрэгт хулгайлсан эд зүйлсээ авч явж байгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахмад Батзаяа, дэслэгч Оюунболд нарт баригдаж хулгайлсан эд зүйлсээ хураалган, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн...

Энэ гэмт хэргийн талаар миний мэдүүлгийг газар дээр нь шалгаж, зам шалгах ажиллагаа хийгдсэн бөгөөд тухайн ... тоот хаягийг зааж өгч байгаа гэрэл зураг хавтас хэрэгт авагдсан болно. Иймд дээрх гэмт хэргийг энэ гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгаж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү... гэсэн мэдүүлэг, дүгнэлтийг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч *******ын мэдүүлснээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанууд явуулсан байна. Харин шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн арын ертөнцийн зүгээр зүүн талаасаа эхний .... дугаар тоотоос эд зүйл хулгайлж, улмаар Чингэлтэй дүүрэгт хулгайлсан эд зүйлсээ авч явж байгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахмад Батзаяа, дэслэгч Оюунболд нарт баригдаж хулгайлсан эд зүйлсээ хураалган, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн, Энэ гэмт хэргийн талаар миний мэдүүлгийг газар дээр нь шалгаж, зам шалгах ажиллагаа хийгдсэн бөгөөд тухайн ... тоот хаягийг зааж өгч байгаа гэрэл зураг хавтас хэрэгт авагдсан болно” гэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /2020.01.10-өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байхад анхан шатны шүүх “... тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн материалд шүүгдэгч *******т шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүд танилцуулсан тэмдэглэл авагдсан байх ба шүүгчийн захирамжид шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1906000001100 дугаартай 4 хавтас хэрэгт авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ямар тогтоолуудыг яллагдагч *******, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй мөн шинжээчийн аль дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь тодорхой бус байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч нарт бэлэн мөнгөөр төлсөн талаар нотолсон зүйлгүй, энэ талаарх баримт авагдаагүй, харин зарим эд зүйлсийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/463 дугаартай шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч Сартуул овгийн Энхжаргалын Дугарт холбогдох эрүүгийн 1906000001100 дугаартай хэргийн дугаарыг 201619000049 гэж буруу бичсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/463 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурор Б.Ганзоригийн гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

 

                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ