Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00767

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00767

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Х банк нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ц.Ж-д холбогдох,

үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 3,044,464.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,536.30 төгрөг, нийт 5,731,000.75 (таван сая долоон зуун гучин нэгэн мянган төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2020/01920/и дугаар индекстэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б (цахим), Г (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бг, гэрч Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Хариуцагчаас зээрийн гэрээний үүрэгт нийт 5,731,000.75 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн. Үүний дараагаар Х банканд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/155 дугаар тушаалаар банкны албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа. Банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллахад банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд чанаргүй актив зээлүүд үлдсэн байдаг. Үүнд зээлдэгч Ц.Жд холбогдох чанаргүй зээл хамаарч байна. Иймээс Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ц.Ж нь Монгол шуудан банктай 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 140 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр 135 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж нийт 8,000,000 төгрөгийг жилийн 31.2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, зээлийг хугацаанд нь төлж барагдуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. Иймээс банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг хүргэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй. Уг зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл нь банканд хохирол учруулж байна. Ц.Жы үндсэн зээл болоод зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 3,044,464.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,536.30 төгрөг, нийт 5,731,000.75 (таван сая долоон зуун гучин нэгэн мянган төгрөг далан таван мөнгө) төгрөг байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрээр Ц.Жыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасан байдаг. Цагдаагийн газраас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50/62381 дугаартай албан бичгээр оршин суугаа хаягийг нь олж тогтоосон тухай Х банкны эрх хүлээн авагч нарт мэдэгдсэн. Уг албан бичгийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иймд Х банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж байгаа 5,731,000.75 төгрөгийг хариуцагч Ц.Жаас гаргуулж өгөхийг хүсэж байна.

...Барьцааны гэрээг бидэн өгсөн болохоос бид нарын зүгээс ямар хүйс зүсмийн мал, хаана байрлалтай өвөлжөө зэргийг бид сайн мэдэхгүй байна. Барьцаа хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа. Баримтаар 8,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Зээлдэгчийн данс руу 8,000,000 төгрөг орсон байдаг. Түүнээсээ 6,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 2,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэх баримт байгаа...гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөг зээлийн гэрээгээр олгогдсон, олгоогүй эсэх дээр маргаан байхгүй гэж үзэж байна. Учир нь 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч буюу зээлдэгч Ц.Ж нь өөрийн гарын үсэгтэйгээр 6,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Тиймээс үүн дээр ямар ч маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зайлсхийсэн ноцтойгоор зөрчсөн гэж яриад байгааг гайхаж байна. Өмнө нь 5,000,000 төгрөгийн зээл авч Делика машин аваад уг машинаа зараад зээлээ төлнө гэж байсан боловч би осолд орж төлж чадаагүй. Гэтэл авсан 5,000,000 төгрөг маань 8,000,000 төгрөг болсон байхаар нь 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зээлийг нэг жилийн хугацаагаар сунгасан. Сунгасан зээлийн гэрээг 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан байтал 2007 оны 9 дүгээр сард манай байшинг хурааж авсан байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Ийм байтал зугтсан, ноцтой зөрчсөн, эрэн сурвалжлагдсан гэх үгийг сонсох надад хэцүү байна. Ц.А нь нөхөртэйгөө нийлж 27-28 тооны шараар манай байшинг зарсан талаар байшин худалдаж авсан хүний мэдүүлэг хэрэгт байгаа. Албан тушаалаа ашиглаж байшинг зарсан шараа тууж Дарханы ченжид 10,000,000 төгрөгөөр зарсан гэж манай сумын захын хүн ярьдаг. Би нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгийг би өгч чадахгүй. Ц.Ааас аваарай.

...Манай байшинг танай банканд тавьсан зээлийн хэмжээгээр худалдаж авъя гээд Р.Чулуунбат гэх хүн очиход Ц.А өгөөгүй байсан. Цаад санаа нь Ц.Аын нөхөр н.Баатар нь малын ченж байсан бөгөөд нөхөртэйгөө хамжиж дамлан худалдаж өөрсдөө дундаас нь ашиг олсон гэж манай сумынхан ярьдаг. Бид хоёр өр зээлгүй болчихлоо. Байшин маань өндөр үнээр зарагдсан байна гэж бодоод өнгөрсөн. ...Монгол шуудан банкнаас 2006 онд 5,000,000 төгрөг аваад Делика машин худалдаж авсан. Явцын дунд бид зээлийн гэрээний үүргээ биелүүлээд зээл, хүүгээ төлж байсан. Жилийн өмнө зээлээ 2007 онд дарах болж Делика машинаа зараад төлнө гэж бодож байсан боловч Мөрөнгөөс Их-Уул сумын чиглэлд явж байгаад осолд орсон. Машинаа мөргүүлсэн өөрөө гэмтсэн тул зээлээ төлж чадахгүй болж Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаасаа өмнө Ц.Атай орж гэрээ хийгээд зээлийн гэрээгээ нэг жилээр сунгасан. ...2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол шуудан банкнаас 8,000,000 төгрөгийн зээл аваагүй. 5,000,000 төгрөгийн зээл аваад жилийн дараа хүүтэйгээ хийлээд 8,000,000 төгрөг болсон...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк нь Ц.Жд холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 3,044,464.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,536.30 төгрөг, нийт 5,731,000.75 (таван сая долоон зуун гучин нэгэн мянган төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бг ...2006 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл авсан. 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол шуудан банкнаас 8,000,000 төгрөгийн зээл аваагүй. 5,000,000 төгрөгийн зээл аваад жилийн дараа хүүтэйгээ хийлээд 8,000,000 төгрөг болсонЦ.Атай гэрээ хийгээд зээлийн гэрээгээ нэг жилээр сунгасан2007 оны 9 дүгээр сард манай байшинг хурааж авсан байсан. Ц.А нь нөхөртэйгөө нийлж 27-28 тооны шараар манай байшинг зарсан. ...Манай хашаа байшинг зараад зээлийг бүрэн төлж дуусгасан гэж ойлгосон... гэж тайлбарлав.

2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн байна. (хх-ийн 4-6 дугаар тал)

Х банк ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, улмаар удаа дараа Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ сунгаж байсан болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, Ч.Аварзэд нь Х банкаар 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн, М.Энхтөр нь Х банкаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус томилогдсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 7-16 дугаар тал)

Иймээс Х банк нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Ж нь Монгол шуудан банкны Их-Уул сумын тооцооны төвөөс 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 172 толгой мал, өвөлжөө зэргийг барьцаалан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. (хх-ийн 24-27 дугаар тал)

Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээнд тусгагдаагүй болох нь Барьцааны гэрээг бидэн өгсөн болохоос бид нарын зүгээс ямар хүйс зүсмийн мал, хаана байрлалтай өвөлжөө зэргийг бид сайн мэдэхгүй байна. Барьцаа хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа.... гэх тайлбар, 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дууссан болох нь 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Ц.Жаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн шүүх хуралдаанд гаргасан ...2007 оны 9 дүгээр сард манай байшинг хурааж авсан байсанЦ.А нь нөхөртэйгөө нийлж 27-28 тооны шараар манай байшинг зарсан....Манай хашаа байшинг зараад зээлийг бүрэн төлж дуусгасан гэж ойлгосон... гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, маргааны бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэийг хангуулахаар байгуулсан 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээгээр 172 толгой мал, өвөлжөө зэргийг барьцаалсан байх ба хариуцагчийн эзэмшлийн хашаа байшинг барьцаалаагүй байна.

Хөвсгөл аймаг дахь Монгол шуудан банкны 110 дугаар салбар нь зээлдэгч Ц.Жд холбогдуулан маргаан бүхий зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч Ц.Ж оршин байгаа газартаа байхгүй гэх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээс 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1104 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Жыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50/6-2381 дугаартай албан бичгээр хариуцагч Ц.Жы хаягийг олж тогтоожээ.

Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х банк нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн гаргасан ...2006 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл авсан. 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол шуудан банкнаас 8,000,000 төгрөгийн зээл аваагүй. 5,000,000 төгрөгийн зээл аваад жилийн дараа хүүтэйгээ хийлээд 8,000,000 төгрөг болсонЦ.Атай гэрээ хийгээд зээлийн гэрээгээ нэг жилээр сунгасан... гэх тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай Зээлийн гэрээгээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Гэвч маргааны үйл баримт болох талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 577,123.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,021.78 төгрөг, нийт 2,590,145.46 төгрөгийг хариуцагч Ц.Жаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хариуцагч Ц.Жыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо.

Монгол шуудан банк нь актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхээ Х банкинд шилжүүлээгүй байхдаа хугацаа хэтрүүлсэн, удаа дараа шаардуулсан гэх үндэслэлээр 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/0140 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 577,123.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,021.78 төгрөг, нийт 2,590,145.46 төгрөгийг гаргуулахаар Ц.Жаас шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан дээрх үеэс хойших хугацааны нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ц.Жаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 577,123.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,021.78 төгрөг, нийт 2,590,145.46 (хоёр сая таван зуун ерэн мянга нэг зуун дөчин таван төгрөг дөчин зургаан мөнгөтөгрөгийг гаргуулан Х банкид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,140,855.29 (гурван сая нэг зуун дөчин мянга найман зуун тавин таван төгрөг хорин есэн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Жаас 2,590,145.46 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,392 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Жаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 577,123.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,021.78 төгрөг, нийт 2,590,145.46 (хоёр сая таван зуун ерэн мянга нэг зуун дөчин таван төгрөг дөчин зургаан мөнгөтөгрөгийг гаргуулан Х банкид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,140,855.29 (гурван сая нэг зуун дөчин мянга найман зуун тавин таван төгрөг хорин есэн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банкийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Жаас улсын тэмдэгтийн хураамж 56,392 (тавин зургаан мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ