Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Ж.Гэрэлсүх, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

            Шүүгдэгч О.Өнөболд, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

            Шүүгдэгч Г.Цэнддорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарыг оролцуулан,

            Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Жаргалсайханы Гэрэлсүх, Намчим овогт Отгонбаярын Өнөболд, Боржигон овогт Ганбаатарын Цэнддорж нарт холбогдох 201625032252 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-нд хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их засаг олон улсын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1б гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод “Оюутны өргөө” оюутны байранд түр оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаргалсайханы Гэрэлсүх, (РД:АИ96060213),

            2.Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их засаг олон улсын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамж, 746б тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Намчим овогт Отгонбаярын Өнөболд, (РД:ДМ96011430),

            3.Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их засаг олон улсын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эгч болон хүргэн ахын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 3 дугаар гудамж, 11 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Ганбаатарын Цэнддорж, (РД:НХ97050511),

            нар нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагаас 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 36 дугаар гудамжинд хохирогч Д.Батааг гэртээ орох гээд зогсож байхад нь хүрэм, гар утас болон бэлэн 270.000 төгрөг бүхий түрийвчтэй нь хүч хэрэглэхгүйгээр булааж, 540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.О.Өнөболдоос:-Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Нөгөө ахын куртикийг авчих гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            О.Өнөболдоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би тамхи татах гэсэн чинь гал байхгүй байсан бөгөөд ойр орчимд хүн байхгүй нилээн урд нэг ах явж байхаар нь би очоод гал асуусан. Намайг очих гээд араас нь гүйж байхад тэр ах нэг гудамж руу орсон бөгөөд гүйцэж очоод гал асуухад тэр ах намайг жоохон юм байж тамхи татаад гэхээр нь би гал л асууж байна шүү дээ, байгаа юм уу үгүй юм уу гэсэн чи муу мангар бацаан юу гээд байгаа юм гээд миний гарнаас бариад авсан. Би тавиач ээ гээд нөгөө хоёрыг дуудсан чинь тэр ах өө муу бацаанууд олуулаа явж байгаа юм уу, сайхан үзэлцэе гээд куртикээ тайлаад газар хаяад миний энгэрээс заамдсан. Тэгсэн чинь удалгүй Гэрэлсүх ирээд тэр ахаас уучлал гуйгаад намайг тавьчих гэсэн чинь тавихгүй байсан. Цэндээ бас араас удалгүй ирсэн ба тэр ахаас салах гээд ядаж байхад гэнэт тэр ах намайг дээрэмдчихлээ гэж орилохоор нь гарыг нь цохиж тавиулаад бид гурав зугтаасан. Тэгээд нилээн гүйж байгаад нэг гудамжинд орсон чинь Цэнддорж нэг куртик барьчихсан тэр ахын куртик нь гэсэн. Доторх эд зүйлийг нь нь үзэхэд түрийвч, нэг утас гарч ирсэн. Түрийвчинд 270.000 төгрөг, цахим үнэмлэх, картууд байхаар нь бид гурав мөнгийг нь хуваад аваад утсыг нь би түр барьж байя гэж хэлээд авсан гэжээ.

            2.Г.Цэнддоржоос:-Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гал асуух гэж хохирогч дээр очсон. Тэгтэл жоохон байж гал асуулаа гээд намайг заамдаж авсан. Хохирогчоос уучлал гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Г.Цэнддоржоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Гэрэлсүх бид хоёр халтуур хийх санаатай хорооллоор явж байсан бөгөөд хүн олдохгүй байсан. Шар асаад унтрах гээд байсан болохоор Гэрэлсүх Өнөболд руу яриад мөнгө байна уу гэхэд за юу ч гэсэн хүрээд ир гэхээр нь бид хоёр очоод Өнөболд руу залгахад гэрээсээ гарч ирсэн. Тэгээд мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн боловч Чингэлтэйд байдаг найзаасаа мөнгө авах ёстой тэрнээс аваад өгье гэж хэлээд бид гурав Чингэлтэй рүү явсан. 7 буудал дээр очоод машин унтрах гээд байсан бөгөөд Өнөболд эндээ тавьчих дээшээ алхаад явъя гэж хэлээд бид гурав Чингэлтэй рүү алхсан. Тэгээд нэг харсан Гэрэлсүх ганцаараа зогсож байсан. Би гайхаад юу болсон талаар асуухад тамхи татах гээд хүнээс гал асуух гээд явсан гэж хэлсэн. Тэгээд зогсож байсан чинь Өнөболдын орилох чимээ гарсан чинь Гэрэлсүх гүйгээд би араас нь очоод нэг харанхуй гудамж руу орсон чинь Өнөболд нэг том биетэй ахтай маргалдаад тэр ах куртикнээс нь заамдсан өөрөө куртикгүй дан цамцтай байсан. Тэгсэн Гэрэлсүх куртикийг нь авчих гэхээр нь би авсан чинь нөгөө ах дээрэмдчихлээ гэж орилохоор нь бид гурав зугтаасан. Зугтааж байгаад нэг гудамжинд ороод тэр куртикийг нь уудалж үзэхэд бэлэн 270.000 төгрөг, нэг Самсунг нөүт маркийн гар утас гарч ирсэн. Бусад зүйлийг нь үзэлгүй мөнгийг нь утастай нь аваад  куртикийг нь үлдээсэн гэжээ.

3.Ж.Гэрэлсүхээс:- Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний унаж явсан машин манай ахын машин байсан. Машин бензингүй болсон. Тэгээд 7 буудлын тэнд тавиад 100-200 метр дээшээ алхаад явсан. Тэгээд Өнөболдын араас очиход тэр ах куртикгүй дан цамцтай явж байсан. Маш их гэмшиж байна. Хохирогчид хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Ж.Гэрэлсүхээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Өнөболд бид нарын урьд нилээн зайтай явж байсан хүнээс гал асуух гээд очсон. Тэр хүн нэг гудамж эргээд яваад өгсөн бөгөөд араас нь Өнөболд гүйсэн. Цэнддорж бид хоёр гудамжны үзүүрт зогсож байтал Өнөболд хүнтэй маргаад байгаа бололтой чанга чанга дуугараад тавиач гээд байсан. Тэгээд гүйгээд очсон чинь нэг том биетэй өндөр ах Өнөболдын куртикнээс нь заамдчихсан өөрийнхөө куртикийг тайлсан байдалтай байсан. Тэр үед араас Цэнддорж ирсэн бөгөөд хашааны хажууд нөгөө ахын куртик байхаар нь Цэнддоржид авчих гээд авсан чинь тэр ах дээрэмдчихлээ гэж орилохоор нь Өнөболдыг салгаад бид гурав зугтаасан. Зугтааж байгаад нэг харанхуй гудамжинд ороод куртикийг уудалж үзэхэд түрүүвчтэй мөнгө байсан. Мөнгийг нь тоолж үзэхэд 270.000 төгрөг байсан. Мөн Самсунг нөүт 2 маркийн гар утас байсан гэжээ.

            Хохирогч Д.Батаагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Миний курткинд Самсунг Нөүт 2 маркийн гар утас, бэлэн 240.000-250.000 орчим төгрөг байсан Би 500.000 төгрөг данснаасаа аваад 130.000 төгөргийг автомашины засварын төвд, 100.000 төгрөгийг хоолны өрөндөө өгсөн. Хар өнгийн түрийвч, Хаан, Голомт, ХХБ-ын картууд байсан. Мөн машины бичиг баримт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан. Миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй. …Тэр үед би нилээн согтсон байсан болохоор гэр рүүгээ алхаад гудамж руугаа ороход араас нэг залуу ирээд надтай хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал араас нь дахиад 2 залуу ирэхээр нь намайг дээрэмдэх гэж байна гэж бодоод куртикээ тайлаад тэд нартай зодолдох гээд зууралдаж байх үед тэд нар миний куртикыг аваад зугтаасан. …Тухайн үед араас нь гүйгээд барьж чадаагүй бөгөөд гудамжинд куртик хаясан байж магадгүй гэж бодоод байж явж байгаад олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би тэд нартай зодолдох гээд куртикээ тайлаад газар хаясан байхад нэг нь аваад зугтаасан юм гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Г.Цэнддорж, Ж.Гэрэлсүх, О.Өнөболд нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагаас 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 36 дугаар гудамжинд Д.Батаагийн хүрэмийг авч зугтааснаас түүнд 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Д.Батаагийн “…Тэр үед би нилээн согтсон байсан болохоор гэр рүүгээ алхаад гудамж руугаа ороход араас нэг залуу ирээд надтай хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал араас нь дахиад 2 залуу ирэхээр нь намайг дээрэмдэх гэж байна гэж бодоод куртикээ тайлаад тэд нартай зодолдох гээд зууралдаж байх үед тэд нар миний куртикыг аваад зугтаасан. …Би тэд нартай зодолдох гээд куртикээ тайлаад газар хаясан байхад нэг нь аваад зугтаасан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн шүүгдэгч нарт “гомдол саналгүй” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Гэрэлсүх, Намчим овогт Отгонбаярын Өнөболд, Боржигон овогт Ганбаатарын Цэнддорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.   

            Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Ж.Гэрэлсүх, О.Өнөболд, Г.Цэнддорж нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Гэрэлсүх, Намчим овогт Отгонбаярын Өнөболд, Боржигон овогт Ганбаатарын Цэнддорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлсүх, О.Өнөболд, Г.Цэнддорж тус бүрийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлсүх, О.Өнөболд, Г.Цэнддорж тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч нарын цагдан хоригдсон 3 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлсүх, О.Өнөболд, Г.Цэнддорж тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгч Ж.Гэрэлсүхэд хяналт тавих үүргийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цагдаагийн тасагт, шүүгдэгч О.Өнөболдод хяналт тавих үүргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст, шүүгдэгч Г.Цэнддоржид хяналт тавих үүргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Гэрэлсүх, О.Өнөболд, Г.Цэнддорж нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ