Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/56

 

 

 

 

*******,******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Яллагдагч /Ц.Энхбаатар/-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Яллагдагч *******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Цэцэнхүү,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/677  дугаар шүүгчийн захирамжтай *******,******* нарт холбогдох 193400339531 дугаартай 4 хавтас, 807 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд  хотод 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зэвсэгийн нярав засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Элитийн 25-23 тоотод оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бух овгийн Энхбаатарын Жамсранжав, ЙЕ:90020437 дугаарын регистртэй,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Хүнсчдийн гудамж 26-12 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овгийн Цоодолын Энхбаатар, ЦЗ:75012872 дугаарын регистртэй,

Яллагдагч ******* нь 2013 оноос 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн зэвсэгийн нярав хийж байх хугацаандаа галт хэрэглэлийн агуулахаас 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг7.62 мм-ийн Т-46 маркийн сумыг завшсан, мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалагдаж байсан 345-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 5913 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн сум 870 ширхэг, ЛПС 154, 7,62 ММ-ийн Т-46 сум 40, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг сумыг завшиж Монгол улмын Зэвсэгт хүчинд 38,894,000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь гэмт үйлдлийн улмаас олсон сум гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн удаагийн үйлдлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 10-иар 7,62 мм-ийн ПС сум 2800 ширхэг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ын үед 7,62 мм-ийн ПС 2800 ширхэгийг, 2019 оны 03 дугаар сард 7,62 ПС мм-ийн ПС сум 700 ширхэг нийт 6300 ширхэг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 677 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бух овогт Энхбаатарын Жамсранжав, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цоодолын Энхбаатар нарт холбогдох эрүүгийн 193400339531 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...1.гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 38,894,000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг хэмжээг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул алдагдсан сум нь 2013,2014,2015,2016,2017,2018,2019 онуудад хэдэн төгрөгний үнэлгээтэй байсныг тогтоож, тухайн зах зээлийн үнэлгээгээр гаргуулах гэсэн заалт биелэгдээгүй,

Мөн шүүгдэгч *******ын завшсан гэх нийт 7216 сумын хохирол болох 38,894,000 төгрөгийг хэрхэн яаж үнэлэн гаргасан буюу 1 ширхэг сумыг хэдэн төгрөгөөр үнэлж гаргасан нь, шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгний хохирол учруулсан нь тодорхойгүй

Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16А дугаартай яллах дүгнэлтэнд ..."******* нь Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 16358 ширхэг 7,622 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг 7,62 мм-ийн Т-46 маркийн сум нийт 16389 сумыг, 345 дугаар цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 5913 ширхэг 7,62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн 870 ширхэг ЛПС сум, 7,62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг гэсэн нь шүүгдэгч *******ын нийт завшсан сумны тоо зөрүүтэй байх тул хэргийг буцааж шийдвэрлэсэн байна.

Дээрх хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан байхад дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжинд дурдагдсанаар 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад галт зэвсэгийн үнэлгээг нэмэлт шинжээч томилж, уг тогтоолын дагуу шинжээч Б.Энхмагнай дүгнэлтийг гаргасан байна.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 А дугаартай яллах дүгнэлтэнд ..."******* нь Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 16358 ширхэг 7,622 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг 7,62 мм-ийн Т-46 маркийн сум нийт 16389 сумыг, 345 дугаар цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 5913 ширхэг 7,62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн 870 ширхэг ЛПС сум, 7,62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг гэсэн нь шүүгдэгч *******ын нийт завшсан сумны тоо зөрүүтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16А дугаартай яллах дүгнэлтэнд *******ыг 2013 оноос 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн зэвсэгийн нярав хийж байх хугацаандаа галт хэрэглэлийн агуулахаас 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг 7.62 мм-ийн Т-46 маркийн сумыг завшсан, мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалагдаж байсан 345-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас 5913 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн сум 870 ширхэг, ЛПС 154, 7,*62 ММ-ийн Т-46 сум 40, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг сумыг завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд ямар сумны тоонд зөрүү гарсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжинд дурдагдсан сумны тоо яллах дүгнэлтэнд бичигдсэн сумны тоо хооронд ямар нэгэн зөрүү гараагүй байна.

Прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь мөрдөн байцаалтанд буцааж, нэмж мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх нь тодорхойгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 677 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг прокурорт буцаасан захирамж нь ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд  буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг шүүгчийн захирамж  хангаагүйгээс гадна хэргийг буцааснаар ямар нэмэлт ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байна.

Эрүүгийн 193400339531 дугаартай хэрэгт байлдааны галт хэрэгсэл болох сумны үнэлгээг санхүүгийн тайлан, балансанд тусгагдсан бүртгэлийн үнээр он оноор гарган хохирлын үнэлгээг тооцсон, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн 2018-2019, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 2013-2019 оны хагас болон бүтэн жилийн зэвсэг, химийн албаны эргэлтийн хөрөнгөнд хийсэн тооллого, түүнд холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Байлдааны галт хэрэгсэл болох сум гэдэгт Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;

3.1.3. “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг ойлгоно гэж тодорхойлсон, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Байлдааны зориулалттай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж тусгагджээ.

Үүнээс үзвэл байлдааны зориулалттай “байлдааны галт хэрэгсэл” болох сум зах зээлд арилжаалагддаггүй, Галт зэвсгийн тухай хуулиар хориглосон учраас зах зээлийн үнэлгээг гаргах боломжгүй тул тухайн анги нэгтгэлүүдийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үнээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон нь буруу биш байна.

Мөн шүүгчийн захирамжинд яллагдагч *******ын завшсан нийт сумын тоо зөрүүтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно“ гэж зохицуулсан байх ба шүүх үйлдсэн хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзвэл талуудын хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх асуудлыг хэлэлцэж,  шийдвэр гаргахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан болно.

Гэтэл анхан шатны шүүх ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж дүгнээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлосон атлаа гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаажээ.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 677 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, *******,******* нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

            ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

                                                                     Г.БОЛОРМАА