Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00214

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/00214

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОӨУБЕГ т холбогдох

цалин, олговорт 4.785.968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн даргад Б.Мөнхтулга нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ш.Б ОӨУБЕГ ын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.

Ажил албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Дээрх шийдвэрийн дагуу ОӨУБЕГ ын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилд томилсон ОӨУБЕГ ын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/171 тоот тушаал гарсан өдөр хүртэл 8 сарын хугацааны цалин олговорт 4.785.968 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Ш.Б г ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөхөд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу олгосон тэтгэмж болох 3.286.554 төгрөг нь Захиргааны хэргийн шүүхээр хэрэг шийдвэрлэгдэхэд яригдаж байсан зүйл бөгөөд энэ хэрэгт хамааралгүй юм гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б ОӨУБЕГ ын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалинд 4.434.432 төгрөгийг түүнд олгохоор шийдвэрлэгдсэн нь үнэн.

Тухайн үед байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тэтгэмж олгох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/346 дугаар тушаалын хавсралтын 24 дүгээрт Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Б д тэтгэмж 3.286.554 төгрөгийг олгохоор шийдвэрлэж уг мөнгийг олгосон.

Манай байгууллага Ш.Б д нийт 7.720.986 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч Ш.Б шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орсон тул ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгож олгосон 3.286.554 төгрөгийг ажил олгогчид буцааж өгөх ёстой.

Иймээс шүүхийн шийдвэрээс хойш ажилд орох хүртэл ажлын 60 хоног байна, түүний нэг өдрийн цалин нь 26170 төгрөг гэж тооцоход нийт 1.612.500 төгрөгийг Ш.Б д өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ өмнө олгосон тэтгэмж болох 3.286.554 төгрөгнөөс хасаж тооцох нь зүйтэй, хасаж тооцоход манай байгууллага авлагатай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанааар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч ОӨУБЕГ аас, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэлх хугацааны цалинд 4.785.968 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дугаартай шийдвэрээр Ш.Б г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, эсхүл цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг ОӨУБЕГ ын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс дээрх шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.434.432 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ОӨУБЕГ т даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 7-14-р хуудас/

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/346 дугаартай тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Б д 3.286.554 төгрөгийн тэтгэмж олгосон талаар талууд маргаагүй болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ш.Б нь ОӨУБЕГ ын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/171 дугаартай тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдсон байна. /хх-ийн 14-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэсэн байх тул ажил олгогч ОӨУБЕГ нь ажилтан Ш.Б г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажилдаа орсон 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 3 сар 29 хоногийн цалин /3 сар 29 хоног буюу 119 хоног х 26.875 төгрөг = 3.198.125 төгрөг/ 3.198.125. төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б д олгох үүрэгтэй.

Ажилтан Ш.Б г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 өдрийн цалинг 26.875 төгрөг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Иймд ажилтан Ш.Б гийн 1 өдрийн цалинг 26.875 төгрөг гэж тооцсон болно.

Хариуцагч ОӨУБЕГ аас 3.198.125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.587.843 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан хариуцагч ОӨУБЕГ аас 3.198.125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.587.843 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 


                         ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО