| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00481/И |
| Дугаар | 142/ШШ2017/00674 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2017/00674
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2017/00674 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие ******* нь 2002 оноос хойш зам талбайн 1-р хэсэгт үйлчлэгчийн ажлыг 15 жил тасралтгүй хийж байна. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 12-нд Б.Оюунбаяр ажлаа авсан. Би 2016 оны 10 дугаар сард их цас орсон үеэр Номин телевизэд ирж ярилцлага авсан. Тэгээд бид нар байгаа байдлаа үнэ зөвөөр нь ярьсан. Энэ үеэс эхлэн биднийг хүний нэр хүнд унагасан, худлаа ярилцлага өгсөн гэж дарамтлах болсон. Ингээд би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/01 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Би энэ тушаалыг эс зөвшөөрч ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд өргөдөл гаргаж байна, мөн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цагаас 16 цаг 25 минут хүртэл ажлын байранд согтуугаар ирж ажил хийж байгаа хүмүүстэй маргалдаж, бусдыг хэл амаар доромжлон амгалан тайван байдлыг алдагдуулсан тул аргаа бараад цагдаа дуудаж өгсөн байна. Цагдаа авч яваад замдаа гэртээ харь гэж явуулсан байна. ******* нь утсаар цагдаа гаргаад явуулсан та нар яах гэсэн юм гэж дахин хэл амаар доромжлож дарамталсан байна. Оюунгэрэл нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа урьд өмнө нь удаа дараа архидан согтуурч байсан талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. *******ийг архи уусан талаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зам талбайн 1-р хэсгийн ажилчдын хурлаар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцээд архи уусан ажлын байранд танхайрсан нь тогтоогдсон тул ажлаас халах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4., 131-р зүйлийн 131.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14-р зүйлийн 14.3, 14.3.1.4, 14.3.1.5, 14.4.12, 14.3.1.4 /бусдын амгалан тайван байдал алдагдуулсан...../, 14.3.1.5 /Төрийн албан хаагчийн ёс зүйн доголдол гаргасан/, ажлаас шууд халах үндэслэл нь 14.4.12 /ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан/ заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.7-д ажилтай ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул ажлаас халсан.
******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалтайгаа танилцснаас хойш ямар нэг гомдол маргаан гаргаагүй байж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд годол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д ажилтай ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсний дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******ийг Орхон аймгийн Хот хохижуулах газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/01 тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт,40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 14-р зүйлийн 14.4,14.4.12 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан байна.
Өөрөөр хэлбэл түүнийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, байгууллагын даргатай хэрэлдэж маргалдан ажилчдын амгалан тайван байдал алдагдуулан хөдөлмөрийн дотоод журамд ажлаас шууд халахаар заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн өдөр ажлынхантайгаа нэг шил вино уусан, даргатайгаа маргаагүй, зөрчил гаргаагүй ажлаас үндэслэлгүй халсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 12-р сарын 30-ны өдөр ажлын байранд согтуугаар ажил хийж байгаа хүмүүстэй маргалдаж, бусдыг эл амаар доромжлон, амгалан тайван байдал алдагдуулсан, энэ үйлдлийг нь таслан зогсоохын тулд цагдаагийн байгууллагад хандсан байна.
Нэхэмжлэгч *******ийн ажлын байранд архи ууж согтуурсан, хэрүүл маргаан гаргасан талаар байгууллагын ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцсэн байх бөгөөд ******* нь архи ууж сахилгын зөрчил гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, ажлаас халсан тушаалтайгаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцаж, тушаалыг хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Ийнхүү хариуцагч нь байгууллагын дотоод журмын 14.4.12-д заасан “ Ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан”, мөн хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.5.7-д заасан “Ажилтан ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон” гэсэн ажлаас шууд халах үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү тушаалыг гардан авсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ийн “ ажилтан буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэсэн заалтыг зөрчиж 2 сар 13 хонгийн дараа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, энэхүү байдлаа нотлож чадаагүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган Орхон Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН