Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2020/01006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00929

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух Т овогт Б.Т /РД:..../-ийн гомдолтой,

 

Хариуцагч: ........... холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Б.Т шүүхэд гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр миний бие Б.Т 21,066,000 төгрөг гаргуулж ..... ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, ..... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай ...мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байрлах ..... дугаартай .... мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураан авч улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ..... ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг маань нийтэд нь 25,280,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч миний бие 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу ШШГГ-ын мэдэгдэл гарснаас хойш ажлын 9 хоногийн дараа шуудангаар хүлээн авсан. Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна.

 

Тус эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээс өмнө төлбөр төлөгч Б.Т надаас ямар нэгэн үнийн санал аваагүй, талуудын хэнээс нь ч үнийн санал аваагүй хэрнээ Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг авалгүй шинжээч хөрөнгийг үнэлсэн. Ингээд ....... ХХК-ийн үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 25,280,000 төгрөг гэж үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд маань төв зам дагуу байрлалтай төвийн инженерийн шугамын сүлжээний чанх харалдаа ба холбогдох бүрэн боломжтой, энэхүү .... мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь газартайгаа нийлээд хамгийн багадаа 30,000,000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй байхад бүхэл бүтэн 4,5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд ..... ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үнэлгээний тайлангаар миний Дархан-Уул аймаг, ...тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ......дугаартай .... мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах .... дугаартай ... мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 25,280,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ...... итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .....дугаар шийдвэрээр Б овогтой Т 21,066,000 төгрөгийг гаргуулж ....... ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Б.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-....... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай, .... мкв талбайтай хувийн сууцны дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай ... мкв газрын хамт битүүмжлэн, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ...... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн ...... дугаар албан бичгээр талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Б.Т, төлбөр авагч ...... ББСБ нь тус тус шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ..... тоот тогтоолоор .... ХХК-ийг шинжээчээр томилсон. Тогтоол гардуулахдаа шинжээчид эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн.

..... ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнийг 25,280,000 төгрөгөөр тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0...... дугаар албан бичгээр үнэлгээг талуудад танилцуулан мэдэгдэл хүргүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний .... ХХК нь нөхөн сэргээлтийн өртөгөөс ашиглалтын хугацааны элэгдлийн нормативын дагуу хасаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалын дагуу болон ижил төсөөтэй газрын худалдаа арилжааны мэдээлэл дээр тулгуурлан уг эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж байгаа эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг элэгдэл зэргийг тооцон үнэн бодит ханш судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуулийн дагуу бодит үнэлгээ гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.Т нь Дархан-Уул аймаг дахь холбогдуулан .... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Гомдол гаргагч Б.Т шүүх хуралдааны товыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр түүний ......дугаарт холбогдож, мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын тэмдэглэсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтаар тогтоогдож байгаа бөгөөд гомдол гаргагч Б.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нэхэмжлэгч ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргагч Б.Т эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргагч Б.Т нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн ..... дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар ... ББСБ, Б.Тнарын нийт 21,066,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг..... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн....дугаартай, .... мкв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, .... мкв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож байгуулсан, 2019 оны 12 сарын 05-ны өдрийн .... дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан, мөн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 336 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгэхийг даалгаж, ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн ..... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус Эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн .....тоот хаягт байрлах ... мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах .... дугаарт бүртгэлтэй ... мкв талбай бүхий газрыг тус тус битүүмжлэн хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр авагч .... ББСБ шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн, гомдол гаргагч Б.Т нь үнийн санал өгөөгүй болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, хариуцагч байгууллагаас Б.Т хүргүүлсэн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн ......дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2020 оны 05 сарын 25-ны өдрийн .... дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу Капитал зууч ХХК-ийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 25,280,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Б.Т нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгүүд нийлээд хамгийн багадаа 30,000,000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй гэж тодорхойлсон байгаа боловч ийнхүү доогуур үнэлсэн гэх ямар үндэслэл байгаагаа нотолж чадаагүй бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Б.Т нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Т Дархан-Уул аймаг дахь...... холбогдуулан гаргасан .... ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.Т Дархан-Уул аймаг дахь ..... холбогдуулан гаргасан ...... ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ