Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00043

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00043

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 04 дүгээр багт оршин су ух Аварга овогт Дгийн Э /............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 04 дүгээр багт оршин суух Дархан овогт М М/...................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/01083/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нэхэмжлэгч Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд М.Мөнх-Эрдэнэтэй танилцан 2008 онд гэрлэлтээ батлуулж, 2016 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд салж нийлж байсан асуудал бий. Том охин 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, бага охин 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд үзэл бодол таарахгүй байдаг байсан. Хардалтын улмаас байнга хэрүүл маргаантай байх болсон. Хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс эвлэрэх хугацаа тогтоож өгсөн боловч бид эвлэрч чадаагүй, цаашид хамт амьдрах бололомжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдийн асрамжийн тухайд бага охиноо өөрийн асрамжинд авна, том охины тухайд биднийг тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин маань аавынхаа асрамжинд байгаа, мөн аавтайгаа байна гэдэг тул том охин Агаа аавынх нь асрамжинд үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч М.Мшүүхэд гаргасан тайлбартаа: Эхнэр Д.Этэй уулзаж ярилцаж хамт амьдаръя, үр хүүхдээ бодъё гэсэн саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлийн хоёр жилд энэ хүний сэтгэл санаа тогтворгүй болох, гэр орондоо оройтож ирэх, хоногоор явах, эсвэл архи дарс ууж алга болдог болсон. Бид хоёрын дунд үл ойлголцох асуудал гарч хааяа хэрэлдэх тохиолдол гарч байсан. зарим үед уур хүрээд түлхэх, ганц хоёр цохих явдал гарч байсныг би хүлээн зөвшөөрч байна. Надаас өө сэв хайж ажилгүй, амьдралгүй гэдэг үгийг байнга хэлж сүүлдээ би чамаас салмаар байна гэдэг үгийг хэлэх болсон. Одоо хүсэлтийг хүлээн авч 2008 оны 115/001791/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Харин хүүхэд хэнтэй байхыг шүүх хуулийн дагуу санал асуумаар байна. Том охин М.А одоо надтай хамт амьдарч байгаа, эд хөрөнгийн хувьд эхнэр Д.Эийн хүсэлтээр болж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин М.А төрсөн болох нь №0143243-33 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин М.Мтөрсөн болох нь 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №10 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 1 сараас тус тусдаа амьдарч байгаа, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч Д.Э нь том охин М.Аг эцэг М.М асрамжинд, бага охин М.Мөнх-Үжинг өөрийн асрамжинд үлдээж өгнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба шүүх хүүхдийн санал, насны байдал болон охин М.А нь зохигчийн тусдаа амьдарсан хугацаа буюу 2016 оны 01 дүгээр сараас хойш эцэг М.М асрамжинд байгаа зэрэг байдлыг харгалзан 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Аг эцэг М.М, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин М.Мөнх-Үжинг эх Д.Эийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба М.Аг эцэг М.М, М.Мөнх-Үжинг эх Д.Эийн асрамжинд үлдээсэн нь эцэг М.М, эх Д.Эийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Эийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Дархан овогт Мөнхбаярын М/Р................/, Аварга овогт Дгийн Э /РТ.................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Аг эцэг М.М, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин М.Мг эх Д.Эийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Эт тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН