Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ч.Л холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд түлшний зориулалтаар 46 ширхэг, 3,5м3 шинэс мод бэлтгэж, иргэн Б.Жын эзэмшлийн ******улсын дугаартай цагаан өнгийн форланд загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 590,292 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газар нутгийн ойгоос  хашааны шон солих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр хуурай  шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, 3.5 м3 хэмжээтэй бэлтгэж, иргэн Б.Жын эзэмшлийн ******улсын дугаартай цагаан өнгийн форланд загварын тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газраас  Хөвсгөл аймгийн ****** сумын төв хүртэл тээвэрлэж, байгаль экологид 590,292 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Лийн өгсөн:  “...Тэр өдөр түлээнд яваад түлээгээ хийгээд хашаандаа орж буулгах гэж байтал хоёр цагдаа очсон. Би гоожин байхгүй гэсэн. Би байнга гоожин төлдөг. Төлсөн баримтаа татварын байцаагчид өгсөн байсан. Тэр үед надад үзүүлэх юм байхгүй байсан ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэргийн газар нь ****** сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд байх  үргэлжилсэн модтой уул байв... Үзлэгийг гаднаас дотогш чиглэлтэй хийхээр тогтож  мод бэлдсэн  гэх  Б**Д гэдэг газрыг байгаль хамгаалагч П.Б зааж энэ газар нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг болохыг хэлэв. .. Мод бэлдсэн иргэн Ч.Л нь өөрийн унагаж бэлдсэн 2 модны хожуул, өөрөө хугарч унасан бололтой мөн 1 хожуул, унасан унаанги модноос тайрч авсан бололтой шинэхэн хөрөөдсөн унаанги модны бөгс хожуул  зэргийг заав. Унагаж  бэлдсэн гэх модны  1 хожуулыг  нь “1” гэж тэмдэглэв. Энэ нь 40 см диаметртэй, 6.2 см өндөртэй байна. Нөгөө унагаж бэлдсэн гэх хожуулыг нь “2” гэж тэмдэглэв. Үүний диаметр нь 46 см, хожуулын өндөр нь 48 см байв. Түүний заасан унаанги модны тайрсан хэсгийн диаметр нь 30 см, өөрөө унасан /хугарсан/ бололтой модны диаметр  нь 37 см,  хожуулын өндөр нь 1 метр, хөөтэй холтостой байна. Хэргийн газар нь 60 см 1 м-ээр тайрсан 2 ширхэг модны бөгс байгаа нь дээрх хожуулын модноос тайрч хаясан бололтой харагдаж байна. Хэргийн газрын координатыг шалгахад N50:44 67 99, Е101 07 55 36 гэсэн үзүүлэлт гарч байв. Хэргийн газарт  байх тээврийн хэрэгслийн мөр нь цасан дээр  гарсан байх ба энэ нь хайлж ямар мөр байгаа нь  тодорхойгүй байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 тал/,

           Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 тал/,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 28 тал/,

           Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 29-30 тал/,

2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 178 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 23 тал/,

Мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 тал/,

Цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 26 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нгийн өгсөн: “..Тус сумын нутаг “Б**Д” гэдэг газар нь манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр байдаг бөгөөд уг газрыг байгаль хамгаалагч Б.М хариуцан ажилладаг. Тухайн газраас хэн нэгэн иргэн мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авсан зүйл байхгүй. .. Би тухайн иргэний байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн  нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Б.Мын өгсөн: “...Би тус сумын төвд 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой 19:00 цаг өнгөрч байх үед эргүүлийн  үүрэг гүйцэтгэж явахад ****** сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус сумын 1-р багийн тус  байх “Б**Д” гэдэг газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой сумын төв рүү ******улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн орж ирж явсан 46 ширхэг, 160-аас 170см орчим урттай модыг Цагдаагийн кобаны хашаанд 1-46 хүртэл дугаарлан буулгаж, энэ талаар Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, хоногийн мэдээнд оруулсан.  Намайг шалгахад иргэн Ч.Л нь ******маркийн, ******улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод аччихсан ганцаараа явж байсан. Тухайн үед иргэн Ч.Л нь “би энэ модыг 2024.10.28-нд бэлдээд өнөөдөр ачиж байна, мод бэлтгэх эрхийн бичгээ авч амжаагүй” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Б.Жын өгсөн: “...Би энэ машиныг 1994 онд 6 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо энэ машин маань надад байгаа. Чанар байдал нь  нилээд хуучирсан. Би энэ  машинаа өөрөө унаж хэрэглэдэг. Би машинаа хадам болох Л.Д хааяа хэрэглүүлдэг. Хэн нэгэнд зараагүй. Энэ машин маань бараг л явахгүй шахуу болсон болохоор 2 сая төгрөгөөр л үнэлнэ. Манай хадам Ч.Л надаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө миний машиныг аваад “түлээндээ яваад ирье” гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь авчирч өгсөн  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Гэрч М.Мын өгсөн: “..Тухайн иргэнд холбогдох Г-982 дугаартай дүгнэлт хийхээр Хөвсгөл аймгийн ****** сумын төвд ирж модонд хэмжилт хийхэд түлшний зориулалтаар бэлтгэсэн 46 ширхэг хуурай мод байсан, Уг модонд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн сийрэг шоо метрээр хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Ингээд тухайн иргэний бэлтгэсэн мод урт нь 2 метр, өргөн нь 1.6 метр, өндөр нь 1.1 метр, нийт 3.5 метр куб мод байсан.  Тиймээ би тухайн өдөр маш их ажлын ачаалалтай олон дүгнэлт тул тухайн иргэний дүгнэлтийг гаргахдаа хүснэгтэн дотроо бодит хэмжээгээ оруулаад  дээд талд нь өмнөх хүний гаргасан дүгнэлтийн хэмжээг солиогүй  гаргасан байсан энэ миний буруу алдаатай зүйл болсон. Би өөрөө дүгнэлт гаргахаас татгалзаж Нарс шинэсэн төгөл ойн ангийн инженер  албан тушаалтай Нямсүрэнгийн Батхүү гэдэг хүн дүгнэлт гаргасан. Өмнө нь миний гаргасан  дүгнэлт модны хэмжээ яг адилхан учир бид нэг хуулиар нэг л аргаар 1 мод  дүгнэлт гаргасан. Ер нь бол ойн бол тухайн ойн ангийн дарга болон  инженер дүгнэлт гаргадаг манай ойн ангид манай инженер дүгнэлтийг ихэвчлэн гаргадаг. Нэг зүйлийг хэлэхэд хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн модыг мод тус бүрийг гэхдээ нарийн  үзүүрээс нь хэмжилт хийж нягт шоо метрээр бодож хэмжилт гаргадаг.  Энэ хүний  тухайд хэрэглээний мод биш тул өндөр өргөн урт гурвыг хэмжиж гаргадаг хуулийн зохицуулалт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “******л” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай: ...Ч.Лийн модонд хэмжилт хийж хүснэгтийг ашиглан тодорхойлоход 3.5 м3 хэмжээтэй хуурай түлээний шинэс  мод болох нь тогтоогдов. Дээрх модны экологи-эдийн засгийн үнэлгээг 590.292 төгрөгөөр тогтоов..” гэх дүгнэлт /хх-ийн 70-72 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай: “яллагдагч Ч.Лийн бэлтгэсэн гэх мод нь өргөн 1.6 метр, өндөр 1.1 метр 2 метрийн урт хэмжээтэй эзэлхүүн 3.5 метр  куб, хэмжээтэй хуурай шинэс мод байв.  Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1.770.876 төгрөг. Нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 90 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 1001930 дугаартай: “...*******улсын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн 2003 онд Монгол улсад орж ирсэн  ******загварын авто машины өнгө үзэмж техникийн байдал норм норматив  зориулалт  зэргийг харгалзан үзэж 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн   зах зээлийн  дундаж үнийг  2.000.000   төгрөгийн  үнэтэй  байгаа  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-101 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-924/11263 дугаартай: “Үнэлэгдэж буй Хятад улсад үйлдвэрлэсэн  улбар шар  өнгийн  бензин хөрөөний зах  зээлийн  үнэ цэнийг  2024 оны 11 дүгээр сарын байдлаар  100.000 төгрөгөөр   үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104 тал/,

*****загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 127 тал/,

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны А/28 дугаартай улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн  эрх олгох тухай тушаал /хх-ийн 82-83, 92-93 тал/,

Ч.Лийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн: “..*******төлбөрийн даалгавраар Ойн нөөц ашигласны төлбөр 770.876 төгрөгийг төлсөн Төрийн банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримт...” /хх-ийн 135 тал/,

Ч.Лийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн: “..******төлбөрийн даалгавраар Ойн нөөц ашигласны төлбөр 1.000.000 төгрөгийг төлсөн Төрийн банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баримт...” /хх-ийн 136 тал/,

Иргэн Б.Жын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл /хх-ийн 137-138 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Лийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д” гэх газар луу өөрийнхөө түлшний модоо хийхээр ганцаараа явсан. Явахдаа хүргэн Б.Жын форланд маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлшний хийсэн модоо ачихаар түүнээс машиныг гуйж аваад явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр 2 ширхэг босоо хуурай мод огтлон унагаасан. Тэгээд бас үндсээрээ унасан 2 ширхэг унанги модноос тээврийн хэрэгсэлдээ хөндлөн ачих хэмжээтэй богинохон тайрсан. Тэгээд машиндаа ачиж аваад ****** сумын төв рүү тээвэрлэн өөрийнхөө хашаанд буулгаж байхад цагдаа ирээд шалгасан. Цагдаа ирээд гоожин байна уу гэж асуухаар нь гоожингоо авч амжаагүй гэж хэлэхэд тэгвэл буцаагаад машиндаа ачаад цагдаагийн хашаанд буулга гэж хэлсэн. Тэгээд буцаад машиндаа ачаад л цагдаагийн хашаанд модоо буулгасан. Модонд явахын өмнө байгаль хамгаалагчаас гоожин авахаар очиход хөдөө явчихсан байсан болохоор гоожингоо аваагүй, тэгээд л цас орчих гээд байсан болохоор гоожингоо  бичүүлж аваагүй модонд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 01 дүгээр багт байрлах  ******аа гэх газраас зохин зөвшөөрлийн бичиггүй 3,5 метр квадрат шинэс модыг бэлтгэсэн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, модонд хийсэн үзлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Иргэн н.******* эзэмшлийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж сумын төвд оруулсан байсан болох нь гэрч н.****** мэдүүлгээр тогтоогддог. Уг үйлдлийн улмаас экологи эдийн засагт бодит хохирол 590,292 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин үржүүлэхэд 1,770,776 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бус мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ч.Л  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Н, Г.Н,  Б.Ж, М.М нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,   мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 178 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл, Мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн*******” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай  дүгнэлт,  Хөвсгөл аймгийн *******2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 1001930 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт, ******загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Жын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл ХУР системийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч  Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газар нутгийн ойгоос  хашааны  шон солих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр хуурай  шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, 3.5 м3 хэмжээтэй бэлтгэж, иргэн Б.Жын эзэмшлийн ******улсын дугаартай цагаан өнгийн ****загварын тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газраас  Хөвсгөл аймгийн ****** сумын төв хүртэл тээвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “**” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүгдэгч С.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

  Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч  Ч.Л нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч  Ч.Л нь мод бэлтгэх арга, технологийг зөрчиж ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Лийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо  мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Ч.Л нь 3.5 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газар нутгийн ойгоос  хашааны шон бэлтгэх зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр хуурай  шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, 3.5 м3 хэмжээтэй бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Б**Д" гэх газар нутгийн ойгоос  гэртээ түлш бэлтгэх зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр хуурай  шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, 3.5 м3 хэмжээтэй бэлтгэж, иргэн Б.Жын эзэмшлийн ******улсын дугаартай цагаан өнгийн форланд загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

         Шүүгдэгч Ч.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 590292 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 71 тал/ учирсан нь Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “****” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 1.770.876 төгрөгийн /хх-90 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

            Шүүгдэгч Ч.Л нь экологи эдийн засагт учирсан 1.770.876 төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн сангийн 1*******дугаартай дансанд: “..****төлбөрийн даалгавраар Ойн нөөц ашигласны төлбөр 770.876 төгрөгийг төлсөн Төрийн банкны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримт...” /хх-ийн 135 тал/-д, 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Төрийн сангийн ******** дугаартай дансанд: “..***  төлбөрийн даалгавраар Ойн нөөц ашигласны төлбөр 1.000.000 төгрөгийг төлсөн Төрийн банкны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баримт...” /хх-ийн 136 тал/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Лийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн сангийн ******* дугаартай дансанд төлсөн 770.876 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Төрийн сангийн **** дугаартай дансанд  төлсөн 1.000.000 төгрөг, нийт 1.770.876 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь******** тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Лийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Ч.Лийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хор уршиг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нь ***** Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн бэлтгэсэн 46 ширхэг 3,5 метр квадрат шинэс модыг улсын орлогод оруулж, иргэн н.Ж эзэмшлийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн тогтоолыг цуцлуулж н.Ж буцаан олгуулж тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй..” гэв.

Шүүгдэгч Ч.Лийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Лид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  3.5 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие цагаан өнгийн  мустанг-5 shinra гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *****улсын дугаартай, автомашин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “******” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Жын өмчлөл, эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Би энэ машиныг 1994 онд 6 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. ..Би машинаа хадам болох Л.Д хааяа хэрэглүүлдэг. ...Ч.Л надаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө миний машиныг аваад “түлээндээ яваад ирье” гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх ХУР системийн мэдээлэл /хх-ийн 137-138 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 127 тал/-д хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **** ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг  Б.Жын эзэмшил, өмчлөлд нь үлдээж, шүүгдэгч Ч.Лоос тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 46 ширхэг 3.5 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж,  улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, их бие цагаан өнгийн мустанг-5 shinra гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 10 (арав)  сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Лийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн сангийн ****** дугаартай дансанд төлсөн 770.876 /долоон зуун далан мянга найман зуун далан зургаа/ төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Төрийн сангийн ****** дугаартай дансанд  төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 1.770.876 /нэг сая долоо далан мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /*****/ Төрийн сан дахь ******тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “*****” загварын ******улсын тээврийн хэрэгслийг  Б.Жын эзэмшил өмчлөлд үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 (хоёр сая) төгрөг болон  46 ширхэг буюу 3.5 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие цагаан өнгийн  ******гэх бичиглэл бүхий цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН